Wednesday, August 08, 2012

Хөвсгөл далай руу аялсан тэмдэглэл

Монголдоо байхад Хөвсгөл далайг хэзээ нэг цагт үзчихнэ дээ гэж боддог байсан болохоос биш тийш аялах боломж гэнэт өмнө гараад ирэх юм гэж санасангүй. Наадмын дараах амралтаа яаж өнгөрүүлэх вэ гэж бодож байтал манай дүү Хөвсгөл явах санал гаргаад дуун дээр нь дэмжлээ.
Орхон гол
Дүү нар Өмнөговьд, би Улаанбаатарт байсан болохоор дундаа Хархоринд уулзлаа. Хоёр талаасаа оройдоо Хархорин орж хоноцгоогоод маргааш нь аялалаа албан ёсоор эхлэв. Хархорин сумын төв гэхэд нэлээд том, олон ч барилгатай юм. Нөгөө нийслэл Хархоринд шилжүүлэх ажил юу болсон бэ дэ ингэхэд. Улаанбаатараа аж үйлдвэрийн хотоор үлдээгээд, Хархоринд нийслэл, төр захиргааны байгууллага, сургууль соёл төвлөрдөг бол гоё л юм. Турк улсын Анкара, Стамбул хотууд шиг.

Эрдэнэ зуу
 Хархоринд үзэх газрууд гэвэл Хаадын Хөшөө, Толгойн боолт, Бэлэг хад, Эрдэнэ зуу юм. Эрдэнэ зууд 1997 онд ирж байхад хавар байсан болоод ч тэрүү их л бүүдгэр газар байсан санагддаг юм гэтэл энэ удаа ногоорсон сайхан газар байна. Хийдээр орж үзээд, зуугийн үүдэнд үндэсний хувцас өмсөж мөн бүргэдтэй зургаа авхуулж, түүгээр дэлгэсэн лангуунуудыг сонирхож, хэрэгтэй хэрэггүй чулуу цуглуулав. 

Булган уулынхаа бэлээс Цэцэрлэг хот
 Өдрийн унд ууж аваад Архангай руу хөдөллөө. Архангайн Цэцэрлэг, Тариат хүртэл сайхан засмал замаар давхисаар байгаад ордог юм байна. Говийн хүүхдүүд бид Хангайн сайхныг бахдан сайшааж, цонхоороо алмайрч харж явсаар төдхөн Цэцэрлэг хотод хүрчихсэн байв. Цэцэрлэг хотын хойно байрлах уул үнэхээр сайхан сүрлэг уул юм. Булган уул гэдэг гэсэн, цагаан сараар эрчүүд дээр нь гарч зул өргөж хонодог гэж манай дүү ярьсан.

Чулуутын гол
Чулуутын гол одоо тааралдах ёстой гээд явж байтал үерлэж байгаа нэг гол тааралдахаар нь Чулуутын гол мөн байна гээд бууж зураг даруулж энэ тэр сүйд болцгоов. Гэтэл харин цааш хэдхэн км явтал жинхэнэ сүртэй Чулуутын голтойгоо тааралддаг юм байгаа. Сүрдмээр огцом эрэгтэй бөгөөд тээр дор ууртайгаар үерлэн урсах Чулуутын гол аргагүй л сонин газар юм билээ.

Майхангаа барилаа
Биднийг Тариат сум хүрэхийн алдад харанхуй болж байсан тул хоноглохоор шийдэж, зайдуухан газар майханаа босгож, өдөр нутгийн залуусаас үнэтэйхэн авсан тарваганы боодгийг задлан, Өвөрхангайн айргаар даруулан орой барив. Хоргын тогооны хажууханд ирсэн гэдгээ мэдсэн тул маргааш биднийг сонирхолтой аялал хүлээж байгаа гэдэгт итгэн амарч авцгаалаа.
Хорго тогоо
Хөмрөөд тавьсан аяга шиг Хорго уулын бараа харагдахад сэтгэл үнэхээр догдоллоо. 7-8 мянга гаруй жилийн тэртээ дэлбэрсэн галт уулын хайлмаг урсаж лааван гол бий болгосон байх юм. Шатсан чулуу гэж хэлэхээр тэр хүрэн буржгар чулуу нь их хөнгөхөн байдаг юм билээ. 

Хоргын тогоо - Сөнөсөн галт уулын кратер

Хоргын тогоо аялагч, жуулчид ихтэй байлаа. Уулын өөд авирах замыг засаж янзалсан, дээхэн хэсэгтээ цементээр шат хүртэл хийжээ. Хоргын тогоог үзэхээр авирагчид дунд 2-3 настай балчираас эхлээд, 70-80 гарсан хөгшид хүртэл байгаа нь үнэхээр хүмүүсийн үзэхийг хүсдэг газар болох нь илт байна.
Ганц хүний агуй
 Хоргын тогооноос хөдлөөд явж байтал замд хэсэг машин зогсчихсон, хүмүүс нь нэг газар бөөгнөрөн тонгойж байхаар хэрэгт дурлан юу болоод байгааг бууж сонирхов. "Ганц хүний агуй" гэсэн пайз хатгасан тэр газар ёстой ганц л хүн багтаж орохоор нүх харагдав. Гэтэл хүмүүсийн ярьж байгаагаар тэр ганц хүний агуй руу даруй 15 хүн яваад орчихжээ. Амсар дээр нь хүлээж зогстол нээрээ л арван хэдэн хүн гараад ирсэн шүү. Дотроо маш том зайтай байсан юм билээ.

Тэрхийн цагаан нуур

Даваан дээр гарч ирээд бүгд "ТЭР ИХ ЦАГААН НУУР" юу вэ гэж дуу алдлаа. Тэр бол Тэрхийн цагаан нуур байлаа :)) Хоргын тогоо дэлбэрэхэд урссан лаав голын ургалыг боосноор Тэрхийн цагаан нуур тогтсон юм гэнэ билээ. Хүмүүс даваан дээр гарч ирээд "Тэр их цагаан нуур юу вэ" гэж дуу алдсаар байгаад Тэрхийн цагаан нуур гэдэг нэр авсан юм гэнэ билээ. Нуур ус үзээгүй бидний говийн хүүхдүүд Тэрхийн цагаан нуурыг хараад дуу алдаж байгаам чинь Хөвсгөл далайг хараад ухаан алдах юм байна л да хэмээн тоглоом хийж явцгаав.
Тэрхийн цагаан нуур
Тэрхийн цагаан нуурын ус ёроолынх нь чулууг тоолчихоор гайхалтай сайхан тунгалаг устай юм билээ. Бид нуурын эрэг дээр буудаллан нууранд орж шавайгаа ханатал усаар тоглосон. Бидний замд тааралдсан хамгийн эхний нуур болохоор үнэхээр гайхалтай сайхан байсан бөгөөд тэндээс явалгүй үлдчихмээр л санагдаж байлаа.
Тэрхийн цагаан нуураас хөдлөхдөө бид оройдоо Мөрөн ордоггүй юмаа гэхэд ядаж Шинэ Идэр сум ороод хононо гэж найдаж байлаа. Тариатаас цааш засмал зам ч дуусдаг юм байна, өндөр уул даваагаар өгсөж ч эхэлдэг юм байна. Хөвсгөлийн Жаргалант сум ортол 100 гаран км газрыг 5-6 цаг туулахад энэ янзаар мөддөө Хөвсгөл орохгүй нь сэтгэлээр унаж байлаа. Жаргалант орж хоноод маргааш нь эртлэн замдаа гарсан тулдаа оройдоо Мөрөн хотын барааг харсан. Шинэ Идэр сумаас Мөрөн хот орох зам бидний туулсан 2000 гаруй км замаас хамгийн сайхан байсан эргээд бодоход. Уул усны гайхамшиг үнэхээр тэнд л харагдсан да.

Мөрөн хот
Мөрөн хотод оройн 5-6 цагийн үед орж ирэв. Энэ өдөртөө далай орж хонох бодолтой байсан тул Мөрөнд удаан сааталгүй цааш далай руу явсан. Хатгал сум хүртэл 100 гаран км бөгөөд зассан замтай гэж сонсож байсан тул амархан давхиад хүрнэ гэж найдаж байлаа. Хурдан явах нь явсан гэхдээ явсан замдаа нүдэндээ итгэж чадахгүй л байлаа. Юу гэвэл Мөрөнгөөс Хатгал хүрэх зам зүгээр л хангайн "нүүрсний" зам болсон юм байна. Таван Толгой - Гашуунсухайтын нүүрсний замын дайтай л машин хөлхөлдөж тоос бужигнасан газар байна. Ядаж байхад замын ажил явагдаж байсан болохоор бүр ч их тоостой байсан биз. 

Хатгал оронгуутаа нутгийн дүнзэн байшин хөлслөн буудаллаж, сайхан хоол хийн, мөн нутгийн утсан болон дарсан загасаар зоог барьцгаав. Маргааш Хөвсгөл далай биднийг хүлээж байгаа!
Сүхбаатар онгоц
Хөвсгөл далайгаар Сүхбаатар онгоцоор аялах уу, моторт завь хөлсөлж аялах уу гэж хэсэг санал зөрөлдсөний эцэст завиар аялахаар боллоо. Тэр нь ч сайн боллоо, яагаад гэвэл завиар аялах нь илүү сайхан мэдрэмж төрүүлдэг юм билээ. Далайн усанд гараа дүрэн, усны дусал нүүрэн дээрээ мэдрэх шиг сайхан юм хаана байх вэ. Мөн нөгөө талын эрэг дээр гарч цаа буга болон согоо буга харсан. Цаа бугын эвэр нь үстэй, их эмзэг харагдах бөгөөд дөнгөж 3 настай гэх цаа бугын эвэр сүрлэг том болсон байгаа юм чинь нас биеэнд гүйцээд ирэхээрээ ямар болох нь ойлгомжтой биз дээ. Тусгайлан хашаа татаж үржүүлж байгаа буга согоо нь харин ихэмсэг амьтад байна билээ. Бас их ааш муутай гэсэн, хүн ойртвол хага цавчдаг гэсэн.
Хүслийн хад

Цаашаа үргэлжлүүлээд бид Хүслийн Хад гэдэг арал дээр очлоо. Яагаад хүслийн хад нэртэй болсон тухайд би мэдэхгүйэ. Бодвол хүмүүс тэнд хүслээ шивнээд тэр хүсэл нь биеэлдэг гэж итгэдэг болохоор л тийм нэртэй болсон байх. Би бол ямар нэгэн газарт очиж хүслээ шивнэлээ гээд хүний хүсэл биеэлчдэг гэж боддоггүй юм л да. Харин хүмүүс тэнд шивнэчихсэн болохоор миний хүсэл биеэлнэ гэж итгэдэг болохоор л хүсэл нь биеэлдэг байхгүй юу.
Хөвсгөл далай

Хүслийн хадан дээрээс Хөвсгөл далай газар -аа газар бишээ далай- далай тэнгэр нийлээд цэлийтэл цэнхэртэж харагдлаа.
Хөвсгөл далай

Өмнө нь энд тэндхийн олон далай тэнгис, нуур усыг харж явсан боловч Хөвсгөл далай ээж шиг ийм сайхан тунгалгийг нь үзсэнгүйэ. Далайн эрэг гүехэн газраараа цайвар цэнхэр, цайвар ногоон харагдах боловч далайн гол руугаа гүн цэнхэр өнгөтэй харагддаг юм билээ. Хамгийн гүндээ 260-аад метр гүн далай ээж маань бидний аялсан энэ хэсгээрээ хамгийн гүндээ 30-40м орчим байгаа гэсэн. Бидний хөлсөлж явсан завьний эзэн хөөрхөн ааштай нутгийн хүү бидэнд нэлээд гоё зүйлүүд ярьж өгсөн юм.

Сүхбаатар хөлөг онгоц
Монголдоо цорын ганц усан онгоц – Сүхбаатар. Хөвсгөлд л ирсэн хойно Монголынхоо ганц хөлөг онгоцон дээр гарч үзэлгүй буцвал алдас болно гээд эрэг дээр эргэж ирэхийг нь хүлээлээ. Сүхбаатар онгоц хэдэн удаа аялал хийж зорчигчдыг Хүслийн хад хүртэл аваачаад буцаж ирдэг юм билээ. Гэхдээ Хүслийн хадан дээр зогсолт хийдэггүй гэсэн шүү. Хүн ихтэй, байнга л багтаамжаасаа илүү үйлчилж байдаг гэхийг бодоход эрэлт ихтэй байдаг нь тодорхой.
Ингээд бид Мөрөн хот руу буцаж, тэндээ хоноглоод маргааш нь аажуухан хөлгийн жолоог нутгийн зүг залсан даа. Буцахдаа бид ирсэн замаараа явсангүй харин Өгийн нуур орохоор төлөвлөж байсан тул Рашаант сумаар дайрч гарах маршрутаар явсан. Хануйн гол үерлэсэн байсан тул хөвдөг гүүрээр гол гатлав.  Буцах зам яагаад ч юм очих замаас хурдан байв.

Хамрын даваан дээр гүзээлзгэнэ түүв



Буцах замдаа Хамрын даваа гэдэг даваагаар давахдаа нутгийн хүмүүсийн зөвлөсөн дагуу мод руу орж гүзээлзгэнэ түүхээр шийдэв. Хэдийгээр гүзээлзгэнэ маш ховор, олдсон ч жижигхэн байсан гэлээ өөрийн гараар түүж байгаа, байгалаас түүж байгаа гэдэг утгаараа амттай гэдэг нь жигтэйхэн. Бид хэд хэрэндээ л хөөрхөн баярлаталаа тэнд гүзээлзгэнэ түүсэн. Харин нөгөө тал руу Хамрын даваагаа уруудаад явж байтал хүмүүс гүзээлзгэнэ түүгээд вариний шилэнд хийгээд зарж байсан шүү кк.

Өгийн нуур
 Өгий нууранд шөнөдөө хүрч хонож арай амжсангүй. Угаасаа бид харанхуйд явах нээх сонирхол байгаагүй тул харанхуй болонгуут л майхнаа бариад унтаад өгч байсан юм. Маргааш нь замд ус бороо элбэгтэй байсан ч саадгүй яваад Өгийн нуур орлоо. Өгийн нууранд загас барина гэж их хөөрцөглөсөн хүмүүс бууцгаав.

Манай дүүгийн барьсан загас
Нуурын эрэг дээр амьдрах загасчин өвгөнөөс эхлээд хэдэн загас худалдаж аваад загасны шөл чанаж иддэг хүмүүс болцгоов. Хамгийн инээдтэй нь загасны мэдлэг муу болохоор шөлөө буцалгасаар байгаад загасны мах нь юу ч үгүй үйрээд алга болчихсон. Тэхдээ л хээрийн хоол амттай л байдаг шүү дээ. Загасны шөлний паянгийн дараа харин эрчүүд нь загас барихаар явцгаасан. Тэд нар загасчин өвгөний завийг хөлслөн, загасных нь уургийг хэрэглээд хэдэн загас барьж ирсэн шүү.





No comments:

Post a Comment