Sunday, August 18, 2013

Бал сараа төлөвлөх нь


Бал сар гэхээр л надад нэг ийм тунгалаг ус, өвсөн оройтой байшин санаанд ороод байдаг юм. Хуримаа хийгээд 2-3 долоо хонолоо. Одоо л нэг бал сарын аялалаа төлөвлөх сэхээтэй болж байх шиг байна. Уг нь хурим шахуу болоогүй байсан бол аль эртнээс төлөвлөчихөөд хуримынхаа маргааш бал сарынхаа аялалд гарч өгсөн байхгүй юу... За тэгээд төлөвлөхийн хоббитой хүн чинь юутай ч нэт ухаж хаагуур явж, юу хийж болох талаар жоохон судаллаа. Нөхөр бид хоёр хоёулаа аялах дуртай хүмүүс байгаан. Гэхдээ нөхөр бал сарын аялалаа далайн эрэг дээр хэвтэж өнгөрөөх хүсэлтэй, би болохоор бас бяцхаан адал явдал нэмчих сонирхолтой. Анхнаасаа Индонез, Вьетнам хоёрын нэг рүү явъя гэж тохирсон байсан юм. Вьетнам гэхээр надад их эгзотик, яг л бал сард тохирсон юм шиг санагдаад байгаа юм. Далай, амралт, адал явдал бүгд л багтана гэсэн үг. Уг нь жуулчны компанид захиалга өгөөд тэдний аялалаар явбал маш амар боловч "бал сар" гэдэг утгаараа өөрсдөө хувиараа явах нь илүү тохиромжтой юм шиг санагдав. Ямар аялал төлөвлөж сураагүй биш...

Эхний байдлаар гаргасан аялалын маршрут:

UB - HANOI - HALONG - HAINAN - GUANGZHOU - HONGKONG - MAKAU - BEIJING - UB

Day 1-2. Улаанбаатар - Ханой (Вьетнам) онгоцоор нисч очоод 1 өдөр Ханой хотоор зугаална. Энд үзэх газрууд гэвэл Хо Ши Миний бунхан, Нэг баганат сүм гэх мэт байгаа. 1 өдөр хангалттай байхоо.
One Pillar Pagoda
Day 3-4. Ханой - Халонг Бей болон усан завины аялал. Халонг Бей гэх энэ газар UNESCO-н дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн үнэхээр үзэсгэлэн төгс газар бөлгөө.


Халонг Бей

Халонг Бейд усан завиар зугаалах аялал 1 өдрийн эсвэл 2 өдөр/1 шөнийн гэх мэт сонголттой. Хамгийн аятайхан нь 2 өдөр/1 шөнийн аялал, ингэснээр энэ үзэсгэлэнт газар нар мандах, нар жаргахыг усан завин дээрээс харж болно. Junk boat tour нь 1 хүний $160-200 болно.
Халонг Бей усан завийн аялал
Анх энэ Халонг Бей-н зургийг харсанаас хойш л түүнийг үзэхийн мөрөөсөл болж бараг л шөнө зүүдэндээ харах нь холгүй байгаа. Үнэхээр гайхалтай сайхан газар гэдэгт нь эргэлзэх юм огт алга.

Day 5-6. Вьетнамын Халонг эрэг чинь Хайнан аралтай ойрхон юм байна. Энэ хооронд том усан онгоц байнга явдаг. Үнэ нь ч гэсэн боломжийн юм байна. Тиймээс эндээсээ Дорнын Хавай гэж нэрлэгддэг үзэсгэлэнт Хайнан арал руу яагаад явж болохгүй гэж? гэж бодов.

Халонг Бей - Хайнан маршрут
Энэ доор зурганд буй хөлөг онгоцоор Хайнан - Халонг Бей аялал хийдэг. 1 өрөө нь цонхтой цонхгүй гэдгээсээ хамаараад 1 хүний 1500-2000 юань юм билээ.
 
Star Aquarus Cruise Ship
Day 7-8. Хайнан арлын хоёр том хот болох нийслэл Хайкоу, аялал жуулчлалын диваажин Саня хоёр нь арлынхаа хойд урд хоёр захад байдаг юм байна. Хооронд нь гал тэрэг, автобусаар явж болно. Ердөө 100 юань.  Хайкоу хотоосоо эх газар луугаа гал тэргээр явах боломжтой. Харин Хайнанд байрлах нэлээд үнэтэй юм билээ.

Дорнын Хавай - Хайнан арал
Газрын зураг дээр харахад Хайнан Хонгконг ойрхон харагдсан тул маршрутандаа ХК-Макао нэмэхээр шийдэв. Мөн эртнээс нааш Гуанжоу хотыг үзэх сонирхолтой байсан тул ХК-с ойрхон Гуанжоу хотыг бас нэмчихэе ккк.  
Халонг - Хайнан - Хонгконг

Саня хотод далайн эрэг дээр 2 хоноод Хайкоу хот руу яваад, тэндээсээ Гуанжоу руу галт тэргээр явна. 150-200 юань.
Гуанжу - Хонгконг - Макао
Day 9-10. Гуанжу хотоор 1 өдөр зугаалчихаад Хонгконг руу галт тэргээр яваад ХК-н алдартай өндөр өндөр барилгуудыг Викториа Пик -с нь харчихвал болчих нь тэр.

Хонгконг
Day 11-12. Хонгконгод ирсэн хүн Макао оролгүй буцна гэж юу байхав, хаяанд нь ирчихээд тээ. Макао орж казинод тоглож мөнгөө үрэхгүй бол болохгүй шүү дээ эдр гээлүү кк.

Макао казино
Day 13-14. Хонгконгоос Бээжин рүү шууд галт тэргээр эсвэл онгоцоор явна. Гэхдээ галт тэрэг нь онгоцноос 2 дахин хямд. Бээжинд Цагаан хэрэм, Шувууны үүр, Хориотой хот гэх мэт газар үзнэ.
Цагаан хэрэм
Day 15. Бээжингээс УБ шууд ниснэ.

За 15 хоногийн мөрөөдлийн бал сарын аялал маань нэг иймэрхүү. Харин 2 хүний нийт зардал 6000 доллар буюу нийт унааны зардал 3500 доллар, нийт байр хоолны зардал 2500 доллар гэж тооцлоо. Эндээс Хонгконг-Макао аялалыг хасвал 5000 доллар, Гуанжоу-Бээжин аялалыг хасвал 4000 доллар орчим болно.

Тэнгэр травелийн аялалуудыг сонирхож үзвэл Бээжин - Вьетнам (Ханой, Халонг) 7ш/8ө-н аялал 2'300'000 төгрөг, Хайнан 6ш/7ө-н аялал 1'800'000 төгрөг, Хонгконг-Макао 4ш/5ө-н аялал 1'850'000 төгрөг байгаа юм билээ.

Бал сараар аялах Азийн орнууд гэсэн Гоолингоогийн энэ нийтлэлээс санаа авч нэг сумаар олон туулай буудахыг санаархсан бөлгөө. Гэвч ийм олон газраар яаруу сандруу, цаг хугацаанд баригдаж аялах нь бал сарын аялалд тохиромжгүй тул дээрх аялалыг төлөвлөж суухдаа аялалаа зөвхөн Хайнан - Халонг гэж өөрчлөх нь зүйтэй юм гэж бодож амжив. УБ-с шууд Хайнан орж далайн эрэг дээр хэд хоноод круйз хөлөг онгоцны аялалаар өнөөх сайхан Халонг Бей-ээ үзчихээд ирэхэд болоод л явчих нь тэр шүү дээ. Яг энэ аялал Тэнгэр травелд 2'500'000-3'000'000 төгрөг үнэтэй байна лээ.

Monday, August 12, 2013

Хурим - Guestbook

Хуримаараа ямар нэгэн сонирхолтой зүйл хийнэ гэж байсан даа. Түүнийгээ хийсэн шүү. "Guestbook" буюу зочдын сэтгэгдэлээ бичих дэвтэр. Хайрт "Pinterest" -ээс харсанаар бол гадныхан ихэвчлэн мод зураад, зочид нь модны мөчир дээр нь нэрээ бичих, хурууны хээ үлдээх, зургаа наах гэх мэтээр хийдэг юм байна. Түүнээс гадна хуримын зурагны эргэн тойронд сэтгэгдэл бичээд дараа нь жаазлаад хананд өлгөх гэх мэт санаа ч гэсэн түгээмэл юм. Өөр өвөрмөц санаанууд гэх юм бол; жижиг чулуун дээр бичээд шилэнд хийж хадгалах, дэлхийн бөмбөрцөг дээр бичих, дарсны үйсэн бөглөөн дээр бичих, пазл дээр бичих, шууд гардаг зураг авхуулаад үг бичиж албоманд хийх, тавган дээр бичих, модон самбар гэх мэт ямар нэгэн модон эдлэл дээр бичих гэх мэт зөндөө олон санаа байгаа. Надад Полорайдтэй санаа, пазл хийх санаа 2 хамгийн их таалагдсан боловч боломж нөхцөл нь таараагүй тул өөр арга олсон. Бид хоёр хуримаас өмнө бөөн юм болж байгальд гарч зураг авхуулсан даа... түүнийхээ хэргийг гаргаж зургийн цомог маягийн юм хийгээд хуриман дээрээ найзуудаараа үг бичүүлж авсан. Тун хөөрхөн болсон байна гээд хүмүүс магтаад байна лээ тэхээр сайхан л санаа байсан байгааз ккк.
 








 
 
 
Манайх нэг иймэрхүү болсон доо. Зургаа наагаагүй, шууд ном маягаар хэвлэчихсэн.
 
Ширээ хуваарилалтын ийм самбар бас хийсэн. Хүмүүс ширээгээ хайгаад бужигнаад байхгүй амар юм байна лээ.

Friday, August 02, 2013

Бэр мөргөх ёс

Одоогийн бидний залуус ёс жаяг сайн мэдэх биш ямар, хуриман дээрээ ёс алдаж хадмын талд эвгүй байдалд орох вий гэж эмээж л байлаа. Манай гэрийхэн хурим найрын зан үйл гээд сүйд болоод байдаггүй. Харин говийн бүсгүй хангайн бэр болсон чинь хадмын тал маань нэлээд ёс жаягтай улс байна.

Хуримын өдрийн өглөө бэр буулгах гэж ирсэн хүмүүс нь бэлэг сэлт бэлдэж ирээд гэрт байгаа бүх хүмүүст гар цайлгах бэлэг өгдөг юм байна. Бэр авахаар хүргэн, хүргэний талын нэг ахмад хүн (нагац ах), бэргэн, ивээл жилтэй хүн гэх мэт хүмүүс ирдэг юм байна. Бэр авахаар ирэх хүмүүсийн бүрэлдэхүүн нь сондгой тоотой байх ба бэр болон бэртэй хамт явах мөн сондгой тоотой хүмүүсийг аваад тэгш тоотой болоод буцдаг гэнэ. Бэрийг авч явах цаг болоход ивээл жилтэй хүн, бэргэн хоёр нь бэрээ хоёр талаас нь сугадаад гардаг аж. Дээр үед бол бэр дургүй байгаа дүр үзүүлж явахгүй гэж орны толгойноос зууралддаг байжээ. Би ч одоо тэгэх нь хаашаа юм тэхдээ бас баярлаад инээгээд гүйгээд байх нь хаашаа юм, нэг тэр хоёрын дунд л айлын бэр болохоор мордлоо шд ккк. Бэрийг авчирсан хүмүүс хүргэний гэрт ирэхэд угтаж аваад сүү амсуулж, гэрт байгаа бүх хүмүүст золгуулдаг юм байна. Дараа нь бэрийн өмсөж ирсэн хувцасыг солиод хадмын тал иж бүрэн хувцас гутал өмсгөж өөрийн хүн болгож авдаг гэнэ. Хувцасаа сольсон дараагаа бэр анхны галаа асааж, цайгаа чанаад, Бурханд дээжийг нь тавьж, зул өргөөд Бурханд мөргөдөг юм байна. Дээр үед бол галд мөргөдөг байжээ. Орчин үеийн байранд ямар цахилгаан зууханд мөргөлтэй биш, цайны дээжээ өргөөд ёсыг гүйцэлдүүлэв.

Найрын орой "хөшиг татах ёс" гэж байдаг юм байна. Энэ нь хоёр талын аав хоёр хүүхдийнхээ орны урдуур унжсан хөшгийг татаж өгч, нэг ёсондоо эхнэр нөхөр болохыг нь хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг гэж ойлгосон.

Найрын дараа хэд хоногоос эхлээд "бэр мөргөх ёс" гэж байдаг юм байна. Энэ нь шинэ бэр хадмын талын айлуудар айлчилж мөргөж ёслохыг хэлдэг юм байна. Эхний ээлжинд хадам аавындаа очоод, хадам аав ээж хоёртоо бэлэг барьж, Бурханд нь есөн удаа сунаж мөргөсөн. Айл болгонд очоод сунаж мөргөөд явах биш л байгаадаа гэж бодож байгаа ккк. Гэхдээ бэр мөргөх ёсны нэг гоё юм нь очсон айл болгон шинэ бэрд бэлэг өгдөг юм байна. Аав, ээж, ах нар нь мал зааж өгдөг гэнэ. Одоо ч би хэдэн малтай болцон байгаа шүү лол. Шинэ бэрдээ бас өвчүү чанаж өгдөг юм байна. Яг ямар учиртайг нь мэдээгүй гэхдээ л чанаж өгдөг ёстой юм гэсэн. Тэгээд өвчүүгээ бүгдийг нь ид гээд байсан. Харин шинэ бэр өвчүүгээ бүгдийг нь ганцаараа идэж болохгүй, нөхөртэйгээ хувааж идэх хэрэгтэйн гэнэ лээ шүү. Манай найз надад сануулж хэлээгүй бол ч би аягүй бол идэх ёстойм байх гээл бүгдийг нь идэж орхих байсан байх шүү ккк. За хэтруулж байнаа, арай ч нэг бүтэн өвчүү ганцаараа идэж чадахгүй байха.

Айлын эхнэр болсон чинь идээ цайныхаа дээжийг нөхөртөө аягалах, зул өргөх, орой болгон хоол хийх гээд ганц бие байхдаа анхаарч үзэж байгаагүй зүйлүүд гарч ирдэг юм байна. Одоо бид ёс заншилаа мэдэхгүй байгаа ч яваандаа нас яваад ирэхээр мэдэж байх нь зүйтэйм байна даа гэж бодсон. Одоо бол ахмадуудыгаа дагаад, тэднээсээ асууж мэдээд ёс үйлдээд байнаа. Гэвч тэд маань яваад өгсөний дараа хэнээсээ гэх билээ дээ. Тиймээс одооноос ёс заншилаа сайн сурч, мэдэж авнаа.

Thursday, August 01, 2013

Хурим сайхан боллоо


Зээ бидэн хоёр "Тийн ялгуусан" хэмээх усан могой жилийн зуны адаг сарын 20-ны билэгт сайн өдөр гэр бүл болж, хурим найраа хийн Монголын сайхан өрх бүлийн тоог нэгээр нэмлээ.

