Thursday, July 18, 2013

Хуримын бэлтгэл -8 буюу Даашинз


Хуримын үеэр сүйт бүсгүйчүүдийн ганц санаа зовууштай асуудал бол өөр юу ч биш зөвхөн хуримын даашинз байгууштай юм билээ. Би уг нь сүйт залуудаа юунд ч оролцохгүй, санаа зовохгүй, харин хуримын өдөр даашинзаа өмсөөд өмнө чинь зогсож байхаа хариуцая гэж хэлж байсан боловч түмэн худлаа юм билээ. Эмэгтэйчүүд бид яадаг билээ дээ? Аль хэдийн буман асуудалд хуруу болоод хошуу дүрцэн явж байгаа юм чинь. Гэтэл одоо миний хурим болоход 7-хон хоног дутуу байхад би даашинзаа сонгоогүй гээл бодчих, аймшгийн!!!


Даашинз сонгох тал дээр ганц нэг туршлага хуваалцая. Хуримын даашинз ерөнхийдөө энэ дээр үзүүлсэн шиг Mermaid, Slender, Empire, A-linePrincess гэсэн 5 янз байдаг юм байна. Сүүлийн үед Mini Style даашинз бас гарч ирсэн юм билээ. Энд холбосон линкүүд рүү ороод үзвэл загвар тус бүрийн онцлог болон ямар хүнд зохимжтой талаар бичсэн байгаа. Мөн Монголд худалдаалагдаж байгаа даашинзнуудыг оруулсан байна лээ. Энэ загварууд дотроо илүү нарийвчлалтайгаар гэвэл ийшээ ороод харж болно. Энд захны хэлбэрээс эхлээд ханцуйны урт богино хүртэл бүх детайлыг үзүүлсэн байгаа. Энэ дор байгаа зурган дээр бас төрөл бүрийн загварын сонголтыг харуулсан байна лээ. Энэ бүгдийг нөгөө хайртай Пинтерест дээрээсээ л оллоо шүү дээ. Зурган дээр дарвал томорч харагдах байхаа.
Монголд хуримын даашинз талаар үнэн сонголт багатай юмаа. Ердөө хэдхэн дэлгүүрт нь хэдхэн төрлийн даашинз байдаг юм билээ. Бэлэн хувцас шиг оруулж ирээд дэлгүүрт тавиад зарж болдоггүй эд болохоор тэгдэг биз. Онлайн дэлгүүр хэд хэд байдаг юм билээ. Brilliance гээд онлайн дэлгүүр даашинзнуудаа Японоос оруулж ирдэг гэсэн. Өмсгөл их жижигтэй юм билээ. Чанар, материал зэрэг бол янзын сайн юм билээ. Энэ доор байгаа шиг галбиртай (загасан-mermaid) загварын даашинз хэд хэд байна лээ.  Монголд ийм загвар нээх их өмсөгддөггүй юм шиг байгаан, хуримын зурагнууд хараад байхад. Тэр утгаараа уг нь гоё санагдсан. Би өмсөж үзсэн л дээ. Даанч намайг сугадаж шатаар дээшээ алхах хүнд маань таалагдаагүй ккк. 
 
ФБ дээр бас нэг "Хуримын даашинз" гээд групп байна лээ. Тэдний даашинзнууд Бээжингээс ирдэг гэсэн. Монголд зарж байгаа хамгийн хямд даашинз л тэр байх. Үнэ нь 280'000-600'000 орчимд байсан. Даанч жоохон сонголт муутай хүмүүс шиг санагдсан. Бэлэн байсан даашинзнууд нь Монгол хүний бие галбир, загварт зохихгүй байгаа юм шиг санагдсан. Гэхдээ хүний захиалгаар авчирдаг гэсэн болохоор цаад хүмүүс нь тийм сонголт ч хийгээд байгаа юмуу мэдэхгүй юм даа. За тэгээд бэлэн зардаг дэлгүүр гэвэл MAXMALL-н дээд давхарт хуримын хувцас зардаг дэлгүүр байгаа. Тэднийх даашинзаа Италиас авчирдаг гэсэн. Гайгүй хэдэн хөөрхөн даашинз харагдсан шүү. Дархан Плазагийн хажууд нэг дэлгүүр байсан. Тэднийх харин сонголт арвинтай юм билээ.
  
 
Би өөрөө нэг иймэрхүү princess style даашинз сонирхоод байгаа. Жижиг биетэй хүнд энэ нь илүү зохих юм шиг байна лээ.  Хуримын даашинзыг чимэх хамгийн гоё зүйл чинь гивлүүр юм байгаа юм шд, миний бодлоор. Би лав урт гивлүүр сонирхож байгаа. Ардаа уртаа унжуулаад, хоёр хөөрхөн охиноор бариулаад явбал сүртэйн бишүү. Манай хоёр дүүгийн ихэр юм шиг хоёр чацуу охид байгаа. Тэр хоёр хуриман дээр эгээгийн хормойг барьж алхана гээд одооноос хөөрөөд байгаа сурагтай хихихи. Тэр хоёрыг ижилхэн хувцаслаад хормойгоо бариулаад алхвал лавтайяа хөөрхөн харагдана. Бас дараа нь ингэж мингэж зураг авхуулбал гоёийм бишүү кк.

 
Хуримын даашинз прокатлах яриа бас гараад байгаа. Гэхдээ нэг л чихэнд таатай сонсогдохгүй байгаа. Найзууд "Хүүе чи даашинзаа хаанаас авсан бэ" гээл асуувал прокатласиймаа гэвэл онцгүй биз дээ. Тэрнээс гадна хүний амьдрал эхлүүлж байгаа чухал үед өмнө нь ямар ч хувь заяатай, ямар ч хүн өмссөн юм өмсөх нь сонин санагдах юм шиг санагдаад байна. Тэгээд ч прокатлах нь тийм ч хямд биш. Даашинзныхаа үндсэн үнэний 1/3 үнэтэй. Тэгээд хуримын өдрөө болон уран сайхны зураг авхуулах гээд 2 өдөр түрээслэвэл 2/3 болчихно. Авсантай эссэн л адилхан л байгааз дээ. Гэсэн шүү янзан бүрийн юм бодоол худалдаж авах гэсэн бодлоо зөвтгөөл байгаа шд ккк. Энэ нийтлэл дээр бас миний санаатай төстэй юм бичсэн байна.
 
Анх би Монгол загварын хуримын даашинз сонирхож байсан болохоор тэр талаар нэлээд судалсан. Энд Торго салоны хуримын даашинзны хэдэн загвар байна лээ. Би яагаад бодлоо өөрчилсөн бэ гэхээр Монгол загварын дээл-даашинз өмссөн үед хуримын зураг нээх гоё романтик болж өгөхгүй юм шиг санагдсан. Тэгээд ч тийм хувцас захиалгаар хийлгэх хамгийн багадаа 700'000 төгрөгөөс эхлэх бөгөөд яг хийлгээд гараад ирэхэд нь таарч таалагдахгүй асуудал гарвал бас хэцүү юм болов уу гэж бодсон. Тэгээл оронд үлгэрийн гүнж шиг цагаан даашинз өмсөхөөр шийдсэн юм кк.
 
Торго салоны даашинз нэг иймэрхүү. Уг нь гоё байгааз.
 
Хуримын гоёл чимэглэл буюу ээмэг зүүлтний талаар минималист үзэл бодолтой байгаа. Жижигхэн мөртлөө хөөрхөн хэлбэр загвартай гоё чамин харагдах зүйл зүүх нь зүйтэй байх. Зарим бүсгүйчүүд хэтэрхий том, нүсэр юм зүүгээд даахин дээр дах гэдэг шиг болцон байдаг юм билээ. Хүн хараад нүд гялбахын оронд, нүд тогтож хараад яасан хөөрхөн гоё юм зүүгээ вэ гэж харж байвал болох нь тэр гэсэн бодолтой хүн байгаамаа. Жижиг ээмэг сонговол, тэр нь цагаанаас өөр тод өнгийн байвал бас тун дажгүй харагддаг юм билээ.
 
Хамгийн зөв, хамгийн гоё хуримын даашинз яаж сонгох вэ гэдэг асуудал бүх сүйт бүсгүйн толгойны өвчин болдог байх. Миний бодлоор, зөв даашинз бол өмсөж үзэхээр л шууд мэдрэгддэг юм билээ. Аль нэг даашинзыг углаад л үзсэн чинь сэтгэлд чинь багтаад, нүүрэн дээр чинь инээмсэглэл тодроод, догдлоод ирвэл тэгээл тэр чинь зөв даашинз чинь мөн шүү дээ кк.
 

1 comment:

  1. Anonymous11:19 AM

    Сайн байна уу? Хямд чанартай хуримын даашинз зарж байна. https://www.facebook.com/suitbusgui утас 88039800

    ReplyDelete