Sunday, August 24, 2025

Баруун хойд хязгаарт аялсан тэмдэглэл буюу Увс, Баян-Өлгий, Хөвсгөл аялал

 

Увс аймгийн төв Улаангом хот

2020 онд буюу 5 жилийн өмнө Увс аймгаар дамжаад Алтай Таван Богдын аялал хийж байж. Тэр пост-доо 5 жилийн дараа дахиад энэ зүгт аялна гэж бичиж байж.. Гэхдээ энэ хугацаанд Увсад 2022 оны зун, 2025 оны өвөл гээд 2 удаа ирээд явсан байна. Харин энэ зун Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадам, Алтай Таван Богдын аялал, буцах замдаа Хөвсгөл аймаг гээд Монгол орныхоо баруун хойд хязгаарыг тойроод 15 хоног 5000км газар аяллаа. 

Хяргас нуур Хэцүү хад Баруун бийч ресорт
 Улаанбаатараас ирэх замдаа Хяргас нуурын Хэцүү хад орсон. 2015 онд Хэцүү хадан дээр ирж байсан, зам нь маш хэцүү болохоор 2020 онд ирэхдээ очоогүй. Энэ жил "Баруун бийч ресорт" гээд чухам гоё outdoor pool -тэй газар шинээр нээгдээд хүмүүс шуурч байдаг шүү. Үнэхээр тохилог, орчин үеийн гоё газар байсан. Бүтэн өдөр тэнд өнжиж хүүхдүүдээ ханатал пүүлд нь тоглуулсан. Энэ жил Увс аймгийн 100 жил гээд ёстой л "хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж" гэдэг шиг хөл хөдөлгөөн үнэхээр их байсан. Хэцүү хад орох замд машинууд бараг л том жижгээрээ элсэнд сууцгаасан байсан кк. 

Хяргас нуур Хэцүү хад

Хяргас нуурын ус Хэцүү хад талдаа үнэхээр гоё тунгалаг байдаг юм байна. Маргааш нь явах гэтэл хүүхдүүд уснаас гарч өгөхгүй тоглоод.. Дараа нь нуурынхаа нөгөө талд нь буюу Хар тэрмэс гэдэг газар очиж бас баахан усанд орсоон. 

Хяргас нуур Хар тэрмэс
Увсад ирсэн даруйдаа Увс нуур орохоор явсан. Нуурын эрэг буудаллах газар ч олдохгүй хүн машин пиг шавсан байсан, гэхдээ ус бол үнэхээр гоё байсаан. Хүүхдүүдээ л баахан тоглуулсан, ер нь нуур гол явлаа гэхээр хүүхдүүдийг л тоглуулах гэж явах юм даа кк. 

Увс нуур
Увс нуур
Наадмын өмнөх орой Увс явах орон нутгийн замд түгжрэл үүсээд Улаангом орох хаалган дээр аймаг руугаа орох гэж хэдэн цаг оочерлосон сурагтай байсан. Улаангомын булан тохой болгон битүү майхан сав, гэр буудал гэх мэт гудамжиндаа хүн машин 2 нь багтаж шингэхгүй болсон байсан. Намайг 2015 онд анх ирж байхад бас 90 жилийн ой гээд хүн ихтэй, айл болгон хашаандаа машин, майхан зочин гээл хөл ихтэй байсныг санаад байгаа юм. Гэхдээ тэрнээс хойш 10 жилийн хугацаанд байшин барилга, гудамж, зам, хөшөө гээд их л юм нэмэгдэж.. Орох хаалгаа хүртэл шинэчлээд авч (энэ өвөл ирэхэд хуучин хаалгатай байсан). Энэ хаалга бас 2 тэрбум төгрөгөөр хийгдсэн гээд сенсац болоод л амжсан кк. 

Улаангом хотын орох хаалга 
Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадам үнэхээр сүр дуулиантай сүрлэг сайхан болж өнгөрсөөн.. бараг улсын наадмыг ардаа хаялаа гээд л шуугиад байсан. Наадмын нээлт үзэх гээд цэнгэлдэх рүү нь орох гэсэн ч цэнгэлдэх нь дүүрээд даваад үүдээр нь ч шагайж чадаагүй кк. Оронд нь цэнгэлдэхийн гадаа байгуулсан том асруудад нь орж нээлтийн шууд дамжуулалт үзсэн. 
Шууд дамжуулалтын асар
ФБ-ээр дүүрэн Увсын 100 жилийн наадмын талаар яригдсан тул давтаад яахав.. харин 3 орой дараалж наадмын шоу үзсэн гэхээр би бас бие тэнхээ гайгүй байгаам бишүү гэж бодов кк. Эхний орой нийтийн дуучдын тоглолт гээд Увсын гавъяатуудын тоглолт болсон: Увс аймаг чинь дуучдын орон юм байна лээ шд, бараг нэг ч гадны дуучин байхгүй байхад л хэдэн цагийн тоглолт дуучид нь давтагдахгүй байгаам бишүү бараг. 2 дох орой нь наадмын хаалт гээд жинхэнэ шоу тоглолт нь болсон. Энэ зун олон л тоглолт болсон, тэр тоглолтуудын бараг summary үзчих шиг болсон, орчин цагийн Монголын хамаг л алдартай хамтлаг дуучид ирсэн байна лээ.

Наадмын хаалтын тоглолт
 За 3 дах орой нь "THE HU" хамтлагын тоглолт болсон. Хү хамтлагийн гадаадын тоглолтууд sold-out  болдог, дэлхийг шуугиулж буй хамтлаг Монголд хийсэн цор ганц бие даасан тоглолтоо хаа хол Увс аймагт ирж хийнэ гэхээр Увс аймаг хүчтэй байгаа юм шүү. Энэ гэхдээ аймаг хүчтэйдээ биш Увс нутаг ямар хүчтэй вэ гэдгийг л харуулсан хэрэг. Энэ жилийн Увсын реклам сайн явсаан, "Уул усны диваажин" гээл..  

Хү-гийн тоглолт үзээд л маргааш нь бид хэд Алтай Таван Богдын аялалдаа гарсан. Дахиад заавал Алтай таван богд явнаа гэсэн бодол минь биелж энэ жил дүү нартайгаа явсан. Өмнө 2020 онд явахдаа ганц гэрээрээ, жоохон хүүхдүүдтэй, бороо ус ихтэй жил бөөн адал явдалтай явж байсаныг өмнөх бичлэгтээ бичсэн байгаа. 

Алтай Таван Богд
Баруун аймгуудад энэ зун бороо багатай, гол ус үерлээгүй, өглөө оройд дулаахан сайхан байсан. Бид Улаангомоос гараад Үүрэг нуураас Ногоон нуураар дайраад шууд Алтай таван богд руу явсан. Энэ зам хамаагүй шулуун бөгөөд арай дардан зам байсан. Өглөө Улаангомоос гарсан улс оройдоо Таван богдын пост хүрээд хоносон. Бас л сайхан казак гэрт хоноглоод өглөө нь уужуу тайван уул руугаа гарсан. 
Баян-Өлгийн сүрлэг уулс
 Баян-Өлгий рүү сэтгэл татагдах нэг шалтгаан нь дүнхийсэн өвгөн сууж байгаа юм шиг сүрлэг уулс нь шүү. Замын хажуугийн захын уулс л д.т.д 2600м, 3600м байх жишээтэй, ангайж гайхаж явсаар л таардаг. Энэ удаа Алтай таван богд руу өглөө гарсан, уулынхаа энгэрт өвс шарлаад бараг намар болсон байсан нь өнгө үзэмжийн хослол үнэхээр сайхан байсан. Дараа дахиад л ирнээ гэж бодоод л буусан. Хэд ч ирэхээс хэзээ ч уйдахгүй тийм л сайхан газар..

Алтай таван богдоос буцахдаа Цагаан гол (сүүн гол) үзсэн. Цагаан гол бас үнэхээр гоё байсан, догшин хурдан урсгалтай сүүн өнгөтэй голд бараг хөл дүрвэл урсаад явчихаар.. Цагаан голын эрэг дээр буудаллаж, нүд сэтгэлээ баясгасаан. 

