Friday, January 09, 2026

Зүүн өмнөд Азийн аялал - Тайланд, Камбож, Вьетнам

 

Бангкок - Ча Параяа гол

        2024 оны сурагчдын өвлийн амралтаар зүүн өмнөд Азийн аялал буюу Тайланд, Камбож, Вьетнамын 8 хот, 20 орчим байгалийн болон түүхийн дурсгалт газар, үзвэр, музей гээд нийт 11,080км газар аялсан аялалын товч тэмдэглэл.. 

        Бүх буудал, орон нутаг, хот хоорондын тээврийг урьдчилж захиалаад явсан. Үзвэр болон өдрийн аялалуудыг мөн урьдчилж захиалсан. Буудлыг Agoda, тээврийг 12goasia, үзвэрүүдийг Trip Advisor, Klook сайтуудаас захиалсан, найдвартай сайн л юм байна лээ. Хот хоорондын тээвэрт хүүхдүүдэд сонирхолтой байлгах гээд өөр өөр унаа сонгосон; онгоц, миниван, унтлагын автобус, суудлын автобус, галт тэрэг, усан завь гээд.. хүүхдүүд нисдэг тэрэгнээс бусдад бүгдэд сууж үзлээ гээл хөөрөөд байсан. Хот доторх тээвэрт бол Grab app л баруун солгойгүй хэрэглэсэн дээ. Хямд гэхгүйэ гэхдээ амар юм билээ. Тайланд, Камбож хоол сайтай, харин Вьетнамд идэх юм олддоггүй гээд байсан үнэн байна. 

SEA WORLD
        Улаанбаатраас Бээжингээр дамжаад Бангкок ниссэн. Бээжингийн онгоцны буудал дээр 8 цаг дараагийн нислэгээ хүлээхдээ бараг хөлдөх гэж байсан кк. Нээх халуун орон руу явж байгаа хүмүүс бүгд нимгэн хувцастай, гэтэл 12-р сард Бээжин чинь хүйтэн байдаг юм байна. Уг нь эрт мэдсэн бол Бээжингийн онгоцны буудлаас Цагаан хэрэм үзээд ирдэг 6 цагийн аялал байдаг юм байна.  Тиймэрхүү юманд явбал уйдахгүй л байсан байх, anyways... 

        Бангкок-д 3 хононо гээд хотын төвд нь усан сантай буудал захиалсан байсан. Хүүхдүүдэд хотын аялал сонин биш, хурдан буудалдаа очиж бассейнд орох нь л сонин байх шиг байв. Олон хүүхэдтэй болохоор ийш тийшээ Grab- даад явсан. Эхний өдрөө  The Grand Palace хааны ордон үзэж Ча Параяа голын эргийн Icon Siam shopping mall орсон. 2012 онд ирэхэд байгаагүй энэ молл их том, их гоё газар байсан. Sea World & Madam Tussauds музей үзсэн. SIAM Paragon shopping mall, MBK shopping mall гээд нээх юм авах гэж байгаа аятай бүх том худалдааны молл-оор нь орсон. 

Аюуттаяа эртний хот
        Оюутны ангийн охинтойгоо уулзах гэж Аюуттаяа эртний хот руу round trip full-day cruise аялал хийсэн. Хот нь бол гайхалтай сайхан үзэсгэлэнтэй газар л даа. Улаан хүрэн өнгөтэй, эртний барилга байгууламжуудын туурь. Автобусаар очоод хотоо үзчихээд буцаад усан завиар Бангкок ордог юм байна. Хмерийн эзэнт гүрний үед байгуулагдсан Тайландийн эртний нийслэл Аюуттаяа нь 1991 онд UNESCO Дэлхийн өвд бүртгэгдсэн юм байна.         

