CLICK HERE FOR FREE BLOG LAYOUTS, LINK BUTTONS AND MORE! »

Wednesday, February 01, 2012

Өвлийн зугаалга

Бидний хэдэн нөхөд 2 долоо хоногт нэг олддог амралтын бүтэн сайн өдрийг зугаатай өнгөрүүлж байхын тулд ийш тийшээгээ янз бүрийн аялал зохион байгуулдаг болсоор удаж байгаа билээ. Энэ удаагийн ээлжит аялалаараа бид Өмнөговь аймгийн Ёлын ам руу явж мөсөн дээр нь тоглох зорилготойгоор сайт-аас 2 машин, 6 найз орой 5 цаг болж байхад хөдөллөө. Аймаг ортол саадгүй хурдан явсаар 9 цаг гээд аймаг ороод хоол идээд дараагийн хөтөлбөртөө оров. Хамгийн чухал хөтөлбөр юм шүү хэхэхэ. Аймагт шинээр нээгдсэн бололтой тун дажгүй тохилог караокэ орж шөнө болтол дуулж хөгжилдөв. Манай найз нар ч үнэхээр авъяастай залуус байна лээ. Микрофон булаацалдаад л дуулаад байсан хэхэхэ.

Маргааш өглөө нь аажуухан босоцгоогоод Даланзадгад буудлын Баянбүрд ресторан орж өглөөний цай уучихаад замдаа гарлаа. Аймгаас ангийн 2 охин бидний багт нэмэгдсэн нь манай аялалд өнгө, хөгжил нэмлээ. Бид эхлээд Ёлын ам орох төлөвлөгөөтэй гарсан боловч цас ихтэй зам хаагдсан байх магадлалтай тул түүний оронд арай ойрхон байх Мухар шивэртийн ам орохоор шийдлээ. Энэ өдөр цаг агаар үнэхээр гайхамшигтай, дулаахан бөгөөд нарлаг ямар гоё байсан гээч. Цэвэр агаар амьсгалж, наранд ээсэн шигээ алхахдаа үнэхээр аз жаргалтай байсан.

Мухар шивэртийн амны мухарт тулж очиход зуны улиралд ч мөс нь хайлаагүй хэвээр байдаг хүрхрээ нь маш том мөсөн оргилуур үүсгээд үнэхээрийн үзэсгэлэнтэй сайхан харагдаж байлаа. Бид мөсний ёроолд сууж зураг авхуулахаар шийдэн тийш зүтгэсэн боловч энэ нь амаргүй даваа болохыг төдхөн ойлгосон юм. Яагаад гэвэл мөс нь хальтираад дээр алхах байтугай мөлхөх ч төвөгтэй байв. Бид уварч цувран мөлхөж, хөхрөлдөж, хөхрөлдсөөр хамаг чадлаа барцгаан нэг нэгнийгээ татаж чангаан тэнд ойрд инээгээгүйгээр их инээсэн. Дөрвөн хөллөж мөлхсөөр мөсний ёроолд хүрээд суувуу үгүй юу хорон санаат зарим нөхөд буцааж түлхэн мөсний уруу гулсуулж орхино. Эргэж мөсний ёроолдоо хүрэх гэж бас л гүйнэ - унана, алхана - унана, мөлхөнө - гулсана. Цэвэр агаар, цас мөс, сайн нөхөд, амралт зугаалга ямар гоё байдгийг мэдэрч аз жаргалаар бялхан байлаа би.
Мухар шивэртийн аманд баахан тоглож инээлдэцгээсний дараа машин дээрээ очин хээрийн хүнсээ задлан идэж ууцгаагаад эргээд аймгийн зүг жолоо заллаа. Аймаг дээр ирээд бас ч үгүй ажил амжуулж нэг найзынхаа шүдийг эмчлүүлчихээд (манай найз шүдний эмч н' байсан юм хэхэхэ) буцах замдаа орцгоов.

Буцахдаа хэдүүл Цогтцэций сум ороод (аймгаас 100км) тэндээс ЭР-н засмал замаар ОТ орохоор (160км) аялалын маршрут зохиов. Гэтэл аймгаас гарахдаа жаахан будилсан бололтой 100 км явсан байтал Цогтцэций суманд ирдэггүйэ. Замд зөрсөн машинаас асуутал харин бид Цогтцэций сум руу биш аймгаас зүүн хойш зүгт 130 км-т хот явах зам дайрч гардаг Цогт-Овоо сум руу явж байгаа болж таарав. Эргэж 40 км орчим зам явж байж Цогтцэций явдаг замыг аваад 50 км яваад Тавантолгой тосгон орсон боловч нүүрсний олон уурхайн дунд замаа алдан бараг 1 цаг хэртэй төөрсөний эцэст Цогтцэций суманд очсон. Тэндээс засмал замаа аваад давхисаар байгаад ОТ орсон. Гэтэл бас болоогүйэ, яг ОТ орохын хойд дээр уулан дунд замаа алдаад бас замгүй баахан давхисан. ОТ-н гэрэл харагдаад байдаг очих замаа олохгүй жоохон будилсан. Гэхдээ эцсийн эцэст сайтдаа эсэн мэнд тоо толгой бүрэн хүрэлцэн ирэхэд бүгд замын алжаалдаа яадран дуу нь гарахгүй шахам болсон байсан хэхэхэ.

