Tuesday, July 31, 2012

Газрын гадаргуугаас доош 1300метрийн гүнд

БОРОО-гийн Газрын гүн рүү аялсан тэмдэглэлийг уншаад үүнийг бичихээр шийдэв. Ухаандаа л би арай илүү гүнрүү аялсан гэж бардамнаж байгаа юм байхдаа ккк.

----
Оюу Толгойн бүлэг ордуудын нэг болох Хойд Хюго ордыг далд уурхайн блокчлон олборлох аргаар ашиглах юм. Монголын хамгийн гүн нэвтрэлтийг хийсэн энэхүү хайгуулын босоо ам нь 1385м гүнд хүрсэн байдаг юм байна. Бид хөндлөн нэвтрэлт хийж эхлээд буй 1300м гүн хүртэл аялсан. Блокчлон олборлох арга гэдэг нь газрын гүнд асар том хонгилийн сүлжээ бий болгон хүдрийн биетийг блок блокоор нь тэслэн буулгаж олборлолт хийхийг хэлнэ. Яг энэ газар дор Улаанбаатар хотын нийт автозамын сүлжээнээс ч илүү урт хонгилийн сүлжээг бий болгоно гэж бодохоор л төсөөлөгдөх ч үгүй юм.
 Далд уурхайд зочлохын тулд аюулгүй ажиллагааны 1-2 цагийн сургалтанд сууна, аюулгүйн ажиллагааны өвч бүрэн хувцас хэрэглэлээр тоноглоно. Доошоо буух лифтэнд суухын өмнө сэтгэл догдлон зогсож байгаа нь энэ.
Уурхайн ажилчны өвч бүрэн хувцас нэг иймэрхүү байх ёстой. Бараг 20-30кг байдаг гэсэн байхаа. Гэхдээ бид нар зочид болохоор ямар азаар ийм юм өмссөнгүй вэ. Би бол тав алхахгүй хувцсандаа дарагдаж унах байсан биз кк.
 Биднийг 1км 300м -н гүнд авч одох хөнөг харагдаж байна. Энэ хөнөг нь 7-9м/с хурдтайгаар аялдаг гэсэн. Мэдээж ачаандаа болон хүндээ тааруулж хурдаа тохируулна.
Газрын гүнд буугаад түнэр харанхуй руу аялалаа эхэллээ дээ. Анхны мэдрэмж гэвэл нэг тийм бөгчим давчуу санагдаж байсан. Хүнд хувцас өмссөн болохоор халууцаад хөлөрч эхэлсэн яг л саунд байгаам шиг. Ямар ч анир чимээгүй юм шиг хэрнээ асар том агааржуулагч хоолойн чимээ л чихэнд чийртэй сонсогдоно.
 Хөл доор нэл шавар шавхай, жижигхэн горхи ч урсаж байх шиг. Эхлээд энэ ус чийг юу вэ гэж гайхаж байсан л да. Дараа нь тайлбарласнаар бол энэ гүнээс нэвчиж буй ус юм шиг байгаан.
 Энэ бол хананы бэхэлгээний анкор боолт харагдаж байна. Газар доор хөндлөн нэвтрэлт хийж буй хонгилийн бэхэлгээг бетон цутгаж хийдэг юм билээ. Асар их бетон орж байгаа яа тэхээр.
 Газар доор засварын цех, тоног төхөөрөмж угсрах воркшоп энэ тэр гээд яг л газар дээр байгаам шиг л ажил явагддаг.
 Хөндлөн нэвтрэлтийн хонгилийг дагаж 1-2км явсаны эцэст үзүүрт хүрж байна. Энд нэг өрмийн машин ажиллаж байна. Жумбо гэдэг байхаа. Хананд олон жижиг нүх өрөмдөж гаргаад тэр нүхэндээ тэсрэх бодис хийж тэслэх маягаар ханаа нурааж цаашаа явдаг (би нэлээн дээр явж байсан болохоор тайлбарлагчийнхаа ярьсныг бараг мартчихжээ сорри).
 Газрын гүнд улам л цаашлав. Хаагуур явж байгаагаа ч мэдэхгүй алхаад л байсан, алхаад л байсан. Азаар газар доор байсан нь яамай даа, төөрөөд алга болно гэхгүй хахаха.
 Газар доор явж байгаа тэрэг техник, суудлын хөнгөн тэрэгтэй хүртэл тааралдахаар их сонин юм билээ. Энэ харж байгаачлан анхны тусламжийн машин байна.
 Хонгилийн үзүүрт гэрэл харагдана гэдэг үг нэг иймэрхүү юмнаас л анх төрж гарсан болов уу :))
 Хонгилийн туршид хэдэн метр яваад ийм аюулгүйн булангууд байх юм билээ. Энэ нь хонгилийн хажуу хананд гаргасан бяцхан булан юмуу даа. Хэрэв хажуугаар машин өнгөрвөл ийшээ орж зам тавьж өгөх хэрэгтэй гэж ойлгосон.
 Газар доор хонгил ухаж байгаа юм чинь мэдээж шороо гарна кк, тэр шороог ингэж зөөж авчраад хөнөг руу хийж дээшээ гаргаад газар дээр овоолго үүсгэдэг юм билээ.
 Уурхайн гүнд байрлах пайзны самбар харагдаж байна энд. Ажилчин юмуу зочин юмуу хэн ч доошоо бууж ирсэн энд үнэмлэхээ өлгөх ёстой ингэснээр хэн хэн уурхайн гүнд байгааг харж болно. Үүнтэй төстэй самбар газар дээр бас байгаа. Тэнд доор түвшин болгонд ажиллаж буй уурхайчдын пайз өлгөөтэй байдаг. Мөн ингэснээр хэдэн хүн, хэдэн метрийн гүнд байгааг мэдэж байх боломжтой. Мэдээж бид нар ч гэсэн пайзаа өлгөөд бууж ирсэн. Ингээд уурхайчин болсон мин уу гэж хэхэхэ.
 Босоо амны 1300м түвшинд дурсгалын зураг татууллаа. Одоо хэн ч надтай намайг тэнд байгаагүй гэж маргахгүйэ гэж хэхэ. Газрын гадаргуугаас доош 1300м гүнд, далайн түвшингээс доош 135м гүнд аялсан минь энэ бөлгөө. Өөрийгөө далайн түвшингээс доош 135м гүнд орсон гэхэд итгэж чадахгүйнээ. Далай байсан бол яасан ч орж чадахгүй дээ.

Лондон 2012 - Олимпийн гэрэлт өдрүүд


Ер нь сэтгэлийн хөөрөлтэй эсвэл зүрхний өвчтэй хүмүүс олимп үзэхгүй байсан нь дээр юм шиг байна. Тамирчдыг дагаж догдлоод байхаар зүрх яаж тэсэх билээ дээ. Дээрээс нь хожвол нь баярлаж дагаж уйлаад, хожигдвол нь харуусаж дагаж уйлаад усан нүдэн болж гүйцэх юм шиг байна энэ өдрүүдэд.

Би үүнээс өмнө 2004 оны Афины олимп үзэж байсан юм байна. АНУ-н Майкл Фэлпсийн улаан фэн болж байлаа тэгэхэд ккк. Яаджийхад зуны амралтаар Балтиморт байсан болохоор ТВ-үүд нь ерөөсөө л өөрийн орны тамирчдыг үзүүлнэ.  Тэр олимпод Майкл Фэлпс од болж байлаа бас нэг Грекийн эмэгтэй гүйлтийн тамирчин од болж байсан санагдана. 2008 оны Бээжингийн олимпоос нэг ч тоглолт үзээгүй. Шведэд байсан, цагийн зөрүү, зав зай байхгүй гэх мэт шалтгаанаар үзэж чадаагүй юм. ФБ-д гэнэт Монголд байсан найзууд маань Бадар-Ууган, Түвшинбаяр гээд бичээд эхлэхээр нь яасан юм болоо гэж гайхаж байлаа шд ккк. Гэхдээ одоо эргээд бодохоор тэднийг алт авсныг нь бодохоор нулимс гарах гээд байдаг юм.

