Sunday, August 24, 2025

Баруун хойд хязгаарт аялсан тэмдэглэл буюу Увс, Баян-Өлгий, Хөвсгөл аялал

 

Увс аймгийн төв Улаангом хот

2020 онд буюу 5 жилийн өмнө Увс аймгаар дамжаад Алтай Таван Богдын аялал хийж байж. Тэр пост-доо 5 жилийн дараа дахиад энэ зүгт аялна гэж бичиж байж.. Гэхдээ энэ хугацаанд Увсад 2022 оны зун, 2025 оны өвөл гээд 2 удаа ирээд явсан байна. Харин энэ зун Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадам, Алтай Таван Богдын аялал, буцах замдаа Хөвсгөл аймаг гээд Монгол орныхоо баруун хойд хязгаарыг тойроод 15 хоног 5000км газар аяллаа. 

Хяргас нуур Хэцүү хад Баруун бийч ресорт
 Улаанбаатараас ирэх замдаа Хяргас нуурын Хэцүү хад орсон. 2015 онд Хэцүү хадан дээр ирж байсан, зам нь маш хэцүү болохоор 2020 онд ирэхдээ очоогүй. Энэ жил "Баруун бийч ресорт" гээд чухам гоё outdoor pool -тэй газар шинээр нээгдээд хүмүүс шуурч байдаг шүү. Үнэхээр тохилог, орчин үеийн гоё газар байсан. Бүтэн өдөр тэнд өнжиж хүүхдүүдээ ханатал пүүлд нь тоглуулсан. Энэ жил Увс аймгийн 100 жил гээд ёстой л "хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж" гэдэг шиг хөл хөдөлгөөн үнэхээр их байсан. Хэцүү хад орох замд машинууд бараг л том жижгээрээ элсэнд сууцгаасан байсан кк. 

Хяргас нуур Хэцүү хад

Хяргас нуурын ус Хэцүү хад талдаа үнэхээр гоё тунгалаг байдаг юм байна. Маргааш нь явах гэтэл хүүхдүүд уснаас гарч өгөхгүй тоглоод.. Дараа нь нуурынхаа нөгөө талд нь буюу Хар тэрмэс гэдэг газар очиж бас баахан усанд орсоон. 

Хяргас нуур Хар тэрмэс
Увсад ирсэн даруйдаа Увс нуур орохоор явсан. Нуурын эрэг буудаллах газар ч олдохгүй хүн машин пиг шавсан байсан, гэхдээ ус бол үнэхээр гоё байсаан. Хүүхдүүдээ л баахан тоглуулсан, ер нь нуур гол явлаа гэхээр хүүхдүүдийг л тоглуулах гэж явах юм даа кк. 

Увс нуур
Увс нуур
Наадмын өмнөх орой Увс явах орон нутгийн замд түгжрэл үүсээд Улаангом орох хаалган дээр аймаг руугаа орох гэж хэдэн цаг оочерлосон сурагтай байсан. Улаангомын булан тохой болгон битүү майхан сав, гэр буудал гэх мэт гудамжиндаа хүн машин 2 нь багтаж шингэхгүй болсон байсан. Намайг 2015 онд анх ирж байхад бас 90 жилийн ой гээд хүн ихтэй, айл болгон хашаандаа машин, майхан зочин гээл хөл ихтэй байсныг санаад байгаа юм. Гэхдээ тэрнээс хойш 10 жилийн хугацаанд байшин барилга, гудамж, зам, хөшөө гээд их л юм нэмэгдэж.. Орох хаалгаа хүртэл шинэчлээд авч (энэ өвөл ирэхэд хуучин хаалгатай байсан). Энэ хаалга бас 2 тэрбум төгрөгөөр хийгдсэн гээд сенсац болоод л амжсан кк. 

Улаангом хотын орох хаалга 
Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадам үнэхээр сүр дуулиантай сүрлэг сайхан болж өнгөрсөөн.. бараг улсын наадмыг ардаа хаялаа гээд л шуугиад байсан. Наадмын нээлт үзэх гээд цэнгэлдэх рүү нь орох гэсэн ч цэнгэлдэх нь дүүрээд даваад үүдээр нь ч шагайж чадаагүй кк. Оронд нь цэнгэлдэхийн гадаа байгуулсан том асруудад нь орж нээлтийн шууд дамжуулалт үзсэн. 
Шууд дамжуулалтын асар
ФБ-ээр дүүрэн Увсын 100 жилийн наадмын талаар яригдсан тул давтаад яахав.. харин 3 орой дараалж наадмын шоу үзсэн гэхээр би бас бие тэнхээ гайгүй байгаам бишүү гэж бодов кк. Эхний орой нийтийн дуучдын тоглолт гээд Увсын гавъяатуудын тоглолт болсон: Увс аймаг чинь дуучдын орон юм байна лээ шд, бараг нэг ч гадны дуучин байхгүй байхад л хэдэн цагийн тоглолт дуучид нь давтагдахгүй байгаам бишүү бараг. 2 дох орой нь наадмын хаалт гээд жинхэнэ шоу тоглолт нь болсон. Энэ зун олон л тоглолт болсон, тэр тоглолтуудын бараг summary үзчих шиг болсон, орчин цагийн Монголын хамаг л алдартай хамтлаг дуучид ирсэн байна лээ.

Наадмын хаалтын тоглолт
 За 3 дах орой нь "THE HU" хамтлагын тоглолт болсон. Хү хамтлагийн гадаадын тоглолтууд sold-out  болдог, дэлхийг шуугиулж буй хамтлаг Монголд хийсэн цор ганц бие даасан тоглолтоо хаа хол Увс аймагт ирж хийнэ гэхээр Увс аймаг хүчтэй байгаа юм шүү. Энэ гэхдээ аймаг хүчтэйдээ биш Увс нутаг ямар хүчтэй вэ гэдгийг л харуулсан хэрэг. Энэ жилийн Увсын реклам сайн явсаан, "Уул усны диваажин" гээл..  

Хү-гийн тоглолт үзээд л маргааш нь бид хэд Алтай Таван Богдын аялалдаа гарсан. Дахиад заавал Алтай таван богд явнаа гэсэн бодол минь биелж энэ жил дүү нартайгаа явсан. Өмнө 2020 онд явахдаа ганц гэрээрээ, жоохон хүүхдүүдтэй, бороо ус ихтэй жил бөөн адал явдалтай явж байсаныг өмнөх бичлэгтээ бичсэн байгаа. 

