Showing posts with label zurgan. Show all posts
Showing posts with label zurgan. Show all posts

Friday, January 09, 2026

Зүүн өмнөд Азийн аялал - Тайланд, Камбож, Вьетнам

 

Бангкок - Ча Параяа гол

        2024 оны сурагчдын өвлийн амралтаар зүүн өмнөд Азийн аялал буюу Тайланд, Камбож, Вьетнамын 8 хот, 20 орчим байгалийн болон түүхийн дурсгалт газар, үзвэр, музей гээд нийт 11,080км газар аялсан аялалын товч тэмдэглэл.. 

        Бүх буудал, орон нутаг, хот хоорондын тээврийг урьдчилж захиалаад явсан. Үзвэр болон өдрийн аялалуудыг мөн урьдчилж захиалсан. Буудлыг Agoda, тээврийг 12goasia, үзвэрүүдийг Trip Advisor, Klook сайтуудаас захиалсан, найдвартай сайн л юм байна лээ. Хот хоорондын тээвэрт хүүхдүүдэд сонирхолтой байлгах гээд өөр өөр унаа сонгосон; онгоц, миниван, унтлагын автобус, суудлын автобус, галт тэрэг, усан завь гээд.. хүүхдүүд нисдэг тэрэгнээс бусдад бүгдэд сууж үзлээ гээл хөөрөөд байсан. Хот доторх тээвэрт бол Grab app л баруун солгойгүй хэрэглэсэн дээ. Хямд гэхгүйэ гэхдээ амар юм билээ. Тайланд, Камбож хоол сайтай, харин Вьетнамд идэх юм олддоггүй гээд байсан үнэн байна. 

SEA WORLD
        Улаанбаатраас Бээжингээр дамжаад Бангкок ниссэн. Бээжингийн онгоцны буудал дээр 8 цаг дараагийн нислэгээ хүлээхдээ бараг хөлдөх гэж байсан кк. Нээх халуун орон руу явж байгаа хүмүүс бүгд нимгэн хувцастай, гэтэл 12-р сард Бээжин чинь хүйтэн байдаг юм байна. Уг нь эрт мэдсэн бол Бээжингийн онгоцны буудлаас Цагаан хэрэм үзээд ирдэг 6 цагийн аялал байдаг юм байна.  Тиймэрхүү юманд явбал уйдахгүй л байсан байх, anyways... 

        Бангкок-д 3 хононо гээд хотын төвд нь усан сантай буудал захиалсан байсан. Хүүхдүүдэд хотын аялал сонин биш, хурдан буудалдаа очиж бассейнд орох нь л сонин байх шиг байв. Олон хүүхэдтэй болохоор ийш тийшээ Grab- даад явсан. Эхний өдрөө  The Grand Palace хааны ордон үзэж Ча Параяа голын эргийн Icon Siam shopping mall орсон. 2012 онд ирэхэд байгаагүй энэ молл их том, их гоё газар байсан. Sea World & Madam Tussauds музей үзсэн. SIAM Paragon shopping mall, MBK shopping mall гээд нээх юм авах гэж байгаа аятай бүх том худалдааны молл-оор нь орсон. 

Аюуттаяа эртний хот
        Оюутны ангийн охинтойгоо уулзах гэж Аюуттаяа эртний хот руу round trip full-day cruise аялал хийсэн. Хот нь бол гайхалтай сайхан үзэсгэлэнтэй газар л даа. Улаан хүрэн өнгөтэй, эртний барилга байгууламжуудын туурь. Автобусаар очоод хотоо үзчихээд буцаад усан завиар Бангкок ордог юм байна. Хмерийн эзэнт гүрний үед байгуулагдсан Тайландийн эртний нийслэл Аюуттаяа нь 1991 онд UNESCO Дэлхийн өвд бүртгэгдсэн юм байна.         

Asiatique, Bangkok
        Бангкок-д Ча Параяа голын эрэгт байрлах алсын харагч болон marketplace гээд "Asiatique" гээд газар очсон чинь нээх таалагдаагүй. Алсыг харагч нь нээх үнэтэй хэрнээсээ өндөр ч биш, том ч биш, олигтой юм ч харагдахгүй, мөнгөний гарз болсон шүү бараг :-p 

Thailand - Cambodia border
        Тайландаас минибусд суугаад Камбож хүртэл явдаг. Хямд хэрнээ тухтай аялал байсан.  Камбожийн хилийг харин алхаж гардаг. Цаанаас нь дахиад өөр автобусанд суугаад Siem Riep хот хүртэл 2 цаг орчим явна. Бид хэд 12 сарын 30-нд Камбож ороод шинэ оныг Siem Riep хотод буюу Ангкор Ватад угтсан. Шинэ он угтаж байгаа юм чинь гээд гоё буудал захиалаад, гоё хоол идээд явсан чинь нэг өдөрт ногдох зардлаараа аялалын хамгийн үнэтэй өдрүүд болсон кк.
    
Bayon Temple
         Ангкор ватын guide-тэй full-day tour урьдчилаад авсан байсан. Уг нь манай ангийн охин энд амьдардаг боловч шинэ жил тэмдэглэх гээд Европ явсан байж таарсан, уулзаж чадаагүй. Манай guide аягүй сэтгэлтэй, уйгаггүй сайн зураг авч өгсөөн кк. Ер нь Камбож хүмүүс (кмер гэдэг ч бил үү хмер гэдэг ч бил үү тэгж хэлэх байх) үйлчилгээний соёл өндөртэй, бөхөлзөж нахилзаад л байна. Цагтаа дэлхийн хамгийн мундаг empire-уудын нэг байсан улс шүү дээ. 

        Ангкор ват болон энэ хавийн сүмийн барилгууд  МЭ1100-аад оны үед баригдаж байсан, 16-р зуунд нэг хэсэг орхигдоод ой модонд дарагдаж алга болсон байхад нь 1860 оны үед Франц хүн олж илрүүлсэн гэдэг юм байна. 20-р зуунаас дахин сэргээлтийн ажлуудыг бусад улс орнуудын хандив тусламжаар эрчимтэй хийж эхэлсэн бөгөөд UNESCO-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар. 

Bantey Srei Temple
        2012 онд би Ангкор ватыг нэг оюутан хөтөчтэй өглөөнөөс орой болтол явж үзэж байсан. Үнэхээр их сэтгэл татагдаж, гайхаж, биширч байсан болохоор дараа заавал гэр бүл үр хүүхэдтэйгээ ирнээ гэж бодсоор яваад тэрийгээ энэ жил биелүүлсэндээ баяртай байна. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын тренд болоод байгаа газруудын нэг. Барууныхан, Европын залуус их ирдэг санагдсан. Bayon temple гээд 4 талдаа хүний нүүртэй чулуун сүмүүд үнэхээр сүрлэг, гэхдээ он цагийн эрхэнд элэгдэж байгаа бололтой, өмнө ирэхэд нээлттэй байсан газруудыг чулуу нурах, унах аюултай гээд хаасан байсан.  