Энэ удаагийн аялал үнэхээр сайхан боллоо. Замын төгсгөлд жаахан төөрсөнийг эс тооцвол хэхэххэ.

Monday, November 21, 2011

Гурван Зээрдийн Агуй


2011.11.20

Гурван Зээрдийн агуй нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Монгол-Хятадын хилийн зурваст нэлээд ойрхон оршдог сонин өвөрмөц агуй юм. Энэхүү агуй миний очиж үзэхийг хамгийн их хүссэн газруудын нэг билээ. Магадгүй сонин содон түүхтэй нь холбоотой байх. Үзүүрт нь үл хүрэх хонгил, явсаар байгаад Хятадын нутагт гарч ирдэг гэх мэт яриа ам дамжин яригдана. Зарим нэг орсон хүмүүс нь агуй дотор түнэр харанхуй ноёлох тул сайн чанарын гар чийдэн болон эргэж гарах замаа олоход туслах урт найдвартай олс авч явах хэрэгтэй гэж зөвлөнө. Уг нь өнгөрсөн зун 6 сарын 1-нд энд анх удаа ирсэн юм. Тэр үед бэлтгэл муутай буюу олс, гар чийдэнгүй явсан тул эрсдэл авч агуй руу орж зүрхлээгүй юм. Тэгээд ч агуй нь эгц доошоогоо чигтэй тул орох болон гарч ирэхэд олсгүйгээр үнэхээр боломжгүй юм билээ. Тэр үед агуйн аман дээр сууж зураг авхуулцгаан, эргэн тойрны байгалийн сайхныг бишрэн, дараагийн удаа бэлтгэлтэй ирж заавал дотогшоо орохоор болоод буцаж явсан билээ.

За ингээд удаан ярилцаж, олон хоног төлөвлөсний эцэст хэсэг нөхөд амралтын өдөр дулаан хувцас, уртхан олс, нэлээд олон гар чийдэн базааж аваад агуйн зүг хөдөлсөн юм. Агуйн аман дээрээс дотогш өнгийж харахад зориг мохоомоор харанхуй аймаар харагдавч бидний хэдэн нөхөд зорьсоноосоо шантарсангүй ээ :) Зугаалганд явсан гурван бүсгүй ч гэсэн эрчүүдээс дутуугүй зориг гарган агуйд орж чадсан шүү. Агуй нь дотороо тас харанхуй тул гар чийдэн үнэхээр их хэрэг болсон. Агуйн дотор хэлэхээргүй их шороотой байсан нь гайхшруулсан яагаад гэвэл бид агуй гэхээр л хад чулуу төсөөлдөг шүү дээ. Гэтэл Гурван зээрдийн агуй дотор газар нь цул шороотой бөгөөд хүний хөл хөдөлгөөнөөр шороо тоос дэгдэн амьсгалахад төвөгтэй байв. Дотороо төөрдөг байшин шиг л хонгилтой тул болгоомжтой бөгөөд нэг нэгнээсээ барьж, олсноосоо зүүгдэж л явахгүй бол төөрчихөөд гарах замаа олохгүй байж мэдэхээр л байв.

Агуйн гүн рүү олсныхоо үзүүрийг дуустал явсан. Харин цааш үргэлжлүүлэлгүй буцахаар шийдэв. Агуйд өмнө нь гал гарч байсан гэж уншсан юм байна... тийм болоод ч тэр уу дээвэр нь яг л нүүрс шиг тас хар байв. Дотор удаан байхад агаар давчдаж бас тоос ихтэй амьсгалахад хүндрэлтэй байсан тул хурдан шиг л гарахыг яаравчлав. Агуйн амсараар гарахаар цухуйж байхдаа бүгд л цээж дүүрэн амьсгаа авч ямар сайхан агаар вэ гэж дуу алдаж байв.

Уулан дээр алсыг ширтэн хэсэг хугацаа өнгөрөөсний дараагаар аялал үргэлжлэв. Нөмөр газарт суун авч гарсан хүнсээ идэн хээрийн зугаалга хийж суух үнэхээр сайхан байсан. Харих замд бид агуйд авирч, цэвэр агаарт цохиулж их л ядарсан хэрнээ нүд нь гэрэлтэж баяраар бялхсан хүмүүс байв.