Алтай Таван Богд
Баруун аймгуудад энэ зун бороо багатай, гол ус үерлээгүй, өглөө оройд дулаахан сайхан байсан. Бид Улаангомоос гараад Үүрэг нуураас Ногоон нуураар дайраад шууд Алтай таван богд руу явсан. Энэ зам хамаагүй шулуун бөгөөд арай дардан зам байсан. Өглөө Улаангомоос гарсан улс оройдоо Таван богдын пост хүрээд хоносон. Бас л сайхан казак гэрт хоноглоод өглөө нь уужуу тайван уул руугаа гарсан. 
Баян-Өлгийн сүрлэг уулс
 Баян-Өлгий рүү сэтгэл татагдах нэг шалтгаан нь дүнхийсэн өвгөн сууж байгаа юм шиг сүрлэг уулс нь шүү. Замын хажуугийн захын уулс л д.т.д 2600м, 3600м байх жишээтэй, ангайж гайхаж явсаар л таардаг. Энэ удаа Алтай таван богд руу өглөө гарсан, уулынхаа энгэрт өвс шарлаад бараг намар болсон байсан нь өнгө үзэмжийн хослол үнэхээр сайхан байсан. Дараа дахиад л ирнээ гэж бодоод л буусан. Хэд ч ирэхээс хэзээ ч уйдахгүй тийм л сайхан газар..

Алтай таван богдоос буцахдаа Цагаан гол (сүүн гол) үзсэн. Цагаан гол бас үнэхээр гоё байсан, догшин хурдан урсгалтай сүүн өнгөтэй голд бараг хөл дүрвэл урсаад явчихаар.. Цагаан голын эрэг дээр буудаллаж, нүд сэтгэлээ баясгасаан. 

Цагаан гол
Баян-Өлгийн захын сумдаар бензин хайж явахдаа энэ хол алслагдсан  газар хүн зон яаж амьдардаг байнаа гээл гайхаж явлаа. Сум болгон маш том, бараг нэг говийн аймгийн төв шиг. Тээврийн хэрэгсэл нь 69, Фургон, ЗИЛ 130 гээд дээр үеийн орос машинууд, яагаад дандаа хуучин машин байгаа юм гэхээр ийм зам байгальд өөр машин явж чадахгүйэ л гэсэн, нээрээ л тэгдэг байх. Зөрж байгаа 69 болгонд жолоо барьж байгаа залуухан залуу, хажууд нь цагаан алчууртай ээж нь бололтой эмэгтэй зорчиж байх юм. Бид нарыг явж байхад хадлан эхэлсэн бололтой зах хязгааргүй уудам хөндийн энд тэнд майхан савтай хадланчид харагдсан. Нэг бодлын нээх их амар амгаланг мэдрэх ч шиг болсон. 

Хөвсгөл нуур
 Алтай таван богдоос дүү нар Ховдын замаар буцаж, харин бид хэд Улаангом ирээд 2, 3 хоночихоод Хөвсгөл явсан. Улаангомоос Хөвсгөл явах зам Их-Уул сум хүртэл засмал замаар явж байгаад тэндээс салаад шороон замаар Мөрөн ортол явдаг юм байна. Их Уул хавьд Идэрийн голын хөвөөн дээр хоноод өглөө эрт зам салсан гэхэд бараг өдөржин яваад оройдоо Мөрөн орсон. Шороон замаар бас их явдаг юм байнаа гэж бодсон. Мөрөнгөөс Жанхай ороод нэг шовгор олж байрлаж авсан. 
Хөвсгөл нуурын эрэг Жанхай
Хөвсгөлийн агаар сайхан байсаан, 8 сар гарсан гэхэд хүн бас цөөнгүй л байсан, бас бидэн шиг улсын наадмаар ажилласан хүмүүс нь амарч явсан байх. Монголчууд Хөвсгөл рүү яагаад хошуураад, Хөвсгөл яагаад моодноос гардаггүйг ойлгосоон, аргагүй шд ийм сайхан байгальтай, ийм сайхан агаартай, сэтгэл тэнэгэр,  стрэсс фрий, далай харж нүд баясгаал, бодож санах юмгүй чиллрэхээр газар байна лээ. 2012, 2015 онд ирж байсан л даа, тэр үед ажил амьдралын учраа олоогүй явж байсан байна гэхгүй юу кк, ийм сайхныг нь мэдрээгүй явсан байна. Бараг л жил болгон ирж баймаар л санагдсан. 




Хоёр өдөр юу ч план хийхгүйгээр амарч авъя гээл чиллэрч байтал өдөр нь зүв зүгээр байсан тэнгэр гэнэт дуу цахилгаан, мөндөр болоод хэдхэн минутын дотор улирал солигдоод өвөл болчих шиг болсон... гэхдээ үзэмж үнэхээр гоё үлгэрийн орон шиг л байсан. Далайн усанд уур мандаад, голын эргээр цасан цагаан болоод манан татаад үнэхээр гоё байгалийн үзэгдэл харах завшаан тохиосон. 
Хөвсгөл нуур
За тэгээд 2 өдөр сайхан амарч аваад, Хүслийн хад, Жанхайн даваа гээд үзэх газруудаа үзэж аваад эргэх замдаа орсон. Уг нь 8-р сарын 8-ны өдөр Эрдэнэт хотод үеэлийн найранд уригдсан байсан боловч гүйэ энэ Хөвсгөл хүртэл ирчихээд энэ жилийн трэнд болоод байгаа Баянзүрх - Бошлой хад орохгүй буцах гэж үү гээд цаашаа явчиж байгаа юм чинь... кк.

Баянзүрх сум
Хатгалаас Баянзүрх сум руу шороон замаар бараг 100км явсан байх, бараг 5 цаг явж хүрсээн. Явах зам хэцүү хол боловч очсон газар үнэхээр л байгалийн сайхан бүрдсэн газар байна лээ. Өндөр уулс нь Баян-Өлгий, Увсын уулсаас огт өөр тогтоцтой, дээрээ хадтай модтой, хормойгоороо устай ургамалтай гээд.. харж алмайраад ангайгаад явсаар таарсан. 

Бошлой хад 
Бошлой хадны орчим аялагч их ирдэг бололтой голын эргээрээ битүү амралтын газар байсан. Бид хэд байгальтайгаа ойрхон хонох гээд голын эрэг дээр майхан барьж буудалласан. Эрэг дагуу өвс ургамал шаргалтаад намрын налгар оройн амар амгаланг мэдэрч гал түлж эморч сууцгаасан кк. Гол дагаад хүмүүс их буудалладаг юм билээ. Ардаа хадтай өндөр уулс, урдаа голтой, ёстой налайхаар л гоё газар байна лээ. 
Бошлой хад голын хөвөөнд
2020 онд 5 нас, 3 нас, ойтой 3 жоохонтой аялаж байсныг бодоход энэ жил хүүхдүүд 10 нас, 7 нас, 5 настай, биеэ даачихсан, аялаад сурчихсан байлаа. 2020 оноос хойш бараг л жил болгон хаашаа ч юм аялсан байна.  2022 онд Увс аймаг орсон, Увсаас Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай гээд Өмнөговь хүртэл явсан, Өмнөговиос Цагаан суварга үзээд УБ орсон уртаас урт аялал хийсэн. 

2023 оны зуны Жининь, Ордос, Хөх хотын аялал хийгээд, дараа нь Хэнтий аймгаар Чингис хааны нутгаар бүтэн тойрсон. Аварга тосонгоос эхлээд Чингис хот, Дадал, Биндэр, Дэлүүн Болдог, Хар зүрхний хөх нуур, Балдан бэрээвэн хийд гээд 2023 он яагаад ч юм Чингисийн музей, Чингисийн онгон, Чингисийн төрсөн газар гээл Чингис хаанаар амьсгалсан жил болсон. 

2024 оны зун урт амралт авч чадаагүй ч weekend ашиглаад Сэлэнгэ, Сайхны хөтөл, Амарбаясгалант хийд, Өгий нуур, Хөшөө цайдам, Өвөрхангай, Аварга тосон гээд 300-400км дотор аялаад байсан байна. 2024 оны намар харин аавын талын ургийн уулзалт гээд Өмнөговь аймгийн Булган суманд ургийн баярт явах далимд хүүхдүүддээ Говь гурван сайхан, Ёлын ам үзүүлсэн. 

2024-2025 оны сурагчийн өвлийн амралтаар буюу 12 сараас 1 сарын хооронд 3 долоо хоног зүүн өмнөд Азийн орнууд буюу Тайланд, Камбож, Вьетнамын аялалд явсан, энэ аялалын детайлээ мартахаасаа өмнө блогтоо бичиж үлдээнэ дээ гээл бодоол байна. 

2025 оны цагаан сараар анх удаа Увс аймаг руу явсан, Увсын өвлийг үзэж, буцах замдаа Завхан Отгонтэнгэрээр аялаад ирсээн бас. Нэг тийш явахаараа маршрут харж байгаад л аялал нэмчихдэг нэг зан байна нөхөр бид хоёрт кк. Өвлийн аялал бас сонирхолтой, адал явдалтай л юм билээ. 

Монголд мундаг мундаг про аялагч гэр бүлүүд зөндөө байдаг болсон байна лээ. Манай гэр бүл про аялагч биш ч хүүхдүүддээ газар үзүүлж, нүд тайлж, тэдэнтэйгээ дурсамж бүтээх гэж хичээдэг. Бас богинохон ч гэсэн бичвэр болгон үлдээж memory -гоо хадгалах үүднээс энэхүү блогийг бичдэг болноо, дараа нь уншихад дурсамжтай сайхан байдаг юм.

Жич: 5н жилийн өмнө бодож байсан төв Азийн аялалаа хийнэ гэж бодсон хэвээрээ байгаа, хэдэн жилийн дараа тэр аялалын тэмдэглэлээ бичээд ч сууж байх юм билүү хэн мэдлээ кк. 

Tuesday, December 01, 2020

Баруун хязгаарт зорчсон тэмдэглэл буюу Алтай Таван Богдын аялал

Би нь анх 5 жилийн өмнө Увс аймаг руу явсан байдаг юмаа.. тэр үед засмал зам дөнгөж тавигдаж байсан үе таараад зам их хэцүү байсан болохоор засмал зам тавигдаж дуусахаас нааш дахиж ирэхгүй гээл буцсан байдаг юм. Нөгөө зам энэ жил тавигдаж дуусаад УБ-Увс аймаг бүтэн засмалаар холбогдсон болохоор энэ зун аялалын маршрут баруун зүгт зурагдлаа.

5 жилийн өмнө 6 сартай нэг бяцхантай явж байсан бол энэ жил 5 нас, 2 нас, 8 сартай гурван бяцхантай болоод өнөр өтгөн аялсаан. Энэ гурван жаалыг уйдаахгүй, ядраахгүй 1400км зам явна гэдэг бол их чанга шүү. Сэтгэл санааг нь хэдэн өдрийн өмнөөс бэлдэж эхэлсэн дээ.. машинаар хол замд явна, замдаа 2 хоноод очно гээд л, нуур далай үзнэ, олон найзуудтай болно, хөгжилтэй байна даа гээд л. Ингээд сэтгэл санааг нь бэлдчихээр харьцангуй гайгүй явдаг юм билээ. Замдаа 4 цаг хэртэй яваад нэг зогсож амраад, хоол унд идээд, орой бүрий болохоор хоноглоод явахад хүүхдүүд маш сайн явсан шүү.

Миний Увсын талаарх 5 жилийн өмнөх сэтгэгдэл их маруухан байсан болохоор манай нөхөр энэ удаагийн аялалыг 100% надад болон гэр бүлдээ зарцуулнаа л гэсэн, тэгээл зарцуулсан даа. Увсад очоод 14 хоноход ердөө 2 өдөр л аймгийн төвд өнжөөд бусад өдрүүдэд дандаа ийш тийш аялсан байвал яахуу?!.. Очсоныхоо маргааш л Гоожуурын хүрхрээ, вансэмбэрүү цэцэг үзэхээр явсан. Эргэж ирж 1 хонолгүй л Увс нуур, Хархираа уул, Үүрэг нуур гээд аялал үргэлжилсэн..

Үүрэг нуур л үнэхээрийн сайхан газар байлээ. Би бүүр нөхөртөө ийм сайхан газар өмнө ирэхдээ яагаад намайг авчраагүйн гээд л хэлээд амжсан. Үүрэг нуурын аялал их паянтай.. Үүрэг нуур орж хоноглоод маргааш нь буцах байтал өдөржин шөнөжин бороо ороод Түргэний гол үерлээд зам хаагдчихаваа..  Түргэний голын гүүр нь нурсан учраас явж чадахгүй Сагил сум орж хоночихоод маргааш нь буцаад Үүрэг нууран дээрээ очиж тэндхийн амралтын газар зам нээгдтэл байрлахаар болов. Би чинь говийн хүүхэд ус бороонд баярлана уу л гэхээс үер усны аюулыг нүүр тулж мэдэрч яваагүйн билээ. Яг ийм голын үертэй таарсан чинь үнэхээр аймаар байсан. Тэрнээс хойш замд бороо орвол баярлахаасаа айдаг болцон байсан.

