Wednesday, July 30, 2014

Сонин хачин


6 сарын 1-ээс нэг шинэ төсөл дээр ажиллах болоод сүүлийн 2 сар үнэхээр завгүй байлаа. Шинэ эхэлж байгаа юм болгон угаасаа эмх замбараагүй, хийх юм ихтэй байдаг хойно аргагүй юм даа. Өглөө ажил дээр ирээд ширээний ард суугаад аяга цай авахаар өндийж ч амжаагүй байхад өдрийн цай болчихсон, хоол идээл эргэж суугаал нэг мэдэхэд орой болчихсон, цаг яаж өнгөрч байгааг ч анзаарах завгүй өдрүүд өнгөрч байна. 7 сард ээлжийн амралтаа аваад нар салхинд гарна гэж байсан ч байхгүй болсон. Гэхдээ амралтаа хойшлуулж байгаад 9-10 сараас нэгмөсөн амрах бодолтой байгаа. Ажлын хажуугаар бас өөрийгөө бөөцийлөх ажилтай болсон. Өөрийгөө толинд харахаар өдрөөс өдөрт томорч байгаа өөрийнхөө төрхөнд дасч өгөхгүй л байгаа ккк. Хэвлий дотор нэг хүн өсч бойжоод, би энд байна шүү гэх шиг гар хөлөө хөдөлгөөд, бас хааяа зүрхний цохилтыг нь сонсох тэр мэдрэмж өмнө нь мэдэрч байсан ямар ч сонин мэдрэмжийг дагуулахын аргагүй.  Санаа сэтгэл өндөр, бие эрүүл болохоор эхний хэдэн сарыг сайн өнгөрөөсөн. Элдэв асуудал сэтгэл санаанаас үүсдэг гэж боддог болохоор бие эрүүл, сэтгэл сайхан тайван байвал бүх юм сайхан байна гэж бодож байгаа. Хэдийгээр ажлын ачаалал их байгаа ч гэсэн нойр хоолондоо сайн, амралтын өдрүүдээр боломжоороо салхинд гараад, эсвэл сайн гэгч унтаж амраад явж байгаа. Эхэндээ хоолны дуршил нэг ихсээд, нэг багасаад учрыг нь олохгүй, идэх уух юм олдохгүй хэцүү байгаам шиг санагдаж байсан ч яваандаа гайгүй болсон. Хүмүүс гэнэт сонин сонин хоолны дуршилтай болдог гэсэн гэтэл минийх болохоор аймаар жанк фүүд (junk food) идмээр санагдаад байсан ккк. Хоолонд бол сайн байсаан байсан. Хатаасан гоёо, ингэний хоормог хоёр л сайн нөлөө үзүүлсэн байх, хордлого энэ тэр нь гайгүй өнгөрсөн. Эргэн тойронд жирэмсэн эмэгтэйчүүд олон байна шүү. Хүмүүс морь жил гээд их хүүхэдтэй болж байгаа байх. Монголын 3 сая дахь иргэн дараа оны 1-р улиралд төрнө гэж байсан. Харин энэ янзаар бол хүмүүс олноороо төрөөд энэ оны сүүл гэхэд 3 сая иргэнтэй болчихийн бишүү ккк.   
Зун болонгуут хүмүүс бүгд л хөдөө гадаа явцгаасан байх юм. Хүн толгойтой болгон Хөвсгөл явдаг юмуу хаашаа юм. Нүүр номоор дүүрэн Хөвсгөл явсан хүмүүсийн зураг. Хөдөө ч зуншлаг сайхан болж байгаа юм шиг байна лээ. Нээх сайхан ногоон тал, цэнхэр тэнгэр, цэнгэг усны зураг дүүрэн. Хараад бүр атаархал төрөөд хаа ч хамаагүй хөдөө явмаар санагдаад байгаа. Гэхдээ бас хальт Тэрэлж явж ирсэн болж хорхойгоо түр дарсан. Наадмаар харин хол яваагүй ч гэсэн ойрхон зуур салхинд гарч бас хорхог хийгээд амжсан. Миний нээрээ хоолны сонирхол өөрчлөгдөөд мах, лууван идэх сонирхолгүй болчихсон байна лээ. Хоолны мах, лууванг нь ялгаад байдаг болчихсон.  

Өмнө нь хүмүүс бөмбөг залгисан гэж ярихаар муухай зүйлтэй зүйрлэж байгаа юм шиг санагддаг байсан чинь одоо нээрээ дээшээ хараад хэвтэхээр гэдсэн дотор бөмбөг хийчихсэн юм шиг тэр хэсэгтээ хөөрхөн бөмбийгөөд яг л бөмбөг залгичихсан гэж хэлмээр юм билээ хэхэхэ.

Зун болгон нэг тийшээ зугаалсаар байгаад муу зан суучихаж... зун болохоор л сэтгэл тогтохгүй хаа нэг тийшээ явмаар санагдаад байхийн. Гэхдээ энэ жилдээ өнжчихвөл дараа жилээс явж өгнө дөө гэж бодоол байгаа.

За ойрдоо нэг иймэрхүү сонинтой сууж байлаа. Ажил дээр түмэн завгүй, гэртээ компьютер асаадаггүй болохоор блогоо бичих ч зай завсар гарсангүй. Уг нь төлөвлөж байсанаараа найзуудаа уриад гэртээ төрсөн өдөрөө тэмдэглэсэн. Өглөөнөөс орой болтол баахан хоол хийсэн. Ширээ дүүргэх гэж их ажил болсон шүү.