        Нэг өдөр Ангкор ватын сүмүүдээр тойроод нэг өдөр нь Ангкор ватын үндэсний музей үзэж өнгөрөөсөн. Siam Riep хот жуулчид ихтэй ч жижгэвтэр, хийгээд байхаар юм нээх байхгүй хот санагдсан.

Royal Palace, Phnom Penh
        Siem Riep-ээс шөнийн автобусаар Камбожийн нийслэл Пном Пен хот орсон. Пном Пенд хааны ордон үзээд, голын эргээр жоохон зугаалж байгаад энд хонолгүй шууд Вьетнам руу хөдөлсөн. Пном Пен гэхээр Пол Потын хядлага энэ тэр гээд нэг л нэг тийм айдас төрүүлэм санагдах ч тайван сайхан л хот байсан кк. 

Tan Dinh church, Ho Shi Minh 
        Пном Пен-ээс Хо Ши Мин хот руу 7 цаг орчим автобусаар явна. Хо Ши Минд 2 шөнө 3 өдөр өнжихдөө байж болох бүгдийг л шахаад үзэхийг хичээсэн кк. Trip Advisor-аас Cu Chi tunnel & Mekong River хосолсон full-day tour авсан байсан. Дайны үеийн Cu Chi tunnel (гү чи тунел гэж уншина кк) нь газар доор байгуулсан хот юм уу хаашаа юм бараг, үнэхээр impressive байсан. Энэ  аялалын guide нь нэг жижигхэн охин, бүх юмаа аягүй сэтгэл хөдлөлтэй тайлбарладаг. Энэ аялалаас Вьетнамын дайн, тэдний түүх болон Вьетнам ард түмэн чинь ямар баатарлаг дайчин, зоригтой ард түмэн бэ, одоо ч тэр зориг зүрх мохоогүй, итгэл найдвартай бардам хүмүүс шиг санагдав. 

        Хо Ши Минд Landmark 81 гээд 81 давхар өндөр барилга, Тан Дин сүм гээд хөөрхөн ягаан өнгөтэй сүм, Нотр Дамын сүм гээд үзэх газруудаа үзээд, эндээс онгоцоор Данан хот руу ниссэн. Судалгаа хийж байхад Вьетнамын орон нутгийн нислэгүүдийн талаар дандаа бүтэхгүй review-тэй таараад, VietJet-ээс өөр сонголтгүй болчихоод байсан чинь миний аз таарч Vietnam Airlines билет гэнэт гарч ирээд... хүмүүс онгоц нь delay-дээд хүлээж байхад хажуугаар нь баатарлаг алхаж байлаа шд ккк. Хот хоорондын бүх тээврийн зохицуулалтаа 12go.asia  сайтаар хийгээд билетүүдээ бараг сарын өмнө бүгдийг нь худалдаад авчихсан байсан юм. Хот хоорондын тээврээ урьдчилаад авчихаар цаг нь тулсан билет олдоно олдохгүй, үнэтэй гэдэг асуудал гарахгүй ч нэг төвөгтэй нь очсон газартаа яг хугацаандаа л үзэх, хийх юмаа амжуулах ёстой болдог юм билээ. 
        1. УБ - Бээжин: Онгоц (MIAT)
        2. Бээжин - Бангкок: Онгоц (Thai Airways)
        3. Бангкок - Аюуттаяа: Автобус, усан онгоц
        4. Бангкок - Сиам Рийп: Минибус
        5. Сиам Рийп - Пном Пен: Унтлагын автобус
        6. Пном Пен - Хо Ши Мин: Аялалын автобус
        7. Хо Ши Мин - Данан: Онгоц (Vietnam Airlines)
        8. Данан - Хой Ан: Такси
        9. Данан - Ханой: Галт тэрэг (Vietnam Rail)
        10. Ханой - Халонг бэй: Усан онгоц (Cruise)
        11. Ханой - Бээжин: Онгоц (Air China)
        12. Бээжин - УБ: Онгоц (MIAT)
        Хүүхдүүдэд сонирхолтой байлгах гээд олон төрлийн тээврийн хэрэгсэл сонгосон, хүүхдүүдэд их таалагдсан, нисдэг тэрэгнээс бусдад сууж үзлээ гээд баярлалдаад байсан :)

Da Nang 
    Ингээд Тайланд, Камбожийн юм үзэх, нүд тайлах аялалын маршрутынхаа дараа бид хэд амралтын цэг болгохоор төлөвлөсөн Данан хотод ирсэн. Данан хотод байрласан газар маань далай харсан, дээвэр дээрээ пүүлтэй, цэвэрлэгээ үйлчилгээтэй, 3 өрөө байр байсан. Данан хот нь Вьетнамын урт газар нутгийн голд байрладаг эргэн тойрондоо үзэх юм ихтэй, 2 долоо хоноход өдөр бүр л уйдах завгүй өнгөрсөн дөө. 

Далайн эргийн хот, My Khe Beach нь цэвэрхэн, аюулгүй. Барууны жуулчид ихтэй. Идэх юм жоохон сонголт муутай, идэнгэр муутай. Монголоос бэлэн ууталсан борцтой шөл зэрэг хоол авчирсан тулдаа тэрийгээ оройдоо идэж амьдарсан кк. Вьетнам Тайландыг бодвол хоол муутай, "pho" шөл нь амт султай, өөр ч нээх идчихээр юм байхгүй.     

Marble Mountain
        Вьетнам улс том том агуйгаараа алдартай, дэлхийн хамгийн том, дотроо өөрийн гэсэн эко системтэй Son Doong агуй Вьетнамд байдаг. Данан хотын Marble Mountains буюу гантиг уулс нь таван тусдаа уул бөгөөд дотроо том том агуйтай, ордон харш шиг л газар санагдсан. 

Ba Na Hills
        Ba Na Hills буюу уулын орой дээрх амралт зугаалгын цогцолбор нь үнэхээр л Дананд ирсэн бол заавал үзэх, 1 өдөр бүтэн байгаад ч багадахаар газар байна. Full-day ticket урьдчилж захиалаад авсан. Бүх үзвэр үйлчилгээ, буфет хоол багтсан байдаг юм байна. Уулын оройн руу гардаг дүүжин тээвэр нь дтд 5,800м байдаг дэлхийн хамгийн урт замыг гардаг дүүжин тээвэр юм байна. Газар, зам, ой мод тээр дор харагдаад бас л сүрдмээр юм билээ.  

