Sunday, August 05, 2012

Америкт суугаа эгчдээ бичсэн захидал -2

Сайн байна уу?  Алс холын Америк оронд суугаа эгчдээ энэ захиа унших өдрийн мэнд хүргэе!.
Хилийн чанадаас эрдэм ном өвөрлөн ирж эх нутагтаа ажиллаж эхэлсэнээс хойш даруй 3 жил өнгөрчээ. Анх танд энэ захиаг бичиж байхад Монголдоо ирээд эхний өвлөө л өнгөрөөж байлаа. Өөдрөг сэтгэлтэй, шинэлэг соргог байжээ. 3 жил болоод ирэхэд л "соёлын шок" гэдэг зүйлээсээ гарч эхэлдэг юм байна. Одоо би хүмүүстэй яриад суухад харь гаригаас ирсэн юм шиг санагдахаа больсон шүү ккк.
Таны Монгол оронд бороотой хуртай, сонгуультай сонинтой, медальтай баяртай дэлгэр сайхан зун болж байна. Хүн төрөлхтний олимпийн их наадмаас мөнгө, хүрэл медаль авахын зэрэгцээ экс ерөнхийлөгчөө шүүхээр орж ял сонсохыг харлаа. Шинэхэн сонгогдсон УИХ маань цэгцэндээ орох гэж ядаж, улс төр тогтворгүй л байх шиг байна. Гэхдээ би ямар улс төр, эдийн засгийн гайхалтай мэдлэгтэй биш, эдгээрийг хойш нь тавиад мэддэг чаддаг зүйлийнхээ тухай бичиж өгье.
Хэд хоногийн өмнө "Эх орондоо эргэж ирцгээе" гэсэн видео олж үзсэн юм. Тэгээд өөрийнхөө тухай бодлоо л доо. Би яагаад эргэж ирсэн бэ, надад юу нөлөөлсөн юм бол, энэ хүмүүст юу нөлөөлөх бол гээл... Бодоод байхад би бол угаасаа буцаж ирэх нь төрөхөөсөө л тодорхой байсан aжээ. Яагаад гэвэл би их нутаг амьтай хүн байгаа юм. Нэг ах маань намайг жоохон байхад хэлж байсан үг санаанаас ер гардаггүй юм. "Миний дүү нутгаа санаж санагалзаж, нутагтаа тэмүүлж явдаг болохоор нутаг чинь чамайг түшээд чи сайн явах болноо" гэж хэлж байсан юм. Нээрээ эргээд бодоход харийн нутагт өнгөрүүлсэн хэдэн жилд нутаг минь намайг түшиж явсан байх. 
Намайг сурахаар явдаг жил манай нутагт асар том, Эрдэнэтээс ч том зэсийн орд илэрч гээл яриа сонсогдлоо. Тэгж л анх Оюу Толгой гэдэг нэрийг сонсож байлаа. Түүнээс хойш 9 жил сурахдаа төгсөөд юу хийх вэ гэдэг асуултанд ганц л хариулттай байсан. Энэ нь төгсөөд Монголдоо ирж, Говьдоо ирж нөгөө алдарт уул уурхайн компанид ажиллах гэсэн ганц зорилготой болсон. Эргэж ирсээр удалгүй хүссэндээ хүрч энэ төслийн бүтээн байгуулалтанд гар бие оролцох хүндэт завшаан тохиодог юм байна.
Саяхан компанийхаа VP-тай урт замд унаа нийлсэн юм. Тэр хүн миний тухай асууж мэдэж аваад дараа нь надаас асууж байна л да. "Чиний явсан, сурсаныг сонсоход чамд гадаадад илүү их боломж байсан юм бишүү, чи яагаад тэр замыг сонгосонгүй вэ" гэж. Гайхасхийгээд би түүнд ингэж хариулсан "Тийм боломж байсан. Над шиг адилхан гадаадад сурсан өчнөөн олон хүн ч тэр боломжийг сонгоод гадаадад үлдсэн. Харин миний хувьд эргэж ирсэн нь яагаад гэвэл Монголд яг одоо юм хийгдэж байна, бүтээн байгуулалт бий болж, улс орон өөрчлөгдөж байна. Би энэ бүх зүйлд оролцохыг хүсч байна. Үүний нэг хэсэг болмоор байна."
Яагаад яг одоо Монголдоо ирж болохгүй байгаа шалтгааныг ихэнхи хүмүүс нөхцөл байдал бүрдээгүй байна гэж хэлдэг... Хөгжилтэй орнуудад сурч боловсорсон залуус маань уг нь эх орондоо ирээд тэр нөхцөл байдлыг бүрдүүлмээр байгаа юм. Бид өөрсдөө бий болгоё, өөрсдөө түүнийг бүтээе гэж яагаад бодож болдогггүйг би ойлгохгүй байдаг юм. Монголд тэгвэл та нарын "эргэж ирэхийг хүсэх" тэр сайхан нөхцөл байдлыг бүрдүүлэхийн төлөө хэн ажиллах вэ? Тухайн үедээ гадаад явж чадаагүй, одоо болтол гадагшаа хаа ч хамаагүй явж, юу ч хамаагүй хийх юмсан гэж бодох бидний үеийн залуус уу, хуучин нийгэмдээ хуучин үзэл бодолдоо баригдсаар үлдсэн хэдэн хөгшид үү, магадгүй бидний хойч үе дүү нар минь юм болуу? Бидний хойч үе дүү нар маань л тэр сайхан нөхцөл байдал, орчин нийгмийг бий болгож магадгүй юм. Гэтэл тэр үед та буцаж ирээд эх орныхоо эзэн нь болж чадах уу? Танаас дүү нар чинь та тэр үед хаана, юу хийж явсан юм бэ гэж асуувал юу гэж хариулах вэ? Ид сайхан залуу халуун насан дээрээ өөрөө гар бие оролцож, хийж бүтээлцэж чадаагүй тэр зүйлээр та бахархаж чадах уу?
Манай VP надаас бас "Нутагтаа эргэж ирээд төрсөн хамгийн сайхан мэдрэмж юу байсан бэ" гэж асуусан. Мэдээж гэр бүл, аав ээжтэйгээ уулздаг сайхан мэдрэмжээс илүүтэй хамгийн сайхан мэдрэмж гэвэл "нэг тийм" эрх чөлөөний мэдрэмж юм. Би яг тэр мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй байна л да. Эрх чөлөөний орон Америкт байдаг шиг эрх чөлөө биш юм шүү. Харийн оронд байхад юу ч хийх чөлөөтэй сайхан байдаг ч гэлээ нэг л юм сэтгэл хүлээд байдаг шүү дээ. Нэг л цээж дүүрэн амьсгаа авч чадахгүй ч байгаа юм шиг. Нэг юм цаанаа л хүлээтэй... Магадгүй бид чинь сэтгэл зүрхээрээ эх орноосоо уяатай байдаг болохоор тэгдэг байх. Ясаа нутагтаа тавина гэдэг үг чухам эндээс л гарсан байх.

