Monday, August 20, 2012

Говийн ганц гэр ба жаргалтай Хангайнхан

Галбын говийн хайлааст гол
Би бол төрсөн өссөн говийн хүүхэд л дээ. Үүнийгээ хаана ч л хэнээс ч л зоволгүй хэлнэ дээ харин нэг.  Анх хотод сурахаар орж ирж байхад ангийнхан хаанаас ирсэн тухай асуухад нь Өмнөговиос ирсэн гэхээр бараг шоолоод инээдэг байсан. Танай аймагт чинь онгоцноос буухад бөөн элсэн дунд буудаг гэсэн үнэн үү гээд л... Анхандаа эмзэглэж уйлмаар санагддаг байсан ч сүүлдээ дасаад тоохоо больсон юм даг. Хотынхон болон хангайнханы говийн тухай хэлдэг нэг дооглол бол "Говьд хүүхэн болж төрсөнөөс хангайд бух болж төрөх нь дээр" гэнэ. Говийн хүүхнүүд л зовчихсон, хангайн бух хүртэл жаргачихсан байдаг юм байхаа.
Арваад жилийн өмнө ингэж л хүлээж авдаг байсан бол одоо говийнх гэвэл ямар азтай юм бэ гэж хэлнэ биз. Юм гэдэг амархан өөрчлөгдөх юм даа. Би говьд төрсөндөө хэзээ ч харамсаж байгаагүй. Харин ч хорвоод дахиад хүн болж төрвөл дахиад л говьдоо төрөхийг хүсэх хүртэлээ тийм л хайртай хүн. Говь нутаг хатуу ширүүн юм шиг хэрнээ, элэгтэй зөөлхөн байдаг юм. Хэн ч зориод ирсэн өлгийдөж аваад, заяа буянаа хайрладаг нутаг даа. Говийг би хамгийн сайхан газар гэж боддог байлаа. Хараад хараад хязгаарт нь хараа үл хүрэх нүд чилээх шаргал тал, алсад мяралзан харагдах зэрэглээ, хуурай голын сайр даган ургасан эрхэмсэг хайлаас модод, намхан бор толгод гээд л би бахдаж бардаггүй юм. Тэгээд л хаа ч явсан говио магтаал, нөгөө хэлц үгээ хэлсэн хүмүүстэй муудалцаад явж байдагсан. Сүүлийн үед харин Оюу Толгой, Таван Толгойгоос хойш надтай хүмүүс маргах нь үгүй болсон шүү.
За тэгээд энэ удаа би Монголынхоо сайхан хангай, говийн тухай өөрийнхөө үзэмжээр харьцуулан хэлж өгье.
 
Архангайн зам
Урд нь би Өмнөговь Улаанбаатар хоёрын хооронд унаагаар явж байснаас биш зорьж хангайгаар аялж байсан удаагүй билээ. Энэ зуны амралтаараа хангай нутгаар аялан Хөвсгөл далайг зориод ирсэн юм. Урьд өмнө явж үзээгүй газраа газрын зураг бариад хүнээр зам заалгаад явах бас тийм амаргүй юм билээ. Гэхдээ Хангай энэ тал дээр бас ч гайгүй. Хүн амьтан, хөл хөдөлгөөн хаана ч байнга тааралдах юм билээ. Зөрөөд өнгөрөх машин тэрэг, хөдөөгийн айл гэр гэх мэт...за даа бараг төөрнө гэж худлаа даа. Нэг сайхан юм нь зам нь нэг замаараа явна уу гэхээс олон тийш салаад алга болохгүй юм. Бас шонгийн мод дагаад явахад бол заавал нэг суурин бараадаж л таарна гэсэн бодолтой явахад тэгээл болоо.

