Sunday, September 20, 2015

Зуны тухай товчхон буюу Увсад аялсан тэмдэглэл

Энэ зун гэр бүлээрээ алс холын Увс аймагт аялаад ирсэн. Увс аймаг чинь чухам хол газар байна лээ шд. Яваад байсан, яваад байсан дуусдаггүй. 3 хоног явж хүрсэн шүү дээ. Хүүхэд жоохон байсан болохоор их ядарсан. Хүүхэд ч, ээж нь ч ядардийн байна лээ хол газар олон хоног машинаар явахад. Хаширсан хоёр Увсад очингуутаа онгоцны тийз захиалаад буцахдаа шууд ниссэн.
Говийн хүүхдэд хойд зүг гэхээр л хангай санаанд ордог болохоор Увс аймгийг жинхэнэ хангай газар юм байх гэсэн чинь говь шиг газар байдийм даа. Үнэхээр гайхсан. Аймгийн төвдөө аймаар халуун, бороо орохгүй, тэгээд бас аймаар шороо шуурдаг. Улаангом гэдэг нэр чинь улаанаараа эргэлдсэн шороо гэдэгээс гаралтай гэсэн шд ккк. Увс явах замдаа бид Архангай, Чулуут гол, Тайхар чулуу, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур үзээд эхэндээ их сайхан байсоон. Тэгээд замын яг тал буюу Солонготын даваа даваад л зам бишдэж эхэлсэн. Зам барьж байгаа нэрээр хамаг замыг эвдчихсэн, дэгэн догон дэгэн догон гэсээр 40км газрыг 4 цаг туулах жишээний. Завхан аймгийн Сонгино сумаас цаашаа зам нь яг говийн зам шиг болж ирдийн байна. Үзэгдэх харагдах юмгүй, хоосон шар тал дээгүүр л давхиад байсан. Ядаж байхад энэ зун гандуу байсан болохоор нүдэнд торох ногоон өнгө харагдсангүй.
За харин Хяргас нуур хүрээд л сэтгэл сэргэж эхэлсэн дээ (яг үнэндээ Хяргас нуурын хаяанаас засмал зам дээр гарсийн кк). Зам жаахан муруйж Хяргас нуурын урд эрэг дээр байдаг хэцүү хад гэдэг газрыг үзсэн. Нуурын эрэг дээр цагаан хад чулуу тогтсон, цагаан хадан дээр нь шувуу үүрээ засаад өвөрмөц үзэмж төрхтэй болгосон сонирхолтой газар байна лээ. Яг л нэг гадаад далайд, гадаад оронд байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн.
Хяргас нуураас 200км сайхан засмал замаар давхиад Увс аймгийн Улаангом хот ордог юм байна. Аймгийн төв рүү орж ирэхэд 90 жилийн бэлтгэл гээд жинхэнэ бүтээн байгуулалт өрнөж байв. Улаангомд анх удаа ирж байгаа хүний нүдээр харахад аймгийн төв рүү орж ирэх зам дагуу хэдэн балгас болсон байшин харчихсан чинь тэр сэтгэгдэлээсээ салж чадахгүй байсан. Уг нь зөндөө олон шинэ байшингууд баригдаж  байгаа, бас засмал зам сайн тавьсан байна лээ. Аймгийн төвд нь зөндөө олон хөшөө байдаг юм билээ. Ю.Цэдэнбалын хөшөө, Гиваан баатрын хөшөө, Баянмөнх аваргын хөшөөнөөс гадна замын уулзварууд дээр морин хуурын хөшөөнүүд байдаг юм байна. 90 жил гээд чухам нүүрээ угааж, нөгөө хувцасаа өмсөнө гээч нь болсийн бишүү. Айл болгон хашаагаа будаад, зам талбайгаа засаад л цэвэрлээд л байсан.
Аймгийн төвийнхөө баруун зүгт сүрдмээр сайхан Хархираа уулс харагддаг нь үнэхээр сайхан. Бараг гэрээс орж гарах болгондоо харж бахдан биширж байв шд. Мөн Наранбулаг сумын наадам үзэх гэж явах замдаа мөнх цаст Цагаан Дэглий хайрханыг харсан. Үнэхээр сайхан. Балжинням аваргын нутаг Наранбулаг сумын наадам нь сумын төвөөсөө хол хангайн нуруунд болдог юм байна. Наадмын өглөө сумынхан нь бүгдээрээ тэр "шил" (ямар юмны шил билээ дээ) гэдэг газар руугаа явцгаагаад сум нь эзгүйрдэг юм билээ. Манай нөхөр надад жинхэнэ хангайн наадам үзүүлнэ гээд байсан, үнэхээр жинхэнэ хангайн наадам байсан шүү. Морь нь уулан дээр уралддаг, бөх нь уулан дээр барилддаг (ккк за жоохон хэтрүүлэг байлаа). Тэр шил гэдэг газраас нь урд зүгт Хяргас нуур, хойд зүгт Увс нуур харагддаг үнэхээр гоё газар байна лээ. Сумын наадам ч охид нь гоёж гоодон хоёр гурваараа хэлхэлдсэн, харцуул нь морь унан ханхалзсан жинхэнэ сайхан сумын наадам болсон доо ккк.
Наранбулаг сумын наадмын дараа улсын баяр наадмын үеэр Увсынхан чинь тэр чигээрээ Увс нуурынхаа эрэг дээр нааддаг юм билээ шд. Нуурын эргээр хүн, машин, майхан битүү. Нуур ч гэж нуур, Увс нуур үнэхээр гоё. Ус нь бүлээхэн болохоор нэг орчихвол буцаж гарахыг хүсэмгүй шүү.
Улсын наадмын дараа хойшоо хил гарч Тува улсын нийслэл, Ази тивийн төв цэг Кызыл хот ороод ирсэн. Боршоогийн хилийн боомтоос нутгийн машин дагаж явсан чинь аймаар хурдтай; 140-160 км/ц хурдтай давхисаар байгаад Кызыл орсон. Тэр замаар нь удаан явж болдгүймүү хаашайн кк. Кызылд 3 хонохдоо Бурхан минь яг шарагдаж үхэх гэж байсан. Арай дэндүү халуун газар байна лээ. Орой сэрүүн орохоор Енисэй мөрний эргээр зугаалж, Азийн төв цэгийг тэмдэглэсэн дурсгалт газрыг үзсэн. Уг нь Кызыл орж орос юм авах санаатай байсан боловч бараг байдаггүйм билээ. Байсан нь харин үнэтэй. Охиндоо л хэдэн орос тоглоом авах шив.
За тэгээд 7 сарын 22-25-ны өдрүүдэд Увс аймгийн түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, Баруун бүсийн хурдан морины "Увс хурд-2015" гээд сүртэй сайхан нэртэй, сүртэй сайхан баяр наадам болсон доо. Ирсэн, үзсэн хүмүүс ч гэж тоймгүй олон. Наадмын нээлт үзсэн. Зохион байгуулалт сайтай, олон хүн хамруулсан их л гоё юм болж байна лээ. Увсынхан нутгийн алдартнууддаа эмээл хазаартай морь бэлэглэж байна лээ. Түрүүлсэн бөх, морины шагналууд ч бас том байна лээ. Их л мөнгө зарсан байх даа.
Наадам ч сайхан болсон. Харин Улаангомд сар шахуу болоход уйдсан шүү. Наадмын бэлтгэл гээд хүмүүс нь завгүй. Гарч орж үзэх харах юм байхгүй. Аятайхан хоолонд орчихоор ч газар байхгүй. Осолдохгүй л явахынхаа өмнө аймгийн музэй үзэж, захаар нь оров шд.
Энэ зуны аялал нэг иймэрхүү. Би ч явдалаас нь хаширсандаа Увс аймаг руу засмал зам бүтэн тавигдсан цагт л дараа дахиж ирнэ гээд хэлчихсэн байгаа.