Tuesday, March 08, 2011

Women's Day Special


Бүсгүй хүнтэй учир дэлхий бүтэн байдаг

Үзэсгэлэнт сайхан царайгаар нь
Монгол өөрөө гоёж байдаг
Өөдөсхөн жоохон үрдээ
Бурхан шүтээн нь болж байдаг
Сүүн цагаан сэтгэлд нь
Уулс хүртэл бөхийж байдаг
Ганцхан гүнд нь гал байдаг
Гарынх нь илчинд нар байдаг
Бүсгүй заяа түшсэн эрчүүл уяхан байдаг
Бүсгүй хүнтэй учир дэлхий бүтэн байдаг
Эгэл гоо үзэсгэлэнт талын
Монголын бүсгүйчүүд минь
Энэрэлт бурхан ч гэсэн та нарын минь өмнө сөгддөгөө
Цацрах нарны туяанд гоо үзэсгэлэнг харуулж
Цайны дээжээ өргөн орон дэлхийдээ залбирч
Цаг нарыг ч умартан биднийхээ төлөө бүхнээ зориулсан
Цайлган сэтгэлт бүсгүйчүүд минь та нар бүгд бурхадаа
Бүсгүй минь та ихэмсэг бай
Бүр дээшээ эрхэмсэг орш
Бүрэг зандаа бүү хүлүүл
Бүдэрч унасан ч бардам бай
Талын жавар шиг сэхүүн бай
Тангад ном шиг битүү бай
Тааж баршгүй оньсого мэт бай
Тансаг баян танхил бай
Тавилан заяандаа эзэн бай
Бүсгүй минь та ихэмсэг бай

****************************************
Үрийн заяа далласан
Удмын заяа түшсэн
Үлэмжийн чанар оршсон
Удамт монгол эмэгтэйчүүд
Монголын гэрэлт бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

****************************************
Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай
* * *
Эрийн түшиг-гэрийн чимэг
Төрлийн язгуур-төрийн тулгуур болсон
Эрхэмсэг Монголжингоо эхчүүд эмэгтэйчүүддээ ирж буй “МАРТЫН 8”-ны Баярын мэндийг хүргэе.
Дэлхий бүүвэйлсэн ээжээрээ бахархая
Дэргэд түшсэн ханиараа бахархая
Энхрий ялдам охидоороо гоёцгоое
* * *
Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8 мэнд хүргэе!!!
* * *
Болор толь шиг тунгалаг
Болсон жимс шиг амтлаг
Бүсгүй танд баярын мэнд хүргэе!
Амьдрал тань цэгц сайхан
Сэтгэл тань баясгалантай сайхан
Санаа тань бахдам сайхан байг!
**********************
Уруулаа буд бүсгүй минь
Унжуу дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлэгдэж баригдаж бүү амьдар
Гоо сайхан яв бүсгүй минь
Голж бас шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Санаашрах гунигийн дуу бүү аял бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…
************
Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм
Хайранд нь дэлхий сөгдөж байдаг
Харцанд нь хорвоо уярч байдаг
Дууны сайхан нь бүүвэй байдаг
Дундрашгүй сэтгэлийн хайлан байдаг
Энгэрээс нь ундрах хайранд нь
Энэ ертөнц өлгийдүүлж байдаг
Эгэлгүй үзэсгэлэнт танд
Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе
***********
Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла!
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай !

Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла

..Зөвхөн чи нэг юмыг ухаарах хэрэгтэй
Зөрж өнгөрөх олон өдрүүдийн аль нэгтээ
Хүссэн хүсээгүй насаа элээж
Чамтай цуг амьдрах
Хэн нэгэн хүн цэцэрлэгт
Хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй
Өөр юу ч хэрэггүй, тэр цагийг хүлээж
Өдөржин цонх ширтэн гуниглах хэрэггүй
Yүрд холын замд од
Yзэсгэлэн гоогоо харин хэзээ ч гээж болохгүй шүү
Yдийн наран чиний сайханд бишрэн
бөхийж байг ээ.
******************
Цаст уулын цагаан арслан шиг зоримог яваарай
Цахилж яваа талын гөрөөс шиг омголон яваарай
Мөрөн голын мөнгөн долгио шиг дөлгөөхөн яваарай
Миний нутгийн Галбын говийнхон шиг найрсаг яваарай

Thursday, January 20, 2011

Аз жаргалын зураг

Энэ зургийг харахаар үнэхээр өхөөрдөм хөөрхөн. Энэ хүүхдийн хацраас нь улаа бутраад, эрүүл жаргалтай царай гэрэлтэнэ. Хүүхдүүд гэдэг ийм хөөрхөн, цэвэр ариун, гэнэн цагаан, инээд хөөр, баяр баясал түгээсэн...
Энэ зургийг хаана, хэзээ, хэн авсаныг мэдэхгүйэ. Ноднин анх ажлын газрын хүн үзүүлж байсан. Өнөөдөр харин нэт-ээс олоод татаж авалгүй бас энд тавьж үүний тухай бичилгүй өнгөрч чадсангүй ккк.