Golden Bridge
        Уулын орой дээр гарангуут Бурхны гар буюу дэлгэсэн алган дээр хадаг тавьсан юм шиг хэлбэртэй гүүр угтана. 2018 онд баригдсан энэ гүүр нээгдсэн даруйдаа л өвөрмөц хийц, харууцаараа олны анхаарлыг татаж, жуулчдын заавал ирж үзэх газрын нэг болсон гэжээ. Би бас зургийг нь интернэтээс хараад гоё санагдаж байсан ч ингээд нэг өдөр ирнэ гэж бодсонгүй... Вьетнам аялах сургаар манай хүү "тэгвэл Бурхны гартай гүүр үзье" гээд санал гаргаад, манай маршрут 180 эргэж Данан руу чиглэх болсон гэсэн үг. Уг нь урдуураа Фукуок ч юм уу далайн эргийн дулаан хотод амарч болох байсан.

        Golden Bridge бол highlight үзэх зүйл байлаа. Цаашаа Бана хилл дээрээ бүтэн өдөржин Франц тосгон, цэцгийн хүрээлэн, дарсны зоорь, сарны цайз, нарны усан оргилуур, дотор болон гадна тоглоомын парк, Alpine roller coaster гээд үзэх юм дуусахгүйэ. Өглөө эрт ирээд орой хамгийн сүүлийн cable car-аар буусан хэрнээ л гүйгээд2 зөндөө юм үзэж амжаагүй. Full-day ticket дотроо буфет хоол нь сонголт сайтай, амттай гоё юм билээ. Орой амжвал beer festival орж үнэгүй пийв бас ууж болно. 

Hoi An ancient city
              Дананаас 80км орчимд байрлах Hoi An эртний хот руу заавал очиж үзэхгүй бол их харамсана гэхээр л юм байна. UNESCO Дэлхийн өв,  зураг шиг гэхээр ч юм уу шүлэг шиг гэхээр ч юм уу, үнэхээр үзэсгэлэнтэй, сэтгэл татам, өнгө алагласан ёстой гоё газар байсан. Дананаас өглөө эрт таксигаар Хой Ан орсон. Эхлээд гол дагуу хулсан завиар зугаалсан, дараа нь хотын төв орж уран сайхны зураг авалтууд хийлгэсэн. Вьетнам очихоосоо өмнө интернэтээс тэндхийн зурагчин олоод гэр бүлийн зураг авалт хийлгэе гээд цаг тохирсон байсан юм. Манай зурагчин үнэхээр сэтгэлээсээ, уйгагүй хичээсэн шүү. Манай хөвгүүд гэж зураг авхуулахгүй гээд ийш тийшээ хараад, охин бид 2 л хамгийн идэвхитэйгээр поз өгөв кк. Цомог дүүрэн олон гоё зурагтай болоод ирсээн.  

Орой нь "Hoi An Memories" гээд гадаа тайзны тоглолт үзэх гэтэл хүүхдүүд ядраад гээд... тэгсэн таксины жолооч хүүхдүүдийг чинь буудалд нь хүргэж өгчихөөд эргэж ирээд та 2-ыг авая гээд, нэмэлт төлбөргүйгээр... тэгээд хүүхдүүдээ өгөөд явуулчихсан байвал яах уу :))       

Dragon Bridge, Da Nang
        Данан хотод хийх юм үнэхээр ихтэй... Галаар үлээдэг Луугийн гүүр энд байдаг. Орой 20 цагт галаар үлээдэг, дараа нь усаар шүршдэг үзвэрийг үзэх гэж хүмүүс нэлээд цугладаг юм билээ. Хотын төвд байдаг "Asia Park" нь олон тоглоомтой, бас алсыг харагч нь дэлхийд top 10-д ордог өндөр гэсэн. Энэ алсыг харагчийг Токиогоос 2nd hand авчирч энд суурилж ажиллууж байгаа юм билээ. Алсыг харагчаас Данан хот бүхэлдээ их гоё харагдана. 

         Вьетнам гэхээр л "Vinwonders Park"-гүй аялал төсөөлөгдөхгүй байх. Vinwonders цогцолбор парк Вьетнамд 8 газар байдгийн нэг нь Vinwonders Nam Hoi An гээд Дананаас Shuttle bus-аар яваад очих боломжтой газар байдаг юм байна. Online-аар full-day package ticket аваад өглөө эртхэн гараад очсон. Усан парк, River safari, хүүхдийн тоглоомын парк, cultural village гээд маш том цогцолбор байсан. Шавай гэж байдаг бол ханахаар л тоглоомон дээр тоглосон доо. Бүх тоглоом дээр өндрийн лимит заасан. Манай охин яг 130см байж таараад 130см- ээс дээш тоглоом гэвэл жоохон хүзүүгээ сунгаж орж яваал, 130см-ээс доош тоглоом гэвэл жоохон нугдайж байгаал ороод ер нь бүх тоглоом дээр нь тоглосон. Дүү нь 110см арай хүрэхгүй болохоор галзуу хулгана гэх мэт fun тоглоомуудаас хасагдаад сэтгэл нэлээд дундуур кк. Desert Twister гээд нэг галзуу тоглоом байсан, нөхөр бид 2 нэг суугаад бараг уйлаад сууж байхад охин 2 суугаад тоохгүй байгаа юм чинь. Усан парк нь гулсуур ихтэй ч сэрүүхэн өдөр таарсан болохоор бараг хүнгүй. Бид хэд ч нэлээд даарсан, гэтэл охин бас л ганцаараа бүх гулсуур дээр нь гулсаад байгаа юм бишүү :)


Hai Van Pass
            За тэгээд Дананд арван хэд хоног нүд ирмэх зуурт л өнгөрсөн. Аялалын буцах зам буюу Ханой хот, Халонг бэй үзэхээр галт тэрэгний аялалдаа гарсан. Вьетнамын галт тэрэг яг Монголын төмөр зам шиг хуучныг санагдуулсан. Зам дагауу "Hai Van Pass" буюу уулын ирмэгээр эргэлттэй замаар 20 орчим км явдаг хэсэг нь аялалын highlight болдог юм байна. Аялагчид энэ замыг явах гэж нэг бол мотоциклын аялал нэг бол галт тэрэгний аялал хийдэг бололтой. Дананаас Ханой хүртэл 767 км газар галт тэргээр 17 цаг орчим явна.  Ханойд галт тэрэгнээс буугаад шууд Ha Long Bay Cruise аялалдаа явсан.

Ha Long Bay
            UNESCO Дэлхийн өвд бүртгэлтэй Халонг бэй бол миний эртнээс очиж үзэхийг хүсч байсан (bucket list) газруудын нэг.. Дэлхийн өв гэснээс энэ аялалаар ямар олон дэлхийн өв үзчихээ вэ кк. Халонг бэй усан онгоцны аялал сонгох гэж нэлээд их хайсан. Хар мянган cruise байдаг юм байна лээ. Цагаа тааруулах, өрөөгөө тааруулах, зорчигч багтаамж, budget гээд л их олон юм харах хэрэг гарсан. Trip Advisor-оос захиалж авсан. Хаа очиж маш дажгүй усан аялал таарсан шүү. 2 хоног битүү далайн хоол идсэн, амт үнэхээр гоё байсаан. 

Halong Bay
        2-day package яг таарах юм билээ. Аялалын турш 2-3 газар зогсож ууланд авирсан, далайд орсон, агуй үзсэн, kayak-аар сэлүүрдэж үзсэн, загас барих оролдлого хийсэн гэх мэт сонирхолтой зүйлс олон. Уулын орой дээрээс Халонгийн үзэсгэлэнтэй байгалийн тогтоц, олон зуун усан завь харахад үнэхээр гоё, олон жилийн мөрөөдөл маань биелээд гоё байсан. 

Halong Bay
            Оройн цагаар гадаа хөлгийн тавцан дээр сууж коктайл уугаад, далай дээр хоноглох олон завьны гэрэл өнгө алаглаад, усны үнэр, намуун салхи, өнгө үзэмж бол насан турш мартахын аргагүй. Өглөө сэрэхэд шууд цонхоор байгалийн үзэсгэлэн нүдний өмнө... woow л гэхээр.

Hanoi City, Aldo building
        Манай аялалын сүүлийн зогсоол Ханой хотод 2 хоносон. Хуучин хотын төвд юм юмандаа ойрхон байрлал сонгосон. Энэ Алдо байшинг үзэж амжсан шүү. Сая 4 сард бүхэлд нь нураагаад талбай болгосон юм билээ. 1 сард явж байхдаа нураагдах гэж байгаа гэж мэдээгүй байсан л да. Ханойд гудамжны хөл хөдөлгөөн, өглөө эрт хүмүүс гадаа суугаад өглөөний цай ууж байгаа, өдөржин гудамж хараад кофе ууж байгаа, орой бараг бүгд гаднаа гараад хоол идэж, пийв ууж байгаа гэх мэт зүгээр л амьдрал нь гудамдаа өрнөж, хүмүүс нь people-watching хийж байдаг юм шиг санагдсан кк. Юунаас дутах вэ гээд хэдэн цаг people watch хийгээд үзсээн үзсэн кк. Энэ вьетнам хүмүүс чинь гэртээ идэж ууж амьдардаггүй санагдсан шүү. Аймаар их хүн амтайг хэлэх үү, бараг хүнийхээ тооноос их мототойг хэлэх үү..   

Ho Shi Minh Mausoleum, Hanoi
            Вьетнамд ирээд үзэж харж ойлгосон нэг зүйл Хо Ши Мин гэж хүн байна даа. Үнэхээр үндэсний баатар хүн юм аа аргагүй.. Монголд Чингис хаанаар хамаг юмаа нэрлэдэг шиг энд бас нийслэл хотоо хүртэл Хо Ши Минээр нэрлэж. Ханой хотод байдаг бунханд нь орж үзсэн. Маш их хүндэтгэлтэй, сүрдмээр газар байв. Хүмүүс нь энэ хүнийгээ маш их хүндэтгэдэг юм байна. Туркэд Ататуркын бунхан Аниткабирт ороход, Ордост Чингисийн бунхан ороход ингэж санагдсан.  Улс үндэстэн чинь нэг ийм бүх хүн хайрлан хүндэтгэж, шүтэн биширдэг үндэсний баатартай байж байж эв нэгдэлтэй, хүчтэй байдаг юм шиг санагдсан.

The One Pillar Pagoda 

            One pillar pagoda буюу нэг баганатай сүм гэж ийм газар байдаг юм байна. Дэлхийд нэг баганатай сүм олон байдаг боловч хамгийн эртний хамгийн ориг нь энд байдаг гэсэн.  Ханойд заавал үзэх ёстой attraction-ий нэг гэсэн шүү. 

            За ингээд манай гэр бүлийн анхны хамгийн олон хоног, хамгийн олон газар, хамгийн урт зам туулсан гадаадын аялал маань төгсөв. Олон хоног юм шиг хэрнээ маш хурдан, маш их юм үзсэн, үзээд үзээд үзэхгүй үлдээсэн юм ч их олон... ялангуяа Данан хавьд My Son, Hue эртний хот, Son Doong агуй гээд дараа эргэж очиж заавал үзэхээр газрууд үлдсээн үлдсэн. Монголчууд өвлийн амралтаараа Вьетнам руу их явдаг болж, 22дах аймаг Фукуок гээд joke хүртэл гарч. Гэхдээ Вьетнам чинь ганц Фукуок, Хо Ши Минаар хэмжигдэхгүй, төв болон хойд хэсгээрээ түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газар ихтэй юм. Хойд зүгтээ Sapa, Ninh Binh гэх мэт байгалийн гоё тогтоцтой газрууд бас байгаа. Вьетнамын талаарх бодол сэтгэгдэл маань их өөрчлөгдсөн аялал болсон. Вьетнам чинь зөвхөн вьетнам засвар биш шүү.... :))
 

Sunday, May 26, 2013

Ордос, Чингисийн онгоноор аялсан аялал

Чингисийн Онгон
Чингисийн Онгон цогцолбор газар - Ордос, ӨМӨЗО
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос, Бугат аймгуудаар аялаад ирсэн юм. Гол зорилго нь Ордос аймагт байрлах Чингисийн Онгон гэх газрыг үзэх байсан юм. Харин замдаа Ордосын Цөл, Эзэнгүй Хот, Бугат, Халиут гэх мэт газруудаар дайрсан нь аялалыг улам сонирхолтой болголоо.
 
Чингисийн Онгон цогцолбор
Чингисийн Онгон Цогцолбор буюу Чингис Хааны дурсгалт газар нь 5-аад га газрыг хамарсан  бөгөөд одоогоор Монголын түүх соёлыг харуулсан дэлхий дээрх хамгийн том аялал жуулчлалын цогцолбор газар юм байна. Энэ том цогцолбор газар аргагүй л жуулчдын анхаарлыг их татдаг бололтой хүн ихтэй байх юм билээ. Үүдээр нь орохын тулд нэлээд урт дараалалд зогсож байж орсон шүү. Чингис Хааны музейн талаар дэлгэрэнгүй бичихээс залхуурсан тул сонирхсон хүн эндээс орж уншаарай ;))
 
Морьтон баатруудын цогцолбор цэцэрлэг
Чингисийн Онгон цогцолбор газар нь 2 хэсэгээс бүрддэг юм байна. Нэг нь Онгоны тахилгийн хэсэг, нөгөө нь Хааны дурсгалын музей гэсэн. Энэ онгоны тахилгийг жилд нэг удаа хийдэг бөгөөд өдөржин шөнөжин зул, хүж таслалгүй өргөдөг мөнх зултай ийм онгон дэлхий дээр өөр байдаггүй гэсэн.  Асар том задгайн талбайн цогцолбор цэцэрлэг нь Монгол аж ахуйг дүрсэлсэн хүрэл хөшөөгөөр дүүрэн юм билээ. Энд таван хошуу мал, хөсөг тэрэг болон морьтон баатруудын хөшөө хийсэн байна. Монгол өргөө гэрүүд нь тус бүртээ өөр өөр утга агуулгатай, жишээ нь номын өргөө, хатны өргөө гэх мэт. Эдгээр өргөөнүүдэд Монгол дээл өмсөж зураг авхуулж болохоос гадна дурсгалын зүйлс худалдаж авч болно.
 