Хурим сайхан болсон. Мэдээж санаа зовоосон жижиг сажиг асуудлууд зөндөө гарч ирдэг юм билээ. Гэхдээ хамгийн гол нь бүх юм сайхан болно гэдэгт итгээд өөрийгөө тайвшруулж, эл өдрийн үйл явдлаас таашаал авахаа бодох хэрэгтэй юм билээ. Бид хоёр их сэтгэл хөөрөлтэй, аз жаргалтай, баяр баясалтай байсан юм шиг байгаан. Сүүлд нь гэрийнхэн та хоёр инээгээд л байсан, инээсээр байгаад нүүрэнд нь инээмсэглэлийн үрчлээ суучихсан байсан гэж коммент хэлж байна лээ. Би бол шууд таашаал авахаа л бодсон ккк. Энэ олон хүн бидний төлөө цуглаж, энэ бүх үйл явдал бид хоёрын эргэн тойронд болж байна гэж бодохоор л гоё санагдаад өөрийн эрхгүй инээгээд байсан кк.

Тэр өдөр манайхан бараг 04 гэж унтаад 05 гэж боссон байх шүү. Аав, ээж хоёр бэлтгэл хангаад лав нойргүй хоносон байхаа. Өглөө нь хадмын талынхан бэр буулгах гэж ирээд, цай идээ будаа болоод, дараа нь бэлэг сэлтээ өгөөд бэрээ аваад гардаг юм байна. Нөхөр бид хоёрын амьдрах гэрт очиход хүмүүс цуглачихсан найрлаж байсан.


Үс засалт, нүүр будалт
Шинэ гэртээ цахилгаан зуух асааж цайгаа чанаж, Бурхандаа мөргөсөн дараа шууд үс гэзэг, нүүр нүдний ажилдаа орсон. Их л эрт эхэллээ гэж бодсон хэр нь амжихгүйгээ дөхөж байна лээ шүү. Хамгийн түрүүнд бэр, бэргэнээсээ эхэлж янзлах ёстойм байна лээ. Манай бэргэн хамгийн сүүлд үлдээд арайтай л хуримнаас хоцорчихоогүй.

Бэргэн (эсвэл орчин үеийнхээр bridesmaid) хуриманд их чухал үүрэг рольтой хүмүүс байдаг юм байна. Хуримын ёслолын турш хоёр талын бэргэн сүйт бүсгүй, сүйт залуу хоёрыг дагаж явж, туслаж, мөн гэрлэлтийн гэрч болдог юм байна. Хуримын ордны үйл ажиллагаа их таалагдсан. Хүмүүс нь найрсаг, юу хийх, яах ёстойг бүгдийг нь хэлээд өгчихдөг юм билээ. Гэрлэх ёслолыг нэг эмэгтэй удирдаж явуулсан. Тэр хүний дуу хоолой уянгалаг намуухан, Боролдойн цагийн үлгэр уншиж байгаа юм шиг санагдаад инээд хүрээд байсан кк.
 
Хүлээлгийн өрөөнд
Гэрлэх ёслол эхлэхийн өмнөхөн хүлээлгийн өрөөнд сууж байхад их догдолдог юм билээ. Хувцас, үс, нүүр ямар байгаа бол гээл... Хамгийн гол нь өөртөө таалагдсан даашинз, үс засалт болон нүүр будалт хийлгэсэн байхад өөртөө итгэлтэй бөгөөд чин сэтгэлээсээ инээвэл би гоё харагдана гэж бодоод л инээгээд байх хэрэгтэй. Гэрлэх ёслол эхлэхэд догдолж уйлах байх гэж бодсон чинь харин гайгүй шүү.  Уйлаагүй.  Ээж намайг инээгээд л байсан гэж хэлсэн. Сүүлд хуримын бичлэгээ үзэхэд инээж байсан нь гоё харагдаж байна лээ.
Гэрлэх ёслолын ордны шатаар дээшээ алхаж байхад дуусахгүй юм шиг санагдаад алхаад л байсан, алхаад л байсан хэхэхэ. Хормойгоо сайн дээш нь өргөөд, цэх хараад, инээмсэглээд алхаарай гэж зааварлаж хэлсэн юм. Тэгээд заасан дагуу алхаад байсан. Миний алхсан хамгийн урт шат тэр байсан байхаа кк. Уг нь харахад хэдхэн л шат байсан даа гэж мэж бодсон.  Ёслолын өргөө нь аймаар халуун байсан тул нүүрээ сэвмээр, үсээ янзалмаар байсан ч гүрийсэн л дээ кк. Нээрээ тэр тулганд бэлэгдлийн гал асаах ёслол дээр урт хумстай байвал шатахаар юм билээ. Ер нь тэгээд бэр урт хумстай байсанаас цэвэрхэн маникюртэй богино хумстай байсан нь гоё харагдах байхаа.
Гэрлэх ёслолын ордноос гараад Сүхбаатарын талбай орсон. Аймаар халуун, нартай өдөр байсан. Чингисийн хөшөө засвартай байсан болохоор хөшөөнд цэцэг өргөж зураг авхуулж чадаагүй. Харин оронд нь Сүх жанжины хөшөөтэй зургаа авхуулсан даа кк. Талбай дээр явж байхад хажуугаар явж байгаа хүмүүс баяр хүргээд, гоё харагдаж байна, аз жаргал хүсье энэ тэр гэж хэлэхээр гоё санагддаг юм билээ. Өмнө нь хуримтай тааралдаад бэрийг нь хардаг байсан болохоор хүмүүс бас намайг харж байгаадаа гэж бодогдоод байдаг юм билээ кк.

Хуримын цуваа
Манай хуримын цуваа гурван ижилхэн тас хар өнгийн жижиг машинаар толгойлуулсан их гоё цуваа болсон. Ер нь хуримын цуваа жижиг машинаар толгойлуулсан байвал гоё харагдах юм байна лээ шүү. Хэрэв өнгөрсөн сарын 27-ны өдөр тийм гурван машинтай хуримтай таарсан бол тэр чинь миний хурим байсан шүү эдр кк. Талбайгаас хөдлөөд Гандан хийд орсон. Оройны хүлээн авалтаас өмнө их ядрахгүйн тулд маршрутаа богинохон зохиосон. Үдээс хойшдоо дахин үсээ янзлуулж, будгаа сэргээх цаг гаргах хэрэгтэй. Өглөө гэртээ дуудаж үс, нүүрээ янзлуулсан хүмүүстэйгээ үдээс хойш бас дахиж янзлахаар тохирчих нь амар юм билээ. Миний нүүр будалтыг хийсэн хүн ёстой сайн байсан. Сонирхож байгаа сүйт бүсгүй байвал жичдээ холбогдож нэр, утсыг нь авч болно шү ;)
Оройны хүлээн авалтан дээрээ өглөөний ёслолоос илүү догдолсон. Яагаад гэхээр өглөө 40-50 хүн ирж оролцсон бол орой 200 гаран хүн, тэгээд ангийнхан, найз нөхөд, хамт ажиллагсад ирнэ. Дээрээс нь нөхрийн талынхан, ангийнхан нь, найзууд нь ямар хүнтэй сууж байгааг нь сонжиж харна гэх мэт олны нүд шууд чам дээр тусна гэж бодохоор л аймаар их догдолдог юм билээ. Хуримын ёслол ямар болох нь, гоё сайхан болох нь хөтлөгчөөс хамаарна гэсэн тул бид хоёр үүн дээр их анхаарсан. Манай хөтлөгч үнэхээр мундаг байсан. Манай хуримын дуу хуур, хөгжөөн, идээ ундаа таарсан маш сайхан хурим болсон гэж өөрөө дүгнээд байгаа.  Хүмүүс ч тэгж хэлээд байгаа.
 
Энийг тэгдэг байж, тэрийг тэгдэг байж гэж хэлэх юм гарсан л даа мэдээж. Жишээ нь эртхэн босоод ширээ ширээ хэсээд хүмүүсд ирсэнд нь баярласанаа хэлж, хундага тулгаж, зураг авхуулж байдаг байж гэж бодсон. Хуримын ёслолд нэг дуулаад, нэг суугаад, нэг бүжиглээд, нэг суугаад, ураг батжих, голомт бадраах, ууц хөндөх, бэлэг өгөх гэх мэт олон юм хийсээр байтал нэг мэдэхэд дуусах болчихсон байдаг юм байна. Өмнө нь хуримаа хийсэн найзууд юм идэж амждаггүй тул хоол идэхээ мартаваа гэж хэлээд байсаныг нь санан санан би лав хоол л идээд байсанаа санаж байна ккк. Хуримын бялуу задалж амссан дараагаа гоё амттай бялуу байна ширээндээ сууж байгаад иднэ гэж бодоод явж байсан боловч дундуур нь өөр юм гарч ирээд мартчихсан байна лээ. Одоо бялуунаасаа идэх байсийн гээд харамсаад байгаа.

Сүйт бүсгүйн цэцэг
Өөр нэг мартсан зүйл гэвэл сүйт бүсгүйн гарын цэцгээ шидэхээ мартсан байна лээ. 18-аас дээш насны ганц бие бүсгүйчүүдийг цуглуулж байгаад цэцгээ шиднэ гээд яг зарлах гээд тайз руу гарах гэтэл өөр хүмүүс гарчихсан дуулж байсан тул түүний дараа болоё гээд сууж байсан чинь тэр чигт нь мартсан байна лээ. Тэр их бужигнаан дунд юм их мартагддаг тул з/б-дээ юмуу хөтлөгчдөө ийм ийм юм хийнэ гээд бичээд өгчих хэрэгтэй байсан юм билээ. Манай найзууд болон нөхрийн найзууд дуу бэлдэж ирсэн боловч зарим нь дуулж амжаагүй гэсэн.
Миний ганц урам хугарсан зүйл бол зочид дутуу ирсэн явдал байлаа. Хуримаас 2-3 хоногийн өмнө урьсан зочдоосоо ирэх эсэхийг нь баталгаажуулж асуугаад, ресторандаа хүнийхээ тоог өгч мөнгөө төлдөг. Хүн илүү ирвэл хоол нэмээд тооцоогоо нэмж хийж болох ч хүн дутуу ирвэл зөрүүг нь буцааж олгодоггүй юм байна. 10-20 хүн ирээгүй тохиолдолд тэгээл хагас сая, сая төгрөгөөр шатна гэсэн үг л дээ. Ирэх эсэх нь эргэлзээтэй байгаа хүнийг тооноосоо хасаад тоогоо өгч болох ч яг ирнэ гэж хэлсэн хүнийг тооноосоо хасах муухай болохоор яг ирнэ гэж confirm хийсэн хүмүүстээ тулгаад тоогоо өгсөн болохоор хоол илүү гарч, жоохон зарлага болсон. Энэ асуудлыг яаж шийдэж болох байсан талаар зөндөө ярилцсаны эцэст ер нь л хүний хуриманд очно гэж хэлсэн хүн очих л хэрэгтэй юм байна гэдэг дээр санал нийлсэн. Хэрэв очиж чадахгүйд хүрвэл заавал хуримын эздэд очиж чадахгүй болсоноо мэдэгдэх  хэрэгтэй юм байна. Цаад хүмүүс чинь ширээ сандалаа түүний дагуу зохицуулна шүү дээ.
Хуримын бичлэг заавал хийлгэх хэрэгтэй. Дараа нь үзэхэд ёстой гоё юм билээ. Мэргэжлийн зурагчин, зураглаач хөлсөлвөл санаа зовохгүй амар л юм билээ. Зурагчин чинь сайн, мэдрэмжтэй зурагчин байж, яг эгзэгтэй, гоё гоё агшингуудыг буулгаж авсан байх шаардлагатай. Тэр хуриманд бүх хүн л аппараттай ирсэн, зөндөө хүмүүс л зураг авч байна байх. Тэхдээ аль болох хөлсөлсөн зурагчин руугаа юмуу гол зурагчин руугаа харж байх хэрэгтэй. Манай хувьд бичлэг маш гоё болсон. Харин зурагны хувьд яг гоё агшинг буулгаж авсан зураг ховор юм шиг санагдаад сэтгэл жаахан дундуур байгаа.  
Бүтэн сар бэлдсэн хуримын ажил дууссан чинь хийх юмгүй самгардаж эдр. Одоо юу хийх билээ гэж бодож эдр. Одоо хүүхэд л хийдэг байх даа ккк.



 


Friday, July 26, 2013

Маргааш хурим! Яанааааааа

Хуримын өдөр ингээд хаяанд хүрээд ирдэг юм байж. Сүүлийн 3 өдөр ёстой ухаан жолоогүй ажилтай байлаа.Юу ч гэж амжуулаад байгальд гараад зураг авхуулаад ирсээн. Гэхдээ тэгсэн эсэн биш шумууланд хазуулаад бондгор бондгор болчихсон. Эмийн сангуудаар шумуулын тос хайгаад нэгийг ч олж чадсангүй. Шумуулын тос гэдэг юм байдаггүй хэрэг үү, эмийн санд зардаггүй хэрэг үү гэдгийг ойлгоогүй. Монгол арга хэрэглэж тараг баахан түрхсэн. Гэсэн ч бондгор хэвээрээ л байгаа.

 
Энэ зурган дээр бид 2-н уран бүтээлийн нэг хэсэг явж байна кк. Өөр олон гоё зураг байгаа л даа. Зөвлөхөд, байгальд зураг авхуулах ажлаа хуримын дараа хийх ёстойм байна лээ шүү. Би золтой л даашинзаа сүйрүүлчихээгүй. Хуримаас өмнө зураг авхуулая гэдэг санаа хэнээс ч гарсан юм байгаан. Буруутгах хүн олдохгүй байхыг бодоход надаас л гарсан санаа юм байлүй :p Зурагчин нь тэг ингэ, инээ, үнс, тэвэр гээд бүх үйлдлийг хэлээд өгдөг юм билээ. Гэхдээ ийм зураг авалтын нэг доголдолтой тал нь жоохон хиймэл болдог юм билээ. Жинхэнэ сэтгэлээсээ инээсэн инээмсэглэл, дэггүйтэл, аальгүйтэл байгаагүй. Бидний хувьд гэхдээ хуримын өмнө болохоор өөр сөнөө зовох асуудал байгаад байсан болохоор relax байж чадаагүй байх. Би л лав даашинзаа муухай болгочих вий гэж санаа зовоод аятайхан байж чадаагүй. Энэ зураг авалтанд манай нэг дүү дагаж явсан юм. Дүүгийнхээ апаратанд дэггүйтэж авхуулсан зурагнууд бас хөөрхөн байна лээ. Мэргэжлийн зурагчны апаратанд болохоор өнгө, дүрслэл, зохиомж гэж тасарцан зураг гардаг юм билээ. Тэгэхээр мэргэжлийн зураг авалтандаа өөрийн нэг хүнээ дагуулж яваад дэггүй зураг авхуулах хэрэгтэйм билээ.
 
За зурагнаас гадна өдөр хоног дөхөөд ирэхээр мартсан санасан ажил зөндөө гарч ирдэг юм байна. Ядаж л маникюр, педикюр гэх мэт хэрэгтэй, хэрэггүй баахан ажил гарч ирсэн. Зураг авалтанд явах гэж хувцас, үсний засалт, нүүр будалтаа туршиж үзсэн. Ингэх нь нэг талаар санаа оноогоо турших, алдаа мадагаа олох гээд тустай л юм билээ.
 
За за өөр хийсэн ажлууд санаанд орж ирэхгүй байнаа яг одоо. Хуримын дараа тухтай бичнээ. Би бас нэтээс олсон гоё санаануудыг хэрэгжүүлэх гэж байгаа. Бүтэлтэй болвол хуваалцанаа.
 


Tuesday, July 23, 2013

Хуримын бэлтгэл -13 буюу Эрэгтэй хувцас


Эрэгтэй хувцсандаа нээх анхаарал хандуулахгүй, сүйт бүсгүйн даашинз л гээд гүйгээд байсан чинь яг цагаа тулсан чинь эрэгтэй хувцас олдохгүй сандрах гэжийн шд. Манай сүйт залуу интернэтээс цагаан эмжээртэй хар хослол олж харчихаад тийм хослол хайгаад байсан чинь нөгөөх нь УБ-д байдаггүй ээ.Тэгээд ч ер нь menswear зардаг дэлгүүр ч ховор юм байна. УБ-н томоохон гэсэн хэдэн дэлгүүр дуусгаад хослол олдохгүйн биш биздээ гэж айж байлаа.

Бас сүйт бүсгүйн гоо сайхан л гээд яваад байсанаас биш сүйт залууг бас бодолцох хэрэгтэй юм байна лээ. Эрэгтэй хүн чинь гоо сайханд орохоороо өнгө ороод явчихаж байгаам чинь кк.

Хуримын сар эхэлж байгаа нь илт мэдэгдэж байлээ шүү. Хуримын холбогдолтой дэлгүүр, газрууд пиг хүнтэй байдаг болж. Дуучид, хөтлөгч хийх хүмүүс ч бараг олдохгүй. Олдохоороо аймаар үнэтэй байсан. Манай сүйт залуу өөрөө гараад хөтөлдөг юм уу гэж байлээ кк. Гэснээс нээрээ бид хоёр одоо болтол хуримын бүжигээ давтаагүй байгаа. Надад бүжиг зааж өгнө гэчихээд л зав гарахгүй яваад байгаа. Магтсан хүүхэн хуриман дээрээ яана гэдэг билээ тэрэн шиг бүжгийн талбай дээр даашинзандаа орооцолдож унаж эдр балрах вий дээ. Бас тэр гутал нь аймаар өндөр өсгийтэй. Тэрэн дээрээс унавал би лав хөлөө хугалах байхаа, түй түй түй :p

Ингэхэд хийх ажил их байхад блог бичээд сууж байна гэвэл манай сүйт залуу уурлах байх даа...  Маргааш хуримын хувцасаа турших буюу байгальд гарч зураг авхуулна гээд төлөвлөчихсөн байгаа. Догдолж эхэлж байна шүү кк.

Хуримын бэлтгэл -12 буюу Гоо сайхан


Хуриман дээр хамгаас хөөрхөн, хамгийн үзэсгэлэнтэй, бүх хүмүүсийн нүд тусч байх ёстой хүн бол сүйт бүсгүй байх ёстой гэж байгаам шд. Манай сүйт бүсгүйн гоо сайхан алдагдаад байнаа. Ажил ихтэй өөрийгөө харах завгүй гүйсээр байтал аягүй бол хуримынхаа өглөө нүд нь гархилчихсан босч ирэх нь. За гэхдээ хичээнээ, би чаднаа эдр кк. Ер нь бол сарын өмнөөс гоо сайханд бага багаар цаг зарцуулж эхлэх хэрэгтэйм байна гэж ойлгосон. Нүүрний массаж болон бүтэн биеийн массаж, саун энэ тэрд орчиход зүгээр шиг санагдсан.


Хуримын үс засалт дээр их хайлт хийж байгаа. Урт үстэй болохоор сүлжсэн загвар байвал зүгээр болов уу гээд үсчинтэйгээ ярилцаад байгаа. Нээрээ хуримын өдрийн үс засалт болон нүүр будалтаа хийлгэхийн тулд үсчин, будагчинтай яриад гэрт чинь очоод хийгээд өгөхөөр тохирвол зүгээр юм билээ. Тэгээд ч сүйт бүсгүйгээс гадна эгч, дүү нар гээд өөр үсээ янзлуулах хүмүүс гэр дүүрэн байна байх.

 
Хумсны будалт их чухал шүү, гэтэл би яг мартах гэжийлээ. Хиймэл хумс хийвэл нээх урт байх шаардлагагүй гэсэн. Гал голомт асаах гээд шүдэнз зурсан чинь хумс нь шатчихсан гээд хүмүүс аймаар юм яриад байна лээ. Тиймээс өөрийн хумсаа аятайхан арчилж ургуулж байгаад будаад орвол зүгээр байх.
 

Сүйт бүсгүйн цэцэг болон сүйт залуугийн энгэрийн цэцгийг Жарденд захиалж болох юм билээ. Уг нь хуримын заалны чимэглэлийн багц дотор багтсан байдаг юм билээ. Гэхдээ би заалны чимэглэлээсээ хасуулчихсан юм. Чимэглэл гэснээс машин чимэглэх гэж бас нэг ажил байна. Уг нь хуримын ордны багц дотор машин чимэглэл орсон байдаг ч би бас тэрийг нь хасуулчихсан. Гадуур чимэглэл хийдэг газрууд 100'000 төгрөгөөр 4 машин янзтай гоё чимэглээд өгдөг гэсэн.
 