Уйдсан үедээ...

Өчигдөр чамайг аз жаргалтай болгосон ямар нэг зүйл нэрлэ: ТТ-тэй утсаар ярьсан
Өнөө өглөө 08 цагт юу хийсэн бэ?: Ажил дээрээ ширээнийхээ ард сууж байсан
15 минутын өмнө юу хийсэн?: Утсаар ярьсан
Чангаар хэлсэн хамгийн сүүлийн үг: Би бас Галын сургалтанд суух юм байна шд
Хэн нэгэн чамд хэлсэн хамгийн сүүлийн үг: Галын сургалтанд суугаад ирлээ
Өнөөдөр юу юу уусан: Коффее
Хамгийн сүүлд юу идсэн: Самар, үзэм
Хамгийн сүүлд худалдаж авсан зүйл: Чипс, жүүс, самар, бохь
Гадаа хаалганы чинь өнгө: Цагаан
Яг одоо цаг агаар ямар байна: Нартай гэхдээ жавартай
Хамгийн гоё зайрмаг: Cornetto
Анхны харцаар дурлах гэдэгт итгэдэг үү: Тийм
Хар дарж зүүдэлдэг үү: Бараг үгүй
Ажилдаа дуртай юу: Ажилдаа сэтгэл хангалуун
Дуртай хувцаслалт: Чөлөөтэй, биед эвтэйхэн
Дуртай дуу одоогийн байдлаар: Жавхлан Хайрын гэгээн бороо
Яг одоо баруун тийш харвал юу харагдаж байна: Ширээ, цонх
Чамайг яг одоо юу аз жаргалтай болгож байна: ТТ-н тухай бодол
Үүний дараа чи юу хийх үү: Ажлынхаа ширээг цэгцэлнэ
Солгой юу баруун уу: Баруун
Одоо ааш зан хэр байна: Хэвийн, уйдсан
Дуртай чихэр: Haribo
Яг одоо өмссөн байгаа хувцас: Жинс, даавуун цамц, оrange fleece, оймс, гутал гэх мэт
Энэ зуны төлөвлөгөө: Шинэ төсөл дээр ажиллана, амралтаараа гэрээ засварлана, гэр бүлийнхээ бизнест тусална
Хэдэн дэртэй унтдаг вэ: Голдуу дэргүй унтдаг
Ямар нэгэн хөгжим дардаг уу: Үгүй
Тахиа юу эсвэл шар шувуу юу: Тахиа илүү амттай байхаа :0
Чиний хувьд хамгийн чухал зүйл: Зорьсондоо хүрэх
Гижигтэй юу: Хүзүүндээ
Хурхирдаг уу: Ядарсан үедээ
Орд: Ихэр
Цэвэрхэн эсвэл замбараагүй: Эмх цэгцтэй
Яг одоо юуг хамгийн ихээр хүсч байна: Амралт хурдан болоосой

Wednesday, December 22, 2010

Гарфилдын 10 дүрэм


Wednesday, October 20, 2010

Динозаврын мөр болон чулуужсан яс

Говь нутаг минь үнэхээр өргөн уудам, баян чинээлэг юмаа. Дэлхийд томоохон тооцогдох нүүрс, зэс-алтны ордоос гадна түүх соёл, археологийн үнэт олдворуудаар баян юм. Би саяхан болтол Говьд динозаврын мөр болон чулуужсан яс олдворууд олдсоныг мэдэхгүй л явлаа. Сонирхолтой нь тэр динозаврын мөртэй газар нь манай ахын нутагладаг газраас 25 орчим км-т, динозаврын чулуужсан яс 6-7 км-т л байдаг юм байна.

Эдгээр динозаврын мөр нь шаварлаг хөрсөн дээр тогтож үлдсэн бололтойм. Гэхдээ л хэн мэдлээ хэдэн сая жилийн өмнө энэ газар нутаг дээр алхалж явсан гэхээр л сонин сэтгэгдэл төрөх юм.


Хэсэг бөөн мөр тогтсон байгааг харж болно.

Зарим мөр нь их тод үлдсэн байна билээ.

Нутгийн хүмүүс энэ мөрийг тэмдэглэж чулуугаар хашсан байна.

Хамгийн үзүүштэй хэсэг бол энэ юм. Тодоос тод мөр, алхсан юм шиг гарсан байгаа нь үнэхээр сонирхолтой.