Tuesday, June 23, 2015

Завгүй ээжийн ажлаа хийсээр

Декрит гэдэг нь яг үнэндээ ажил юм, босс нь л нялх амьтан болохоос биш гэсэн үг хичнээн үнэн. Ажилтай байх үедээ декриттэй гэртээ суухдаа хийнэ гэж баахан юм төлөвлөөд байсан байхгүй шүү. Юун илүү дутуу юм хийх байтугай хүүхдээсээ илүү гарч чадахгүй шинэхэн мама байноо. Өдөр хоног уйдах завгүй маш хурдан бөгөөд маш аз жаргалтайгаар өнгөрч байна. Жинхэнэ таашаалын ажил чинь энэ ээжийн ажил байна шд. Өмнө нь хийж байсан ажил, сургууль, амжилт хажууд нь юу ч биш юм гээч.
Бяцхан бяцханаа 6 сар хүрсэн. Өдөр болгон шахуу шинэ юм сураад хөөрхөн юмаа. Эргэдэг болсоноосоо хойш хаа сайгүй өнхөрөөд нэг газараа тогтохоо больсон. Хоолонд орж эхэлсэн болохоор ээж нь өдөржин хоол хийсээр байтал таарч байна. Хүүхдийн хоол чинь их ярьвигтай ажил байна шүү. Сая бас гэдсийг нь хямраагаад амжсан. Хүүхдийн гэдэс хямрахаар цагаан будааны шүүс, алим, банана өгдөг гэж нэг найз маань зааж өгөөд тэр дагуу хийсэн чинь харин хурдан зүгээр болсон шүү.
За тэгээд гадаа гарна, салхилна, нарлана гэдэг их ажил байна бас. Хүүхдээ бэлдэж, өөрийгөө бэлдэж байтал бараг цаг болно. Өглөө эрт босоогүй бол бэлдсээр байтал үд болоод гарч чадахгүй өнгөрч байгаам чинь. Орой харин 6-9 хооронд гарч байгаа. Гадаа гарах гэж бид 2 бараг гэрээ нүүлгээд тэргэн дээрээ ачаад явж байгаам шиг юм л болно шүү дээ. Хоёр гурван хүүхэдтэй ээжүүд яаж амжуулаад байдгийг ойлгохгүйнээ. Жинхэнэ супер ээжүүд л байдаг байх. 
Хүүхэд гэдэг чинь ёстой хөөрхөн юмаа. Мэдсэн бол аль эртнээс олон хүүхэдтэй болж байхгүй юу. Манай найзууд яагаад хэлдэггүй байсан байнаа гэхгүй юу ккк. Энд ганц бие хүмүүс байвал хэлчихэе эртхэн хүүхэдтэй болоорой.