Энэ удаагийн олимпийг харин боломжийнхоо хэрээр үзэж байна. Үзэх боломжгүй явлаа гэхэд л social media site-yyдаар үзсэнээс ялгаагүй олоод мэдчихэж байна. Бас Лондон 2012 -н вэб хуудаснаас онлайн фоллоү-ап хийгээд явахад болжээнаа болжээн. Монголын тамирчдынхаа тоглолтыг анхааран үзэж байгаа. Өмнө нь жудо ер үзэж байгаагүй болохоор энэ хэдэн өдөр жудо барилдаан үзэх гэж гайхаал суугаад байна. Аягүй чанга дүрэм журамтай юм шиг байна хараад байхад. Хувцасаа ч янзалж болохгүй кк. Би ер нь бараг 3 хоног жудо үзэхдээ энэ спортыг сайн ойлгоогүй л явна. Гүүглээс хүртэл хайж, Википедиагаас асуусан. Яаж оноо өгөөд байгаа, яагаад торгоод байгаа гэх мэт юу ч ойлгохгүй байноо үнэнийг хэлэхэд :((. Гэхдээ элэг нэгт Монгол тамирчныхаа барилдахыг үзэж, дэмжиж, хамт догдолж байгаадаа баяртай байна.
Өчигдөр Ням-Очирийг Лондонгоос Монголын анхны медалыг авахад ямар их догдолов оо. Нүднээс нулимс гарчих гээл, гарчих гээл байсан. Өдөр бас байт харвааны Урантунгалаг эгчийг Англи, Америкийн 2 тамирчинг ялахад маш их баярласан. Даанч дараагийн учраагаар Солонгосын тамирчин дэлхийн аварга хүнтэй халз тулна гэсэн. Тэр нь өчигдөр багийн байт харваан дээр балайг нь авч байсан. Угаасаа Со нар их мундаг юм билээ. Уг нь энэ тулаанд ялвал шөвгийн наймд үлдэнэ гэсэн.
Эмэгтэй жудока Мөнхзаяа медалд тун дөхөж очоод алдчихсан. Тэхдээ муухай, 100% шударга шүүгдээгүй юм шиг байгаан. Би жудо юугаа ойлгох вэ, хүмүүс л тв-р тэгж яриад байсан. Одоо бокс, чөлөөт бөх, буудлагын төрлүүдэд өрсөлдөх тамирчдаа дэмжээд л сууж байна даа.
Сониноос олимп эхэлсэнээс хойш Twitter-тэй сайн найзлаад байгаа. Аль 2010 оны эхээр сонирхоод нээж байсан аккоунтаа бараг ашигладаггүй, ганц хоёр Турк, Англи жиргээчид дагадаг байсан юм. Баахан афоризм юмуу хошин жиргээчид дагаж, уйдсан үедээ уншиж цаг нөхцөөдөг тийм л орчин байсан юм даа.  Сүүлийн үед монгол жиргээчдээ дагаад байсан чинь их аятайхан юм байна. Улс оронд болж байгаа үйл явдалыг хармаандаа цаг алдалгүй хүлээж авч байна гэсэн үг ккк. Олимп эхэлсэн дараа Монгол тамирчид тоглох хуваарь авах, тоглолтыг нь үзэж чадахгүй бол шууд онлайнаар хожил хожигдолыг сонсох гэх мэт их тустай зүйл болоод байгаа.
За за одоо бичлэгээ дуусгахгүй бол яг үнэндээ би үүнийг өчигдөр бичиж эхлээд олимп үзэж сатаараад дуусгаж чадахгүй байгаа юм.
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн наадам гэдэг энэ үйл явдал үнэхээр гайхалтай сайхан үйл явдал юмаа. Дэлхийн олон орны тамирчид, лидерүүд, үзэгчид, хөгжөөн дэмжигчид нэг дор цуглаад, тамирчин нь ялахад хамтдаа баярлаж, ялагдахад хамтдаа уйлдаг, бөмбөрцгийн өнцөг булан бүрт суугаа сая сая үзэгчид амьсгаа даран нэгдэх ийм л өдрүүд зөвхөн олимпийн үеэр л тохиолдоно шүү дээ. Миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Энэ сайхан тэмцээнд Монголын маань 29 тамирчин оролцож, дэлхийн шилдгүүдтэй хүчээ үзэж, медал авч, спортын энэхүү өндөр тавцанд яахын аргагүй хүлээн зөвшөөрөгдөж байгааг үзэж суугаадаа өөрийгөө үнэхээр хувьтай хүн гэж бодож Монголоороо бахархаж байна. (одоо би уйлахнээ ккк).