Asiatique, Bangkok
        Бангкок-д Ча Параяа голын эрэгт байрлах алсын харагч болон marketplace гээд "Asiatique" гээд газар очсон чинь нээх таалагдаагүй. Алсыг харагч нь нээх үнэтэй хэрнээсээ өндөр ч биш, том ч биш, олигтой юм ч харагдахгүй, мөнгөний гарз болсон шүү бараг :-p 

Thailand - Cambodia border
        Тайландаас минибусд суугаад Камбож хүртэл явдаг. Хямд хэрнээ тухтай аялал байсан.  Камбожийн хилийг харин алхаж гардаг. Цаанаас нь дахиад өөр автобусанд суугаад Siem Riep хот хүртэл 2 цаг орчим явна. Бид хэд 12 сарын 30-нд Камбож ороод шинэ оныг Siem Riep хотод буюу Ангкор Ватад угтсан. Шинэ он угтаж байгаа юм чинь гээд гоё буудал захиалаад, гоё хоол идээд явсан чинь нэг өдөрт ногдох зардлаараа аялалын хамгийн үнэтэй өдрүүд болсон кк.
    
Bayon Temple
         Ангкор ватын guide-тэй full-day tour урьдчилаад авсан байсан. Уг нь манай ангийн охин энд амьдардаг боловч шинэ жил тэмдэглэх гээд Европ явсан байж таарсан, уулзаж чадаагүй. Манай guide аягүй сэтгэлтэй, уйгаггүй сайн зураг авч өгсөөн кк. Ер нь Камбож хүмүүс (кмер гэдэг ч бил үү хмер гэдэг ч бил үү тэгж хэлэх байх) үйлчилгээний соёл өндөртэй, бөхөлзөж нахилзаад л байна. Цагтаа дэлхийн хамгийн мундаг empire-уудын нэг байсан улс шүү дээ. 

        Ангкор ват болон энэ хавийн сүмийн барилгууд  МЭ1100-аад оны үед баригдаж байсан, 16-р зуунд нэг хэсэг орхигдоод ой модонд дарагдаж алга болсон байхад нь 1860 оны үед Франц хүн олж илрүүлсэн гэдэг юм байна. 20-р зуунаас дахин сэргээлтийн ажлуудыг бусад улс орнуудын хандив тусламжаар эрчимтэй хийж эхэлсэн бөгөөд UNESCO-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар. 

Bantey Srei Temple
        2012 онд би Ангкор ватыг нэг оюутан хөтөчтэй өглөөнөөс орой болтол явж үзэж байсан. Үнэхээр их сэтгэл татагдаж, гайхаж, биширч байсан болохоор дараа заавал гэр бүл үр хүүхэдтэйгээ ирнээ гэж бодсоор яваад тэрийгээ энэ жил биелүүлсэндээ баяртай байна. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын тренд болоод байгаа газруудын нэг. Барууныхан, Европын залуус их ирдэг санагдсан. Bayon temple гээд 4 талдаа хүний нүүртэй чулуун сүмүүд үнэхээр сүрлэг, гэхдээ он цагийн эрхэнд элэгдэж байгаа бололтой, өмнө ирэхэд нээлттэй байсан газруудыг чулуу нурах, унах аюултай гээд хаасан байсан.  

        Нэг өдөр Ангкор ватын сүмүүдээр тойроод нэг өдөр нь Ангкор ватын үндэсний музей үзэж өнгөрөөсөн. Siam Riep хот жуулчид ихтэй ч жижгэвтэр, хийгээд байхаар юм нээх байхгүй хот санагдсан.

Royal Palace, Phnom Penh
        Siem Riep-ээс шөнийн автобусаар Камбожийн нийслэл Пном Пен хот орсон. Пном Пенд хааны ордон үзээд, голын эргээр жоохон зугаалж байгаад энд хонолгүй шууд Вьетнам руу хөдөлсөн. Пном Пен гэхээр Пол Потын хядлага энэ тэр гээд нэг л нэг тийм айдас төрүүлэм санагдах ч тайван сайхан л хот байсан кк. 

Tan Dinh church, Ho Shi Minh 
        Пном Пен-ээс Хо Ши Мин хот руу 7 цаг орчим автобусаар явна. Хо Ши Минд 2 шөнө 3 өдөр өнжихдөө байж болох бүгдийг л шахаад үзэхийг хичээсэн кк. Trip Advisor-аас Cu Chi tunnel & Mekong River хосолсон full-day tour авсан байсан. Дайны үеийн Cu Chi tunnel (гү чи тунел гэж уншина кк) нь газар доор байгуулсан хот юм уу хаашаа юм бараг, үнэхээр impressive байсан. Энэ  аялалын guide нь нэг жижигхэн охин, бүх юмаа аягүй сэтгэл хөдлөлтэй тайлбарладаг. Энэ аялалаас Вьетнамын дайн, тэдний түүх болон Вьетнам ард түмэн чинь ямар баатарлаг дайчин, зоригтой ард түмэн бэ, одоо ч тэр зориг зүрх мохоогүй, итгэл найдвартай бардам хүмүүс шиг санагдав. 

