Wednesday, February 01, 2012

Өвлийн зугаалга


Бидний хэдэн нөхөд 2 долоо хоногт нэг олддог амралтын бүтэн сайн өдрийг зугаатай өнгөрүүлж байхын тулд ийш тийшээгээ янз бүрийн аялал зохион байгуулдаг болсоор удаж байгаа билээ. Энэ удаагийн ээлжит аялалаараа бид Өмнөговь аймгийн Ёлын ам руу явж мөсөн дээр нь тоглох зорилготойгоор сайт-аас 2 машин, 6 найз орой 5 цаг болж байхад хөдөллөө. Аймаг ортол саадгүй хурдан явсаар 9 цаг гээд аймаг ороод хоол идээд дараагийн хөтөлбөртөө оров. Хамгийн чухал хөтөлбөр юм шүү хэхэхэ. Аймагт шинээр нээгдсэн бололтой тун дажгүй тохилог караокэ орж шөнө болтол дуулж хөгжилдөв. Манай найз нар ч үнэхээр авъяастай залуус байна лээ. Микрофон булаацалдаад л дуулаад байсан хэхэхэ.

Маргааш өглөө нь аажуухан босоцгоогоод Даланзадгад буудлын Баянбүрд ресторан орж өглөөний цай уучихаад замдаа гарлаа. Аймгаас ангийн 2 охин бидний багт нэмэгдсэн нь манай аялалд өнгө, хөгжил нэмлээ. Бид эхлээд Ёлын ам орох төлөвлөгөөтэй гарсан боловч цас ихтэй зам хаагдсан байх магадлалтай тул түүний оронд арай ойрхон байх Мухар шивэртийн ам орохоор шийдлээ. Энэ өдөр цаг агаар үнэхээр гайхамшигтай, дулаахан бөгөөд нарлаг ямар гоё байсан гээч. Цэвэр агаар амьсгалж, наранд ээсэн шигээ алхахдаа үнэхээр аз жаргалтай байсан.



Мухар шивэртийн амны мухарт тулж очиход зуны улиралд ч мөс нь хайлаагүй хэвээр байдаг хүрхрээ нь маш том мөсөн оргилуур үүсгээд үнэхээрийн үзэсгэлэнтэй сайхан харагдаж байлаа. Бид мөсний ёроолд сууж зураг авхуулахаар шийдэн тийш зүтгэсэн боловч энэ нь амаргүй даваа болохыг төдхөн ойлгосон юм. Яагаад гэвэл мөс нь хальтираад дээр алхах байтугай мөлхөх ч төвөгтэй байв. Бид уварч цувран мөлхөж, хөхрөлдөж, хөхрөлдсөөр хамаг чадлаа барцгаан нэг нэгнийгээ татаж чангаан тэнд ойрд инээгээгүйгээр их инээсэн. Дөрвөн хөллөж мөлхсөөр мөсний ёроолд хүрээд суувуу үгүй юу хорон санаат зарим нөхөд буцааж түлхэн мөсний уруу гулсуулж орхино. Эргэж мөсний ёроолдоо хүрэх гэж бас л гүйнэ - унана, алхана - унана, мөлхөнө - гулсана. Цэвэр агаар, цас мөс, сайн нөхөд, амралт зугаалга ямар гоё байдгийг мэдэрч аз жаргалаар бялхан байлаа би.


Мухар шивэртийн аманд баахан тоглож инээлдэцгээсний дараа машин дээрээ очин хээрийн хүнсээ задлан идэж ууцгаагаад эргээд аймгийн зүг жолоо заллаа. Аймаг дээр ирээд бас ч үгүй ажил амжуулж нэг найзынхаа шүдийг эмчлүүлчихээд (манай найз шүдний эмч н' байсан юм хэхэхэ) буцах замдаа орцгоов.

Буцахдаа хэдүүл Цогтцэций сум ороод (аймгаас 100км) тэндээс ЭР-н засмал замаар ОТ орохоор (160км) аялалын маршрут зохиов. Гэтэл аймгаас гарахдаа жаахан будилсан бололтой 100 км явсан байтал Цогтцэций суманд ирдэггүйэ. Замд зөрсөн машинаас асуутал харин бид Цогтцэций сум руу биш аймгаас зүүн хойш зүгт 130 км-т хот явах зам дайрч гардаг Цогт-Овоо сум руу явж байгаа болж таарав. Эргэж 40 км орчим зам явж байж Цогтцэций явдаг замыг аваад 50 км яваад Тавантолгой тосгон орсон боловч нүүрсний олон уурхайн дунд замаа алдан бараг 1 цаг хэртэй төөрсөний эцэст Цогтцэций суманд очсон. Тэндээс засмал замаа аваад давхисаар байгаад ОТ орсон. Гэтэл бас болоогүйэ, яг ОТ орохын хойд дээр уулан дунд замаа алдаад бас замгүй баахан давхисан. ОТ-н гэрэл харагдаад байдаг очих замаа олохгүй жоохон будилсан. Гэхдээ эцсийн эцэст сайтдаа эсэн мэнд тоо толгой бүрэн хүрэлцэн ирэхэд бүгд замын алжаалдаа яадран дуу нь гарахгүй шахам болсон байсан хэхэхэ.

Энэ удаагийн аялал үнэхээр сайхан боллоо. Замын төгсгөлд жаахан төөрсөнийг эс тооцвол хэхэххэ.

3 comments:

  1. ёстой сайхан аялал болжээ.. цэвэр агаарт, наранд ээн алхах ч амьдын жаргал шүү.. танайхан гоё хамт олон байна аа.. сүүлд төөрдөг бол бас л эвгүй кк

    ReplyDelete
  2. free-liver4:12 AM

    moson orgiluur ed nariin zurag baidguiee, zurag uzuulbel goy bhgui yu

    ReplyDelete
  3. Blogpost yagaad baigaag medehgui, zurag upload hiij bolohgui baina.

    ReplyDelete