Говийн зам
Манай говьд харин тэс эсрэгээрээ шүү. Нүдэнд торох юм юу ч байхгүй, цэлийсэн шаргал тал, нэг нэгэнтэйгээ ижилхэн намхан бор уулс, хааяадаа нэг тааралдах бөртийсэн ганц гэр, хэдэн ботго зэлэн дээрээ эргэлдэж, хүнтэй хүнгүй ч мэдэгдэхгүй эл хуль...
Говийн ганц гэр
Яагаад "говийн ганц гэр" гээд яриад байдгийг ойлгосоон. Яагаад гэвэл "ганц гэр" гэдэг ойлголт чинь зөвхөн говьд л байдаг юм байна. Хангайд айлууд дандаа хотлоороо буудаг юм билээ. Дор хаяж л гурван гэр буусан байх тэгээд цаашлаад дөрвөөрөө таваараа хотлон буужээ. "Хот айл" гэдэг ойлголт чинь тэнд л байдаг юм байна. Говийнхон ганц гэрээр оторлон амьдрах нь магадгүй бэлчээр, ус ногоотой нь холбоотой биз дээ.
Хангайн хот айл
Хангайн айлуудыг харж явахдаа хангай гэдэг чинь "жаргацан" газар байдаг юм байна гэж бодож явлаа. Нэг зунжаа дээр хотлоороо буугаад, тав алхаад үүдэнд гол горхи урсаж, нов ногоон бэлчээртэй... ёстой л тэгээд айраг ууж, айлын охин эргүүлж явах жаргал тэнд байдаг юм байна. Говийнхон маань зунжингаа л усны элбэг, ногооны сайхныг хөөж оторлон нүүдэллээд, халуунд халж борооны мөрөөсөл болоод...за хэцүүдээ хэцүү, хангайн жаргацан гаруудад бол төсөөлөгдөх ч үгүй бизээ.
Хангайн өвөлжөөнүүд надад их таалагдсан. Уулынхаа бэлд нэлээд өндөрлөгт байрлах юм. Харваас хэлтгий шүү бас.. гэрээсээ гараад малынхаа хороо руу эсвэл бие засах гээд хэд алхахдаа уулынхаа уруу өнхөрчихдөггүй юм байхдаа гэж бодож амжив.
Говийн нуур
Бороо ихтэй зун хотгор газруудад иймэрхүү тойром тогтох бөгөөд айлууд олноороо ирж энэ усаа бараадаж буудаг. Энэ бол говийнхондоо л жаргалын орон болой. Намайг хүүхэд байхад нэг удаа яг л ийм зун болж, их бороотой, нууртай, ногоотой байсан юм даг. Нуураа тойроод олон айл буучихсан, өдөрт нь мал услах гэж гар худаг сахих ажилгүй болохоор их л завтай зун байсан. Хүүхэд залуучууд нь нэг гэрийнхээ гадаа цуглаад хөгшдөөр үлгэр хууч яриулах, эсвэл хөзөр даалуу тоглож өдрийг өнгөрөөдөг байсан. Нутгийн залуус морь унан хөлхөлдөж, айлын охидыг татаж чангаадаг л байсан байх хэхэ.
Өгийн нуур
Энэ бол харин та бүгдийн сайн мэдэх Өгийн нуур байна. Би хангайн нууруудын жишээ болгож Өгийн нуурыг авлаа. Эргэн тойронд нь айл амьтан, амралт сувилалын газар, аялагчид майханчид гээд хөл хөдөлгөөнтэй газар байна билээ. Загас ихтэй нуур тул загасчны бизнес хүртэл байсан.
Уул үүл нь нийлэн харагдах...
Уул үүл нь нийлэн харагдах умрын цэнхэр хангай минээ гээд нэг сайхан дуу байдаг билүү? Уулын оройгоор үүл хүүшлэнэ гэж ярьдаг даа. Би яг үнэндээ тэр юу болохыг мэддэггүй байсан юм. Хангайд явж байхдаа л уулын оройгоор үүл яаж хүүшлэдэгийг олж харсан. Энгийнээр тайлбарлавал үүл уулын оройноос аргамжаатай юм шиг тэндээ тээглээд байгаад байхыг хэлдэг юм билээ шд хэхэхэ.
Зэрэглээн дундаа мяралзах...

Говийн тэнгэр бүртийх ч үүлгүй тув тунгалаг, цэв цэнхэр байдаг юм. Нар яг дээрээс унаад ирэх гэж байгаа юм шиг л шарахыг яана гээ. Зэрэглээн дудн мяралзан харагдаж байгаа говийн ганц гэр харагдаж байна. Гаднаа хэдэн ботго уясан бололтой юм. Эхийгээ харуулдан буйлалдаж байгаа даа..
Рашаант сум
Хангайн сумынтөвүүд нэг иймэрхүү, бөөн модон байшинтай. Тэв тэгшхэн хар модон хашаатай... Манай говьд хашаа хийдэг банзыг энд тоож хардаггүй, түлээний мод болгодог гэсэн. Сумын төв нь өнгөлөг хөөрхөн санагдсан.
Ханбогд сум
Сүүлийн зураг болвоос Ханбогд сумын төвийн 2009 оны зураг байна. Гурван жилийн дараа одоо энэ сум танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Хүн ам ч өсөөд, хашаа байшин, дэлгүүр худалдаа ихээр нэмэгдсэн. Хамгийн өндөр 4 давхар байшин хүртэл баригдсан гээд бод доо. За ер нь Ханбогд сумын амьдрал хөгжлийн тухай дараа жичдээ бичмээр юм байна.
Сүүлийн хоёр зураг өнгө үзэмж, байгалийн төрх байдлаараа ямар их ялгаатай байна вэ.. Аргагүй л Хангай, Говь хосолсон сайхан Монгол орон минь юмаа :).


7 comments:

Anonymous said...

goyo bichleg baina. Bi Huvsguliinh l doo. Chinii haristuulsan zurguudiin chini goviinh ni dandaa havar avsan, hangainh ni dandaa zun avsan zurag yum uu? Govi dandaa iim elsen shar bish biz de

Номинговь said...

Sonirhoj unshij setgegdelee huvaaltssand bayarlalaa. Yag unendee ene goviin zurguudiig 3 honogiin omno avsan. Hangain zurgiudiig 7 sard yavj bhdaa avsan. 8 sar garaad govid neleen ih boroo orson tuldaa arai ongo zassan bgaa ni ene shu de. Gantai zun bol bur shav shar bdag yum.

Bayarja said...

Saihan bichleg bna, amjilt husey! Tuurviad bai tuurviad bai

бж said...

Huurhun bichdeg yum be, "zunjaa" gesen savj unalaa shd. Sanaatai tegj bichsen uu, tee? Zuslan gedegguisen biluu? :P

Номинговь said...

Bayarlalaa. Zuslang l "zunjaa. " geed bgaan, nutgiin helleg yum bailgui de kkk..

uuganbyamba ganbold said...

Танай сайхан нутгаар явж аялаж үзмээр санагдчлаа.бүр сэтгэл хөдлөөд

Номинговь said...

Zunii saihan tsagt irj uzeerei. Uzej harah yum zondoo baigaa. Tosch avna gej helsen baihaa kkk.