Хүмүүс эдгээр мөрийг ховхолж авах гэж оролдохдоо эвдэж гэмтээдэг нь үнэхээр харамсалтай. Үүнийг ховхолж аваад хаана аваачиж хэдэн төгрөг болгож зарах гэж байдийн бүү мэд :((

Яг энэ дор харагдаж байгаа энэхэн хэсэг газар л динозаврын мөр байдаг юм билээ.

Шувууны мөр шиг ч юм шиг сонин хэлбэртэй байгааз. Гэхдээ л кинонд гардаг динозаврын мөртэй ижилхэн байгаам даа хэхэх.

Говийн заган ой бас л үзүүштэй газрын нэг. Хүүхэд байхад загийн алим гээд жижиг ногоон жимсийг нь их иддэг байж билээ. Тэр нь голдуу өттэйг хэлэх үү, болгоомжтой идэхгүй бол өт зооглож орхино шүү дээ. Томчуул түүнийг бүү ид гэж хориглодог байсан. Гэхдээ нууцаар иднэ. Ядаж байхад тэр нь балтайг хэлэх үү, хэл ам бал болоод шууд баригдаж байгаам чинь хэхэхэ.

Динозаврын чулуужсан яс байна. Яагаад динозаврын яс гэж мэдээд байна вэ гэвэл орчин цагийн яс чулуужиж амждаггүй юм гэсээн. Тэгэхээр динозаврын яс байж таарна хэхэхэ.

Монголд олдсон динозаврын томоохон олдворуудын нэг нь яг энэ газраас олдсон юм гэсэн.

Газар сайн хараад явах юм бол чулуужсан яс жижиг жижиг зөндөө байдаг юм билээ. Сайн харахгүй л бол цагаан чулуунаас ялгарахгүй. Археологич мэргэжилтэй дүүтэйгээ явсан тул манай дүү хэдэн гоё яс олж өгсөн. Түүнээсээ ганц нэгийг хамт ажилладаг гадаад хүндээ дурсгал болгож өгсөн чинь чи надад аймаар үнэтэй бэлэг өглөө гээл баярлаад байсан.

Ийм сонин хэлбэртэй шаварлаг зүйлс байх юм билээ. Аквариум дотор хийвэл загас зугаацаж тоглоод гоё юм болуу гэж харж байлаа.
За миний нэгэн сонирхолтой газраар аялсан түүх энэ болой. Монголын маань уудам нутгийн үнэт өв хөрөнгө болсон энэ газрыг хайрлаж хамгаалалтанд авахгүй бол ховдог сэтгэлтнүүд сүйтгэж хаях вий дээ гэхээс харамсах юм.


Tuesday, October 19, 2010

Хөдөө өнгөрүүлсэн 10 хоног

Манай ажил чинь их аятайхан, 2 сар гаран ажиллаад 2 долоо хоног амардаг юм байгаам. Өмнөх амралтаар ч яахуу аав ээжийн гэрт очиж эрхэлж хэвтсээр байгаад ирсэн. Харин энэ амралтаа хаана яаж өнгөрөөх вэ гэж бодож байтал хөдөө байдаг ах маань амралтаараа ирээрэй гэхээр нь хөдөө очиж 3 хононо, бараг ороод гарна гэсэн хүн маань юу байхав сэтгэл урваад бүх амралтаа л тэнд өнгөрүүлчихлээ. Утас шөрмөс хангинахгүй чих амар хэд хонох чинь ямар аятайхан юм бэ. Орчлонгоос тасархай нүдэн балай, чихэн дүлий амарсан гэж хэлэхгүй л дээ. Орчин үеийн хөдөө чинь гоё болсон юм билээ шд гэсэн хэхэхэ. Ямартаа ч гэрэл тогтой, телевиз радио, гар утас, кабел тв гээл юм юм байнаа. Нарны зайгаар цэнэглэгддэг цахилгаан үүсгүүртэй. Оройдоо гэрэл асаана, телевиз үзнэ. Тоононоосоо гар утсаа дүүжлээд сүлжээ барина. Тэгээд хамгийн инээдтэй нь утсаар холбоо барьдаг хүмүүс нь тав арван км зайд байгаа саахалт айлынхан байх хэхэх. Жишээ нь өглөө саахалт айлын ах утсаар яриад танай ингэ чинь тийшээ явчихлаа, ботго алдуурсан дагаад явж байна гэх юм. Мөн сая танайд мотоциклтой хэн ирэв, чи хойшоо давхиж байсан хаа хүрэв, зурагтаар монгол кино гарч байна үзэж байна уу энэ тэр гэсэн л юм ярина. Дэндүү хялбар, гоё ч юм шиг. Бидний хувьд бол гар утас заримдаа бөөн дарамт аваад шидчихмээр ч шиг гэсэн зайлшгүй шаардлагатай. Тэгээд бид яг гар утсаараа л амьдралаас дүүжлээтэй юм шиг...

За тэгээд 10 хоног ``амардаг`` хүн болсон чинь юу байх вэ хэхэх ёстой л борви бохис хийхгүй ажиллана гэдэг нь боллоо доо. Манай бэр эгч намайг ирсэн дараахан сумын төв яваад би ахтайгаа болон айлын 2 хүнтэй гэр даргалж үлдлээ л дээ. Гэтэл гэрийн ажил гэдэг чинь, Бурхан минь, ямар их ажил байдаг юм бэ. Өглөөнөөс орой болтол л зуухны амнаас алхам хөндийрсөнгүй. Цай чанаад, хоол хийгээд, унд чанаад, айраг буцалгаад, сүү хөөрүүлээд гэх мэт гал тогооны ажил тасрахгүй юмаа. Тэгээд ядаж байхад аяга шанага, сав суулга угаасаар байтал өдөр өнгөрнө. Гүйэ нэг хэдэн аягыг цай уугаад л угаах юм, хоол идээд л угаах юм, айраг уугаад л угаах юм, сүү уугаад л угаах юм. Тэр ч яахав бүр тогоог угаасаар байтал цоорчихвий дээ гэж санаа зовсон шүү. За тэгээд хоол цай, аяга шанаганы ажлаас түр зур хөндийрлөө гэтэл л гадаа гарч түлээ бэлдэх, аргал түүх, ямаа саах, ботго уях, ингэ саах, ааруул хурууд хийх гээд л дундаршгүй их ажил хүлээж байдийм байна. Бэр эгчийг явсан эхний өдөр би лав аймаар ядарсан байсан, шөнө орондоо ортол нуруу өвдөөд байгаам чинь хэхэхэ. Хэд хоногийн дараанаас л харин овоо ажилдаа дасч бас хааяадаа зурагт харах эсвэл хажуулах зав гаргадаг болсон шүү. Оройдоо ингэ ботгоны ажил дуусч, сүүгээ хөөрүүлсэн дарааагаа нэг гэртээ бөөгнөрч суугаад зурагтаар кино үзнээ. Намайг очсон дараахан Амарсайхан ахын ``Тусгай Салаа`` ОАК гарч эхэлсэн. Хөдөөнийхөн Тусгай Салааны улаан фенүүд болсон. Орой кино гарах цагийг тэсэн ядан хүлээж байгаам чинь. Яджийхад яасан ч орой гардийм тэр нь. Орой нь киногоо үзээд маргааш нь бараг өдөржин түүнийгээ ярина. Зочин ирвэл Тусгай Салаа үзэж байгаа юу гээл ярина, саахалт айлынхан утсаар Тусгай Салааны тухай ярина. Дэндэвийг их ярина даа харин. Хөдөөнийх болхоор элгэмсэг санагддаг байх. Тусгай Салааг бараг Дэндэв гээд нэрлэчихсэн хоорондоо Дэндэв үзсэн үү гэж ярина шүү дээ хэхэх.

Хөдөөгийн эгэл даруу амьдрал... заримдаа атаархмаар ч шиг. Бүх чимээ шуугиан, бохирдол, стрессээс хол ингээд амьдрах юмсан ч гэж бодогдох шиг. Хөдөөний хүмүүс яагаад тийм тайван сайхан, дөлгөөхөн хүмүүс байдаг юм одоо л ойлгож байх шиг. Ёстой л эгэл жирийн, даруухан бас завгүй амьдрал.

Бүх амралтаа борви бохис хийхгүй ажиллаж өнгөрүүлсэн бас биш шүү хэхэх. Манай ахынхаас 50км-т байдаг Дорноговь болон Өмнөговь аймгийн зааг дээр байх Өлгий хийдийн 20 жилийн ойн наадамд явсан. Бас тэр хавьд байдаг динозаврын мөр болон динозаврын яс гэх мэт сонирхолтой газруудаар яваад амжсан шүү. Энэ тухай тусад нь дараагийн бичлэгт бичнэ.

Thursday, September 23, 2010

Бороон түрүү шороо

Гашуун Сухайт хилийн боомт дээр бороо орохын өмнөхөн шороо босч тэнгэр газар нийлж байгаа нь энэ.
Гамшиг болжийн доо.
Нүд харанхуйлсан энэ шороон шуурга хэдхэн хором үргэлжилсэн хэр нь хэдхэн хоромд хамаг үйл ажиллагаа зогсож байна.

Бороо орсоны дараа үер урсан эргэн тойрон усанд умбаж байна.

Хилийн зам үерлээд бараг урсаал явахаа дөхсөн байна.
Нүүрсний машин усанд идэгдсэн замын хажуу руу налж орох нь элбэг, энд хоёр машин уначихсан байна.Замд шавар шавхай их тул машины шил байнгын халтар тарлан :P

Говьд үерлэж байгаа нь энэ.

Thursday, September 16, 2010

Нүүрсний зам

Өмнөговь аймаг. Таван Толгой нүүрсний орд газраас Хятад руу нүүрс зөөж буй ачааны машины цуваа тасрахгүй. Таван Толгойгоос Гашуун Сухайт хүртэлх зүдэргээт замыг нүүрсний зам гэх. Хэрэв энэ орчмын газраар явсан хүн бол сайн мэдэх байх. Зам гэхэд там болсон газар байдаг юм. Нүүрсний машин болон нүүрсний замын асуудал нутгийн иргэдийн хамгийн том асуудал болоод өнгөрсөн жил бослого хөдөлгөөн нэлээд өрнөж байгаад энэ жилээс нүүрсний замын хөдөлгөөний бага зэрэг дэг журам тогтоосноор арай намдаад байгаа юм байна. Энержи Ресурс компани ТТ-оос ГС хүртэл 235 км шинэ зам тавьж байгаа нь энэ 11 сард дуусах төлөвлөгөөтэй шахуу ажиллаж байгаа юм билээ. Энэржи Ресурсын зам бол өргөн, дардан, их л гоё зам байна билээ. Хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж, хамгийн сайн чанартай зам барьж байгаа гэдэг нь үнэн бололтой гээд ЭР-г жоохон магтаад авья хэхэ. Оюу Толгойгоос мөн ГС хүртэл 110 км зам тавигдаж байгаа. Энэ нь бараг замынхаа 1/3-д орчихсон нэлээд эрчимтэй урагшилж байгаа. Би яагаад сайн мэдээд байна вэ гэвэл, би чинь энэ замаар бараг өдөр болгон шахуу зорчдог үйлтэй хүн байгаа юм.

Нүүрсний машин барина гэдэг магадгүй хамгийн хүнд, хамгийн эрсдэлтэй ажлын нэг болно байх. 100тн нүүрс ачсан машин ачаагаа дааж ядан алгуурхан урагшлах бол харин нүүрсээ суллаад буцаж буй хоосон машинууд галзуутай юм шиг давхина.

Тоос түйрэн гэж бол угаасаа замбараагаа алдсан. Энэ нарийхан зам дээр нэг нь ачаатай нөгөө нь хурдтай хоёр машин зөрж байгаа нь үнэхээр эр зориг шаардсан ажил. Тэвчээр алдсан нэг нь удаан яваа нэгнийгээ гүйцэж түрүүлнэ. Яг машин зөрөх үед гарсан тоосонд зам юу ч үзэгдэхгүй болж харанхуйлна. Өмнөөс ирж буй машин харагдахтай үгүйтэй... Нүүрсний зам дээр сард тогтмол осол аваар гарч, хүний амь эрсддэг нь энэ замбараагүй замын хөдөлгөөнтэй холбоотой хэрэг.

Аймаар том машинууд ганхаж найгаад хоорондоо ийм ойрхон зөрөх нь үнэхээр аймаар. Хэрэв нүүрсний зам руу жижиг тэргээр орсон бол жолоо барина гэдэг жинхэнэ эр зориг, авхаалж самбаа шаардана даа. Над шиг хүн бол ааваа, ээжээ, Бурханаа дуудаж дуу алдсаар байтал зүрх муудах юм байна лээ.

Нүүрсний машины ард гэлдэрч байна.
Нүүрс зөөх ажлын талаар бага зэрэг судалж үзлээ л дэ. ТТ-ээс нүүрс ачиж гараад Цагаан хадан дээр буулгаад эргэж ТТ орохыг нэг рэйс гэдэг юм байна. 1 рэйс тээвэрлэхэд жолооч 150.000 төгрөг, туслах жолооч 50.000 төгрөгийн хөлс авдаг. 1 рэйст ойролцоогоор 2 хоног зарцуулдаг. 1 сард 10-15 рэйс хийж амждаг. 1 рэйсээс машины эзэнд орох цэвэр ашиг 1.000.000 төгрөг байдаг. Гэхдээ энэ тоонууд өөр өөр ч байж болно. ТТ-ээс нүүрс экспортолж байгаа Энержи Ресурс, ТТТ гэх мэт том том компаниудаас гадна тав арав хорин машинтай хувиараа нүүрс зөөдөг зөндөө хүмүүс байдаг. Энэ бүгд нийлээд ГС боомтоор өдөрт 800 машин гаргаж байна даа.


Цагаан Хадны нүүрс ачих-буулгах талбай. Цагаан Хад ч одоо цагаан гэж хэлэхэд хэцүүхэн газар даа. Байшин сав, гэр орон, хүн мал нь хүртэл нүүрсний тоосонд дарагдчихсан халтар газар гэж хэлэхэд хилсдэхгүй дэ. ТТ-ээс ачигдаж ирсэн нүүрсийг Хятад руу гаргахын тулд Цагаан Хадан дээр буулгаж ачдаг юм байна лээ.


Жишээ нь энд нэг нүүрсний компаний нүүрс ачиж буулгадаг талбай байна. Үнэн аймаар газар байгааз?


Цагаан Хадны суурин газар. Навтайсан хэдэн шавар байшин, навсарсан хэдэн бор гэр байна да. Гашуун Сухайт хилийн боомт түр горимоор ажилладаг байхад хил жилдээ 1-2 удаа нэг сарын хугацаатайгаар нээгддэг байсан гэсэн. Тэр үед л нутгийн болон ойр хавийн аймаг сумынхан Цагаан Хадан дээр овоордог байсан гэсэн. Бараг л наадам болж байгаа газар шиг баыдаг байсийм байхаа. Тэр үед ямар нүүрс ч ийм их зөөдөг байсан биш, Цагаан Хад цагаанаараа л байсан хэрэг хэхэхэ. ГС хилийн боомт өнгөрсөн жилээс л байнгын ажиллагаатай болж эхэлсэн. Удахгүй харин 24 цагийн үйл ажиллагаатай Монголын хамгийн том боомт болно.

Wednesday, September 01, 2010

Ёлын ам

Хэд хоногийн өмнө ажлаар Даланзадгад орсон юм. Амралтын өдөр таарсныг далимдуулаад тэрүүхэндээ бяцхан аялал хийгээд авсан. Ёлын ам руу гарсан юм. Өнгөрсөн жилийн 8 сард Ёлын ам орж байсан боловч мөс олж харалгүй буцсан юм. Яг үнэндээ бол 2-3км газар алхаад ядарсан болохоор буцсан чинь одоо бодоод байхад мөстэй хавцалын яг хажуунаас буцсан байна лээ. Энэ удаад харин тэгж 2-3км алхаж өөрийгөө зовоохгүйн тулд морь унаад явсан. Хэдийгээр би морь унаж сайн чадахгүй ч аймаар залхуу, аягүй номхон морь байсан тулдаа ойчилгүй явж ирсээн нуугаад яахав гсн хэхэхэ. 8-р сарын сүүлээр очиход Ёлын аманд мөс байсангүй. 7-р сарын дундуур Мухар Шивэртийн ам гээд хажуугийн аманд очиход мөстэй байсан. Ёлын амаар ороод яваад байх юм бол уулынхаа хажуугийн амаар буцаад гараад ирдэг гэсэн. Мухар Шивэртийн ам нь болохоор тэгж гардаггүй, амны мухарт хүрээд цаашаагаа явж болдоггүйм билээ.

Ёлын аманд жоохон явж байгаад л чулуу модоор юм хийгээд зарж байгаа хүмүүстэй тааралдана. Баргилт гэдэг чулуугаар аягүй их юм хийдэг юм билээ бодвол зөөлөн чулуу байх. Бас жижигхэн өнгө өнгийн мана чулуугаар бугуйвч хийж зардаг юм байна. Тэнд байсан нэг эгч надад ийм бугуйвч бэлэглэсэн. Одоо бүр зүүгээд салахгүй байгаа. Чулуу хүйтэн байдаг болохоор гарт хэдий хүнд шиг санагдах ч хүйтэн оргиод гоё юм билээ.
Бид нар бас Ёлын амны эхэнд байрлах Байгалийн музэйгээр нь орсон. Баахан хад чулуу, ургамал болон чихмэл амьтад тавьсан байна билээ. Хамгийн сонирхолтой нь Динозаврын яснууд байсан. Динозаврын өндөг бас байсан. Гурвантэс сумын нутагт байрлах Хэрмэн Цав гэдэг газар үнэхээр гайхалтай сонин тогтоцтой газар юм байна. Зургийг нь үзэхэд л ингэж гоё санагдаж байгаам чинь яг очоод нүдээрээ үзвэл хичнээн гоё байх болоо. Ямар ч байсан тийшээ явж үзнэ гээд ойрын төлөвлөгөөндөө тусгачихсан байгаа. Динозаврын олдворууд бас зөндөө байдаг гэсэн. Тэндээс динозаврын өндөг түүж, хужаа руу гаргаж үнэ дамлаж зарна гэж худлаа яриад ч яахав хэхэхэ. Хэдэн жилийн өмнөөс хамаг чулуужсан өндөг урагшаа зөөгөөд барсан гэсэн үнэхээр харамсалтай.

PS: Зураг оруулах гэтэл болсонгүй, дараа оруулнаа.