Цагаан гол
Баян-Өлгийн захын сумдаар бензин хайж явахдаа энэ хол алслагдсан  газар хүн зон яаж амьдардаг байнаа гээл гайхаж явлаа. Сум болгон маш том, бараг нэг говийн аймгийн төв шиг. Тээврийн хэрэгсэл нь 69, Фургон, ЗИЛ 130 гээд дээр үеийн орос машинууд, яагаад дандаа хуучин машин байгаа юм гэхээр ийм зам байгальд өөр машин явж чадахгүйэ л гэсэн, нээрээ л тэгдэг байх. Зөрж байгаа 69 болгонд жолоо барьж байгаа залуухан залуу, хажууд нь цагаан алчууртай ээж нь бололтой эмэгтэй зорчиж байх юм. Бид нарыг явж байхад хадлан эхэлсэн бололтой зах хязгааргүй уудам хөндийн энд тэнд майхан савтай хадланчид харагдсан. Нэг бодлын нээх их амар амгаланг мэдрэх ч шиг болсон. 

Хөвсгөл нуур
 Алтай таван богдоос дүү нар Ховдын замаар буцаж, харин бид хэд Улаангом ирээд 2, 3 хоночихоод Хөвсгөл явсан. Улаангомоос Хөвсгөл явах зам Их-Уул сум хүртэл засмал замаар явж байгаад тэндээс салаад шороон замаар Мөрөн ортол явдаг юм байна. Их Уул хавьд Идэрийн голын хөвөөн дээр хоноод өглөө эрт зам салсан гэхэд бараг өдөржин яваад оройдоо Мөрөн орсон. Шороон замаар бас их явдаг юм байнаа гэж бодсон. Мөрөнгөөс Жанхай ороод нэг шовгор олж байрлаж авсан. 
Хөвсгөл нуурын эрэг Жанхай
Хөвсгөлийн агаар сайхан байсаан, 8 сар гарсан гэхэд хүн бас цөөнгүй л байсан, бас бидэн шиг улсын наадмаар ажилласан хүмүүс нь амарч явсан байх. Монголчууд Хөвсгөл рүү яагаад хошуураад, Хөвсгөл яагаад моодноос гардаггүйг ойлгосоон, аргагүй шд ийм сайхан байгальтай, ийм сайхан агаартай, сэтгэл тэнэгэр,  стрэсс фрий, далай харж нүд баясгаал, бодож санах юмгүй чиллрэхээр газар байна лээ. 2012, 2015 онд ирж байсан л даа, тэр үед ажил амьдралын учраа олоогүй явж байсан байна гэхгүй юу кк, ийм сайхныг нь мэдрээгүй явсан байна. Бараг л жил болгон ирж баймаар л санагдсан. 




Хоёр өдөр юу ч план хийхгүйгээр амарч авъя гээл чиллэрч байтал өдөр нь зүв зүгээр байсан тэнгэр гэнэт дуу цахилгаан, мөндөр болоод хэдхэн минутын дотор улирал солигдоод өвөл болчих шиг болсон... гэхдээ үзэмж үнэхээр гоё үлгэрийн орон шиг л байсан. Далайн усанд уур мандаад, голын эргээр цасан цагаан болоод манан татаад үнэхээр гоё байгалийн үзэгдэл харах завшаан тохиосон. 
Хөвсгөл нуур
За тэгээд 2 өдөр сайхан амарч аваад, Хүслийн хад, Жанхайн даваа гээд үзэх газруудаа үзэж аваад эргэх замдаа орсон. Уг нь 8-р сарын 8-ны өдөр Эрдэнэт хотод үеэлийн найранд уригдсан байсан боловч гүйэ энэ Хөвсгөл хүртэл ирчихээд энэ жилийн трэнд болоод байгаа Баянзүрх - Бошлой хад орохгүй буцах гэж үү гээд цаашаа явчиж байгаа юм чинь... кк.

Баянзүрх сум
Хатгалаас Баянзүрх сум руу шороон замаар бараг 100км явсан байх, бараг 5 цаг явж хүрсээн. Явах зам хэцүү хол боловч очсон газар үнэхээр л байгалийн сайхан бүрдсэн газар байна лээ. Өндөр уулс нь Баян-Өлгий, Увсын уулсаас огт өөр тогтоцтой, дээрээ хадтай модтой, хормойгоороо устай ургамалтай гээд.. харж алмайраад ангайгаад явсаар таарсан. 

