Monday, July 08, 2013
Хуримын бэлтгэл -3
Өнөөдөр гэрлэлтээ батлуулав.
Ингээд энэ өдрийн байдлаар би гэдэг хүн ганц бие бүсгүй байхаа болидог юм байжээ. Эрэгтэй С.Б, эмэгтэй Н.Н нар 2013 оны 07-р сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 07-р сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ....-рт бүртгэж гэрчилгээ олгов гэж бичсэн байгаа кк. Бүртгэлийн ажилтан нь гэр бүл болсон өдөр асуугаад болдоггүй, өнөөдөр гэсэн чинь анх хэзээ гэр бүл болохоор шийдсэн юм гэж ч байх шиг кк. Хоёулаа ижилхэн өдөр байж болдоггүй юмуу гэсэн чинь болно л доо гээд ижил өдөр бүртгэж өгөв. Хүн харвал шууд нэг өдөр шийдээд, нэг өдөр бүртгүүлсэн юм шиг инээдтэй л харагдах нь дээ ккк. Бүртгэл бичиж дуусаад гарын үсэг зурсан дараа бүртгэлийн ажилтан за босцгоо гээд өөрөө бас босч зогсож байгаад "За та хоёр гэр бүл боллоо", баяр хүргэе гээд гар барьж гэрчилгээг гардуулж өгдөг юм байна лээ. Тэр хүн их л буянтай ажил хийдэг хүн юмаа. Хүмүүс гэрлүүлнэ гэдэг сайн үйлс биз дээ тэ кк.
Тураах дэглэмийнхээ 4-дэх өдөрт ороод явж байна. Одоогийн байдлаар 3кг хассан байна лээ. Хичнээн өлсөж, хоол идмээр санагдаж байгаа ч гэсэн жин хассан байхаар нь урам ороод гүрийгээд л байгаа. Өдөржин зөвхөн жимс, хүнсний ногоо, цай, лимонтой ус гэх мэт зүйлс идэж байгаа. Мах, гурил, будаа, төмс гэх мэт зүйлс огт идэхгүй байгаа. Өдөр нь ажил ихтэй болохоор тэрэндээ сатаараад нээх өлсөхгүй өнгөрөөд байгаа. Харин орой хүмүүс хоол идээд эхлэхээр идмээр санагдаад хэцүүм билээ. Өчигдөр улаан лооль, өргөст хэмх хоёрыг хэрчээд усанд хийж давс нэмээд буцалгаж байгаад нэг өндөг, жоохон далайн байцаа хийгээд гоё шөл болгож уусан. Эхний өдрийн байцаа, сонгино, луувангийн шөлнөөс гоё амттай юм байна. Байцааны шөл юун уух байтугай, үнэртэхээр муухай санагдаад байдаг юм. Ингээд хоол идэхгүй байсан чинь жирийн үед ямар их иддэг байсан юм бэ гэж бодоод санаа зовох ч шиг кк. Дэглэмээ дууссан ч гэсэн үргэлжлүүлээд хоолондоо анхаарч зөв, эрүүл хооллохыг хичээнээ. Гэтэл одоо наадам дөхөөд наадмын хуушуур, айраг хоёр нүдэнд харагдаж, аманд амтагдаад үнэхээр хэцүү байнаа.
Амралтын хоёр өдрийг гадуур явж гэрийн тавилга харж, байр цэвэрлэж өнгөрүүлэх шив дээ. Тавилганаас гадна хөшиг, гэрлийн бүрхүүл энэ тэр гээд наян янзын ажил байдаг юм байна. Өмнөх байрандаа бүх юм нь бэлэн байранд ирээд суусан болохоор ийм тийм жижиг сажиг юмыг мэддэггүй байж. Гэтэл байр тохижуулах гэж чухам их ажил байдаг юм байна. Хуримын өглөө шинэ гэртээ орж гал голомтоо асаах болохоор одоо хамаг юмыг нь бэлэн болгож тавих ёстой юм гэнэ.
Өчигдөр бас 2 цагийн завсар гаргаад гоо сайхан ороод амжсан шүү. Хуримаас өмнө нэг хоёр удаа ороод нүүрээ сэргээж, засч авах хэрэгтэй гэсэн. Үсчин ч гэсэн орж урьдчилсан байдлаар үсээ янзлуулж, үсчинтэйгээ хуримын засалтаа ярилцаж, бүр туршиж ч үзэх хэрэгтэйм шиг байна лэ. Шууд очоод тэр өдрөө янзлуулна гэвэл "турш-азгүйт" болох байлгүй кк. Нээрээ сониноос хуримын өглөө хадмын талынхан намайг ирж манай гэрээс аваад, нөхрийн гэрт очиж гал голомт асаалгаж, цай чануулдаг гэсэн. Гал голомт асаах гэдэг байранд бодвол цахилгаан зуухны товч дараад болно байх. Харин нэг сайхан цай чанаж сурах юм шүү тэр өдрөөс өмнө кк.
Labels:
wedding plan
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment