Tuesday, July 31, 2012

Лондон 2012 - Олимпийн гэрэлт өдрүүд


Ер нь сэтгэлийн хөөрөлтэй эсвэл зүрхний өвчтэй хүмүүс олимп үзэхгүй байсан нь дээр юм шиг байна. Тамирчдыг дагаж догдлоод байхаар зүрх яаж тэсэх билээ дээ. Дээрээс нь хожвол нь баярлаж дагаж уйлаад, хожигдвол нь харуусаж дагаж уйлаад усан нүдэн болж гүйцэх юм шиг байна энэ өдрүүдэд.

Би үүнээс өмнө 2004 оны Афины олимп үзэж байсан юм байна. АНУ-н Майкл Фэлпсийн улаан фэн болж байлаа тэгэхэд ккк. Яаджийхад зуны амралтаар Балтиморт байсан болохоор ТВ-үүд нь ерөөсөө л өөрийн орны тамирчдыг үзүүлнэ.  Тэр олимпод Майкл Фэлпс од болж байлаа бас нэг Грекийн эмэгтэй гүйлтийн тамирчин од болж байсан санагдана. 2008 оны Бээжингийн олимпоос нэг ч тоглолт үзээгүй. Шведэд байсан, цагийн зөрүү, зав зай байхгүй гэх мэт шалтгаанаар үзэж чадаагүй юм. ФБ-д гэнэт Монголд байсан найзууд маань Бадар-Ууган, Түвшинбаяр гээд бичээд эхлэхээр нь яасан юм болоо гэж гайхаж байлаа шд ккк. Гэхдээ одоо эргээд бодохоор тэднийг алт авсныг нь бодохоор нулимс гарах гээд байдаг юм.

Энэ удаагийн олимпийг харин боломжийнхоо хэрээр үзэж байна. Үзэх боломжгүй явлаа гэхэд л social media site-yyдаар үзсэнээс ялгаагүй олоод мэдчихэж байна. Бас Лондон 2012 -н вэб хуудаснаас онлайн фоллоү-ап хийгээд явахад болжээнаа болжээн. Монголын тамирчдынхаа тоглолтыг анхааран үзэж байгаа. Өмнө нь жудо ер үзэж байгаагүй болохоор энэ хэдэн өдөр жудо барилдаан үзэх гэж гайхаал суугаад байна. Аягүй чанга дүрэм журамтай юм шиг байна хараад байхад. Хувцасаа ч янзалж болохгүй кк. Би ер нь бараг 3 хоног жудо үзэхдээ энэ спортыг сайн ойлгоогүй л явна. Гүүглээс хүртэл хайж, Википедиагаас асуусан. Яаж оноо өгөөд байгаа, яагаад торгоод байгаа гэх мэт юу ч ойлгохгүй байноо үнэнийг хэлэхэд :((. Гэхдээ элэг нэгт Монгол тамирчныхаа барилдахыг үзэж, дэмжиж, хамт догдолж байгаадаа баяртай байна.
Өчигдөр Ням-Очирийг Лондонгоос Монголын анхны медалыг авахад ямар их догдолов оо. Нүднээс нулимс гарчих гээл, гарчих гээл байсан. Өдөр бас байт харвааны Урантунгалаг эгчийг Англи, Америкийн 2 тамирчинг ялахад маш их баярласан. Даанч дараагийн учраагаар Солонгосын тамирчин дэлхийн аварга хүнтэй халз тулна гэсэн. Тэр нь өчигдөр багийн байт харваан дээр балайг нь авч байсан. Угаасаа Со нар их мундаг юм билээ. Уг нь энэ тулаанд ялвал шөвгийн наймд үлдэнэ гэсэн.
Эмэгтэй жудока Мөнхзаяа медалд тун дөхөж очоод алдчихсан. Тэхдээ муухай, 100% шударга шүүгдээгүй юм шиг байгаан. Би жудо юугаа ойлгох вэ, хүмүүс л тв-р тэгж яриад байсан. Одоо бокс, чөлөөт бөх, буудлагын төрлүүдэд өрсөлдөх тамирчдаа дэмжээд л сууж байна даа.
Сониноос олимп эхэлсэнээс хойш Twitter-тэй сайн найзлаад байгаа. Аль 2010 оны эхээр сонирхоод нээж байсан аккоунтаа бараг ашигладаггүй, ганц хоёр Турк, Англи жиргээчид дагадаг байсан юм. Баахан афоризм юмуу хошин жиргээчид дагаж, уйдсан үедээ уншиж цаг нөхцөөдөг тийм л орчин байсан юм даа.  Сүүлийн үед монгол жиргээчдээ дагаад байсан чинь их аятайхан юм байна. Улс оронд болж байгаа үйл явдалыг хармаандаа цаг алдалгүй хүлээж авч байна гэсэн үг ккк. Олимп эхэлсэн дараа Монгол тамирчид тоглох хуваарь авах, тоглолтыг нь үзэж чадахгүй бол шууд онлайнаар хожил хожигдолыг сонсох гэх мэт их тустай зүйл болоод байгаа.
За за одоо бичлэгээ дуусгахгүй бол яг үнэндээ би үүнийг өчигдөр бичиж эхлээд олимп үзэж сатаараад дуусгаж чадахгүй байгаа юм.
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн наадам гэдэг энэ үйл явдал үнэхээр гайхалтай сайхан үйл явдал юмаа. Дэлхийн олон орны тамирчид, лидерүүд, үзэгчид, хөгжөөн дэмжигчид нэг дор цуглаад, тамирчин нь ялахад хамтдаа баярлаж, ялагдахад хамтдаа уйлдаг, бөмбөрцгийн өнцөг булан бүрт суугаа сая сая үзэгчид амьсгаа даран нэгдэх ийм л өдрүүд зөвхөн олимпийн үеэр л тохиолдоно шүү дээ. Миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Энэ сайхан тэмцээнд Монголын маань 29 тамирчин оролцож, дэлхийн шилдгүүдтэй хүчээ үзэж, медал авч, спортын энэхүү өндөр тавцанд яахын аргагүй хүлээн зөвшөөрөгдөж байгааг үзэж суугаадаа өөрийгөө үнэхээр хувьтай хүн гэж бодож Монголоороо бахархаж байна. (одоо би уйлахнээ ккк).

No comments:

Post a Comment