Wednesday, July 25, 2012

Монгол төрийн наадам

Амралт маань яг наадмаар таарлаа. Энэ жил ер нь азтай байна. Шинэ жил, Цагаан сар гэх мэт бүх баяраар миний амралт таарч таарлаа. Уг нь наадмын тухай нээх боддоггүй л дээ. Тухайн өдөрөө явж байгаад тааралдсан юмаа үзчихээд л, тааралдахгүй бол үзье гэж хөөцөлдөхгүй явчихдаг хүн байгаа юм. Жоохон байхад наадмын үеэр хөдөө эмээ өвөө дээр амарч байж таардаг тэгээд том болоод ирсэн чинь гадаадад сурахаар яваад бараг наадам үзэж үзээгүй юм байна шүү. Харин энэ жил бүр зорьж явж хотын наадам үзье гэж бодлоо. Эмээ өвөө нар Төрийн наадам үзэх нь амьд явсаны хэрэг гэж ярьдаг билүү? Арай дэгсдүүлсэн байхаа ккк. Гэхдээ нэг тиймэрхүү утгатай үг байдаг л да...
За тэгээд эхлээд наадам үзнэ гэдэгт юу юу багтах вэ гэдгийг судалж гаргалаа л да. Хамгийн гол нь айраг, хуушуур, морь гурав юм шиг байна наадмын трэндийг ажиглахад. Наадмын эхний өдөр наадмын нээлт үзээгүй. Уг нь үзэх ёстой юмны нэг байсан юм шиг байгаан. Оронд нь би хотынхоо музэйнүүдийг үзсэн. Арван жилд байхдаа үзэж байсныг бодвол үзмэрүүд нь баяжсан байсан нь  тааламжтай санагдав. Үндэсний Түүхийн Музэй үзэж явж байхдаа бараг нүдний нулимс гарав ккк. Музэй хэсч дуусаад Сүхбаатарын талбай орж яг төв цэг дээр зогсож зургаа авхуулав. Эргэн тойрон өндөр орчин үейин барилгууд сүндэрлээд хотын төв талбай бас үзэмжтэй болсон байна лэ. Орой нь талбай дээр наадмын тоглолт үзэж, салют буудуулахыг харсан. Тоглолтын дуу жаахан бага байсан харин салют тун дажгүй шүү.
Хүй долоон худаг

Хоёрдох өдөр өглөө эртлэн Хүй Долоон худаг гэдэг газар руу соёолон насны морьны уралдаан үзэхээр явсан. Хотын бүх машин тийшээ цувж байгаа юм шиг санагдаж очсон хойно хотын бүх тэнд цугларсан юм шиг санагдав. Үзүүштэй л газар юм билээ. Үнэндээ тэндээс давхиж ирсэн морийг олж харж чадаагүйл дээ. Гэхдээ яахав манай аймгийн хоёр морь айрагдсан болохоор сэтгэл тун өндөр байсан. Тэнд нөгөө алдартай айраг, хуушуураа зооглосон шүү. Дараа нь өдөржин төв цэнгэлдэх хүрээлэнгээр тэнэж, юм сонирхсон шигээ, дүүгээ тоглуулсан шигээ, айраг ууж, хуушуур идсэн шигээ цагийг барав. 


7 сарын 13-нд талбай дээр боллсон Дээлтэй Монгол наадам сонирхлоо. Гоё үйл ажиллагаа болдог юм байна. Өмнөх жилүүдийнхийг интернэтээс үзээд нэг үзэх юмсан гэж бодож явсан юм. Наадмын өдрүүд нартай, бороотой сайхан өдрүүд байлаа. Говьд байсаар байгаад борооны мөрөөсөл болсон хүн хотод орж ирж борооны мөрөөслөө гүйцээв.

Нээрээ дэнж хотойтол наадна гэдэг үг чинь Хүй Долоон худагт л биелэлээ олох нь билээ шүү ккк.
Монгол төрийн наадам үзсэн минь энэ ажгуу.

Monday, July 09, 2012

Галбын говь – Агуйт уул

Ловончомбын агуй
Бидний хэдэн нөхөд энэ удаагийн аялалын маршрутаа өмнө зүгт зурлаа. Говьд ирж ажилласан 2 гаран жилийн хугацаанд энэ хавийн хамаг л дурсгалт, сонирхолт газруудыг аялаж дуусгасан гэхэд болно. Говьд үзэж харахаар сонин сайхан газрууд үнэхээр их байдаг юм байна. Дэмчогийн хийд, дэлхийн энергийн төв, Баяжихын агуй, Эхийн умай, Чингисийн уурганы нүх, Их булаг, Бага булаг, Мэлхий цохио, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд, Динозаврын мөр, Гурван зээрдийн агуй, Ёлын ам гээд бүх газраар явж үзжээ. Миний тооцоолсноор бол очиж үзээгүй хоёр л газар үлдсэн байсны нэг нь Ловончомбын агуй (Мянган ламын агуй ч гэж хэлээд байдаг) гэдэг газар болно. Нөгөө нь Цогзолын хийд гэдэг газар бөгөөд тэнд бас Хөдөлдөг цохио гэж сонин тогтоцтой хад байдаг гэсэн. Түүнийг удахгүй үзнэ гэж найдаж байна. Харин энэ удаагийн аялал маань Галбын говийн үзэсгэлэнт газруудын нэг болох Агуйт уул буюу алдарт Ловончомбын агуй руу хийсэн аялал болно.
Ловончомбын агуй дотор
Агуйт уул нь Ханбогд сумын нутагт Монгол Улсын өмнөд хилийн бүсэд оршдог болохоор тийшээ явахын тулд хилийн заставт мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой байдаг юм байна. Харин бидний аялалын маршрутыг заставын 02 зохион байгуулж, хамт явсан болохоор бидэнд ямар ч асуудал тулгарсангүй. Бид эхлээд давхисаар Агуйт уул оров. Мөнх хөх тэнгэрийн дор нүд алдам уудам говийн цэлийсэн цэлгэр талд хараа бэлчээн байгалийн сайхныг шагшиж явцгаав. Агуйт уул хэмээх нь хангай нутагт бол намханд орох боловч говь нутагтаа л өндөр бор шаргал уул юм. Агуйт уулын бэлд эртний хийдийн туурь байдаг юм байна. Үүнийг Агуйтын хийд гэдэг байжээ. Ловончомбын агуйд хүрэхийн тулд уул өөдөө нэлээд авирсан. Тус агуй нь уулынхаа бараг оройд байдаг юм билээ. Манай хөтчийн хэлсэнээр бол энэ агуйд үүнээс гадна том жижиг зөндөө олон агуй байдаг гэсэн. Тийм болоод ч Агуйт уул гэдэг нэр авсан байх гэнэ. Агуй руу явах замыг чулуугаар жим өрж гаргажээ. Говьд дороо хавцалтай ууланд чулуун жимээр явж байна гэж хэлэхэд арай л бага хэтрүүлж хэлсэн хэрэг шүү ккк. Ловончомбын агуйн үүд нь Монгол гэрийн үүд хэртэй жижигхээн бөгөөд үүдний хэсэгт мөн л чулуугаар өрж талбай зассан байх юм. Дотор нь ороход яг л Гурван зээрдийн агуй шиг тас харанхуй болно. Гэхдээ Зээрдийн агуйг бодвол тоос нь арай бага юм билээ. Тааз нь нэлээд өндөр бөгөөд гялалзсан хар эсвэл цагаан өнгөтэй харагдсан. Дээврээс нь чулуун дусал унжиж байгаа юм шиг сонин харагддаг юм билээ. Мөн зарим хэсэгтээ чулуу нь яг давс шиг гялтганаж харагдсан тул давс юм болуу гэж сонирхож долоож хүртэл үзсэн шүү. Давс шиг амтагдаагүй тул болор юм байна гэж дүгнэлт хийн хэсэг бутархайг дурсгал болгож авсан. Гэтэл энэ нь давс ч бус, болор ч бус харин "цагаан өнгөтэй гантигжсан шохойн чулуу юм" гэж харьж ирсэн хойноо интернэтээс уншаад урам жоохон хугарсан даа. Гадаа бүгчим халуун байхад агуй дотроо сэрүүхэн таатай байсан тул зураг авч, хад цоорхой болгоныг нэгжиж нэлээд удаан байв. Тэндээс гараад уулын орой дээрх сэмжит хадыг үзсэн. Мөн аргалийн хэвтэр гэдэг жижиг боловч гүнзгийвтэр агуйг үзсэн. Дараа нь авч гарсан чихэр жимс зэрэг ойр зуурын хүнсээ идэж хэсэг сууж амраад аялалаа үргэлжлүүлэв.

Алсад Монгол-Хятадын хил
Өмнө нь би Гашуунсухайт боомт дээр ажиллаж байхдаа хилийн баганатай Монгол талаас нь ч, Хятад талаас нь ч тэр зургаа авхуулж байсан боловч яг тал дээр байгаа хилийн багана дээр очиж үзэх үнэхээр өөр мэдрэмж төрүүлдэг юм байна. 2002 онд шинэчлэн байрлуулсан гантиг чулуун багана, чулуугаар татсан хилийн шугам болон хэдхэн метрийн цаана харагдах БНХАУ-ын хилийн харуулын байр гээд нэг л сүрдмээр, догдлолтой байсан. Үнэхээр нөгөө торгон хил гэдэг шиг тусгаар тогтнол, эх орон, эрх чөлөө гэдэг зүйл маань алга дарам газраар л зурааслагдан тогтсон байдаг юм билээ. Хилийн боомт, хилийн бүсэд ажиллаад ирэхээр хүн өөрийн эрхгүй хилийн тухай, хилчдийн амьдралын тухай ойлголттой болж ирдэг юм байна. Тухлаг орон дээрээ, дулаахан хөнжил дотроо тайван нойрсох гэдгийн утга учрыг илүү сайн ойлгох ч шиг... Бид чинь эзгүй тал, эзэнгүй газар нутагт байгаа биш шүү дээ. Бид чинь халдашгүй дархан хилтэй, халдашгүй дархан хилээ мануулсан эрэлхэг хилчин хөвгүүдтэй билээ. Эрэлхэг хилчин хөвгүүд нь халуунд халж, хүйтэнд хөрж, өдөр шөнийг ялгалгүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр хилийн манаанд зогсдог болохоор л бид эх орондоо тайван амгалан амьдарч чадаж байгаа билээ. Энгийн даруухан хилчдийг бахархмаар, хүндэлмээр.

Миний хувьд энэ аялал маань байгалийн сайхныг үзэж бахдахаас илүүтэйгүүр эх орныхоо үнэ цэнийг ойлгосон, тэр мэдрэмжийг төрүүлсэн мартагдашгүй аялал болсон. Монголдоо ирсэнээс хойш эрх чөлөөтэй, хүний нутгийн дарамт гэсэн ойлголтгүй сайхан амьдарч байгаа боловч энэ эрх чөлөө маань харин үнэгүй зүйл биш юм шүү гэдгийг, эрх чөлөөний манаач үүнийг минь манаж байдаг юм шүү гэдгийг ойлгосон. Одоо би энэ үнэ цэнийг нутгийнхаа шороон дээр гишгэсэн мөр болгондоо, унтаад сэрсэн өглөө болгон мэдэрч, энэ үнэ цэнэд өөрийн хувь нэмрийг оруулахаар хичээж амьдрах болно.
---------