Wednesday, July 03, 2013

Хуримын бэлтгэл

За энэ бичлэгийг бараг таван удаа бичихийг завдаж эхлүүлж байна, дуусгах завдал гарахгүй явсаар байтал үйл явдал өрнөөд дуусах нь кк. Анх найз залуу гэрлэх санал тавьсан дараагаас эхлээд бэр гуйх болон хуримын өдөр товлох, хуримын бэлтгэл ажил эхлүүлэх гээд чухам түмэн завгүй болчихдог юм байна. Ядаж байхад ойрд ажил ихтэй ачаалалтай байхад өдөр нь ажлын хажуугаар интернэтээс даашинзны загвар харах, урилганы дезайн сонгох, хүлээн авалтанд урих зочдын лист гаргах, хуримын бөгжний загвар захиалга, бас болоогүйэ хаа байсан хэзээ ч явах юм байгаан бал сарын аялалын маршрут гаргах гэх мэт наян янзын ажилтай сууж байдаг болсон.

Манай найз залуу ингэхэд өвдөг сөхөрч байгаад "Надтай гэрлээч" гэж гуйгаагүй шд. Харин өвдөг сөхөрч байгаад "Надтай насанд туршид минь хамт амьдрах үнэнч хань минь болооч" гэж хэлсэн кк. Энэ үгийг нэлээд сургуулилсан байх гэж бодож байна кк. Хүн яг ингэж хэлэхээр сэтгэл хөдлөөд уйлмаар болдог юм билээ кк. Дараа нь тэдний гэрийнхэн хаа байсан говь руу 500-600км газар явж очиж манайхаас бэр гуйсан. Бэр гуйгаад л шууд хуримын өдөр товлосон чинь сар хүрэхтэй үгүйтэй хугацаа байгаа юм чинь.

Хурим хийх талаар тийм ч их синдерэлла мөрөөдөлгүй байсан хүн чинь гэнэт хурим хийх болонгуут яахав ийхэв, ямар даашинз гээд сандардаг юм байна. Хуримлагч бүсгүйн зураг хараад ихэнхдээ цагаан хуримын даашинз өмсөж дээ л гэж хардагаас яг ямар загвартай, ямар материал байна вэ гэдгийг цөөхөн тохиолдолд анзаарч хардаг юм шигээ. Тиймээс би хүн хараад цагаан даашинз гээд өнгөрөхөөргүй даашинз өмсөх бодолтой байдаг юм. Хэд хоног нэтээс хайж байж нэг ийм загвар олсон. Маш их таалагдаад байгаа, гэхдээ хийлгэх маань жоохон асуудалтай юм шиг байнаа. Яг сайхан харагдаж байгаа шигээ гарч ирэх эсэхийг сайн мэдэхгүй байна.

Хуримын бөгжний талаар бас нэлээдгүй ярилцлаа. Нэгэнт л насан туршдаа зүүх бөгжөө сонгож байгаа болохоор хэлбэр загвар таалагдсан, хамгийн гол нь чанартай сайн эдэлгээтэй бөгж байх тал дээр санал нийлсэн юм. Тэгээд бас л интернэтээс хайж эхэлсэн дээ. Бөгжний загвар энгийн мөртлөө хүнд шууд хуримын бөгж гэж харагдахаар байвал зүгээр гэж бодоод байгаа. Гэхдээ яагаад ч юм хаан бугуйвч, хатан сүйх зүүх тал дээр тийм позитив биш байгаа.

Гэрлэх ёслолын ордонд өдрөө өгөөд захиалгаа хийчихсэн. Сонирхолтой нь тэд нар гэрлэлтээ батлуулж ирээрэй гэдэг юм билээ. Би чинь тэндээ шууд баталчихдаг юм байх гэж бодсон байхгүй юу кк. Одоо бас дүүрэг дээгүүр явж гэрлэлт батлуулах гээд бөөн ажил гарч ирж байх шиг байна. Бас батлуулах сайн өдөр харах хэрэгтэйм шиг байна. Эцсийн эцэст баахан тэмдэглэлт өдөртэй болж хоцрох юм шиг байна. Гэрлэх санал тавьсан өдөр, бэр гуйсан өдөр, батлуулсан өдөр, хурим хийсэн өдөр, гэртээ нүүж орсон өдөр гэх мэт гэх мэт ккк.

Одоо хамгийн том ажил хүлээн авалтын захиалга хийх байна. Ресторан хайж 3 өдөр л гадуур явлаа. УБ-д цогц үйлчилгээ үзүүлдэг цөөхөн хэдэн газар л байдаг юм байна. Нөгөө хэдийг нь харьцуулж байгаад л нэгийг нь сонгодог байх даа. Ресторанаа олчих юм бол хуримын урилга хэвлүүлэх ажилд орно. Өнөөдөр урилганыхаа загвар дезайныг сонгосон.

За тэр зочдын нэрс гаргах чинь хамгийн төвөгтэй ажил байна. Төсөв хөрөнгөө бодохоор лимитэд байдаг. Зарим нэг урих ёстой ч юм шиг ёсгүй ч юм шиг хүмүүс байна. Сайн танихгүй мөртлөө урих ёстой хүмүүс ч бас байгаад байх шиг. Яахаараа тэр барааг нь хараа ч үгүй хүнийг би хуримандаа урих ёстой байнаа гээд ээждээ хэлээд амжсаан. Гэхдээ хурим найр чинь бидэнд зориулагдсан гэхээсээ илүүтэй ах дүү төрөл саданд зориулагдсан эд юм байна шд.

Хурим дуусаад 8 сар гаргаад бал сарын аялалдаа явж байх юмсаан. Уг нь эхлээд чухал ажилдаа анхаарал хандуулна, бал сараа түр хойш нь тавина гэж тохирсон байсан боловч бас л тэсэхгүй зав чөлөө гарвал судлаад л байгаа. Хоёулаа аялах хоббитой юм болохоор энэ тал дээр их санаа нийлээд байгаа.

4 comments:

Bat said...

peee iim hurdaan :)

blog bichel bgarai :D

Номинговь said...

Hehe harin boloh yum bolohoo bolohoor hurdan boldog yum bna :))

Nogoohon said...

За баяр хүргэе. Ямар сайхан мэдээ вэ. Аз жаргалаар дүүрэн сайхан амьдрал хүлээж байгаа шүү.

Номинговь said...

Баярлалаа. Одоо л жинхэнэ амьдрал эхлэх гэж байгаа юм шиг санагдаж байна.