Ордосын эзэнгүй хот
 
Ордосын эзэнгүй хот
Хятадын Дубай гэж нэрлэгдсэн Ордосын шинэ хот уг нь 1 сая хүн ам оршин суух төлөвлөгөөтэй баригдсан том хот юм байна л даа. Даанч баригдсанаас хойш хүмүүсийг ирж суухыг ятгаж дийлээгүй тул одоо болтол хоосон шахуу байгаа юм байхаа. Энэ хотын гудамжаар машинаар явж байхад үнэхээр сонин мэдрэмж төрөх юм билээ. Киноны сэт дээр ирчихсэн ч юм шиг, хүүхдийн тоглоомонд орчихсон ч юм шиг. Гудамж талбай нь хов хоосон, зам нь цоо шинэ, байшин барилга нь гял цал...даанч оршин суугч байхгүй. Одоогоор энд зөвхөн барилгын ажилчид, засаг захиргааны ажилчид л амьдардаг гэсэн. Хүмүүс удахгүй ирж амьдрах байх гээл нээх сайхан том хот бэлдчихсэн юм шиг байгаан. Энэ нийтлэл дээрээс уншсанаар бол уг нь Хятадын хойд хэсгийн байгалийн баялаг дээр тулгуурлаж барьсан, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх өсөх ирээдүйтэй сайхан хот юм шиг байна. Удахгүй энэ хот хүнээр дүүрнэ гэж бичсэн байна лээ.
 
Зам гүүрийн барилгын ажил
Хятадууд үнэхээр дэд бүтэц яаж барихаа мэдэх юмаа. Миний явсан 1500-аад км замын турш хаа сайгүй шинээр баригдаж буй зам болон гүүр байсан. Халиут гээд Монголын хилээс 120км-д байдаг хотод гэхэд жишээ нь эхлээд замыг нь барьчихаад дараа нь замаа дагаад шинэ барилга барьж эхэлсэн байгаа юм.
Гүүр
Монгол шиг байшингаа барьчихаад дундуур нь сүлжиж замаа тавих гэсэн юм байхгүй. Эхэлж замаа барьсанаар гудамж талбай нь илүү цэгцтэй ч болдог юм байна. Урд хөршөөр аялж байхад нэг сайшаалтай бөгөөд авууштай санагдсан зүйл моджуулалт байлаа. Ордос аймгийн газар нутгийн ихэнх нь цөлөрхөг,  Монголын говь шиг газар юм. Цөлжилтөөс хамгаалахын тулд засгийн газраас моджуулалтын арга хэмжээ авч эхэлжээ. Хүн бүр мод тарих ёстой гэсэн. Яг нэг улсад алба хааж байгаа юм шиг үүрэг болгоод өгчихсөн юм шиг байгаан. Мод тарь, тарихгүй бол торгууль төлнө, төлсөн торгуулиар нь өөр хүмүүсийг цалинжуулаад мод тариулна. Монголын говь шиг цөлөрхөг, хуурай хэрнээ таримал мод, зүлэгжүүлэлтээр дүүрсэн байгаа нь Монголд ч гэсэн мод тариад цөлжилтөөс хамгаалж болох юм гэсэн санааг төрүүлж байсан.
Бүтээн байгуулалт
За тэгээд газар сайгүй барилгын ажил...Кран харахаар л бүтээн байгуулалт гэдэг үг шууд орж ирдэг болсон. Хэдий чинээ олон кран байна төдий чинээ их бүтээн байгуулалт байна гэсэн үг хэхэ. Нээрээ сониноос 3 жилийн өмнө анх Гашуунсухайт- Ганц Мод хилийн боомт дээр очиж байхад Монгол, Хятад 2 тал бараг адилхан барилгагүй шахуу байсан байхгүй юу. Тэгсэн чинь Хятадын тал бүр нүдэн дээр 3 жилийн дотор 15000 хүн амьдрах хот барьчихвал яахуу. Монголын тал гэтэл анх байсан шигээ  шалган нэвтрүүлэх хоёр давхар байшинтайгаа л үлдсэн.
 
Ордосын цөл
 
Ордосын цөлд баригдсан Лотус зочид буудал
 Ордос аймгийн газар нутгийн ихэнх нь Ордосын цөлд оршдог гэж дээр бичсэн. Миний гайхшралыг төрүүлсэн зүйл бол энэ элсэн цөлийг яаж ингэж үр дүнтэйгээр ашиглаж чадсан нь байлаа. Цөлийн голд элсэн манхан дунд тансаг зэрэглэлийн буудал барьчихаад жуулчид татаад байж байдаг энэ хужаа нар нээрээ адтай улсууд шүү.
 
Цөлийн Лотус зочид буудал
Энэ буудлын дээрээс авсан зургийг интернэтээс олж тавьлаа. Харин элсэн дээр бетон суурь хэрэглэлгүйгээр яаж барьсан эсэх талаар болон архитектурынх нь талаар мэдээлэл авая гэвэл энэ линк дээр дараад үзээрэй. Их сонирхолтой аргаар барьсан юм шиг байна мэргэжлийн хүнд бол хэхэ.  
 
Бугат хот
 
Бугат хотын гудамж
Бугат хот нь аж үйлдвэрийн хот гэдгээрээ алдартай юм байна. Тэнд бид нар Хятадын томоохон ачааны машин үйлдвэрлэгч болох Beiben Truck үйлдвэрээр зочилж сонирхсон. Энэ нь асар том угсралтын үйлдвэр юм билээ. П хэлбэртэй угсралтын дамжлагыг дамжаад машины их биеээс авхуулаад хөдөлгүүр, дугуй гэх мэт эд ангиудыг нэмж угсарсаар яваад 4 минутын дотор нэг машин гаргадаг гэсэн.
 
Будаг нь ханхалсан шинэ машин үйлдвэрээс гарч байна :)
Урд хөршөөр аялж бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн өчүүхэн хэсгийг нь харахад л өөрийн эрхгүй нэг зүйл бодогдох юм билээ. Бид байнга Хятадын хөдөө нутгаар аялж явдаггүй болохоор үүдэн дэх хөрш маань аварга том могой шиг аажуухан хөдөлж бүтээн байгуулалт нь нэмэгдсээр юу юугүй хаяанд тулаад ирсэн байгааг анзаардаггүй ч байж магадгүй.
 