Monday, July 22, 2013

Хуримын бэлтгэл -11 буюу Зурагчин

За 5 өдөр үлдлээ. Өдөр хоног дөхөх тусам сандрал улам нэмэгдээд байна. Хичнээн бусад хүнд ажил даалгаж өглөө ч гэсэн эцсийн эцэст бүх юман дээр энэ ямар байна гэж асуух юм. Гэхдээ бас арга ч үгүй байх л даа, таалагдахгүй юм хийчих вий гэж санаа зовж байгаа байх. Ингээд л жижиг сажиг юманд хутгалдаж явсаар байтал юу ч амжихгүй байгаа юм шиг санагдаад эхлэх юм.
Хамгийн чухал ажил бөгөөд мөнгө харамгүй төсөвлөх ёстой ажил бол хуримын зураг гэнэ дээ. Ер нь бол зураг л дурсгал болж үлдэнэ шүү дээ.  Олон жилийн дараа эмээ, өвөө нь ингээд хуримлаж байлаа гээд үр ачдаа зураг үзүүлж, түүх яриад сууж байвал аштай юу даа. Би эхлээд нь мэргэжлийн зурагчин авна гэж төлөвлөөгүй байсан боловч сүүлдээ авахаар шийдэж хуримын зурагчингийн эрэлд гарав аа. ФБ дээр Сайнжаргал гээд хуримын зураг дагнаж авдаг хүн байдаг юм байна. Түүний авсан зургуудыг үзсэн, их гоё юм билээ. Байгаль дээр гарч уран сайхны зураг авдаг юм байна лээ. Миний хувьд жиргээний найзын санал болгосон “Dual Zet” студиар зургаа авхуулахаар болсон. Тэднийх байгаль дээр гарч зураг авах, студчид уран сайхны зураг авах, хуримын өдөр зураг авах, хуримын өдөр бичлэг хийх, том хэмжээгээр угааж жаазлаж өгөх, албомь бэлдэж өгөх гэх мэт цогц үйлчилгээ үзүүлдэг нь таалагдсан. Студид авхуулах уран сайхны зураг нь давахгүй даваа шиг санагдаад байгаа юм даа. Яана даа.
 Хуримын дараа ганц үлдэх юм албомь, жаазтай зураг хоёр юм. Dual Zet студийнхан хуримын албомийг Солонгос руу явуулаад ном сэтгүүл шиг сайхан хийгээд өгдөг юм байна. Энэ албомь жоохон үнэтэй тусах байх гэхдээ нэг хийгээд авсан байхад нэг насны эд болно шүү дээ.
Заавал авхуулах ёстой хуримын зургууд гэсэн энэ нийтлэлээс ямар ямар зураг авхуулж болох талаар санаа авч болно. Бороотой үед ямар зураг авхуулж болох вэ гээд бас гоё гоё санаанууд байна лээ. Гадаадуудын зургууд нээх гоё энгийн бөгөөд аз жаргалтай харагдаад, Монголчуудын зурагнууд жоохон дүрд тоглосон юм шиг харагдаада байна лээ. Альфагийн энэ нийтлэл дээр бас хуримын зураг авхуулах pose талаар бичсэн байсан. Би өмнө нь эдгээр линкийг өгсөн ч байж магадгүй шүү, одоо мартсан бөлгөө кк.
Хүмүүсийн хийлгэсэн видео бичлэгийг үзээд, видео бичлэг заавал хийлгэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тухайн өдрийн үйл явдал бүрийг бичиж үлдээнэ гэдгээрээ дурсамжтай.
 
 

Friday, July 19, 2013

Хуримын бэлтгэл -10 буюу Төсөв

Хуримын зардал мөнгө тооцох, төсөв гаргах гэж хүндхэн асуудал байна. Зарим айлууд эцэг эх нь хуримыг нь хийж өгдөг бол зарим залуус өөрсдөө хуримын зардалаа гаргадаг юм билээ. Манай хувьд бол хэдэн талаасаа хамтраад гаргаж байгаа. Бид 200 орчим хүнтэй дундаж хурим төлөвлөж байгаа юм.

Хуримын зардал, төсвийн талаар ганц нэг хуваалцах мэдээлэл гэвэл:

5 жилийн өмнө Монголд 150 хүнтэй бага зэрэглэлийн хуримд 5 орчим сая төгрөг, дунд зэрэглэлийн хуримд 9-10 сая, дээд зэрэглэлийн хуримд 15 орчим сая зарцуулж байсан байна. Хуримын даашинз 130'000-700'000 төгрөг, прокатлавал 50'000-80'000 төгрөг, зурагчин 100'000-аас эхэлдэг байсан байна. (Эх сурвалж)

Энд дурдсанаар бол 2 жилийн өмнө буюу 2011 онд хуримын зардал 2008 оныхоос их өөрчлөгдөөгүй байна лээ. 

Хуримын зардалын ихэнхийг буюу бараг 1/3-ийг хүлээн авалтын зардал эзлэх юм билээ. Миний тооцоолсноор 200 хүнтэй хуримын зардал нэг иймэрхүү гарах юм шиг байгаан:

Хүлээн авалт - 10'000'000
Даашинз - 600'000
Косьтюм - 450'000
Хос дээл - 500'000
Чимэглэл - 750'000
Урилга - 300'000
Бөгж - 500'000
Үсчин, гоо сайхан - 150'000
Хөтлөгч, хамтлаг - 2'000'000
Зурагчин - 800'000

За мэдээж хувцас, бөгж гэх зүйл нь хүний сонирхолоос шалтгаалаад өөр өөр байна л даа.

Энэ нийтлэл дээр хуримын үйл ажиллагааны юун дээр мөнгө харамлахгүй байх болон юун дээр мөнгө хэмнэж болох талаар тун хэрэгтэй зөвлөгөө бичсэн байна лээ. Мөнгө харамлаж болохгүй зүйлсийн тэргүүн жагсаалтанд зурагчин, зураглаач, даашинз орсон байна. Би эхэндээ зургийн чиглэлээр ажилладаг хамаатныхаа дүүгээр зургаа авхуулна гээд зурагчин дээр төсөв гаргаагүй байсан боловч сүүлд нь бодоод мэргэжлийн зурагчин, зураглаач авсан нь зүйтэй юмаа гэж шийдсэн.

Гоолингоо хуримын тухай чиний мэдэхгүй 6 үнэн гэдэг зөвлөгөө өгчээ. Тэдний зөвлөснөөр бол хурим гэдэг их том ажил тул бүгдийг төгс төгөлдөр байлгах гэж өөрийгөө стрессдүүлэх хэрэггүй гэжээ. Угаасаа ямар ч болсон байлаа гэсэн сайн, муу янз бүрийн үг унагах хүн гарч ирж л таарна. Тиймээс сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шиг байгаан.

Хуримын бэлтгэл -9 буюу Ёс заншил

Нэг хэсэг орхигдоод байсан хуримлах ёс заншил эргэн сэргэж, одоо залуус хадаг сүй тавих, хурим найр хийх зан үйлээ дагадаг болжээ. Хуримын ёс заншилын талаар ганц нэг нийтлэл олж уншсанаа дор хуваалцая.

Энэ нийтлэл дээр дурдсанаар дээр үед аав ээжүүд нь шинжиж байгаад хүүдээ эхнэр болгох хүнээ сонгож өгдөг байсан гэнэ. Аргал түүж яваа охины "аргал хомоолоос нь авч ямар үг хэлэхийг нь сонсохгэх мэтээр шинждэг байсан байх нь. Бэр болгох хүнээ сонгосны дараа эмэгтэйн эцгийнд хүүгийн тал ам сонгох, тамхи нэрэх ёс гүйцэтгэхээр нас тогтсон үр хүүхэдтэй 2-3 хүн явуулж эмэгтэйг гуйлгадаг байжээ.

Монголчуудын ураг барилдах ёсны талаар энд нэлээд дэлгэрэнгүй бичсэн байна. Энд бичсэнээр бол, "...Халх монголчууд хуримын өмнөх заншил, зан үйлд нэлээд сонирхолтой, ёгт бэлгэдэлийн чанартай “ эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарах хуурай” хүргэх ёс байсан нь хоёр талын ургийн холбоог улам бат бэх болгохын бэлгэдэл болж байжээ. XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн халх ураг төрлийн ёсонд нэг омог яснаас ураг барилдах хориотой байв. Иймд охидоо хүнд өгөх, хөвгүүддээ бэр сонгон ёс төртэй гэрлүүлэхэд холын нутаг орныг ихэд эрхэмлэн “Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр” хэмээн хэлэлцдэг байсан нь үүнтэй холбоотой юм."

Хуримлах ёсны талаар бичсэн энэ нийтлэл дээр харин бэрийг анх гэрээс нь авч гарах зан үйл нь их сонирхолтой санагдсан.

"....Үүр цайх үед бэрийг төрхөмийнх нь гэрээс тусгай товлосон ивээл жилтэй хүн авч гарна. Энэ үед бэр үеийн бүсгүйчүүлийн хамт байх ба бэрийг авч гарах гэхэд тэд явуулахгүй гэж, бэр явах дургүй байдал гарган бүснээсээ барилцан зогсох үед хүчээр авч гарсан дүр үзүүлнэ. Ингээд бэрийг авч гэрийг тойроод хүргэн хүү болон дагалт хүмүүс, үдэгсдийн хамт явсаар эцгийнхээ гэрийн гадаа нар дөнгөж гарч байх үед хүргэж ирдэг заншил түгээмэл юм."
Өөр бас нэг нийтлэл дээр:

"...Бэрээ авч ирсний дараа аавын гэрт оруулж бэрд бэлдсэн дээл хувцсыг ємсvvлээд аавын бурхан тахилд мєргvvлж гал асаалгана. Дараа нь цайллага болж буй гэрт орж аав, ээждээ мєргєнє. Ингээд нєхєр галаа асааж, эхнэр нь цайгаа чанаж бурхандаа тавиад дараа нь хадам аав, ээж, ирсэн зочдод єєрєє аягалж барина. Vvний дараа цалин цагаан мєнгєн бєгж солилцон хоёр биенийхээ ядам хуруунд зvvж єгнє. Эхний галыг нєхєр нь асаадаг нь "эцгийн голомтоос гал тасаллаа. Бид хоёр энэ галыг хэзээ ч бєхєєхгvй vvрд авч явна, мєнгєн бєгж солилцдог нь бид нэг хvн мэт гагнагдлаа" гэсэн санааг илэрхийлж буй аж."

Манай хувьд хадаг сүй тавих ёслол маань их инээдтэй. Яасан гэхээр манай аав дуугүй хүн байдаг, хадам аав бас дуугүй хүн. Тэгээд хоёр дуугүй хүн, нэг нь хадаг бариад зогсчихсон, нөгөө нь суучихсан, өөд өөдөөсөө хараад байгаад л байсан гэсэн ккк. Хажуунаас нь хадам ээж үгээ хэлээчээ гээд шивнээд байдаг, хадам аав бүр дуугүй болоод таг болчихсон гэсэн. Манай хадмын талын хувьд хангай нутгийнхан болохоор бэрээ гэртээ авчраад иж бүрэн хувцаслаж өөрийн хүн болгож аваад, гал голомтоо асаалгадаг гэсэн.

Гэрлэх ёслолд хэрхэн бэлдэх, юу юуг анхаарах талаар энд их сайхан зөвлөгөө өгсөн байна лээ.

Thursday, July 18, 2013

Хуримын бэлтгэл -8 буюу Даашинз


Хуримын үеэр сүйт бүсгүйчүүдийн ганц санаа зовууштай асуудал бол өөр юу ч биш зөвхөн хуримын даашинз байгууштай юм билээ. Би уг нь сүйт залуудаа юунд ч оролцохгүй, санаа зовохгүй, харин хуримын өдөр даашинзаа өмсөөд өмнө чинь зогсож байхаа хариуцая гэж хэлж байсан боловч түмэн худлаа юм билээ. Эмэгтэйчүүд бид яадаг билээ дээ? Аль хэдийн буман асуудалд хуруу болоод хошуу дүрцэн явж байгаа юм чинь. Гэтэл одоо миний хурим болоход 7-хон хоног дутуу байхад би даашинзаа сонгоогүй гээл бодчих, аймшгийн!!!


Даашинз сонгох тал дээр ганц нэг туршлага хуваалцая. Хуримын даашинз ерөнхийдөө энэ дээр үзүүлсэн шиг Mermaid, Slender, Empire, A-linePrincess гэсэн 5 янз байдаг юм байна. Сүүлийн үед Mini Style даашинз бас гарч ирсэн юм билээ. Энд холбосон линкүүд рүү ороод үзвэл загвар тус бүрийн онцлог болон ямар хүнд зохимжтой талаар бичсэн байгаа. Мөн Монголд худалдаалагдаж байгаа даашинзнуудыг оруулсан байна лээ. Энэ загварууд дотроо илүү нарийвчлалтайгаар гэвэл ийшээ ороод харж болно. Энд захны хэлбэрээс эхлээд ханцуйны урт богино хүртэл бүх детайлыг үзүүлсэн байгаа. Энэ дор байгаа зурган дээр бас төрөл бүрийн загварын сонголтыг харуулсан байна лээ. Энэ бүгдийг нөгөө хайртай Пинтерест дээрээсээ л оллоо шүү дээ. Зурган дээр дарвал томорч харагдах байхаа.
Монголд хуримын даашинз талаар үнэн сонголт багатай юмаа. Ердөө хэдхэн дэлгүүрт нь хэдхэн төрлийн даашинз байдаг юм билээ. Бэлэн хувцас шиг оруулж ирээд дэлгүүрт тавиад зарж болдоггүй эд болохоор тэгдэг биз. Онлайн дэлгүүр хэд хэд байдаг юм билээ. Brilliance гээд онлайн дэлгүүр даашинзнуудаа Японоос оруулж ирдэг гэсэн. Өмсгөл их жижигтэй юм билээ. Чанар, материал зэрэг бол янзын сайн юм билээ. Энэ доор байгаа шиг галбиртай (загасан-mermaid) загварын даашинз хэд хэд байна лээ.  Монголд ийм загвар нээх их өмсөгддөггүй юм шиг байгаан, хуримын зурагнууд хараад байхад. Тэр утгаараа уг нь гоё санагдсан. Би өмсөж үзсэн л дээ. Даанч намайг сугадаж шатаар дээшээ алхах хүнд маань таалагдаагүй ккк. 
 
ФБ дээр бас нэг "Хуримын даашинз" гээд групп байна лээ. Тэдний даашинзнууд Бээжингээс ирдэг гэсэн. Монголд зарж байгаа хамгийн хямд даашинз л тэр байх. Үнэ нь 280'000-600'000 орчимд байсан. Даанч жоохон сонголт муутай хүмүүс шиг санагдсан. Бэлэн байсан даашинзнууд нь Монгол хүний бие галбир, загварт зохихгүй байгаа юм шиг санагдсан. Гэхдээ хүний захиалгаар авчирдаг гэсэн болохоор цаад хүмүүс нь тийм сонголт ч хийгээд байгаа юмуу мэдэхгүй юм даа. За тэгээд бэлэн зардаг дэлгүүр гэвэл MAXMALL-н дээд давхарт хуримын хувцас зардаг дэлгүүр байгаа. Тэднийх даашинзаа Италиас авчирдаг гэсэн. Гайгүй хэдэн хөөрхөн даашинз харагдсан шүү. Дархан Плазагийн хажууд нэг дэлгүүр байсан. Тэднийх харин сонголт арвинтай юм билээ.
  
 
Би өөрөө нэг иймэрхүү princess style даашинз сонирхоод байгаа. Жижиг биетэй хүнд энэ нь илүү зохих юм шиг байна лээ.  Хуримын даашинзыг чимэх хамгийн гоё зүйл чинь гивлүүр юм байгаа юм шд, миний бодлоор. Би лав урт гивлүүр сонирхож байгаа. Ардаа уртаа унжуулаад, хоёр хөөрхөн охиноор бариулаад явбал сүртэйн бишүү. Манай хоёр дүүгийн ихэр юм шиг хоёр чацуу охид байгаа. Тэр хоёр хуриман дээр эгээгийн хормойг барьж алхана гээд одооноос хөөрөөд байгаа сурагтай хихихи. Тэр хоёрыг ижилхэн хувцаслаад хормойгоо бариулаад алхвал лавтайяа хөөрхөн харагдана. Бас дараа нь ингэж мингэж зураг авхуулбал гоёийм бишүү кк.