        Хо Ши Минд Landmark 81 гээд 81 давхар өндөр барилга, Тан Дин сүм гээд хөөрхөн ягаан өнгөтэй сүм, Нотр Дамын сүм гээд үзэх газруудаа үзээд, эндээс онгоцоор Данан хот руу ниссэн. Судалгаа хийж байхад Вьетнамын орон нутгийн нислэгүүдийн талаар дандаа бүтэхгүй review-тэй таараад, VietJet-ээс өөр сонголтгүй болчихоод байсан чинь миний аз таарч Vietnam Airlines билет гэнэт гарч ирээд... хүмүүс онгоц нь delay-дээд хүлээж байхад хажуугаар нь баатарлаг алхаж байлаа шд ккк. Хот хоорондын бүх тээврийн зохицуулалтаа 12go.asia  сайтаар хийгээд билетүүдээ бараг сарын өмнө бүгдийг нь худалдаад авчихсан байсан юм. Хот хоорондын тээврээ урьдчилаад авчихаар цаг нь тулсан билет олдоно олдохгүй, үнэтэй гэдэг асуудал гарахгүй ч нэг төвөгтэй нь очсон газартаа яг хугацаандаа л үзэх, хийх юмаа амжуулах ёстой болдог юм билээ. 
        1. УБ - Бээжин: Онгоц (MIAT)
        2. Бээжин - Бангкок: Онгоц (Thai Airways)
        3. Бангкок - Аюуттаяа: Автобус, усан онгоц
        4. Бангкок - Сиам Рийп: Минибус
        5. Сиам Рийп - Пном Пен: Унтлагын автобус
        6. Пном Пен - Хо Ши Мин: Аялалын автобус
        7. Хо Ши Мин - Данан: Онгоц (Vietnam Airlines)
        8. Данан - Хой Ан: Такси
        9. Данан - Ханой: Галт тэрэг (Vietnam Rail)
        10. Ханой - Халонг бэй: Усан онгоц (Cruise)
        11. Ханой - Бээжин: Онгоц (Air China)
        12. Бээжин - УБ: Онгоц (MIAT)
        Хүүхдүүдэд сонирхолтой байлгах гээд олон төрлийн тээврийн хэрэгсэл сонгосон, хүүхдүүдэд их таалагдсан, нисдэг тэрэгнээс бусдад сууж үзлээ гээд баярлалдаад байсан :)

Da Nang 
    Ингээд Тайланд, Камбожийн юм үзэх, нүд тайлах аялалын маршрутынхаа дараа бид хэд амралтын цэг болгохоор төлөвлөсөн Данан хотод ирсэн. Данан хотод байрласан газар маань далай харсан, дээвэр дээрээ пүүлтэй, цэвэрлэгээ үйлчилгээтэй, 3 өрөө байр байсан. Данан хот нь Вьетнамын урт газар нутгийн голд байрладаг эргэн тойрондоо үзэх юм ихтэй, 2 долоо хоноход өдөр бүр л уйдах завгүй өнгөрсөн дөө. 

Далайн эргийн хот, My Khe Beach нь цэвэрхэн, аюулгүй. Барууны жуулчид ихтэй. Идэх юм жоохон сонголт муутай, идэнгэр муутай. Монголоос бэлэн ууталсан борцтой шөл зэрэг хоол авчирсан тулдаа тэрийгээ оройдоо идэж амьдарсан кк. Вьетнам Тайландыг бодвол хоол муутай, "pho" шөл нь амт султай, өөр ч нээх идчихээр юм байхгүй.     

Marble Mountain
        Вьетнам улс том том агуйгаараа алдартай, дэлхийн хамгийн том, дотроо өөрийн гэсэн эко системтэй Son Doong агуй Вьетнамд байдаг. Данан хотын Marble Mountains буюу гантиг уулс нь таван тусдаа уул бөгөөд дотроо том том агуйтай, ордон харш шиг л газар санагдсан. 

Ba Na Hills
        Ba Na Hills буюу уулын орой дээрх амралт зугаалгын цогцолбор нь үнэхээр л Дананд ирсэн бол заавал үзэх, 1 өдөр бүтэн байгаад ч багадахаар газар байна. Full-day ticket урьдчилж захиалаад авсан. Бүх үзвэр үйлчилгээ, буфет хоол багтсан байдаг юм байна. Уулын оройн руу гардаг дүүжин тээвэр нь дтд 5,800м байдаг дэлхийн хамгийн урт замыг гардаг дүүжин тээвэр юм байна. Газар, зам, ой мод тээр дор харагдаад бас л сүрдмээр юм билээ.  

Golden Bridge
        Уулын орой дээр гарангуут Бурхны гар буюу дэлгэсэн алган дээр хадаг тавьсан юм шиг хэлбэртэй гүүр угтана. 2018 онд баригдсан энэ гүүр нээгдсэн даруйдаа л өвөрмөц хийц, харууцаараа олны анхаарлыг татаж, жуулчдын заавал ирж үзэх газрын нэг болсон гэжээ. Би бас зургийг нь интернэтээс хараад гоё санагдаж байсан ч ингээд нэг өдөр ирнэ гэж бодсонгүй... Вьетнам аялах сургаар манай хүү "тэгвэл Бурхны гартай гүүр үзье" гээд санал гаргаад, манай маршрут 180 эргэж Данан руу чиглэх болсон гэсэн үг. Уг нь урдуураа Фукуок ч юм уу далайн эргийн дулаан хотод амарч болох байсан.

        Golden Bridge бол highlight үзэх зүйл байлаа. Цаашаа Бана хилл дээрээ бүтэн өдөржин Франц тосгон, цэцгийн хүрээлэн, дарсны зоорь, сарны цайз, нарны усан оргилуур, дотор болон гадна тоглоомын парк, Alpine roller coaster гээд үзэх юм дуусахгүйэ. Өглөө эрт ирээд орой хамгийн сүүлийн cable car-аар буусан хэрнээ л гүйгээд2 зөндөө юм үзэж амжаагүй. Full-day ticket дотроо буфет хоол нь сонголт сайтай, амттай гоё юм билээ. Орой амжвал beer festival орж үнэгүй пийв бас ууж болно. 

Hoi An ancient city
              Дананаас 80км орчимд байрлах Hoi An эртний хот руу заавал очиж үзэхгүй бол их харамсана гэхээр л юм байна. UNESCO Дэлхийн өв,  зураг шиг гэхээр ч юм уу шүлэг шиг гэхээр ч юм уу, үнэхээр үзэсгэлэнтэй, сэтгэл татам, өнгө алагласан ёстой гоё газар байсан. Дананаас өглөө эрт таксигаар Хой Ан орсон. Эхлээд гол дагуу хулсан завиар зугаалсан, дараа нь хотын төв орж уран сайхны зураг авалтууд хийлгэсэн. Вьетнам очихоосоо өмнө интернэтээс тэндхийн зурагчин олоод гэр бүлийн зураг авалт хийлгэе гээд цаг тохирсон байсан юм. Манай зурагчин үнэхээр сэтгэлээсээ, уйгагүй хичээсэн шүү. Манай хөвгүүд гэж зураг авхуулахгүй гээд ийш тийшээ хараад, охин бид 2 л хамгийн идэвхитэйгээр поз өгөв кк. Цомог дүүрэн олон гоё зурагтай болоод ирсээн.  

Орой нь "Hoi An Memories" гээд гадаа тайзны тоглолт үзэх гэтэл хүүхдүүд ядраад гээд... тэгсэн таксины жолооч хүүхдүүдийг чинь буудалд нь хүргэж өгчихөөд эргэж ирээд та 2-ыг авая гээд, нэмэлт төлбөргүйгээр... тэгээд хүүхдүүдээ өгөөд явуулчихсан байвал яах уу :))       

Dragon Bridge, Da Nang
        Данан хотод хийх юм үнэхээр ихтэй... Галаар үлээдэг Луугийн гүүр энд байдаг. Орой 20 цагт галаар үлээдэг, дараа нь усаар шүршдэг үзвэрийг үзэх гэж хүмүүс нэлээд цугладаг юм билээ. Хотын төвд байдаг "Asia Park" нь олон тоглоомтой, бас алсыг харагч нь дэлхийд top 10-д ордог өндөр гэсэн. Энэ алсыг харагчийг Токиогоос 2nd hand авчирч энд суурилж ажиллууж байгаа юм билээ. Алсыг харагчаас Данан хот бүхэлдээ их гоё харагдана. 

         Вьетнам гэхээр л "Vinwonders Park"-гүй аялал төсөөлөгдөхгүй байх. Vinwonders цогцолбор парк Вьетнамд 8 газар байдгийн нэг нь Vinwonders Nam Hoi An гээд Дананаас Shuttle bus-аар яваад очих боломжтой газар байдаг юм байна. Online-аар full-day package ticket аваад өглөө эртхэн гараад очсон. Усан парк, River safari, хүүхдийн тоглоомын парк, cultural village гээд маш том цогцолбор байсан. Шавай гэж байдаг бол ханахаар л тоглоомон дээр тоглосон доо. Бүх тоглоом дээр өндрийн лимит заасан. Манай охин яг 130см байж таараад 130см- ээс дээш тоглоом гэвэл жоохон хүзүүгээ сунгаж орж яваал, 130см-ээс доош тоглоом гэвэл жоохон нугдайж байгаал ороод ер нь бүх тоглоом дээр нь тоглосон. Дүү нь 110см арай хүрэхгүй болохоор галзуу хулгана гэх мэт fun тоглоомуудаас хасагдаад сэтгэл нэлээд дундуур кк. Desert Twister гээд нэг галзуу тоглоом байсан, нөхөр бид 2 нэг суугаад бараг уйлаад сууж байхад охин 2 суугаад тоохгүй байгаа юм чинь. Усан парк нь гулсуур ихтэй ч сэрүүхэн өдөр таарсан болохоор бараг хүнгүй. Бид хэд ч нэлээд даарсан, гэтэл охин бас л ганцаараа бүх гулсуур дээр нь гулсаад байгаа юм бишүү :)


Hai Van Pass
            За тэгээд Дананд арван хэд хоног нүд ирмэх зуурт л өнгөрсөн. Аялалын буцах зам буюу Ханой хот, Халонг бэй үзэхээр галт тэрэгний аялалдаа гарсан. Вьетнамын галт тэрэг яг Монголын төмөр зам шиг хуучныг санагдуулсан. Зам дагауу "Hai Van Pass" буюу уулын ирмэгээр эргэлттэй замаар 20 орчим км явдаг хэсэг нь аялалын highlight болдог юм байна. Аялагчид энэ замыг явах гэж нэг бол мотоциклын аялал нэг бол галт тэрэгний аялал хийдэг бололтой. Дананаас Ханой хүртэл 767 км газар галт тэргээр 17 цаг орчим явна.  Ханойд галт тэрэгнээс буугаад шууд Ha Long Bay Cruise аялалдаа явсан.

Ha Long Bay
            UNESCO Дэлхийн өвд бүртгэлтэй Халонг бэй бол миний эртнээс очиж үзэхийг хүсч байсан (bucket list) газруудын нэг.. Дэлхийн өв гэснээс энэ аялалаар ямар олон дэлхийн өв үзчихээ вэ кк. Халонг бэй усан онгоцны аялал сонгох гэж нэлээд их хайсан. Хар мянган cruise байдаг юм байна лээ. Цагаа тааруулах, өрөөгөө тааруулах, зорчигч багтаамж, budget гээд л их олон юм харах хэрэг гарсан. Trip Advisor-оос захиалж авсан. Хаа очиж маш дажгүй усан аялал таарсан шүү. 2 хоног битүү далайн хоол идсэн, амт үнэхээр гоё байсаан. 

Halong Bay
        2-day package яг таарах юм билээ. Аялалын турш 2-3 газар зогсож ууланд авирсан, далайд орсон, агуй үзсэн, kayak-аар сэлүүрдэж үзсэн, загас барих оролдлого хийсэн гэх мэт сонирхолтой зүйлс олон. Уулын орой дээрээс Халонгийн үзэсгэлэнтэй байгалийн тогтоц, олон зуун усан завь харахад үнэхээр гоё, олон жилийн мөрөөдөл маань биелээд гоё байсан. 

Halong Bay
            Оройн цагаар гадаа хөлгийн тавцан дээр сууж коктайл уугаад, далай дээр хоноглох олон завьны гэрэл өнгө алаглаад, усны үнэр, намуун салхи, өнгө үзэмж бол насан турш мартахын аргагүй. Өглөө сэрэхэд шууд цонхоор байгалийн үзэсгэлэн нүдний өмнө... woow л гэхээр.

Hanoi City, Aldo building
        Манай аялалын сүүлийн зогсоол Ханой хотод 2 хоносон. Хуучин хотын төвд юм юмандаа ойрхон байрлал сонгосон. Энэ Алдо байшинг үзэж амжсан шүү. Сая 4 сард бүхэлд нь нураагаад талбай болгосон юм билээ. 1 сард явж байхдаа нураагдах гэж байгаа гэж мэдээгүй байсан л да. Ханойд гудамжны хөл хөдөлгөөн, өглөө эрт хүмүүс гадаа суугаад өглөөний цай ууж байгаа, өдөржин гудамж хараад кофе ууж байгаа, орой бараг бүгд гаднаа гараад хоол идэж, пийв ууж байгаа гэх мэт зүгээр л амьдрал нь гудамдаа өрнөж, хүмүүс нь people-watching хийж байдаг юм шиг санагдсан кк. Юунаас дутах вэ гээд хэдэн цаг people watch хийгээд үзсээн үзсэн кк. Энэ вьетнам хүмүүс чинь гэртээ идэж ууж амьдардаггүй санагдсан шүү. Аймаар их хүн амтайг хэлэх үү, бараг хүнийхээ тооноос их мототойг хэлэх үү..   

Ho Shi Minh Mausoleum, Hanoi
            Вьетнамд ирээд үзэж харж ойлгосон нэг зүйл Хо Ши Мин гэж хүн байна даа. Үнэхээр үндэсний баатар хүн юм аа аргагүй.. Монголд Чингис хаанаар хамаг юмаа нэрлэдэг шиг энд бас нийслэл хотоо хүртэл Хо Ши Минээр нэрлэж. Ханой хотод байдаг бунханд нь орж үзсэн. Маш их хүндэтгэлтэй, сүрдмээр газар байв. Хүмүүс нь энэ хүнийгээ маш их хүндэтгэдэг юм байна. Туркэд Ататуркын бунхан Аниткабирт ороход, Ордост Чингисийн бунхан ороход ингэж санагдсан.  Улс үндэстэн чинь нэг ийм бүх хүн хайрлан хүндэтгэж, шүтэн биширдэг үндэсний баатартай байж байж эв нэгдэлтэй, хүчтэй байдаг юм шиг санагдсан.

The One Pillar Pagoda 

            One pillar pagoda буюу нэг баганатай сүм гэж ийм газар байдаг юм байна. Дэлхийд нэг баганатай сүм олон байдаг боловч хамгийн эртний хамгийн ориг нь энд байдаг гэсэн.  Ханойд заавал үзэх ёстой attraction-ий нэг гэсэн шүү. 

            За ингээд манай гэр бүлийн анхны хамгийн олон хоног, хамгийн олон газар, хамгийн урт зам туулсан гадаадын аялал маань төгсөв. Олон хоног юм шиг хэрнээ маш хурдан, маш их юм үзсэн, үзээд үзээд үзэхгүй үлдээсэн юм ч их олон... ялангуяа Данан хавьд My Son, Hue эртний хот, Son Doong агуй гээд дараа эргэж очиж заавал үзэхээр газрууд үлдсээн үлдсэн. Монголчууд өвлийн амралтаараа Вьетнам руу их явдаг болж, 22дах аймаг Фукуок гээд joke хүртэл гарч. Гэхдээ Вьетнам чинь ганц Фукуок, Хо Ши Минаар хэмжигдэхгүй, төв болон хойд хэсгээрээ түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газар ихтэй юм. Хойд зүгтээ Sapa, Ninh Binh гэх мэт байгалийн гоё тогтоцтой газрууд бас байгаа. Вьетнамын талаарх бодол сэтгэгдэл маань их өөрчлөгдсөн аялал болсон. Вьетнам чинь зөвхөн вьетнам засвар биш шүү.... :))
 

No comments: