Friday, May 31, 2013

Хүүхдийн баярт зориулсан хүүхэд насны дурсамж


Би айлын том болохоор эрх гэж жигтэйхэн.. Ах дүү нар энэ эрх хүүхэд яаж хүн болно доо гэж ярьдаг байсан гэсэн. Гэхдээ л сайн хүн болоод хүмүүжсэн л байгаам даа хэхэхэ. Жоохон байхдаа өвөөгийнхөө гэдсэн дээр гарч хэвтчихээд зүрхний цохилтыг нь чагнаад, энд алхаар юу нүдээд байгаан бол гээд гайхдаг байсан. Дараа нь манайд байсан өвөөгийн дүү гээд модоор юм хийдэг мужаан хүний алхыг аваад сандал нүдээд сууж байдаг байсан. Өвөөгийн дүү алх хаачив гээд харахад хэзээний би авчихсан байдаг, тэгээд нэг хэсэг "алх Номин" гэдэг хочтой болсон гэсэн.

Аав ээж хоёр ажилтай болохоор намайг болон дүү нарыг Ханбогд руу өвөө эмээгийнх рүү их явуулдаг байсан. Ханбогд, Даланзадгад хоёрын хооронд мөн ч их явсан даа, онгоцоор ч явлаа, шуудангаар ч явлаа, ачааны машинаар ч явж байлаа. Тэр үед сум хооронд нисдэг байсан царцаа ногоон гээд онгоцонд үхтэл бөөлждөг байж билээ.

Бодоод үзэхээр хамаг хүүхэд насны дурсамж хөдөө л өнгөрсөн байдаг. Нэг удаа говийн угалзанд ганцаараа төөрч байсан санаанаас ер гардаггүй юм. Амьдрах хувьтай л хүн байсан болохоор тэр угалзнаас амьд гарсан байх гэж боддог. Ийм явдал болсон юм. Би 5-6 настай байсан байх, сургуульд ороогүй л байсан юм. Зуны нэг өдөр манай гэрийнхэн худаг орж тэмээ малаа усалж, ус авчихаад надад нэг тэмээн дээр 40-н бидонтой ус тэгнэж өгөөд түрүүлээд харьж бай гээд явуулаваа. Худгаас загтай хоолой гатлаад гэр хүрдэг байсан юм. Яг замынхаа талд орж явтал салхи гараад хөтөлж явсан тэмээ цочоод ухасхийхдээ бидонтой усаа унагаачихдаг юм. Жоохон хүүхэд болохоор усаа тэмээн дээрээ тавьж чадахгүй, усгүй гэртээ харихаас бас айгаад, худаг дээр байгаа хүмүүс дээр очих санаатай буцаад явсан чинь салхи ширүүсээд, шороо болоод замаа олохгүй болохоор нь за за худгаа олохгүй юм чинь харья гээд гэрийн зүг явах гэсэн чинь зүг чигээ бүүр алдчихсан. Дээрээс нь битүү шуургатай, юу ч харагдахаа больчихсон. Дээрээс нь тэмээ ч сүүлдээ явахаа болиод хэвтээд өгсөн. Тэмээгээ босгох гээд татаад чангаагаад ерөөсөө дийлэхгүй байгаам чинь.. Сүүлдээ аргаа бараад тэмээнийхээ нөмөрт хэвтэв. Зун болохоор өмссөн хувцас гэж нэг богино юбка, торон майк байсан. Шороо бие өвтгөөд байхаар нь юбкаа байдгаар нь дээш нь татаж гараа далдлаад, атийгаад хэвтэж билээ кк. Тэгээд эргэн тойронд битүү шороо харанхуйлсан газар ганцаараа хэвтэж байхдаа өөрийгөө айх ёстой гэж бодсон боловч яг цагаа тулахаар огт айдаггүй юм билээ. Дотроо дов сондуулны араас чөтгөр шулам гарч ирээд намайг тойроод бүжиглэж байвал яанаа гэж бодсон хэрнээ огт айхгүй байсан. Харин салхины чимээтэй цуг хүмүүс миний нэрийг дуудаад байгаа юм шиг санагдаж байсан. Тэгээд нэлээн удаан хэвтэж байтал бараг орой болсон хойно шороо намдаад тэнгэр цэлмэсэн. Босоод харсан чинь газрын баримжаагаар гэрээ олж болохоор юм шиг байхаар нь тэмээгээ босгож хөтлөөд гэр рүүгээ алхсан. Бидонтой ус мус ч дүүрсэн хэрэг. Тэмээний бөхөнд 10-н бидонтой ус дүүжлээстэй байгаа юм чинь гэрийнхэн арай загнахгүй байх гэж бодоод байгаамаа кк. Гэртээ ирсэн чинь ээжээс бусад хүмүүс байдаггүй.. Яасан гэсэн чинь усан дээр байсан хүмүүс ирсэн чинь шороо болоход намайг ирээгүй байхаар сандралдаад хайхаар явцгаасан байжээ. Мотоцикл, тэмээ, явган гээд бүгд тэр заган хоолойг самнасан гэсэн. Миний унагасан бидоныг олсон хэрнээ намайг олохгүй байсан хэрэг. Яаж ч олох билээ дээ тэр харанхуй шуурганд. Угаасаа говийн шуурганд төөрвөл хэцүү шүү дээ. Учраа мэдэхгүй хүүхэд бол тэгээд эргэж олддоггүй гэсэн. Шуурганд яваад байвал улам төөрөөд хаа хамаагүй явчихдаг гэнэ. Харин тэнд байсан тэмээний ачаар би хаа хамаагүй тэнээд явчихаагүй тэр газраа хэвтэж байгаад шороог өнгөрүүлсэн нь намайг аварсан хэрэг. Үнэндээ бол тэр тэмээ миний амийг аварсан хэрэг шүү дээ. Түүнээс хойш шороо гарвал л суучихдаг болсон. Хамгийн зөв арга бол дороо суугаад шуурга өнгөрөхийг хүлээх гэсэн. Шуурганд гэрийнхээ гаднаас ч төөрөөд явчихсан хүн байдаг гэсэн шүү.

Мөн л бага байхдаа 60-70аад км газар тэмээгээр нүүдэллэж байсан хамгийн адал явдалтай дурсамж байх. Хонь малаа туугаад, тэмээн дээр гэрээ ачаад 2 хоног нүүдэллэж билээ. Замдаа нуурын эрэг дээр буудаллаад хээрийн хоол хийж идэж гадаа хоноод л... ёстой гоё байсан. Дараа нь бас нэг удаа үеэлтэйгээ хамт хол газар ингэ ботго туух болдог юм. Зарим ингэн дээрээ зэл гадсаа ачаалаад, өөрсдөө номхон 2 ингэ барьж унаад явдаг юмаа. Яг нэг шавартай газраар өнгөрсөн чинь ингэ ботгонууд шавран дээр хальтирч унах гээд бүжиг хийгээд, тэд нарыг харж үхтэлээ инээлдэж билээ. Тэгсэн хэрнээ бидний унаж явсан тэмээ шавран дээр хальтрангуут уначихвий гэж айж үхэх гэж байсан хэхэ. Тэгээд явж байгаад айлын гадаа ирээд бууж цай уух юм болдог юм. Ингэ ботгоо жоохон холхон туучихаад айлд ороод сайхан гэдэс огтлоод цай уугаад сууж байсан чинь ботго буйлаад эхэлдэг байхгүй юу. Айлын хүмүүс юу болов гээд гараад харсан чинь бид хоёрын унаж явсан 2 ингэний ботго нь гадаа ирчихсэн буйлж байдаг байгаа. Хоёулаа ичсэндээ болоод бушуухан гараад гүйчихсэн. Ингээ унаад айлаас нэлээд холдсон хойноо өөрсдийгөө шоолж бас баахан инээлдэж билээ. Их хөгжилтэй аялал болсон. Санаанаас ер гардаггүй юм.

Зуны амралтыг хөдөө өнгөрүүлэхийн хамгийн гоё нь зуны шөнө гадаа унтах. Унтана гэж байхгүй шүү дээ. Үлгэр яриад, эсвэл хэн нь олон од тоолохоо үзэх гэж уралдаад л. Зуны шөнө ядаж байхад нээх гоё намуухан, тэнгэр дээрээс одон чимэглэлтэй гоёмсог торгон хөнжил нөмрөөд авах гэж байгаа юм шиг л сайхан харагддаг байсан. Шөнө орой унтчихаад өглөө сэрэхгүй нарнаас зугтаж сүүдэр бараадаж унтаад эмээдээ загнуулаад хөгжилтэй ч байж дээ. Говьд угаасаа бороо хуртай жил л хамгийн сайхан зун болдог байсан. Хаа нэг газар нуур тойром тогтох юм бол айлууд тойрч буучихаад за тэгээд жаргалын оронд л буусан юм шиг байна шүү дээ. Говьд бол ийм зун ховор л доо. Ихэнх дээ "тэнгэр дуугарч бороо орохыг" хүлээсээр зун дуусдаг юм. Бага ангид байхдаа яг энэ мөрөөр эхэлдэг говийн тухай шүлэг бичиж байсан юм.. даанч одоо үлдсэн мөрүүдийг нь санахгүй байна. Тэнгэр дуугарч, бороо орохыг нь хүлээдэг говьдоо хайртай гэсэн утгатай шүлэг байсан юм. Өнгөрсөн зун хангайгаар аялж явахдаа хангайнхан чинь жинхэнэ жаргацан гарууд байдаг юм гэж ойлгосон. Тэхдээ харьцуулаад бодохоор чухам л говийн энэ нөхцөл байдал хүний тэсвэр тэвчээрийг шалгаж, тиймээс л говийнхон тэсвэр хатуужилтэй, уужим сэтгэлтэй болдог юм шиг санагддаг юм.

Бага байхдаа зөндөө боддог байлаа... би энэ газар нутагт, энэ цаг үед, энэ ээж ааваасаа төрөөгүй бол өөр хаана хэн байхыг хүсэх байсан бол гээд л.. Ээж аав минь намайг торгонд өлгийдөж, алтанд умбуулж өсгөөгүй ч энэ ээж ааваасаа өөр ээж аавын хүүхэд болж төрнө гэж төсөөлж ч бодож чаддаггүй. Бас говиосоо өөр нутагт төрсөн байхыг ч хүсдэггүй.

Ингээд бодсон чинь хүүхэд нас тэртээ алсад хоцорч дээ... Дурсамж сайхан юм. Жилийн жилд би ер нь Эх үрсийн баяр тэмдэглэж байгаагүй. Энэ жил харин ээжтэйгаа болон дүүгийнхээ хүүхэдтэй тэмдэглэнэ. Эх, үрсийн баярын мэнд хүргэе! Хүүхдээ сайхан баярлуулаарай.

1 comment:

Anonymous said...

Kui ee ene huduunii huuhduud mun tesvertei shuu,huuhed tegeed alga bolchihvol yaj bgaa bol oo.Bodson chin aimar sanagdchihlaa.