Үүрэг нуур

За тэгээд Үүрэг нуурын амралтанд хонож байхдаа газрын зураг харж байсан чинь баруун тийш нэг даваа даваад 200 орчим км яваад Баян-Өлгий аймаг, тэгээд цаашаа 160 орчим км яваад Алтай Таван Богд орохоор байдаг шүү.. За бараг хаяанд нь ирчихжээ.. Энэ жил АТБ моодонд ороод хүн болгон шуураад байсаныг ч хэлэх үү, дараа хотоос 1700км явж АТБ үзнэ гэхээр зориг мохсон хэрэг тул ийм ойрхон ирсэн дээрээ ухас гээд үзчихээд ирье гэсэн мэргэн санаан дээр манай гэр бүл санал нэгдэвээ J Улаангомоос замын хань татах гэтэл бидний энэ галзуу мэргэн санаанд (бороо ус ихтэй, гол үерлэсэн байхад) нэгдэх хүн олдоогүй тул 5-уулаа гараад давхихаар шийдэв.

Баян-Өлгий ороход Үүрэг нуураас Байрам гэдэг даваагаар давдаг юм байна. Даваа өгсөж байхад зам их эвгүй, бас Байрамын оройд тэнгэр бүрхэж бороо орж байгаа шинжтэй бараантаад, хавь ойрд машин тэрэг байхгүй, Бурхан минь юу л болох бол гэсэн айдастай л даваа өгсөж байлаа.. Гэтэл ашгүй давааны орой дээр гартал цаад талдаа зөндөө олон айлтай, бас тэнгэр онгойгоод нэг сэтгэл амарч билээ. Эхний даваагаа сайн давлаа. Гэтэл 2дох том даваа байгаа. Тэр нь Ямаатын гол гээч юм. Өмнөх өдрүүдийн бороонд үерлээд зам хаагдсан сурагтай байсан тул ус нь татарсан байгаасай гэж залбирч л явлаа. Байрамаас уруудаад Ямаат гол орох замд (100 орчим км юмуу даа) ард урд энд тэнд бороошоод байдал эвгүйрэх шинжтэй шүү. Замд машины доод тал ховилд цохигдоод нэг төмөр нь салах гээд санжигнаад байдаг, ямартаа ч эхлээд гол гарах хэрэгтэй байдаг.. Давхисаар байгаад Ямаат дээр очтол ус нь гайгүй байна шүү. Гол гартал нэг том ачааны машин зогсож байхаар нь тэднээс багаж гуйж авч байгаад машинаа янзалж аваад Баян-Өлгийн замд орсон. Ачит нуураас цааш Баян-Өлгийн зам харин янзын сайхан зам юм билээ дээ. Өөдөөс тэнгэр цэлмээд, сэтгэл тайвшираад л нээх гоё ккк. Оройдоо Өлгий хот ороод таньдаг айлд буудаллаж хоноод маргааш өглөө нь Алтай Таван Богдын замд гарсан.

Өлгийгийн хилийн цэргийн ангиас АТБ орох зөвшөөрөл авдаг юм байна лээ. Тэрийгээ аваад үд хэрд АТБ рүү хөдөлсөн. Анх удаа явж байгаа болохоор GPS-дээд явсан. Хаа очиж машин их явж байсан даа, замд бараг зарим газар машины уралдаан болоод байгаа юм бишүү. Биднийг дунд оврын машинтай, 3-н жаахан хүүхэдтэй, ханийн машингүй АТБ зорьж явна гэхээр замд таарсан хүмүүс зоригтой юмаа гээд гайхаад байсан (зориг уу, тэнэг үү л гэж бодсон байх ккк). Өлгийгөөс Алтай Таван Богд орох зам сонирхолтой байгальтай юм билээ. Уулс гэж дүнхийж байдаг шүү. Хангай шиг үргэлжилсэн уул биш, дүнхийсэн дүнхийсэн өвөө шиг уулнууд. Огцом огцом өндөр, хад асгатай, мөнх цастай. Зам бол бас challenging. Замын эв, ая данг тааруулж явах хэрэгтэйм билээ. Мундаг жолооч шүү гээд нөхрийгөө нэг магтчий кк.

За тэгээд явсаар орой 7н цагийн үед АТБ-ын 15км-ын суурин дээр очлоо. Энэ сүүлийн 15км л хамгийн хэцүү зам, 2 цаг явдаг энэ тэр гээд хүмүүсээс сонссон байсан болохоор одоо яах вэ гэдэг сонголтонд тулж ирсэн. Дээшээ яваад очиход оройтоод нар шингэчихвэл наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчих гээд байдаг.. гэтэл тэнд бидэн шиг байдалд орсон 2 машинтай аялагчид тааралддаг байна шүү. За за дээшилбэл хамт дээшилье, яваад үзье гээд 3 машин нийлж аваад явлаа шүү. Тэр 2 машин гайгүй том машин байсан л да (ланд манд нь л байсан байх :-p). Тэр 15 орчим км зам үнэхээрийн бартаат зам байсан шүү... за тэхдээ 2 цаг явах нь ч юучив, бид 50 мин хэртээ яваад нар шингэхээс 10-20мин өмнө АТБ-ын өмнө гарсан байдийн. Яг нэг даваа өгсөөд л гараад ирэхэд өмнө байдаг сүр жавхлангаараа дүнхийж байдаг шүү! Шууд л дуу алддаг юм билээ хүн (дуу алдам үзэсгэлэн гэдэг нь энэ байж таарлаа). Хүүхдүүд хүртэл сэтгэл нь их хөдөлж баярласан шүү. Үнэхээр зураг шиг байгаль л гэж энэ байх. Гайхалтай гэхээс өөр хэлэх үг алга.

Казак гэр

Төд удалгүй нар шингэж харуй бүрий болоход буцах замдаа орлоо. Уулнаас бууж байхад ард ууланд дуу цахилгаантай бороо орж эхлэв. Үер буучих вий гээл айгаал, бас харанхуйд зам бүүр ч эвгүй. Борооноос бараг зугтсаараан байгад арайх гэж постон дээр хүрч ирэв. Энд казак гэр түрээслээд хоноглож болдог гэсэн болохоор зам нийлж уул руу гарсан 2 машиныхантайгаа хамт гэр түрээслээд хоноглосон. Казак гэр чинь гаднаасаа жижиг харагддаг хэр нь дотороо маш том зайтай юм билээ. Бас их ганган, эрээн мяраан л гэр байсан. Ашгүй гэж гэрийн ачаар бороонд зутрахгүй дулаахан, тухтай хоноглож чадсан шүү. Ер нь энэ олон өдрийн аялалаас харахад зутрахгүй байх л хамгийн чухал юм билээ. Зутрахгүй бол хүүхдүүд ч ядрахгүй аятайхан аялчихдаг юм билээ.

Бид уг нь маргааш нь дахиж Алтай Таван Богд руу гарна гэж бодож байсан боловч өглөө бостол юун гарах битүү бороо манан.. бараг зугтах шахам буцах замдаа орсон доо. Замд байсан голууд эвгүй эвгүй үерлэсэн байсан ч сайн жолооч маань бүгдийг давгүй туулаад гарсан. Оройдоо тэгээл Өлгий хотод ирсэн. Уг нь АТБ-оос урд зүг рүү эргээд Сыргал гээд гоё газар байдаг гэсэн. Энэ удаа үзэлгүй үлдээлээ. Дараа дахиж ирнээ л гэв.

Өлгийд хоноод маргааш өглөө нь бас л борооноос зугтаад гарч одов. Биднийг Өлгий хотоос хөдлөхөд яг бороо орж эхэлж байсан, борооны эсрэг зүгт зам таарсан болохоор зугтаж давхисаар байгаад нөгөө алдарт Ямаат гол дээрээ ирсэн.  Ямаат, Байрам 2ыг давчихвал л санаа амрах гээд байдаг.. Ямартаа ч Ямаатаа гарчихлаа. Гэтэл Байрам дээр бороошоод болдоггүй шүү. Явж л байлаа. Даваа өгсөх замд уулнаас бууж байгаа голыг хэд хэд нааш цааш гардаг юм билээ. Гэтэл нэг гол гатлах гэтэл зам алга болчдийн. Нөгөө магтаад байсан жолооч чинь гол дотор зогсчихсон цаад эрэг рүү нь яаж гарахаа мэдэхгүй, гэнэт үер буугаад ирэх вий гээд би айгаад хөдлөөчээ хөдлөөчээ гээд, нөгөөх нь хаашаа хөдлөх юм бээ гээд, хаашаа хамаатай юу наад голоосоо гараачээ гээд тэрээхэндээ паникт оров шд. Гэтэл бидний ирэхэд байсан замыг үер буугаад алга болгочихсон байжил дэ. За ямартаа ч тэндээсээ гараад даваа өгсөх замдаа орсон. Биднийг даваа өгсөх үед бороо ашгүй минь гэж бараг зөрж таарсан. Тэгээд Байрам дээр гараад цааш тонгойход тэнгэр цэлмээд, Үүрэг нуур харагдаад нээх сайхан гэртээ ирсэн юм шиг санагдаж билээ.  

Улаангомоос Алтай Таван Богд ороод ирэх 4 өдрийн аялалд үнэхээр азтай, яг л борооны сиймхийгээр явсаар таарсан шүү. Бороотой уралдаж явж байсан болохоор зарим үед хүүхдүүд шээлээ баалаа болвол зогсохгүй, нэг бол тэвч нэг бол өмдөндөө шээ гэж байгаам бишүү ккк. Энэ 4 өдрийн турш өдөрт 8 цаг машинд, шороон замаар, манай хүүхдүүд ёстой мундаг байсан шүү. Замд 1-2 л зогсвол зогсоно бусдаар бол тэгээд шударсан шд.

АТБ-д бас яаж зүгээр байхав гэсэн шиг аппаратаа газар тавиад мартсан байдий. Замдаа машины хаа нэгтээ байгаа биз гэж явсаар Улаангомд ирээд нүх сүв болгоноор хайгаад олддоггүй шүү. Тэгээд хамгийн сүүлд харагдсан газар АТБ-д л орхисон болж таарсан. Тэр ч олдохоосоо өнгөрсөн гэж бодсон хэдий ч доторх зурагнууд хайран санагдаад болдоггүй. Тэгээд УБ-д ирсэн хойноо юмыг яаж мэдэх вэ гээд Дэлхийгээр аялагчдын групп дээр тэдний өдөр тэр хавиар явсан хүн ийм аппарат харсан бол хэл дуулгаарай гээд пост оруулсан байсан чинь яасан гээч?... үнэхээр бид нарыг явсаны маргааш тэрүүгээр явсан хүн таараад олсон байвал яахуу!!.. ёстой сонин. Тэгээд холбогдоод аваарай гээд.. сайн хүмүүс таарсан шүү, баярлаад баршгүй.

Энэ зуны аялал гайхалтай сайхан байлаа. Хүүхдүүд ч замын ая дааж сурлаа. Өөрсдийгөө ч шинэ адал явдалд сорьж үзлээ.

5 жилийн дараа Увс руу дахиж явна. Тэр үед Боршоогийн боомтоор гараад ОХУ-ын нутгаар дамжаад Сэлэнгийн боомтоор орж ирнэ гэсэн хэтийн төлөвлөгөөтэй байгаа. Магадгүй цаашаагаа Төв Азийн орнуудаар аялчихаад ирэхийг хэн байг гэх вэ ккк.

 

Wednesday, April 08, 2020

Зуслангийн өвөл буюу Карантилагдсан 2020

За юуны өмнө энэ постыг эхлэхдээ дуулгах сонин бол "бүл нэмсээн". Туркэд unplanned Valentine's day-г арай хэтрүүлэн тэмдэглэсэн бололтой юм, 9 сарын дараа 3 дахь хүүхдээ өлгийдсөн байдаг юм. Хэдийгээр 28 насандаа хүнтэй сууж, 2 ихэр хүүхэдтэй болох төлөвлөгөө бүтээгүй ч 5 жилийн дотор 3 хүүхэд гээд чамгүй ажил амжуулчихсан л сууж байна даа.
Дундах хүүхэд дээр барьж эхэлсэн зуслангийн байшингаа энэ өвөл яаж ч байсан ашиглалтанд оруулна гээд зүтгэсээр байгаад 12 сард дуусгаад шинэ маамаагаа аваад зуслан дээр өвөлжихөөр болов оо. Тэгээд шинэ маамаа зуслан дээр ирээд 2 долоо хоноогүй байхад ах эгч нарын цэцэрлэг карантилагдаад бүгдээрээ бөөнөөрөө зуслан дээрээ амьдарч эхэлсэн. Дээрээс нь өвөө эмээ, дүү нарын хүүхдүүд гээд гэр цэцэрлэг... гэр цэцэрлэгийн багш нь, тогооч нь, үйлчлэгч, цэвэрлэгч нь хэн байсан нь ойлгомжтой биз дээ.. за яахуу яахуу.. ямар азаар байшингаа ашиглалтанд оруулж амжсан байсан юм гээл баярлаад сууж байлаа. Зуслан дээр хөл хорионд байх санхүүд хэмнэлттэй, хүүхдүүдэд тустай, хамгийн зөв зүйл юм байна. Шинэ маамаад бол тэгээл цэвэр агаар эм гэдэг л үнэн юм байна. Өдөржин гадаа унтаад, шөнөжин бараг сэрэх ч үгүй унтана. Идэхээсээ илүү л унтана. Туркууд хүүхдээ "uyusun da büyüsün" буюу "унтаад том болоорой" гэж бүүвэйлдэг нь ийм учиртай байсан юм байна шд.
За тэгээд карантиний үед хүүхдүүд хичээлээ хийж, гадаа тоглож, чаргаар гулгаж өнжинө. Харин томчууд нь өдөржин шөнөжин хөзөр тоглосон. Уйднаа л гэж байхгүй, бүр хөршийн хүмүүсээ дуудаж авчраад л тоглосон. Би бол муушиг гэдэг тоглоомыг мэддэггүй л байсан, одоо сурсаан сурсан хэхэ.
Энэ өвөл уг нь шинэ хүнээ өсгөөд зусландаа даруухан өвөлжинө, хүүхдээ унтуулаад нар туссан цонхон дээрээ суугаад ном уншина гээд баахан шинэ ном авч тавиад бэлдээд байсан байдгүй шүү. Шинэ мэргэжил эзэмшсээр байгаад таарлаа, цэцэрлэгийн багш гэдэг. 0-10 насны 6 хүүхэд.. өдрийн 90%-ийг хоол хийгээд, аяга таваг угаагаад, гэр цэвэрлэж өнгөрөөсөн. Бүх ажлаа дуусгаад яг 3-4 цагийн үед надад нэг 20-30мин чөлөөт цаг олддог юм байна лээ. Энэ цагт жоохнууд нь унтаж, том хүүхдүүд нь хичээлээ хийж таардаг юм. Энэ алтан хормыг ашиглаад аяга кофе хийж аваад ном бариад эсвэл суваг эргүүлж түр амсхийдэг. Гэхдээ бас бодоод байхад ийм busy хэрнээ ядарсан юм бол байхгүй ээ. Энэ байдалд дуртай, төвөгшөөхгүй харин ч кайф авсан.
2020 он ийм жил болно гэж төсөөлсөнгүй шүү, гүйэ тэгээд хэн ч л ийм юм болно гэж төсөөлөх вэ дээ. Корона вирус гэх энэ гайт өвчин тархаж дэлхий даяар хөл хорионд оруулчихна гэж хэн таамаглах вэ дээ. Одоо ч 4 сар өнгөрчихөөд байхад байдал намдах нь битгий хэл хүндэрсээр л байна. Энэ янзаар бол хэзээ эргээд хэвэндээ орох бол оо, ер нь хэвэндээ орох бол уу л гэж бодогдож байна. Бидний мэдэх амьдрал гэгчийг орвонгоор нь эргүүллээ дээ энэ гайхал вирус. Олоон жилийн дараа энэ талаар бид юу ярьж, түүх юу бичиж байх болоо? Ямар ч байсан амьдрал өмнөх шигээ үргэлжлэхгүй л байх. Хүүхдүүдээ аваад гадуур гардаг, тоглоомын төв, хүүхдийн парк ордог байсан үеийг санаж байна, hot pot эсвэл сайхан солонгос хоолны газар орохыг санаж байна. Cinema-д кино үзэхийг санаж байна. Хэзээ эргээд айдас хүйдэсгүйгээр энэ бүгдийг хийх бол, тэр цаг мөчийг хүлээж байна.
Ингээд эргээд бодоход бид ямар их цаг ба мөнгийг гадуур гарах, зугаа цэнгэл, худалдан авалтанд үрдэг байсан байнаа, тиймээ. Энэ магадгүй амьдрал бидэнд хүчээр олгосон "pause" байх. Pause авчихлаа, одоо хэзээ play дарж болох вэ..


Friday, March 01, 2019

An unplanned Valentine's day trip to Istanbul

Үзэсгэлэнт Босфорын хоолой, далай үнэртэх шиг, цахлайн дуу сонсогдох шиг
Хамгийн сүүлийн пост 2015 онд гэнэ үү, блогоо бүр мартсан байна шүү. 2 хүүхэд, 2 том төслийн ард ч блог бичих зав гардаггүй юм байна. Одоо чадвал хааяа салхи оруулж байнаа...

Энэ хосуудын баяраар гэнэтийн явдал болж Станбул хот руу хэд хоног зугаалах завшаан тохиов. 2012 онд Туркэд тойрон аялал хийснээс хойш 7 жилийн дараа анх удаагаа очлоо. Хуучны дурсамж сэргээд үнэхээрийн сайхан байв. Өмнө нь оюутан статустай явдаг байсан бол энэ удаа аялагч, шоппер статустай айн.. Султанахметийн хавиар буудалд буугаад, турист ресторанд ороод, том моллууд хэсч шоппинг хийгээл кк.

Султанахмет, Аяа Софиа хавиар хэслээ, Basilica Cistern (Yerebatan sarnici) буюу газар доорх усан сангийн байгууламж үзлээ. Энэ газарт хэд ч орсон уйдахгүй, байнга л үлгэрийн мэт мэдрэмж төрөх юмаа.


Медусийн толгой
Old city буюу Султанахметээс Галата гүүр хүртэл алхаж, Галата гүүрэн доор загасны ресторанд чухам үнэтэй өдрийн хоол идэж Валентин тэмдэглэв кк. Гэхдээ орчин, уур амьсгал, дүр зураг, загасны амт, хоолны амт, дарс, шар айраг гээд бүгд perfect байсан л да. It was worth its price.  
A modern transport through old city
Тэгээд л баахан хөлийнхөө улыг эргэж, шавай гэж байдаг бол ханахаар л дэлгүүр хэслээ. Bakirkoy дүүрэгт байдаг Marmara Forum гээд шоппинг молл бол тасарцан газар байнаа. Туркийн бараг бүх гайгүй брэндийн дэлгүүр, department store гээд сонголт арвин дээрээс нь хямдрал бол урамтай байна лээ. Турк гутал сайн болохоор гэр бүлээрээ баахан л гутал авлаа, ойрын 5,10 жилдээ болоод явчих байхаа кк. 2012 онд Турк явахдаа баахан гутал цуглуулж байсан, тэд нар одоо хүртэл сайнаараа л байгаа, тэгэхээр аргагүй л чанартай байгаад байна. 

Бас оюутан байхдаа Sahaflar гээд Cemberlitas-д байдаг мөнгөний захаар их явж цаг үрдэг байсанаа санаад мөнгөний зах орсон боловч кг, кг-аар зардаг газрууд нь хөөгөөд тухтай ч үзэж, тухтай ч юм сонгож авч чадсангүйээ кк. Оюутан байхад бас тэгээл хөөгдөөд явдаг байж билээ. Тэр зах дээрээ мөнгөн эдлэл нь сонголт арвин, үнэ хямд хэрнээ аргагүй л бөөний худалдаа болохоор кг, кг мөнгө, хайрцаг хайрцагаар зардаг газар юм аа. 

За тэгээд, өнгөрсөн 7 жилийн хугацаанд юу өөрчлөгдсөн байна гэж ажиглаль хийвэл: зам харилцаа, нийтийн тээвэр аргагүй сайн хөгжүүлжээ. Станбулын өнцөг булан бүрт, бүр Босфорын хоолой доогуураа хүртэл тунел хийн метро тависан байна. Гэхдээ нийтийн тээвэр их үнэтэй байна. Метронд 1 суухад 1500 төгрөг орчим, дамжин суухад энэний тал орчим юм уу даа. Тэгээд очингуутаа онгоцны буудлаас Станбул карт аваад цэнэглээд явчихвал амар юм байна лээ.

Нисэх буудлийн харуул хамгаалалтын ажилтан, пасспортны ажилтнаас эхлээд гадуур хаа сайгүй л толгойны алчууртай эмэгтэйчүүд ажиллаж харагдах нь сонин санагдав. Өмнө нь ийм хаалттай хүмүүс ийм нээлттэйгээр ажиллаж байдаггүй байсан юм. Эрдоганы AKP-ын нөлөөлөл аргагүй мэдрэгдэж байна.

Өнгөрсөн хугацаанд, ер нь амьдрал хэцүү байгаа бололтой хүмүүс нь нэлээд бухимдалтай болсон санагдав. Муухай ааштай, бухимдалтайгийн дээр популер туристик орнууд шиг л юм л бол мөнгө мөнгө болжээ. Юмны үнэ ч гэж явж өгчээ. Амьдрах өртөг өссөн нь гарцаагүй. 

Бусдаар бол цаг агаар сайхан, сэтгэлд хоногшсон Станбул үнэртээд үнэхээрийн сайхан байсаан. Хааяа ганц нэг бороо дусаад, зэврүүндүүхэн тэхдээ даарахааргүй, яг л миний мэдэх өвлийн улирал байлаа. Энэ удаа богино хугацаагаар явсан ч дурсамж сэргээд дахин дахин байн байн ирж баймаар санагдсан. Удахгүй дахиж уулзнаа Станбул!  

