Бидний төрсөн өдрийг тэмдэглэж Хүүхдийн парк орж
өдрийг өнгөрөөв. Ер нь миний хувьд Улаанбаатар хотод очиж цагийг өнгөрөөх
хамгийн дуртай газруудын нэг Хүүхдийн парк байдаг юм. Хиймэл нуурын эрэг дээрх
кафед нь суух дуртай. Жоохон ч гэсэн усны л хажууд юм хойно Стамбулын далайн
эрэгт суудаг байсныг санагдуулаад гоё байдаг юм.
Хиймэл нуурын
голд байрлах үлгэрийн цайз нь их хөөрхөн. Анх сошиал медиагаар хүмүүс энэ
цайзны дэргэд авхуулсан зургаа тавиад байхаар нь гадаадад л байна гэж харж
байсан. Морин тойруулга, динозавртай эргэдэг тоглоом, мөргөлддөг машин, гинжит
савлуур, камиказе завь гэх мэт гайгүй ч гүй хэдэн тоглоомтой, бас хөөсөн чихэр,
попкорн, шорлог зардаг мухлагуудтай. Бонгын ертөнцтэй, спорт пабд нь боулинг,
биллард, ширээний хөл бөмбөг гэх мэт тоглоомууд тоглож болно.
Алсыг харагч дээр
нь хоёр удаа сууж үзсэн. Бүхээг нь савлаад жоохон аймаар ч гэлээ хэрэндээ л
хөөрхөн сэтгэл хөдөлгөм шүү. Хүүхдийн жижиг жижиг тоглоомуудыг нь шинэчилж
будаж янзалсан юм шиг байна лээ, өнгөлөг гоё харагддаг. Нэг л харамсалтай юм
байна. Тэр нь даанч давчуу, жижигхэн газар шамбааралдуулаад тавьчихсан.
Жиргээнийхэн “Хүүхдийн парк” гээд тэмцэлдээд байдаг нь нээрээ л үнэн юм байна. Дээхэн
үед их л том хашаатай байдаг байсан санагдана. Одоо тоглоом, тохижолт хөөрхөн
болсон хэр нь талбай жижигхэн болохоор тиймхэн байна даа.
Хүн яагаад ч юм
тоглож байгаа хүүхдүүдийн хажууд байхаар өөрийн эрхгүй аз жаргалтай болдог юм
байна. Хүүхдийн инээд, тоглож буй тоглоомноосоо авч буй сэтгэл ханамж, үнэн
сэтгэлээсээ баярлаж хөөрч буй инээд нь бусдад аз жаргал халдаадаг байхаа.
No comments:
Post a Comment