Бошлой хад 
Бошлой хадны орчим аялагч их ирдэг бололтой голын эргээрээ битүү амралтын газар байсан. Бид хэд байгальтайгаа ойрхон хонох гээд голын эрэг дээр майхан барьж буудалласан. Эрэг дагуу өвс ургамал шаргалтаад намрын налгар оройн амар амгаланг мэдэрч гал түлж эморч сууцгаасан кк. Гол дагаад хүмүүс их буудалладаг юм билээ. Ардаа хадтай өндөр уулс, урдаа голтой, ёстой налайхаар л гоё газар байна лээ. 
Бошлой хад голын хөвөөнд
2020 онд 5 нас, 3 нас, ойтой 3 жоохонтой аялаж байсныг бодоход энэ жил хүүхдүүд 10 нас, 7 нас, 5 настай, биеэ даачихсан, аялаад сурчихсан байлаа. 2020 оноос хойш бараг л жил болгон хаашаа ч юм аялсан байна.  2022 онд Увс аймаг орсон, Увсаас Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай гээд Өмнөговь хүртэл явсан, Өмнөговиос Цагаан суварга үзээд УБ орсон уртаас урт аялал хийсэн. 

2023 оны зуны Жининь, Ордос, Хөх хотын аялал хийгээд, дараа нь Хэнтий аймгаар Чингис хааны нутгаар бүтэн тойрсон. Аварга тосонгоос эхлээд Чингис хот, Дадал, Биндэр, Дэлүүн Болдог, Хар зүрхний хөх нуур, Балдан бэрээвэн хийд гээд 2023 он яагаад ч юм Чингисийн музей, Чингисийн онгон, Чингисийн төрсөн газар гээл Чингис хаанаар амьсгалсан жил болсон. 

2024 оны зун урт амралт авч чадаагүй ч weekend ашиглаад Сэлэнгэ, Сайхны хөтөл, Амарбаясгалант хийд, Өгий нуур, Хөшөө цайдам, Өвөрхангай, Аварга тосон гээд 300-400км дотор аялаад байсан байна. 2024 оны намар харин аавын талын ургийн уулзалт гээд Өмнөговь аймгийн Булган суманд ургийн баярт явах далимд хүүхдүүддээ Говь гурван сайхан, Ёлын ам үзүүлсэн. 

2024-2025 оны сурагчийн өвлийн амралтаар буюу 12 сараас 1 сарын хооронд 3 долоо хоног зүүн өмнөд Азийн орнууд буюу Тайланд, Камбож, Вьетнамын аялалд явсан, энэ аялалын детайлээ мартахаасаа өмнө блогтоо бичиж үлдээнэ дээ гээл бодоол байна. 

2025 оны цагаан сараар анх удаа Увс аймаг руу явсан, Увсын өвлийг үзэж, буцах замдаа Завхан Отгонтэнгэрээр аялаад ирсээн бас. Нэг тийш явахаараа маршрут харж байгаад л аялал нэмчихдэг нэг зан байна нөхөр бид хоёрт кк. Өвлийн аялал бас сонирхолтой, адал явдалтай л юм билээ. 

Монголд мундаг мундаг про аялагч гэр бүлүүд зөндөө байдаг болсон байна лээ. Манай гэр бүл про аялагч биш ч хүүхдүүддээ газар үзүүлж, нүд тайлж, тэдэнтэйгээ дурсамж бүтээх гэж хичээдэг. Бас богинохон ч гэсэн бичвэр болгон үлдээж memory -гоо хадгалах үүднээс энэхүү блогийг бичдэг болноо, дараа нь уншихад дурсамжтай сайхан байдаг юм.

Жич: 5н жилийн өмнө бодож байсан төв Азийн аялалаа хийнэ гэж бодсон хэвээрээ байгаа, хэдэн жилийн дараа тэр аялалын тэмдэглэлээ бичээд ч сууж байх юм билүү хэн мэдлээ кк. 

No comments: