|
Ловончомбын агуй |
Бидний хэдэн нөхөд энэ удаагийн аялалын маршрутаа өмнө зүгт зурлаа. Говьд ирж ажилласан 2 гаран жилийн хугацаанд энэ хавийн хамаг л дурсгалт, сонирхолт газруудыг аялаж дуусгасан гэхэд болно. Говьд үзэж харахаар сонин сайхан газрууд үнэхээр их байдаг юм байна. Дэмчогийн хийд, дэлхийн энергийн төв, Баяжихын агуй, Эхийн умай, Чингисийн уурганы нүх, Их булаг, Бага булаг, Мэлхий цохио, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд, Динозаврын мөр, Гурван зээрдийн агуй, Ёлын ам гээд бүх газраар явж үзжээ. Миний тооцоолсноор бол очиж үзээгүй хоёр л газар үлдсэн байсны нэг нь Ловончомбын агуй (Мянган ламын агуй ч гэж хэлээд байдаг) гэдэг газар болно. Нөгөө нь Цогзолын хийд гэдэг газар бөгөөд тэнд бас Хөдөлдөг цохио гэж сонин тогтоцтой хад байдаг гэсэн. Түүнийг удахгүй үзнэ гэж найдаж байна. Харин энэ удаагийн аялал маань Галбын говийн үзэсгэлэнт газруудын нэг болох Агуйт уул буюу алдарт Ловончомбын агуй руу хийсэн аялал болно.
|
Ловончомбын агуй дотор |
Агуйт уул нь Ханбогд сумын нутагт Монгол Улсын өмнөд хилийн бүсэд оршдог болохоор тийшээ явахын тулд хилийн заставт мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой байдаг юм байна. Харин бидний аялалын маршрутыг заставын 02 зохион байгуулж, хамт явсан болохоор бидэнд ямар ч асуудал тулгарсангүй. Бид эхлээд давхисаар Агуйт уул оров. Мөнх хөх тэнгэрийн дор нүд алдам уудам говийн цэлийсэн цэлгэр талд хараа бэлчээн байгалийн сайхныг шагшиж явцгаав. Агуйт уул хэмээх нь хангай нутагт бол намханд орох боловч говь нутагтаа л өндөр бор шаргал уул юм. Агуйт уулын бэлд эртний хийдийн туурь байдаг юм байна. Үүнийг Агуйтын хийд гэдэг байжээ. Ловончомбын агуйд хүрэхийн тулд уул өөдөө нэлээд авирсан. Тус агуй нь уулынхаа бараг оройд байдаг юм билээ. Манай хөтчийн хэлсэнээр бол энэ агуйд үүнээс гадна том жижиг зөндөө олон агуй байдаг гэсэн. Тийм болоод ч Агуйт уул гэдэг нэр авсан байх гэнэ. Агуй руу явах замыг чулуугаар жим өрж гаргажээ. Говьд дороо хавцалтай ууланд чулуун жимээр явж байна гэж хэлэхэд арай л бага хэтрүүлж хэлсэн хэрэг шүү ккк. Ловончомбын агуйн үүд нь Монгол гэрийн үүд хэртэй жижигхээн бөгөөд үүдний хэсэгт мөн л чулуугаар өрж талбай зассан байх юм. Дотор нь ороход яг л Гурван зээрдийн агуй шиг тас харанхуй болно. Гэхдээ Зээрдийн агуйг бодвол тоос нь арай бага юм билээ. Тааз нь нэлээд өндөр бөгөөд гялалзсан хар эсвэл цагаан өнгөтэй харагдсан. Дээврээс нь чулуун дусал унжиж байгаа юм шиг сонин харагддаг юм билээ. Мөн зарим хэсэгтээ чулуу нь яг давс шиг гялтганаж харагдсан тул давс юм болуу гэж сонирхож долоож хүртэл үзсэн шүү. Давс шиг амтагдаагүй тул болор юм байна гэж дүгнэлт хийн хэсэг бутархайг дурсгал болгож авсан. Гэтэл энэ нь давс ч бус, болор ч бус харин "цагаан өнгөтэй гантигжсан шохойн чулуу юм" гэж харьж ирсэн хойноо интернэтээс уншаад урам жоохон хугарсан даа. Гадаа бүгчим халуун байхад агуй дотроо сэрүүхэн таатай байсан тул зураг авч, хад цоорхой болгоныг нэгжиж нэлээд удаан байв. Тэндээс гараад уулын орой дээрх сэмжит хадыг үзсэн. Мөн аргалийн хэвтэр гэдэг жижиг боловч гүнзгийвтэр агуйг үзсэн. Дараа нь авч гарсан чихэр жимс зэрэг ойр зуурын хүнсээ идэж хэсэг сууж амраад аялалаа үргэлжлүүлэв.
|
Алсад Монгол-Хятадын хил |
Өмнө нь би Гашуунсухайт боомт дээр ажиллаж байхдаа хилийн баганатай Монгол талаас нь ч, Хятад талаас нь ч тэр зургаа авхуулж байсан боловч яг тал дээр байгаа хилийн багана дээр очиж үзэх үнэхээр өөр мэдрэмж төрүүлдэг юм байна. 2002 онд шинэчлэн байрлуулсан гантиг чулуун багана, чулуугаар татсан хилийн шугам болон хэдхэн метрийн цаана харагдах БНХАУ-ын хилийн харуулын байр гээд нэг л сүрдмээр, догдлолтой байсан. Үнэхээр нөгөө торгон хил гэдэг шиг тусгаар тогтнол, эх орон, эрх чөлөө гэдэг зүйл маань алга дарам газраар л зурааслагдан тогтсон байдаг юм билээ. Хилийн боомт, хилийн бүсэд ажиллаад ирэхээр хүн өөрийн эрхгүй хилийн тухай, хилчдийн амьдралын тухай ойлголттой болж ирдэг юм байна. Тухлаг орон дээрээ, дулаахан хөнжил дотроо тайван нойрсох гэдгийн утга учрыг илүү сайн ойлгох ч шиг... Бид чинь эзгүй тал, эзэнгүй газар нутагт байгаа биш шүү дээ. Бид чинь халдашгүй дархан хилтэй, халдашгүй дархан хилээ мануулсан эрэлхэг хилчин хөвгүүдтэй билээ. Эрэлхэг хилчин хөвгүүд нь халуунд халж, хүйтэнд хөрж, өдөр шөнийг ялгалгүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр хилийн манаанд зогсдог болохоор л бид эх орондоо тайван амгалан амьдарч чадаж байгаа билээ. Энгийн даруухан хилчдийг бахархмаар, хүндэлмээр.
Миний хувьд энэ аялал маань байгалийн сайхныг үзэж бахдахаас илүүтэйгүүр эх орныхоо үнэ цэнийг ойлгосон, тэр мэдрэмжийг төрүүлсэн мартагдашгүй аялал болсон. Монголдоо ирсэнээс хойш эрх чөлөөтэй, хүний нутгийн дарамт гэсэн ойлголтгүй сайхан амьдарч байгаа боловч энэ эрх чөлөө маань харин үнэгүй зүйл биш юм шүү гэдгийг, эрх чөлөөний манаач үүнийг минь манаж байдаг юм шүү гэдгийг ойлгосон. Одоо би энэ үнэ цэнийг нутгийнхаа шороон дээр гишгэсэн мөр болгондоо, унтаад сэрсэн өглөө болгон мэдэрч, энэ үнэ цэнэд өөрийн хувь нэмрийг оруулахаар хичээж амьдрах болно.
---------
Like äàðìààð ë áè÷ëýã áàéíà äàà, õèë÷äèéí òóõàé ãî¸ õýëæýý.
ReplyDeleteene aguinuud ni galbiin gobi dotroo bii ym bna tei?
ReplyDeleteГалбын говьд байнаа
ReplyDelete