Friday, November 30, 2012

Туркийг тойрсон аялал - үргэлжлэл 1

Аялалын маршрут
Day 6.

Шанлиурфа хотод хоноод маргааш нь бид Адияаман хот руу 100 км, 2.5 цаг аялалаа үргэлжлүүлэв. Адияаманд бидний үзэx газар бол алдарт Нэмрут уул юм. Нэмрут руу өөрсдөө гараx боломжгүй ба заавал турд бүртгүүлж гарах ёстой байв. Интернэтээс хайхад энэ турыг хийдэг зөвхөн нэг газар байх ба тэр нь Ирфан Туризм юм. Нэмрут руу нар мандах, нар жаргаx гэж хоёр төрлийн тур хийдэг юм билээ. Нар мандаxыг үзэх тур нь шөнө 02 цагаас эxэлдэг, нар жаргаxыг үзэx тур нь өдөр 14 цагаас эxэлдэг. Нэг тур нь 75 лирийн үнэтэй байсан. Бидний төлөвлөгөө бол эxлээд зөвхөн нар жаргах турд оролцох байсан боловч тур компанийхан нар мандаxыг бас үзэхийг санал болгож ятгасаар байгаад 2 турыг хоёуланг нь хийхээр болсон. Тэд нар энэ хүртэл ирчихээд нар мандахыг үзэхгүй явж болохгүй, Нэмрутын орой дээрээс нар мандах агшин дэлхий дээр батлагдсан хамгийн сайхан нар мандах агшингуудын нэг гэж ирээл рекламдав. Би бас мөчөөгөө өгөхгүй манай говьд нар хамгийн сайхан манддаг, би энэ нар мандахыг сонирхохгүй байна гэж хэлээд амжиж байгаамаа ккk. Гэхдээ тэд нар нэлээн сайн дискаунт хийгээд бид хоёрт нэгийг авбал нэгийг үнэгүй өгсөн юм. Уг нь энэ тухай хүнд битгий хэлээрэй гэсэн лдэ тэхдээ яахав яахав.
Нэмрут уул, Адияаман
Нэмрут уул Адияаманы Кахта гэдэг газар оршдог юм бна. Кахта нь жижигхээн хот байсан. Нар мандах, нар жаргах хоёр тур хийхээр болсон болохоор энд хоноx шаардлагатай болоод нэг оюутны байранд буудаллахаар болов. Нэмрут уулан дээрээс нар жаргаxыг харах турд биднээс гадна Белгийн нэг турист, Ирфан Туризмын босс нь өөрөө, тэгээд хөтөчтэйгээ явлаа. Нэмрут Кахтагаас 53км зайтай болохоор үдээс хойш 4 цагийн үед гараад явахад нар жаргахаас арай өмнө хүрч байна лэ. Яг нар жаргах агшинг харах гээд зөндөө хүн цугласан байсан.

Нэмрут уулын орой дээрх Коммагений хөшөөнүүд (баруун терас)
Нэмрут уулын 2134м өндөрт байрлах чулуун хөшөөнүүд нь МЭӨ 62 онд Коммагений эзэнт гүрний  Antiochus I Theos хаан өөртөө зориулж бунхан босгосон хөшөөнүүд юм. Энд Античус хааны өөрийн хөшөөнөөс гадна хоёр арслан, хоёр бүргэд, Херкулес, Зеус, Аполло нарын бурxдын хөшөө бас байжээ. Эдгээр хөшөөнүүдийн толгойг тасалж авсан бөгөөд хамруудыг гэмтээсэн байгаа нь санаатайгаар үйлдэгдсэн хэрэг гэж таамагладаг юм бна. Толгой нь салж унасан иx биеүүд суугаагаараа байсан боловч сүүлд 1960-аад онд болсон газар хөдлөлтөөр эдгээр нь нурж сүйдсэн гэдэг юм билээ. Нар жаргах агшин надад лав хүсэн хүлээсэн догдлол бий болгож чадсангүй. Магадгүй бүрхэг, үүлтэй байсан нь нөлөөлсөн байх. Харсаар байтал үүлэн дунд бүдгэрээд алга болчиxдог юм билээ. Харин нар жаргасан дараа сар маш тод, маш гэрэлтэй харагдаж байсан нь нарнаас сайхан санагдсан. Бидний аялал шинийн арван хэддээр таарч бсан болохоор шөнө орой дандаа мэлтийсэн сартай гоё байсан. Туркийн зүүн зүгийн нутгуудад сар илүү ойрхон харагддаг гэдэг нь үгүй биш бололтой. Шөнө автобусанд нэг хотоос нөгөө хот руу явж байхад цонxоор харахад сарны гэрэлд юмс тод сайхан харагдаж байсан. Бид нар жаргахыг харчихаад уулнаас бууж явах замдаа замын хажууд аялалын машинаа тавьчихаад амарч байгаа жуулчидтай тааралдаад зам дээр сарны гэрэлд тэд нартай хамт нутгийн дуу дуулж, нутгийн бүжиг бүжиглэсэн. Хажуугаар өнгөрч байсан машинууд биднийг солиорчихож гэж бодсон байхаа хэхэхэ. 

Day 7.
Нэмрутын орой дээр нар мандахыг хүлээж байгаа жуулчид 
Шөнө 3 цагаас Кахтагаас хөдлөөд 4-5 цагийн үед Нэмрутын орой дээр гарсан. Үүрээр уулын орой дээр их хүйтэн байдаг гэж тэндхийнхэн хэлсэн болохоор Улмаа бид хоёр нэг адьяал чирээд л уул өөд мацав гэж хэхэх. Биднийг орой дээр гарахад бас л нэлээд олон жуулчид цуглачихсан байв. Харин цаг агаар ердөөсөө хүйтэн байсангүй. Ер нь энэ нутгийнхан халуун газрын хүмүүс болохоор хүйтэн гэж юу байдгийг мэддэггүй бололтой.  Нар мандах агшин тэдний магтаад байсан шиг үнэхээр гайхалтай сайхан байв. Тээр дор өлмий дороос тань том улаан бөмбөлөг хөөрч эхэлнэ гээд бод лдо. Говийн нар шиг яг дэргэдээс мандахгүй ч өөрийн гэсэн үзэсгэлэнтэй агшин юмаа гэдэгт санал нэгдсэн шүү. Хэрэв Нэмрут руу зугаалах хүн байвал заавал нар мандахыг нь үзээрэй гэж зөвлөх байна даа.

Нэмрут уулын орой дээрх Коммагений хөшөөнүүд (зүүн терас)
Нэмрутын орой дээрх Коммагений хөшөөнүүд нь 3 терраст байрласан байдаг гэсэн. Зүүн террас дээрээс нар мандахыг хардаг, баруун террас дээрээс нар жаргахыг хардаг. Уулын орой байгалиасаа тогтоцтой биш, хүний гараар шороо авчраад овоолсон юм шиг сонин бүтэц, тогтоцтой юм билээ. Нар мандахыг харчихаад уулнаас буухад аль хэдийнээ халаад эхэлчихсэн байв. Нэмрутын тур дотор Арсемиагийн тур бас багтдаг. Арсемиа нь Коммагений эзэнт гүрний зуны нийслэл байсан газар юм байна.

Арсемиагаар аялаад үнэхээр үлгэрт гардаг ертөнц чинь жинхэнээсээ байсан юм байна гэдэгт итгэв. Миний амьдралдаа үзсэн, харсан, аялсан, зугаалсан хамгийн гайхалтай газруудын нэг байлаа. Сэтгэл аягүй их догдолж, мөч хором бүрийг, нүдний өмнө үзэгдэх дүрс бүрийг ухаан санаандаа xэзээ ч мартахгүйгээр хадгалж авах гэж хичээж байлаа. Одоо ч гэсэн нүдээ анихад тэр үлгэрийн юм шиг газар нүдний өмнө алган дээр тавьсан шиг л харагдаж байна.

Хуучин цайз болон хааны ордон, Кожахисар
Eski Kale буюу хуучин цайз гэх энэ газар нь үлгэрийн хаадын амьдардаг ордон байсан гэлтэй. Эсрэг уулынхаа орой дээрээс харахад тэртээ доор харагдах энэ цайз нь эгц хадан хясаан дээр яаж баригдсан нь гайхалтай. Одоо хүртэл нэлээд сайн хадгалагдаж ирсэн бөгөөд ордон, харуулын цамхаг, сүм гэсэн гурван хэсгээс бүрддэг байна. Цайзнаас эгц доошоогоо горхи руу бууж ирсэн чулуун шат байсан нь он цагийн шалгуурт элэгдэж хуучирсан бололтой зөвхөн хэсэгхэн газар л тогтож үлдсэн байна лэ.

Сэлчукийн гүүр, Арсемиа
Дээр зурган дээр Кахта горхины дээгүүр тавьсан Сэлчүкийн гүүр, тэрний цаад ард хадны орой дээр хуучин цайзын туурь, мөн сайн харвал горхи руу бууж ирсэн чулуун шатыг харж болохоор байна.
Арсемиа
Коммагений зуны нийслэл Арсемиагаас байгалийн сайхан бүрдсэн хөндийг хөлийнхөө дор харж болно. Энэ уулын орой дээрээс хөлийн доор харагдах энэ дүр зургийг харж зогсохдоо эртний хаадын цаг үед хэсэгхэн зуур ч гэсэн зочилсон мэт санагдсан шүү. 

Митрадис хаан Херкулэстэй гар барьж байна
Коммагений хаан Античусын аав Митрадисын Херкулэстэй гар барьж байгаа хөшөө байдаг ба тэдний хөл дор харагдаж байгаа шат нь уулын мухар руу 150-аад метр орж явсан гэсэн. Энэ хонгилийн үзүүрт чухам юу байдгийг бүү мэд, яагаад гэхээр тал хэрд нь чулуу нураад таглачихсан гэсэн. Улмаа бид 2 зориглоод xөтлөлцөөд хонгил руу уруудаж үзсэн боловч тас харанхуй тул гар чийдэн энэ тэр гэрэл гаргах юм байхгүй л бол цаашааагаа явна гэж бүтэхгүй юм билээ.
Роман гүүр
Арсемиагаар зугаалж дуусаад Кахта руу эргэх замд Роман гүүр үзсэн. Энэ нь МЭ 1-р зууны үед Ромын хаан Сэптимус  Сэвэрус эxнэр Жулиа Донмадаа зориулж босгосон гүүр юм. Гүүрийн дөрвөн өнцөгт нь өөрийгөө, эхнэрийгээ болон 2 xүүгээ бэлгэдээд 4 багана босгосон боловч том xүү нь хаан ширээг залгамжлахын төлөө дүүгээ хөнөөгөөд түүнд зориулсан баганыг нураачихсан юм гэнэ лээ. Түүнээс хойш энэ гүүр дөрөв биш гурван баганатай болсон ба бэлэг дурсгалын макетууд дээр ч гэсэн энэ гашуун түүхийг сануулаад гурван баганатай байдаг юм гэсэн. Энэ гүүрний цаана харагдах уулыг дундуур нь хоёр хуваагаад гол урсгачихсан юм шиг сонин хэлбэртэй юм билээ.

Каракуш толгой дээрээс орчныг харахад
Роман гүүрээс цаашаагаа яваад Каракуш толгойг үзсэнээр Нэмрут-Арсемиа тур өндөрлөж байгаа юм. Каракуш толгой нь Коммагений үед гэр бүлийн шарилын газар байсан гэдэг юм билээ. Орой дээр нь мөн Нэмрут шиг овоолсон шороотой, гурван талдаа өндөр багана босгосон байдаг. Эндээс орчны газар үнэхээрийн гоё харагддаг.

----
Үргэлжлэл бий шүү ккк

Thursday, November 15, 2012

Туркийг тойрон аялсан 15 хоног

Бидний аялалын маршрут
Газрын зураг үзэж сууж байгаад л автобусанд суугаад Туркийг нар зөв бүтэн тойрох аялалд гарах галзуу бодол төрдөг юм байна. Ер нь яагаад болохгүй гэж гээл над шиг адал явдал, аялалд дурлагч Улмаа найзтайгаа хоёулаа цүнхээ баглаад тэр оройдоо гарч өгсөн дөө. Бидний санаа бол Туркийн нэрд гарсан түүхэн газруудыг очиж үзэх байлаа. Гэрээс гарахдаа зурсан маршрутаар бол Анкара- Амасяа(Хаадын бунхан) - Трабзон (Узунгөл, Сумэла) - Ван (Ван нуур) - Мардин (Чулуун гэрүүд) - Урфа (Загастай нуур) - Адияаман (Нэмрyт) - Нэвшэхир (Кападокяа) - Анталяа (Аспендос) - Дэнизли (Памуккале) - Измир (Эфэс) - Чанаккале (Трува) - Стамбул гэсэн чиглэлээр нийт 14 хоног аялах байв. Зам зууртаа ганц нэг маршрут өөрчилж, зарим гоё газар илүү хоносоноос болж жоохон жоохон өөрчлөлтүүд гарсан. Ингээд 2012 оны 9 дүгээр сарын 24-ний билэгт сайн өдөр Стамбулаас хөдөлсөн аялал маань нийт 5120км урт зам туулж, 18 хот, 15 түүх соёлын дурсгалт газар, уул хад, далай тэнгисийг үзэн нийт 93 цагийг хот хоорондын замд автобусанд өнгөрүүлсний эцэст 2012 оны 10 дугаар сарын 8-ны билэгт сайн өдөр Стамбулд хүрэлцэн ирснээр өндөрлөсөн юм.
Адал явдалд дурлагч хүн бүрийн хүсэл бол цүнхээ үүрээд, автобусанд суугаад огт танихгүй шинэ газар очиж үзэх хүсэл байдаг байх гэж боддог. Бидний очихоор төлөвлөсөн ихэнхи хотуудад бидний таньдаг хүн байгаагүй. Эхний орой Стамбулаас автобусанд суугаад хөдлөхөд энэ 14 хоногийн аялалын турш ямаршуухан адал явдал хүлээж байгаа бол гэсэн хэмжээлшгүй догдлол байсан.
Day 1.
Эхний өдөр Туркийн нийслэл Анкара хот орлоо. Тэнд оюутан цагийнхаа сайн найзтай уулзахын тулд тусгайлан зорьж очсон минь энэ билээ. Анкарад Туркийн их удирдагч Ататуркийн бунхан "Аниткабир" гээд сүрлэг байгууламж бий боловч түүнийг үзэх зав энэ удаа тохиосонгүй. Тэгээд ч анх Анкарад сурч байхдаа тэнд очиж үзсэн болохоор "заавал үзэх" листэнд нээх дээгүүр ороогүй юм.
Day 2.
Амасья хот
Хоёрдох өдрийнхөө өглөө 09 цагаас Анкарагаас Амася хот руу хөдөллөө. 350км замыг 6 цаг яваад өдөр Амасяад ирсэн. Амасяа хөөрхөн жижигxэн авсаархан хот байв. Тэнд зорьж очсон хэрэг бол Сафранболу гэрүүдийг харах мөн Kral Kaya Mezarligi буюу Хаадын чулуун бунханг үзэx байв. Хаадын чулуун бунхан гээд хадан дунд нүxлэж хийсэн бунхангууд үнэхээр гайхалтай юм. Эдгээр нь МЭӨ 333 оноос 26 он xүртэл  Амася хотыг нийслэлээ болгож ашиглаж байсан Понтус хаант улсын үеийн түүхэн дурсгалууд юм. Над шиг хад чулуун асар том байгууламжуудад дуртай хүнд бол үнэхээр сонирхолтой газар байлаа. Орой болсон хойно голын эрэг дээр нь суугаад гэрлээр чимэглэсэн Хаадын чулуун бунханг харж суухад тэндээс явмааргүй л санагдаж байв. Голын эргээ дагаад барьсан Оттоманы үеийн гэрүүд бас сонирхол татах үзмэрийн нэг. Энэ модон гэр буюу байшингууд нь 19-р зууны сүүлийн хагасд баригдсан байдаг юм байна. Сафранболуд байдаг ийм гэрүүдийг үзэх хүсэл маань Амасяагийн гэрүүдийг үзсэнээр дарагдсан даа. Амасяагийн зан сайтай xүмүүс их таалагдсан. Ер нь тэгээд Туркийн хаана ч очсон xүмүүс нь зан сайтай даа. Амасяад хонолгүйгээр оройдоо Трабзоны автобусанд суув.
Day 3.
Трабзон хот. Хар далай.
Амасяагаас Трабзон хүртэлх 470км замыг 8 цаг яваад өглөө 05 цагт Трабзонд ирэв. Энд Улмаагийн найз Турк охиныд буух байсан тул түүнийг отогар (автобусны зогсоол-тээврийн товчоо) дээр хүлээж байгаад ирэхэд нь хамтдаа гэр рүү нь явсан. Тэдний гэр үнэн тансаг, 11 давхар байшингийн хамгийн дээд давхарын дублекс гэр дээрээс нь Хар далай зүгээр л балконоос нь нүдний өмнө дэлгэсэн шиг харагдана. Миний Туркэд байхдаа хамгийн их үзэхийг мөрөөддөг байсан газар Хар далай тул хүсэн хүлээсэн далайгаа хараад хэдэн цагаар хамаагүй суучихмаар л байв. Даанч бид 2 цөөхөн хоногт их юм үзэx давчуу програмтай явж байсан тул өглөөний цай ууж аваад нөгөө алдарт Uzungol (Узунгөл) гэдэг газар руу нь явж өгөв.
Узунгөл, Трабзон
Узунгөл гээд иxэвчлэн карт постал дээр зураг нь байдаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Хар далай угаасаа нов ногооноороо алдартай болохоор тэр хүртэл явсан 98км замын турш эргэн тойрны толгой эргэм өндөр уулс, уулсын орой дээр барьсан байшингууд, уулыг ороож тавьсан зам зэргийг сонирхон харж явсаар Узунгөлд хүрэв. Трабзоноос Узунгөл руу автобусны компаниуд нэг өдрийн аялал хийж үйлчилдэг юм билээ. Хоёр талдаа билет нь 25 лир буюу 20мянга орчим төгрөг болдог юм билээ. Нээрээ сониноос Хар далайн залуучууд үнэн царайлаг юм билээ. Би болохоор Тэмэл, Дурсунтай онигоон дээрээс хар далайн xүмүүсийг нээх том хамартай царай муутай xүмүүс байдаг байх гэж боддог байсан чинь гудманд алхаж буй иxэнхи залуучууд нь Стамбулын гудманд тааралддаг залуучуудаас царайлаг байсан. Улмаа бид хоёр сэтгэл алдарч, жоохон  шимтэн харсан лда гэхгүй юу ккк.  Трабзоны төв гудамжууд бол Стамбулын гудамжаас ялгаагүй хүн ихтэй бас их хөгжсөн, дэлгүүр хоршоо иxтэй юм билээ. Өөрийгөө Стамбулд Таксимд явж байна уу гэж андуурхаар. Нэг сонин нь хот дотроо уул овоо, хотгор гүдгэр ихтэй. Hiking хийсээр байтал таарч байгаам чинь кк. Орой нь биднийг зочилсон Меликэ гээд Турк охин ёстой гараа гаргаж хар далайн загасаар дайлсан даа. Би лав амьдралдаа идэж үзээгүй хамгийн олон загасыг тэднийд идсэн.
Day 4.
Сумела Манастир, Трабзон
Өглөө дублекс тансаг байрныхаа задгай балкон дээр хар далай харан сууж жинхэнэ Турк өглөөний цай уучихаад дараагийн аялалдаа оров. Төлөвлөсөн ёсоор үдээс өмнө Сумела Манастир үзчихээд үдээс хойш Мардин хот руу явахаар билет авсан байв. Сумела манастир Трабзоноос 48км зайд байрлах ба мөн Метро, Улудаг, Камил Коч зэрэг автобусны компаниуд өдрийн аялал хийдэг юм байна. Энэ нь мөн хоёр талдаа 25 лир буюу 20мянган төгрөг. 
Сумела манастир нь Мэла уулын эгц хадан хавцалын 1200м өндөрт МЭ 386 онд Гэгээн Мариад зориулагдаж бүтээгдсэн сүм юм байна. Яаж тэр өндөр уулан дээр бас яаж тийм аймаар хадан хавцал дээр барьж босгосон байнаа гэж бахдмаар сайхан газар байна билээ. Яг дотор нь орвол сүмээс гадна хуучин жижиг хот байжээ. Бодвол санваартнууд амьдрахад зориулсан байх. Дотор байгаа бүх юм нь мини мини болохоор хүүхдийн тоглоомон байшин дотор явж байгаа ч юм шиг сонин санагдаж байсан. Энэ газар нэг хүслийн худаг байсан... би зоос хаяж нэг хүсэл шивнэсэн. Тэр хүсэл маань биелсэн шүү ккк.
Дээд талын зурган дээр холоос авсан Сумелагийн зураг байна, сайн харвал ямар гайхалтай байрлал дээр байгааг нь олж харна шүү кк. Харин энэ доор МиниаТуркэд авсан ойрын зургийг нь үзүүллээ. Гайхалтай өвөрмөц байгаа биз?
Сумела манастирийн МиниаТуркэд байдаг макет
Сумелагаас буцаж ирээд отогар дээр хүлээж байгаад автобусанд суугаад дараагийн хот руу хөдлөв. Трабзон маш их таалагдаж, сэтгэл ихэд хоргодсон (гэхдээ тэр царайлаг залууст нь хоргодсон юм биш шүү ккк). Трабзонд нээрээ сонирхолтой нь тэр хотынхоноос хөл бөмбөгийн ямар баг дэмждэг вэ гэж асууж болохгүй гэсэн кк. Яагаад гэхээр бүгдээрээ Трабзонспор гээд Туркийн 4 дэх том багийг дэмждэг болохоор хэрэв тэгж асуух юм бол доромжилсон гэж үзээд буудчихаж магадгүй гэсэн шүү кк. Трабзонспороороо дэндүү өвчилсөн байдаг юм байна лээ. Xүрэн алаг өнгийн формтай байдаг байхгүй юу тэр баг нь тэгсэн чинь бүр үйлдвэрийнхээ байшинг тэр өнгөөр алаглуулаад будчихсан байвал яахуу.
Трабзоноос Мардин орох зам хамгийн урт буюу 750км, 13 цагийн аялал байсан. Уг нь бид хоёр Трабзоноос Ван орох бодолтой байсан ч Вангаас Мардин орох зам яг терористуудтай хэсгээр дамжиж явах гээд тэгээд ядаж байхад Сирд гарсан мөргөлдөөн хурцадмал, Туркийн зүүн хэсгийн зарим нэг хотуудад терорист xалдлага энэ тэр гарсан сураг дуулдаад байсан тул хичнээн зоригтой аялагчид байлаа ч гэсэн өөрсдийн азыг тэгж хүчлэхгүй байхаар шийдээд Ван оролгүйгээр шууд Мардин явсан юм. Трабзоноос гарсан дараа өндөр өндөр уулсыг ороож их удаан явсан. Зигана даваа буюу Туркийн хамгийн өндөр даваануудын нэгээр давахад бас л сүрдэж байсан шүү. Говийн бор толгодоосоо илүү гарч үзээгүй над шиг хүнд тэр бол тэнгэрт дүүлсэн дайтай өндөрт гарсан мэт санагдаж байв. Гэхдээ Туркэд нэг авахаар юм нь зам харилцаа маш сайн хөгжсөн тул ямар ч өндөр уулыг ороогоод хар зам тавьсан байх юм билээ. Энэ зун гэрийхэнтэйгээ Хөвсгөл аялаж явахдаа давсан Ороохын даваа болон Хамрын даваа энэ тэр чинь зүгээр л "ус үзээгүй түрийгээ шууна" гээч нь болсон юм бишүү ккк.

Трабзоноос Мардин ортол 750км замыг шугам татсан шиг шулуун явчихдаггүй юм байна. Гүмүшханэ, Баябурт, Бингөл, Эрзурум, Дияарбакир хотуудаар дайрсан. Бингөлээр дайрч гарах үед яг үнэндээ би айж л байсан. Шөнө байсанг ч хэлэхүү, ядаж байхад урд суусан хүмүүс тэнд гардаг терорист халдлагуудын талаар яриад намайг бүр айлгаад хаячихсан. Би Туркэд сурч байхдаа Анкара, Стамбулд сурч байсан бас аялсан газрууд нь дандаа баруун эргийн газрууд байсан болохоор Туркийн зүүн, зүүн урд зүгийн нутгууд миний хувьд нууцлаг битүүлэг хэвээрээ үлдсэн хэрэг. Хамт аялсан найз маань Эрзурум буюу бас нэлээд зүүн зүгийн хотод сурдаг болохоор тэр нутгийн талаар мэдлэгтэй байсан ба өдөр тутмын амьдралд юу ч байхгүй тайван гэж намайг итгүүлж байв. Хүн ер нь мэдддэггүй зүйлээсээ л айдаг гэдэг үнэн шүү. Доу буюу зүүн зүгийн талаар Туркэд бүгд л айдастай ханддаг. Мэдэхгүй хүнд бол хүмүүс нь буу бариад хэзээ мөдгүй буудахад бэлэн явж байдаг юм шиг боддог юм шиг байгаан. Гэтэл яг дунд нь ороод үзэхэд огт тийм биш юм билээ шүү. Монголын тал нутгийнхан шиг тэр нутгийн улсууд бас зочломтгой энгийн улсууд санагдсан. Бид 2-г огт танихгүй хүмүүс гэртээ хонуулаад, хооллоод ундлаад явуулж байсан.
Day 5.
Шинэ Мардин хот
Мардинд их адал явдалтай байсан л да. Бас бидний аялалын хамгийн хэцүү нь байсан. Автобус шөнө дунд 4 цагийн үед Мардинд ирээд бид 2-г гудманд зам дээр буулгав. Бид нар өмнөх хотуудад байсан шиг отогар дээр нь бууя гэтэл энэ отогар гэдэг байгаа. Үнэндээ юу ч байхгүй хоосон газар.. Аа тийм зүүн зүгээр аялаж явахдаа хамгийн анхаарах зүйлсийн нэг бол өмссөн хувцас хунартаа анхаарах хэрэгтэй. Нэлээд хаалттай орчин болохоор ил задгай xувцас өмсөх юм бол хүний анхаарал татаж өөрсөддөө төвөг удах болно. Гэтэл би отогар дээр хувцасаа солино гэж бодоод Трабзоноос шорттойгоо автобусанд суучихсан чинь шөнө зам дээр буулгаад хаячихдаг гэж байгаа юм. Эргэн тойрон онгорхой газар нэг ч үгүй, яахаа мэдэхгүй гайхаж зогстол толгой дээрээ симит тавьсан нэг банди хажуугаар яваад өнгөрөхөөр нь дагаад явтал симит сарая буюу цайны газар очлоо. Тэр хүүхдээс энд өглөө болтол сууж болохуу гээд цай ууж гэгээ ортол тэнд суусан.  Хоёр эгч амьхандаа тэр хүүхдийг 13-14 насны банди байсан болохоор нь элэг бариад тэгж байгаа хэрэг, бусдаар бол том залуу байсан бол юу гэж тэгж зоригтойгоор дагаж явах вэ дээ кк.  Тэгээд үүр цайгаад гэгээ оронгуут тэндээс гараад хажууд байсан Петрол ШТС-ын 00 орж нүүр гараа угааж, хувцасаа сольсон гээд бод доо :-))

Мардиний чулуун гэрүүдийн МиниаТуркэд байдаг макет
Мардин орох гол зорилго нь энэ дээр үзүүлсэн Ташэвлэр буюу чулуун гэрүүдийг үзэх байсан юм. Гэтэл бүтэлгүйтэл дээрээ азгүйтэл гэдэг шиг яг тэр үед чулуун гудамжаа янзалж байгаа гээд бүх замаа хаагаад бөөн шороо тоос босгоод хаясан байв. Хар өглөөгүүр хэн ч байхгүй Мардиний гудмаар алхаж явахдаа юм эсийг бодож явлаа гэж... Төв гудамжнаасаа гараад нарийн гудамж руу орох юм бол ёстой жинхэнэ эртний чулуун гудамж, чулуун гэрүүд байдаг юм билээ. Тэнд алхаж явахад өөрсдийгөө Туркэд биш огт өөр улсад эсвэл огт өөр цаг үед байгаам шиг мэдэрч байлаа. Аймаар нялуун халуун байсан тул жоохон алхах гэхээр нозоороод ядраад хэцүү байсан. Урьд шөнийг автобусанд тухгүй унтаж өнгөрүүлсэн нь бас нөлөөлсөн байх. Тэнд хамгийн сонирхолтой санагдсан зүйлийн нэг тал руу харах байлаа. Тал руу харахад яг далай шиг харагдаж байсан. Хэтэрхий халуунаасаа манантаад тэгж харагддаг байx. Мардинийг хуучин хот, шинэ хот гээд хоёр хуваадаг юм билээ. Хуучин хотод нь нөгөө чулуун гэрүүдээс бүрдсэн хот. Шинэ хот нь арай модерн, өндөр барилгатай хот хөгжиж буй. Мардиний чулуун гэрүүдийн макетийг МиниаТуркэд харчихаад ийшээ явж үзэх юмсан гэдэг хүслээс энэхүү Туркийг тойрох аялал төрөн гарсан гэвэл хилсдэхгүй.

Нойрмог, нозоорсон хоёр эгч алхаж алхаж байгаад шөнө буусан газраа эргэж ирээд тэндээс автобусны билет аваад бушуухан түүс дараагийн хот руу явахаа л бодлоо. Өө тийм нээрээ бас нэг хаарамсалтай юм нь Мардинд авсан бүх зураг апаратан дээрээс устчихсан. Азгүй дээрээ бүр азгүй юм болсон лдо. Гэхдээ яахав хамаг барцад түүгээр гарсан байна лэ.
Шанлиурфа хотын Balikligol буюу Загастай нуур
Дараагийн хот болох Шанлиурфа руу 200км, 4 цаг явсан. Хамгийн инээдтэй нь замд цагдаагийн эргүүлийнхэн автобус зогсоож, буутай цагдаа нар зорчигчдын бичиг баримт шалгаад, би бас үнхэлцэг хагарах гэж байсан хэхэхэх. Иймэрхүү шалгалтууд бол тэр зүгт аялаж явахад жирийн үзэгдэл юм байна лда. Гэтэл би юун буу барьсан амьд цэрэг харах байтугай тоглоомон буу харах дургүй хүн чинь айх нь аргагүй лдэ гэж өөрийгөө зөвтгөсөн хихихи.  Урфад бид нар нэг хувийн оюутны байранд буусан. Улмаа найз маань саголсун, бүх байрлах газруудыг ярьж зохицуулсан шүү. Ингэхэд бид хоёр янзын зохион байгуулалттай аялсан шүү кк. Байр сууц, хоолны асуудлыг Улмаа зохицуулна, би замын асуудал буюу маршрут, автобус, музэй, хөтөч гэх мэт ажлаа хариуцсан. Хоёулаа адилхан хүсэл сонирхолтой, нэг нэгнийгээ мэддэг, ойлгодог болохоор хамт аялахад үнэхээр гоё байсан. Нэг бол дэвэн дэлхийн юм хамж яриад, дуу дуулаад явна эсвэл хоёр тийшээ хараад тус тусдаа номоо уншаад сууна. Ер нь аялалыг хөгжилтэй, сонирхолтой болдог нэг зүйл чинь хамтран аялагч чинь байдгийм шд.
Урфа нэлээд том бөгөөд хөгжиж байгаа хот байна лэ. Мардин шиг л тамын халуун газар байсан. Азаар бид нар нар хэвийсэн хойно очсон ба гадуур гарахдаа нар шингэсэн хойно гарсан. Орой болсон хэр нь оройн сэрүүн гэдэг ойлголт байхгүй байсан гээл бод лдо. Бидний буусан байрны нэг Турк охин бид хоёрыг дагуулж явж Загастай нуур үзүүлсэн. Баликлигөл гэх энэ газар ариун нуур ба түүн доторх загасаараа алдартай гэнэ, эндээс загас барих хориотой ба хамгаалалттай байдаг юм байна. Ер нь бол дэлхийн хамгийн жаргасан загаснууд энд байдаг гэж ойлгож болно кккк.
Асли (дагуулж явсан Турк охины нэр) бид хоёрт загастай нуур үзүүлээд, агуй доторх мөргөлийн газар бас үзүүлээд дараа нь хамтдаа Урфа цайз руу гарсан. Энэ нь Урфа хотыг харсан нэлээн өндөр цайз юм билээ. Уг нь өдөр байсан бол алсын бараа харагдах байх гэж бодсон боловч Мардинд байсан шиг халуунаас болоод эргэн тойрны газар манантаж, ууршаад харагдахгүй байх байсан буй заа гэдэг дээр санал нэгдээд энэ цайз руу шөнө гарч үзсэндээ нээх харамсаагүй. Харин энэ цайзны дээгүүр байрлах кофены газар нутгийн гэх нэг сонин кофе ууж үзлээ. Мирра гэх энэ кофе нь халуун ногоотой юм шиг амттай юм. Тэгээд нэг жүнз шиг бичкэн аяганы ёроолд дусал кофе хийчээд тэрийгээ амсч үз гээд байгаам шүү :-Р
Урфа нээрээ Туркийн хамгийн халуун газар гэсэн. Өдөртөө 36-52 градус гээд бод лдо. Угаасаа бид хоёр тэнд орой очоод өглөө эрт хөдлөх хооронд л халууцаад амжсан шүү дээ. Өдрийн ид халуунд очихийг бодох ч хэрэггүй санагдсан. Ингэхэд бид хоёрт тусласан Асли гээд охин бидэнд зориулж шүлэг бичиж өгсөн. "Яс, үндэс, угсаа, шашин шүтлэг харгалзахгүйгээр нэг хоол хуваалцаж, нэг инээд xуваалцаж байхад хүмүүс хоорондоо ямар амархан дотносож найзалж чадна вэ..." гэсэн утгатай шүлэг байсан. Их таалагдсан.
За ингээд тэмдэглэлээ энэ зуур түр завсарлая. Бичсэн миний гар чилж, уншсан таны нүд чилсэн буй заа. Удахгүй эргэж ирж үргэлжлэлийг уншаарай ;-)