Tuesday, December 11, 2012

Туркийг тойрсон аялал - төгсгөл

Day 11.
Перг эртний хот, Анталья
Аялалд гарсаар арваннэг дэх өдрийнхөө өглөө бид уг нь энэ өдрийг далайн эрэг дээр наранд шарж өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч тэнгэр жоохон бүрхэг байсан тул далайн эрэг явахын оронд Перг эртний хотыг үзэхээр шийдлээ. Пергийг үзэх төлөвлөгөө байгаагүй боловч Анталья музэйд үзсэн үзмэрүүдийн ихэнхи нь Пергээс олдсон гэсэн хаягтай байсан тул энэхүү газрыг өөрийн эрхгүй сонирхсон юм. Перг нь Анталья хотоос арван хэдхэн км зайд байдаг бөгөөд отогараас бараг 30 мин тутамд жижиг оврын автобус явдаг тул явж очиход амархан газар байна билээ. Перг хот нь бараг МЭӨ 1000-аад оны үед байгуулагдсан, олон зууны туршид олон соёл иргэншлийн нүүр үзэж ирсэн түүхийн баялаг дурсгалтай хот юм байна гэж ойлгосон.  Hellenistic үед хамгийн баян, хамгийн гоё хотуудын нэг байсан гэнээ. Эндээс олдсон баримал, хөшөө дурсгалуудыг харвал аргачгүй л гэж хэлэхээр юм байна лээ.

Перг хотын стадиум

Пергэд ирээд автобуснаас буугаад алхаж байхад хамгийн эхлээд эртний анфитеатр тааралдана. Гэхдээ тэр нь засвартай гээд хаалттай байсан. Дараа нь жоохон алхаад эртний стадиумтай тааралдана. Стадиумаар дайраад Пергийнхээ төв рүү ордог юм билээ. Перг хотын хаалга нь хоёр том цамхагтай. Цамхагууд нь оройгоосоо нурчихсан хэрнээ сүрлэг харагддаг юм билээ.
Перг хотын хаалганы цамхаг
Энэ хотын барилга байгууламжууд орчин үеийнхээс дутахгүй төгс шийдэлтэй байжээ. Шалнаасаа халдаг халуун усны газар гэх мэт. Шалны доогуур нь олон хонгил байх нь тэр үеийн халаалтын систем нь байсан бололтой. Энгийн xүний нүдээр би тэгж харав, инженер xүн бол өөр нүдээр харах байсан байхалдаа хэхэх. Тэгээд тэр халуун усны газар нь жишээ нь гэхэд уурын өрөө, халуун өрөө, сэрүүн өрөө гээл хэд хэдэн дамжлагатай өрөөнүүд байх юм билээ.

Перг хотын баганатай гудамж
Баганатай гудамж, өргөн чөлөөнүүд нь энэ хотын нэрийн хуудас болсон гэхэд болно. Олон жилийн өмнө Эфэс эртний хотыг үзэж байхдаа тэндxийн баганатай өргөн чөлөөгөөр явж байхдаа их л сэтгэл хөдөлж байж билээ. Пергийн баганатай өргөн чөлөө Эфэсийнхээс арай гоё юм шиг санагдсан. Эфэс тэхдээ нөгөө алдартай номын сан энэ тэрээрээ хамаагүй өөр лдө. Энэ удаагийн аялал уг нь Эфэсээр дайрах байсан боловч бид хоёр далайн эрэгтт өнжих хугацаагаа жоохон нэмэх гээд Измир орох аялалаасаа татгалзсан. Тэгээд ч Пергийн баганатай гудамжийг үзсэнийхээ дараа Эфэс заавал явах шаардлагагүй гэж тохиролцсон лдо хэхэ. Пергээр зугаалж дуусаад буцаж Анталья ороод, тэндээс Фэтхиеэ хот орох автобусанд суусан. Фэтхиеэ хот руу 150км, 3.5 цаг явсан.
Антальягаас Фэтхиеэ орох зам дагуу тосгон
 Фэтхиеэд орой 8 цагийн үед очсон. Тэнд биднийг тосч авсан найз маань тэндхийн хамгийн алдартай загасны заx орж биднийг дайлав. Загасны зах гэдэг газар нь голдоо түүхий загас зардаг лангуунуудтай, эргэн тойронд нь гуанз ресторантай. Тэгээд загас зарж байгаа xүмүүсээс загасаа өөрсдөө сонгоод, ресторанд өгч шаруулаад иддэг юм байна.

Фэтхиеэгийн загасны зах
Фэтхиеэ хот Туркийн аялал жуулчлалын төвүүдийн нэг хэрнээ 10-р сарын эхээр очиход хөл хөдөлгөөн харьцангуй татарсан байдаг юм билээ. Ямартаа ч хотын төв нь оройдоо хүн амгүй юм шиг л эл хуль байсан.

Шөнийн Фэтхиеэ хот
Тэргэл сартай шөнө байсан тул шөнийн Фэтхиеэ хотыг сонирхож шөнийн зугаалга хийсэн. Хотын хажуугийн уулан дээрээс дарвуулт завьнуудын зогсоол маш гоё харагдаж байсан.

Hisaronu, Fethiye
Бид нар Фэтхиеэ хотыг тойрч жоохон зугаалж байгаад Хисарөйнү гээд шөнийн цэнгээний баар савнууд байдаг газар руу нь явав. Тэр газар Турк гэж хэлэхээргүй өөр газар байсан. Туркээс огт өөр улсад явж байгаам шиг санагдсан. Тэнд байгаа хүмүүс нь дан гадаадууд, бүх хүмүүс англиар яриад Туркийн зүүн хэсгээр явж явж ирсэн бидний хувьд их сонирхолтой санагдаж байлаа.

Day 12.

Сөнөсөн тэнгисд тавтай морил
Энэ өдрийг Сөнөсөн тэнгисийн эрэг дээр өнгөрүүлэхээр эртлэн гарч явлаа. Сөнөсөн тэнгис гэгч энэ газар нэрнээсээ ч тэрүү, цаанаасаа л нэг тийм өвөрмөц санагдаад би хувьдаа хэдэн жил Туркэд амьдрахдаа очиж үзэхийг хамгийн  ихээр xүсч байсан газар билээ. Далайн ус ийм тунгалаг, тогтуун, цэвэрхэн байсан өөр эрэг дээр очиж үзэж байсангүй.