 
Хуримын даашинз прокатлах яриа бас гараад байгаа. Гэхдээ нэг л чихэнд таатай сонсогдохгүй байгаа. Найзууд "Хүүе чи даашинзаа хаанаас авсан бэ" гээл асуувал прокатласиймаа гэвэл онцгүй биз дээ. Тэрнээс гадна хүний амьдрал эхлүүлж байгаа чухал үед өмнө нь ямар ч хувь заяатай, ямар ч хүн өмссөн юм өмсөх нь сонин санагдах юм шиг санагдаад байна. Тэгээд ч прокатлах нь тийм ч хямд биш. Даашинзныхаа үндсэн үнэний 1/3 үнэтэй. Тэгээд хуримын өдрөө болон уран сайхны зураг авхуулах гээд 2 өдөр түрээслэвэл 2/3 болчихно. Авсантай эссэн л адилхан л байгааз дээ. Гэсэн шүү янзан бүрийн юм бодоол худалдаж авах гэсэн бодлоо зөвтгөөл байгаа шд ккк. Энэ нийтлэл дээр бас миний санаатай төстэй юм бичсэн байна.
 
Анх би Монгол загварын хуримын даашинз сонирхож байсан болохоор тэр талаар нэлээд судалсан. Энд Торго салоны хуримын даашинзны хэдэн загвар байна лээ. Би яагаад бодлоо өөрчилсөн бэ гэхээр Монгол загварын дээл-даашинз өмссөн үед хуримын зураг нээх гоё романтик болж өгөхгүй юм шиг санагдсан. Тэгээд ч тийм хувцас захиалгаар хийлгэх хамгийн багадаа 700'000 төгрөгөөс эхлэх бөгөөд яг хийлгээд гараад ирэхэд нь таарч таалагдахгүй асуудал гарвал бас хэцүү юм болов уу гэж бодсон. Тэгээл оронд үлгэрийн гүнж шиг цагаан даашинз өмсөхөөр шийдсэн юм кк.
 
Торго салоны даашинз нэг иймэрхүү. Уг нь гоё байгааз.
 
Хуримын гоёл чимэглэл буюу ээмэг зүүлтний талаар минималист үзэл бодолтой байгаа. Жижигхэн мөртлөө хөөрхөн хэлбэр загвартай гоё чамин харагдах зүйл зүүх нь зүйтэй байх. Зарим бүсгүйчүүд хэтэрхий том, нүсэр юм зүүгээд даахин дээр дах гэдэг шиг болцон байдаг юм билээ. Хүн хараад нүд гялбахын оронд, нүд тогтож хараад яасан хөөрхөн гоё юм зүүгээ вэ гэж харж байвал болох нь тэр гэсэн бодолтой хүн байгаамаа. Жижиг ээмэг сонговол, тэр нь цагаанаас өөр тод өнгийн байвал бас тун дажгүй харагддаг юм билээ.
 
Хамгийн зөв, хамгийн гоё хуримын даашинз яаж сонгох вэ гэдэг асуудал бүх сүйт бүсгүйн толгойны өвчин болдог байх. Миний бодлоор, зөв даашинз бол өмсөж үзэхээр л шууд мэдрэгддэг юм билээ. Аль нэг даашинзыг углаад л үзсэн чинь сэтгэлд чинь багтаад, нүүрэн дээр чинь инээмсэглэл тодроод, догдлоод ирвэл тэгээл тэр чинь зөв даашинз чинь мөн шүү дээ кк.
 

Хуримын бэлтгэл -7 буюу Details

Чухал өдөр ойртох тусам санаа зовох асуудлууд улам нарийсдаг юм байна. Анх рестораны захиалга, хувцас, бөгж, урилга гэх мэт тоймтой томоохон зүйлд санаа зовж байсан бол одоо зочдын ширээ хуваарилалт, сүйт залуугийн үс засалт,  сүйт бүсгүйн үс засалт, будалт, гутал, гутлын өсгийний өндөр, гутлын өнгө, хуримын бялууны загвар, захиалга, машин, машины чимэглэл, хуримын арга хэмжээний хөтлөгч, хамтлаг дуучид, зурагчин, зураглаач, сүйт бүсгүйн барих цэцгийн баглаа, ёслолын арга хэмжээнд хэрэглэх сүү, цагаан идээ, айраг, архи, жимс ногоо гээд лист явж өглөө. Пинтерест рүү орж байгаад таалагдсан санаа авах линкүүдээ хадгалаад байгаа. Энэ гадныхан чинь хуримыг чухам утгаар нь хийдэг юм байна. Тэд нартай эн зэрэгцэх гээд яах вэ гэхдээ л хөөрхөн санаа авахаар юмнууд бас байнаа байна.


Энэ дээр үзүүлсэн таймлайнаар бол хуримыг жил, жил хагасын өмнөөс төлөвлөж эхэлдэг гэж байна. Долоо хоногийн өмнө бол сүүлийн бэлтгэл ажлуудыг хийж байх ёстой гэж байшд. За за яахав яахав болох байх. Манай сүйт залуу намайг төгс төгөлдөр хурим хийх гээд хэтэрхий стрессдээд ядаргаанд орчихвий гээл санаа нь зовоод байгаа. Хэд хоног турах дэглэм барьсан чинь аав ээж, хадмууд тэгж байж хуриман дээрээ муужирч унав гэж бүгд санаа зовцгоосон. Ядаргаанд орчихвол бас болохгүй байхаа. Одоо үлдсэн өдрүүдэд өөрийгөө бөөцийлнө өө. Гэж мөрөөдөөл байгаа.
Хуримын гуталны энэ санааг нэг найз маань хэлж өгсөн юм. Иймэрхүү цоглог өнгийн гутал бас уламжлалт цагаан гуталнаас дажгүй харагдах юм шиг байна лээ. За тэгээд таарах жижиг размерийн гутал олно гэдэг нэг том асуудал байна даа. Шинэ жилийн үдэшлэгний гутал авах гэж УБ-н дэлгүүрүүдийг 3 өдөр хэсээд үдэшлэгнээсээ 2 цагийн өмнө нэг гутал олж байсан гашуун туршлагатай хүн дээ би чинь.
 
Энэ бол харин хуримын өдрийн "emergency kit" -д юу байх ёстой талаар зөвлөгөө өгсөн байна. Нээрээ л иймэрхүү жижиг сажиг зүйлийг хэн ч анзаардаггүй болохоор мартаад л явна шүү дээ. Нэг найз хуримынхаа өдөр бүсээ, бра-гаа мартсан энэ тэр гээд яриад байсан. Тиймээс жижиг ажлуудаа бүгдийг нь ойрынхоо хүмүүст хуваарилаад өгөх хэрэгтэйм байна гэж ойлгосон. Багынхаа найзад хамаг чухал арын ажлаа даатгана гэж бодож байгаа. Нэг ёсны "maid of honor" юм шүү дээ.
 
Зурагчин, зураглаач нэлээд чухал юм байна. Эцсийн эцэст үлдэх юм ганц зураг, бичлэг гэжийлээ шүү. Дараа нь сайхан хүн амьтан, үр ач нартаа үзүүлээд сууж байх нь байшд.
Энэ листэн дээр хуримын үеэр зайлшгүй авхуулах ёстой зурагнуудыг бичсэн байна лээ. Листийг жоохон Монголчлоод ийм зурагнууд авхуулна гээд төлөвлөчихсөн байгаа. Харин энэ линкээр орох юм бол хуримын өдөр авхуулах 50 гоё зурагны санаа байгаа. Надад их таалагдсан.