Sunday, September 20, 2015

Зуны тухай товчхон буюу Увсад аялсан тэмдэглэл

Энэ зун гэр бүлээрээ алс холын Увс аймагт аялаад ирсэн. Увс аймаг чинь чухам хол газар байна лээ шд. Яваад байсан, яваад байсан дуусдаггүй. 3 хоног явж хүрсэн шүү дээ. Хүүхэд жоохон байсан болохоор их ядарсан. Хүүхэд ч, ээж нь ч ядардийн байна лээ хол газар олон хоног машинаар явахад. Хаширсан хоёр Увсад очингуутаа онгоцны тийз захиалаад буцахдаа шууд ниссэн.
Говийн хүүхдэд хойд зүг гэхээр л хангай санаанд ордог болохоор Увс аймгийг жинхэнэ хангай газар юм байх гэсэн чинь говь шиг газар байдийм даа. Үнэхээр гайхсан. Аймгийн төвдөө аймаар халуун, бороо орохгүй, тэгээд бас аймаар шороо шуурдаг. Улаангом гэдэг нэр чинь улаанаараа эргэлдсэн шороо гэдэгээс гаралтай гэсэн шд ккк. Увс явах замдаа бид Архангай, Чулуут гол, Тайхар чулуу, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур үзээд эхэндээ их сайхан байсоон. Тэгээд замын яг тал буюу Солонготын даваа даваад л зам бишдэж эхэлсэн. Зам барьж байгаа нэрээр хамаг замыг эвдчихсэн, дэгэн догон дэгэн догон гэсээр 40км газрыг 4 цаг туулах жишээний. Завхан аймгийн Сонгино сумаас цаашаа зам нь яг говийн зам шиг болж ирдийн байна. Үзэгдэх харагдах юмгүй, хоосон шар тал дээгүүр л давхиад байсан. Ядаж байхад энэ зун гандуу байсан болохоор нүдэнд торох ногоон өнгө харагдсангүй.
За харин Хяргас нуур хүрээд л сэтгэл сэргэж эхэлсэн дээ (яг үнэндээ Хяргас нуурын хаяанаас засмал зам дээр гарсийн кк). Зам жаахан муруйж Хяргас нуурын урд эрэг дээр байдаг хэцүү хад гэдэг газрыг үзсэн. Нуурын эрэг дээр цагаан хад чулуу тогтсон, цагаан хадан дээр нь шувуу үүрээ засаад өвөрмөц үзэмж төрхтэй болгосон сонирхолтой газар байна лээ. Яг л нэг гадаад далайд, гадаад оронд байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн.
Хяргас нуураас 200км сайхан засмал замаар давхиад Увс аймгийн Улаангом хот ордог юм байна. Аймгийн төв рүү орж ирэхэд 90 жилийн бэлтгэл гээд жинхэнэ бүтээн байгуулалт өрнөж байв. Улаангомд анх удаа ирж байгаа хүний нүдээр харахад аймгийн төв рүү орж ирэх зам дагуу хэдэн балгас болсон байшин харчихсан чинь тэр сэтгэгдэлээсээ салж чадахгүй байсан. Уг нь зөндөө олон шинэ байшингууд баригдаж  байгаа, бас засмал зам сайн тавьсан байна лээ. Аймгийн төвд нь зөндөө олон хөшөө байдаг юм билээ. Ю.Цэдэнбалын хөшөө, Гиваан баатрын хөшөө, Баянмөнх аваргын хөшөөнөөс гадна замын уулзварууд дээр морин хуурын хөшөөнүүд байдаг юм байна. 90 жил гээд чухам нүүрээ угааж, нөгөө хувцасаа өмсөнө гээч нь болсийн бишүү. Айл болгон хашаагаа будаад, зам талбайгаа засаад л цэвэрлээд л байсан.
Аймгийн төвийнхөө баруун зүгт сүрдмээр сайхан Хархираа уулс харагддаг нь үнэхээр сайхан. Бараг гэрээс орж гарах болгондоо харж бахдан биширж байв шд. Мөн Наранбулаг сумын наадам үзэх гэж явах замдаа мөнх цаст Цагаан Дэглий хайрханыг харсан. Үнэхээр сайхан. Балжинням аваргын нутаг Наранбулаг сумын наадам нь сумын төвөөсөө хол хангайн нуруунд болдог юм байна. Наадмын өглөө сумынхан нь бүгдээрээ тэр "шил" (ямар юмны шил билээ дээ) гэдэг газар руугаа явцгаагаад сум нь эзгүйрдэг юм билээ. Манай нөхөр надад жинхэнэ хангайн наадам үзүүлнэ гээд байсан, үнэхээр жинхэнэ хангайн наадам байсан шүү. Морь нь уулан дээр уралддаг, бөх нь уулан дээр барилддаг (ккк за жоохон хэтрүүлэг байлаа). Тэр шил гэдэг газраас нь урд зүгт Хяргас нуур, хойд зүгт Увс нуур харагддаг үнэхээр гоё газар байна лээ. Сумын наадам ч охид нь гоёж гоодон хоёр гурваараа хэлхэлдсэн, харцуул нь морь унан ханхалзсан жинхэнэ сайхан сумын наадам болсон доо ккк.
Наранбулаг сумын наадмын дараа улсын баяр наадмын үеэр Увсынхан чинь тэр чигээрээ Увс нуурынхаа эрэг дээр нааддаг юм билээ шд. Нуурын эргээр хүн, машин, майхан битүү. Нуур ч гэж нуур, Увс нуур үнэхээр гоё. Ус нь бүлээхэн болохоор нэг орчихвол буцаж гарахыг хүсэмгүй шүү.
Улсын наадмын дараа хойшоо хил гарч Тува улсын нийслэл, Ази тивийн төв цэг Кызыл хот ороод ирсэн. Боршоогийн хилийн боомтоос нутгийн машин дагаж явсан чинь аймаар хурдтай; 140-160 км/ц хурдтай давхисаар байгаад Кызыл орсон. Тэр замаар нь удаан явж болдгүймүү хаашайн кк. Кызылд 3 хонохдоо Бурхан минь яг шарагдаж үхэх гэж байсан. Арай дэндүү халуун газар байна лээ. Орой сэрүүн орохоор Енисэй мөрний эргээр зугаалж, Азийн төв цэгийг тэмдэглэсэн дурсгалт газрыг үзсэн. Уг нь Кызыл орж орос юм авах санаатай байсан боловч бараг байдаггүйм билээ. Байсан нь харин үнэтэй. Охиндоо л хэдэн орос тоглоом авах шив.
За тэгээд 7 сарын 22-25-ны өдрүүдэд Увс аймгийн түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, Баруун бүсийн хурдан морины "Увс хурд-2015" гээд сүртэй сайхан нэртэй, сүртэй сайхан баяр наадам болсон доо. Ирсэн, үзсэн хүмүүс ч гэж тоймгүй олон. Наадмын нээлт үзсэн. Зохион байгуулалт сайтай, олон хүн хамруулсан их л гоё юм болж байна лээ. Увсынхан нутгийн алдартнууддаа эмээл хазаартай морь бэлэглэж байна лээ. Түрүүлсэн бөх, морины шагналууд ч бас том байна лээ. Их л мөнгө зарсан байх даа.
Наадам ч сайхан болсон. Харин Улаангомд сар шахуу болоход уйдсан шүү. Наадмын бэлтгэл гээд хүмүүс нь завгүй. Гарч орж үзэх харах юм байхгүй. Аятайхан хоолонд орчихоор ч газар байхгүй. Осолдохгүй л явахынхаа өмнө аймгийн музэй үзэж, захаар нь оров шд.
Энэ зуны аялал нэг иймэрхүү. Би ч явдалаас нь хаширсандаа Увс аймаг руу засмал зам бүтэн тавигдсан цагт л дараа дахиж ирнэ гээд хэлчихсэн байгаа.

Tuesday, June 23, 2015

Завгүй ээжийн ажлаа хийсээр

Декрит гэдэг нь яг үнэндээ ажил юм, босс нь л нялх амьтан болохоос биш гэсэн үг хичнээн үнэн. Ажилтай байх үедээ декриттэй гэртээ суухдаа хийнэ гэж баахан юм төлөвлөөд байсан байхгүй шүү. Юун илүү дутуу юм хийх байтугай хүүхдээсээ илүү гарч чадахгүй шинэхэн мама байноо. Өдөр хоног уйдах завгүй маш хурдан бөгөөд маш аз жаргалтайгаар өнгөрч байна. Жинхэнэ таашаалын ажил чинь энэ ээжийн ажил байна шд. Өмнө нь хийж байсан ажил, сургууль, амжилт хажууд нь юу ч биш юм гээч.
Бяцхан бяцханаа 6 сар хүрсэн. Өдөр болгон шахуу шинэ юм сураад хөөрхөн юмаа. Эргэдэг болсоноосоо хойш хаа сайгүй өнхөрөөд нэг газараа тогтохоо больсон. Хоолонд орж эхэлсэн болохоор ээж нь өдөржин хоол хийсээр байтал таарч байна. Хүүхдийн хоол чинь их ярьвигтай ажил байна шүү. Сая бас гэдсийг нь хямраагаад амжсан. Хүүхдийн гэдэс хямрахаар цагаан будааны шүүс, алим, банана өгдөг гэж нэг найз маань зааж өгөөд тэр дагуу хийсэн чинь харин хурдан зүгээр болсон шүү.
За тэгээд гадаа гарна, салхилна, нарлана гэдэг их ажил байна бас. Хүүхдээ бэлдэж, өөрийгөө бэлдэж байтал бараг цаг болно. Өглөө эрт босоогүй бол бэлдсээр байтал үд болоод гарч чадахгүй өнгөрч байгаам чинь. Орой харин 6-9 хооронд гарч байгаа. Гадаа гарах гэж бид 2 бараг гэрээ нүүлгээд тэргэн дээрээ ачаад явж байгаам шиг юм л болно шүү дээ. Хоёр гурван хүүхэдтэй ээжүүд яаж амжуулаад байдгийг ойлгохгүйнээ. Жинхэнэ супер ээжүүд л байдаг байх. 
Хүүхэд гэдэг чинь ёстой хөөрхөн юмаа. Мэдсэн бол аль эртнээс олон хүүхэдтэй болж байхгүй юу. Манай найзууд яагаад хэлдэггүй байсан байнаа гэхгүй юу ккк. Энд ганц бие хүмүүс байвал хэлчихэе эртхэн хүүхэдтэй болоорой.