Сөнөсөн тэнгисийн эрэг
Сөнөсөн тэнгис нь Фэтхиеэ хотоосоо хэдэн км зайтай байдаг юм билээ. Тийшээгээ мөн минибусаар яваад хүрч болно. Далайн эрэг дээр очихоосоо өмнө эргийг дээрээс хардаг уул руу гарч энэ гайхалтай дүр зургийг харлаа. Сөнөсөн тэнгисийн эрэг нь Газар дундын тэнгисийн хамгийн их зураг нь авагдсан эргүүдийн нэгд ордог юм байна. Ийм гайхалтай дүр зургийг харахаар диваажин гэж байдаг бол ийм л байдаг байх гэдэг бодол төрж байх шиг.

Сөнөсөн тэнгисийн эрэг
Сөнөсөн тэнгисийн эрэг нь Blue Flag beach  зэрэглэлд ордог.  Blue Flag beach гэдэг нь байгаль орчин, усны чанар талаасаа дээд зэргийн стандарт хангасан далайн эрэгт олгодог сэртификат юм байна.
Paraglyding over Blue Lagoon
Сөнөсөн тэнгисийн өөр нэг алдартай зүйл нь параглаядинг буюу шүхрээр үсрэх юм. Далайн эрэг дээр хэвтэж байхад хажуугийн уулын оройгоос үсэрсэн шүxэртэй хүмүүс дээрээс бууж ирж байх жишээтэй. Зарим нэг шүхэр нь мотор шиг юмтай юм. Доошоогоо газар луу дөхөж ирснээ тэрийгээ муухай дуугаргаад буцаад хөөрөөд явчихдаг юм билээ ккк.

Сөнөсөн тэнгисийн эрэг дээр ингэсгээд нарлаж байлаа кк
Далайн эрэг нь бөөрөнхий бөлцгөр хайрган чулуун эрэг бөгөөд ус нь л ёстой гоё цэвэрхэн, ногоон, цэнхэр, тунгалаг байсан. Өмнө нь Антальягийн Коняаалти бийч дээр очиход далайн давалгаа ихтэй мөн ус нь хогтой байсан тул энд ус нь ийм цэвэрхэн байхыг үзээд гайхаж байлаа. Аргагүй л Туркийн хамгийн цэвэрхэн эрэг юм.

Хамгийн гайхалтай нар жаргах агшин
Бид хоёр бүтэн өдөржин далайн эрэг дээр өнжсөн. Усанд орж тоглож байгаад ядрахаараа гарч ирж эрэг дээр наранд шарж хэвтээд, эргэж усанд тоглоод гэх мэт өдрийг сайхан жаргаж өнгөрүүлсэн. Орой нар мандахын хэрд усны мандал гайхалтай гоё өнгөөр солонгорч харагдах юм билээ. Нар далайн мандал руу дөхөж доошлох тусам улам улаан, улам тодорч харагдах юм билээ. Яг тэр үед усан дээр хөвж өнгөрсөн нэг дарвуулт завь энэ дүр зурагт бүр утга учир нэмэх шиг болсон. Үнэхээр сэтгэл догдлуулсан гоё агшин байсан. Аймаар том, бөөрөнхий, улаан нар доошилсоор байгаад далайн ус руу шингээд орчихсон. Энэ агшинг бичиж авсан бичлэгээ дараа нь сонссон чинь "Эймээр гоё, эймээр гоё" гээл дуу алдаад байсан байна лээ хэхэ. Нөгөө үгээр xэлж, үзгээр дүрсэлж баршгүй агшин гэгч л тэр байсан байгаа юм.

Day 13.

Фэтхиеэгээс хөдлөөд дараагийн зогсоол Дэнизли хотын Памуккалэ байв. Дэнизли руу 200км, 5 цаг явж хүрсэн. Энэ хоорондох зам олон өндөр уулыг дамжиж, тойрч, давж эсвэл ороож явдаг ёстой төвөгтэй зам байв.

Denizli орох замд, уулан дээрээс үүл харагдаж байна
Өндөр уул, давааны бараа хараагүй говийн хүүхэд миний хувьд энэ бол нэлээд аймшигтай зам санагдсан. Xарин хамт явсан найзад маань хүүхдийн тоглоом шиг л санагдсан гэсэн. Тэдний нутагт өндөр уул даваа их байдаг гэсэн лдэ. Жоохон огцом уруудах, эсвэл хажуу тийшээ хазайхад би дотроо айж л явлаа. Тэглээ гээд яахав дээ ямар уулын орой дээр автобуснаасаа буугаад гүйлтэй биш дээ, гүрийсэн хэхэ. Дэнизли хот ороод тэндээс Памуккалэ орох минибусд суугаад цаг гаран яваад өдрийн 2 цагийн үед зорьсон газартаа хүрсэн.

Памуккалэ травэртин
Туркээр  Pamukkale буюу Монголоор "хөвөн цайз" гэсэн утгатай энэ газар нь холоос харахад мөс юм шиг харагддаг тэгсэн хэрнээ мөс биш тийм сонин газар юм. Памуккалэ нь шохойн чулуун тавцангуудаас бүрдэх бөгөөд үечилж тогтсон тавцангууд дээр жижиг усан цүнхээлүүд тогтсон байна. Вики ахын тайлбарласнаар бол кальци карбонаттай ус ил гарч ирэхээр карбон диоксид ууршаад кальци карбонат тунаж үлдээд, он удаан жилийн явцад травэртин гээд байгаа шохойн чулуун тавцангуудыг үүсгэсэн гэж байна.
Pamukkale, Denizli
Тавцангууд дээр тогтсон усан бассэйнүүд нь бүлээхэн устай бөгөөд рашаан гэж тооцогддог тул энэ усанд орох уг нь их сайн юм гэсэн. Улмаа бид хоёр усанд орж ид шидийг амсаагүйлдэ, яагаад гэхээр бид хоёр оройдоо Бурса явах ёстой байсан юм. Памуккалэг Хэраполис эртний хоттой нь үзэж дуусгахад 4 цагийн зай байсан хэрэг.

Памуккалэ болон Хэраполисыг 1988 оноос Дэлхийн Соёлын өвд бүртгэж, хамгаалалтандаа авчээ. Памуккалэ травэртин дээгүүр явахдаа гутлаа тайлж, хөл нүцгэн явах ёстой. Тэхдээ хөл нүцгэн явахаар чулуулаг нь хөлөнд массаж хийж байгаа юм шиг гоё мэдрэмж төрүүлдэг. Дороос нь дээш өгсөж явсаар байгаад дээр нь гарахад Хэраполис хот руугаа гарч ирдэг.

Эртний театр
Hierapolis нь МЭӨ 2-р  зууны эxэн үед халуун рашаан маягаар байгуулагдаад эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг байж байгаад МЭ 200-аад оны үеэс жинхэнэ хот болж өргөжин тэлсэн аж. Энэ хугацаанд Ромын халуун усны газар, гимнази, хэд хэдэн сүм, баганатай гудамж, усан оргилуур гэх мэт байгууламжууд баригдсан. Хамгийн үзүүштэй зүйл болох эртний театр нь МЭ60 оны үед байгуулагдсан. Жижигхэн, огцом өгссөн суудалтай энэ театр яагаад ч юм надад хамгийн их таалагдсан.
Хэраполис эртний хотод дүрсгүйтэж байна ккк
Эртний театрын хаалга нь дээд талдаа байдаг болохоор тийшээ хүрэх гэж нэлээд авирсан шүү. Дээрээс нь аймаар халуун өдөр байж таараад, хоёулаа усгүй ангаж үхэх гэж байгаа хоёр амьтан гарч очоод ус хайж гарсан. Уг нь иймэрхүү эртний газруудад чэшмэ буюу ундны усны оргилуурууд байдаг байхгүй юу. Гэтэл юу боллоо ч гэж уулын орой дээр тэр нь байх вэ. Ус зарах түц мүц ч байхгүй тул арга ядаад тэнд байсан хамгаалагчаас нь ус хаанаас олж болохыг асуутал тэр өөрийнхөө уснаас ууж болно гэв. Цангаж яваа хүнд ус өгөх шиг их буян байдаггүй юм гэнэ билээ. Тэр хамгаалагч ах их буян болсон.

Colonnade in Hierapolis ancient city
Театрыг үзчихээд доошоо уруудаад гимнази, оршуулгын газар, баганатай гудамж гэх мэт газруудыг үзэхээр явлаа. Нэг талаараа эртний байгууламжууд нь эгнээд, нөгөө талаар нь чулуун жим засаад, цэцгэн мандал тарьчихсан тул эрт эдүүгээгийн байгууламжууд хослоод их л өвөрмөц дүр зургийг буулгаж байна лээ.

Sunset from Pamukkale travertines
Дөрвөн цагийн дотор үзээд амжчихна гэж бодож байсан газар маань яваад яваад дуусдаггүй нэг мэдсэн нар жаргаж байлаа. Памуккалэгээс харахад тэртээ уулын цаагуур далд орж байгаа нар бас л өөрийн гэсэн онцлогтойгоор жаргаж байна билээ. Бид хоёр нар жаргах агшинг харчихаад автобусаднаа амжихийн тулд травэртинаа уруудаад гүйж өгсөн. Памуккалэд ирсэн хүн үндэсний хоол болох гөзлэмэ идэхгүй явж болохгүй тул яарч гүйж байж бас зам суурт зогсоод гөзлэмэ хийлгэж аваад байгаамаа. Монголчилбол маш нимгэн бин хайрч байгаад дотор нь бал, шоколад, төмс, бяслаг, мах гэх мэтийг хийж хуйлаад дахиад хайрах юмуу даа. Гэртээ туршиж үзэхэд амархан л юм шиг байна лэ.

За ингээд адал явдалт нэг өдөр дуусч орой 8 цагаас бид Бурса орох автобусандаа суусан байлаа. Бурса хот руу 430км, 9 цаг явах бөгөөд замдаа Измир хотоор дайрдгийг нь мэдээгүй байсан болохоор шөнө нэг сэрсэн чин Измирийн отогар дээр ирсэн байхад нь гайхсан шүү.

Day 14.

Бурса орно гэдэг маань Стамбул руу нэлээн дөхөж байна гэсэн үг. Бурсад манай оюутны ангийн хүүхэд байдаг ба манайхаар заавал дайрч гараарай гэж урьсан тул хэрэг болгож тийшээ зорьсон юм. Өглөө 5 цагт отогараас биднийг тосч авсан. Найзынхаа гэрт очоод замын ядаргаа гаргаж хэдэн цаг унтаж авлаа. Найз маань энэ өдрийг бидэнтэй өнгөрүүлэх гээд ажлаасаа чөлөө авсан байсан тул унтаад босоход жинхэнэ утгаар нь турк өглөөний цай бэлдэж өгсөн.

Бурсагийн гудамж
Бурса хот Стамбултай ойрхон тул өвлийн улиралд Улудаг ууланд цанаар гулгах гэж оюутан байхдаа хэд хэдэн удаа ирж байлаа. Бурсад Улужами гээд нэг том сүм байдаг. Бас нэлээд шашинлаг газар гэж хэлж болно. Шашны их том том хүмүүс эндээс төрсөн, энд амьдарч байсан юм гэсэн.
Kozahan
Бид нар гадуур гарч худалдааны төв болон Козахан гэдэг газар руу явав. Энэ нь Стамбулын  -н жижигрүүлсэн хувилбар шиг юм билээ. Турк үндэсний эдлэл, бэлэг дурсгал, Бурсагийн алдартай гар, нүүр, банны алчуур, торгон алчуур гэх мэтийг авч болно.

Kozahan tea garden
Надад машид таалагдсан газар бол Козаханы цайны цэцэрлэг байлаа. Козаханы дотор задгай талбайд баахан сандал, ширээ тавиад цайны газар хийчихсэн. Дэлгүүрүүдээр хэсч ядраад түр сууж цай ууж, алжаал тайлаад явахад зориулсан. Мөн зүгээр тааваараа найз нөxөдтэйгээ уулзаж суухад ч тохиромжтой тун аятайхан газар байна лэ. Козаханы хоёр давхараас харахад дэлгэж зоосон өнгө өнгийн шүхэр л харагддаг.

Bursa silk
Бурса хот текстилээрээ алдартай ба эндхийн гар, нүүрийн алчуур, торгон алчуур хоёр алдартай. Жинхэнэ торго энд үйлдвэрлэдэг гэсэн. Торгоны авгалдай хүртэл тавьчихсан байна лэ ккк. Козаханыг хэсч дуусгасныхаа дараа Бурса искэндэр идээд, Ботаник паркаар жаахан зугаалж байгаад орой болсон доо. Орой 8 цагаас Бурсагаас Яалова хүртэл автобусанд суугаад, Яаловагаас Стамбул хүртэл "deniz otobusu" буюу далайн автобусаар явсан. Манай найз "Ингээд та илжигнээс бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэлд сууж үзлээ дээ" гэж хэлсэн хэхэ.

Бурсагаас Яаловагаар дайраад Стамбул ирэхэд 2хон л цагийн аялал болдог юм билээ. Биднийг орой 10 цагт Стамбулд буухад бага зэрэг бороо шивэрсэн тун сайхан үдэш угтсан. Ингээд 14 хоногийн аялал маань дууссан гэдэгт итгэж чадалгүй, цүнх дүүрэн бэлэг дурсгал, аппарат дүүрэн зураг, сэтгэл дүүрэн дурсамжтайгаар л буцаж ирсэн дээ.

------
Дараагийн дугаарт Стамбул хотын талаар жичид нь бичих болно ;)