Тэгвэл яагаад эх оронтойгоо сэтгэлээрээ уяатай байдаг вэ? "Чи хэн бэ" гэдэг асуултанд бид нэрээ хэлж хариулах ч гэлээ нэр маань дан ганцаараа бидний тухай юуг ч хэлж өгдөггүй шүү дээ. Тиймээс л бид "Би Монгол", "Би Өмнөговийнх" гэх мэт өөрийгөө тодотгож бусдад танилцуулдаг. Хүний нэр, нас тэр хүний тухай их юм хэлж өгөхгүй ч гэлээ гарал үүсэл нь ихийг өгүүлдэг биз дээ? Өөр орны иргэншилд шилжсэн байсан ч л өөрийн өвөг дээдсийн гарал үүслийг хэлдэг шүү дээ. Юу хэлэх гээд байган бэ гэвэл ерөөсөө л би гэдэг чинь Монгол юм байна, Монгол байхгүй бол би гэдэг хүн энэ дүрээр, энэ биеэр, энэ үзэл бодлоор энд заларч байхгүйн байна шүү дэ. Харин эх орон биднийг харж үздэг гэдэгт би итгэдэг. Анх явахдаа жижигхэн уутанд говийнхоо элсийг хийж оёод авч явж байлаа. Өвдсөн үедээ, гэрээ санасан үедээ гаргаж дэрлэж унтдаг байсан. Элстэй уут минь байнга хүйтэн байдаг байсан нь нутгийг минь улам ч их санагдуулдаг байсан. Түүнийг би 9 жил биедээ авч явж байгаад эргэж нутагтаа авчирсан. Одоо тэр элс халуун байдаг болсон.

Би сүүлийн 2 жил хөдөө ажиллаж байгаа болохоор хотын амьдралаас төсөөрсөн байх л да. За тэгээд анхнаасаа ч ямар хотын хүн байсан биш дэ, нэг л дасч өгөхгүй байсан юм. Харин хааяадаа хот орохдоо баяртай байдаг шүү. Улаанбаатар хот зундаа их гоё өнгөлөг болдог. Бороо ороод, өөрийгөө угааж өнгөө засаад, цэцэг цэврүү шиг охид хүүхнүүд хотын гудамжийг чимээд... Монголын залуус ч гэсэн дутахааргүй дээ. 

Тэгвэл хүмүүсийн гомдоллоод байдаг амьдрал чиний хаагуур өнгөрөөд байна гэж асууж магадгүй юм. Замын түгжрэл нэг бол надад тааралддаггүй байх, нэг бол би түүнийг тоодоггүй байх. Хүн юмыг яаж харна тэр чухал гэдэг дээ. Би бол өөдрөг үзэлтэй, өнгөтөөр хардаг хүн болохоор танд муухай зүйлийн талаар бичихгүй байгаа хэрэг. Өөрийнхөө өнгөт ертөнцийг бүтээгээд, өөр шигээ өнгөт ертөнцтэй хүмүүстэй нийлээд явахад тэр өнгөт бөмбөлөг маань томорсоор байгаад Монгол орныг маань хучаад авна даа.

Оюутан байхдаа гадаадад сурч, амьдарч байгаа хүмүүс 5 жилийн дараа биш юмаа гэхэд 10 жилийн дараа Монгол руугаа буцах хандлага бий болно гэдэгт итгэдэг байж билээ. Тэгээд бүгдээрээ буцаж ирээд улс орон маань сайхан хөгжиж дэвшинэ, сайн сайхнаар өөрчлөгдөнө гэж боддог байсан. Тэнгэр заяатай юм чинь Монгол улс минь хөгжинө л дөө. Харин хөгжилд хэн оролцох вэ гэдэг л одоо цаг үед тодорхой болох байх.  

Эцэст нь хэлэхэд би хүмүүсийг эргэж ир гэж дарамт учруулах гээгүйэ. Өнөөгийн ардчилсан нийгэмд хүний хаана ажиллаж, амьдрах нь дурын хэрэг шүү дээ. Хэзээ ч эргэж ирсэн эх орон тань хүлээгээд л авна да.

------

1 comment:

  1. Би гадаадад сурж бгаа юм л даа,,Хүний нутаг гэдэг хүнийх л бдаг гэдэгтэй харин ч нэг санал нийлээд бгаамаа,,Төгсөөд өөрийнхөө хэмжээнд мэдлэг боловсролтой болоод Монголдоо очно гэдэг шийдвэртээ итгэлтэй бгаа шүү,, Тэрэнд минь ч таны бичсэн их урам өглөө,,Удахгүй бидний бөмбөлөг эх орныг минь хучаад авна гэдэгт итгэлтэй бн ;)

    ReplyDelete