|
Говийн өглөө нар мандах агшин |
Хэдхэн хормын дараа шинэ он гарах гэж байна. Гэхдээ би энэ бичлэгээ он гарахаас өмнө постослж амжина гэдэгтээ итгэлгүй байгаа болохоор магадгүй оны эхний бичлэг гэж нэрлэвэл зоxиx байх. Хуучин оны сүүлийн өдөр ажил ихтэй байлаа. Яагаад гэвэл энэ жилийн сүүлийн өдөр бас миний ажлын сүүлийн өдөр байлаа. 2010 онд гурван жилийн томилолттой ирсэн ажил маань одоо дуусах болсон гэхээр цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вэ. Оюу Толгой төслийн Барилгын 1-р үе шатны ажилд гар бие оролцож, ихэнх барилга байгууламжаа дуусган хүлээлгэж өгчихөөд одоо буцах гэж байна шүү дээ. Анх биднийг ирэхэд Баяжуулах үйлдвэрийн газар шорооны ажил дөнгөж эхэлж байсан. Босоо Ам 2 маань газрын түвшинтэй ноль байсан. Нисэх онгоцны буудал байрлах газрыг тэмдэглэсэн шон ч хатгагдаагүй байсан болохоор тэр цэгийг олж очих гэж нэлээдгүй төөрч байсан. Оюу Толгойгоос Гашуунсухайт чиглэлд тавигдах улсын чанартай автозам зураг төслийн шатандаа л байсан. Гэтэл гуравхан жилийн хугацаанд энэ бүгдийг барьж байгуулаад дуусах нь дуусаад, ашиглалтанд оруулахыг нь оруулсан гэхээр ямар богино хугацаанд ямар богино зүйл хийж бүтээгээ вэ гэж өөрсдөөрөө бахархмаар ч юм шиг. 12 сарын 27-нд Оюу Толгойн Баяжуулах Үйлдвэрийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Муу ч, сайн ч, шууд ч, шууд бусаар ч 3 жилийг энэ үйлдвэрийн төлөө зориулсан болохоор үйлдвэрийг ажиллуулах товч дарах агшинд сэтгэл үнэхээр хөдөлсөн. Ганц би ч биш, миний адил олон мянган залуусын сэтгэл хөдөлсөн л гэж бодож байна.
|
ОТ Баяжуулах Үйлдвэрийн нээлтийн ёслолын ажиллагаа |
Шинэ оны босгон дээр ажил ихтэй байлаа. Ажлаа хүлээлгэж өгөх, уулзах хүмүүстэйгаа уулзаж дуусгах, ачаагаа баглах гээд их ажлын хажуугаар бас болоогүйэ орой шинэ жилийн дисконд яваад байгаамаа ккк. Дисконы дараа харин салют буудуулсан үзүүлбэр гоё болсон. Бараг 30мин буудуулсан байх шүү. Би ч угийн салют үзэх хоббитой юм болохоор даарахаа ч үл хайхран хараад зогсоод байсан. Тэнгэрт салют харах дуртай дуртай гэхэд бүр хэн нэгэн тэнгэрт салютаар эсвэл утаагаар "Надтай гэрлээч" гээд дүрсэлвэл тэр хүн хэн ч байсан би бараг зөвшөөрөх байх шүү хэхэ.
Өнөөдөр миний энд ажиллах сүүлийн өдөр байлаа. Гурван жил нутагтаа ажиллах диваажингийн оронд очсон шиг л байлаа. Говийн өглөөний нарыг амьсгал даран харж зогссон жавартай өглөөнүүдийг мартахгүй. Ширхэг ч үүлгүй говийн цэв цэлмэг, тув тунгалаг тэнгэрийг мартахгүй. Нүдэн торох юм юу ч үгүй талын замаар давхиж явсан өдрүүдийг мартахгүй.
|
Говьд нар мандах агшин, дэлхийн гайхамшиг |
Энэ гурван жилийн хугацаанд их ч зугаалж, олон ч газар үзлээ. Энэ хавийн түүхэн дурсгалт болон байгалийн сайхан газруудыг бүгдийг нь дуусгасан шүү. Дэмчөгийн хийд, Баяжиxын агуй, Эхийн умай, Цогзолын хийд, Динозаврын мөртэй газра, Мянган ламын агуй, Гурван зээрдийн агуй, Мэлхий цохио гэх мэт нэрлэж болох бүх л газрыг явж үзсэн. Заримдаа 250км зам явж Ёлын Ам руу ч зугаалж байв. Сайхан байсаан байсан :))
Нээрээ манайхан оны өмнөхөн хоёр сайхан хүүгээр бүл нэмсэн. Манай үеэл дүү, миний төрсөн дүү хоёр нэг өдрийн зайтай төрж хоёулаа xүүтэй болсон. Өнөөдөр дүүгийнхээ хүүхдэд нэр өгөх гэж хөл хөдөлгөөн болов. Гэрийн бүх хүмүүс нэг нэг нэр бичээд будаатай аяганд хийж байгаад шигшээд гарч ирсэн нэрийг нь өгдөг уламжлал манай гэрийнхэнд байдаг. Гэхдээ бүх хүүхдэд заавал тэгж нэр өгдөггүй л дээ. Зөвхөн эцэг эх нь хүүхдэдээ нэр сугалахыг санал болгосон тохиолдолд тэгдэг юм. Энэ удаа шинэ xүнд маань Анар, Ундрах, Учрал, Баялаг, Бадар-Ууган, Батбаян гэх мэт нэрүүдээс Бадар-Ууган гэдэг нэр шигшигдэн гарч ирсэн байна лээ. Би Ундрах гэдэг нэрийг санал болгосон гэхдээ Бадар-Ууган бас гоё нэр л дээ. За тэгээд манай гэрийн шинэ гишүүн маань аав ээждээ ачлалтай, сайн хүн болж өсөх болтугай гэж ерөөе. 2013 оны талаар надад ямар ч төсөөлөл алга гэхдээ их л гоё жил болно гэдэгт нь итгэлтэй байна. Шинэ онд сайн сайхан бүгдийг хүсье!
1 comment:
oroi 2uulaa pizza ruu yvahad nar jargahiig harsnaa sanaj bn... uneheeriin uzesgelentei...
Post a Comment