Friday, August 02, 2013

Бэр мөргөх ёс

Одоогийн бидний залуус ёс жаяг сайн мэдэх биш ямар, хуриман дээрээ ёс алдаж хадмын талд эвгүй байдалд орох вий гэж эмээж л байлаа. Манай гэрийхэн хурим найрын зан үйл гээд сүйд болоод байдаггүй. Харин говийн бүсгүй хангайн бэр болсон чинь хадмын тал маань нэлээд ёс жаягтай улс байна.

Хуримын өдрийн өглөө бэр буулгах гэж ирсэн хүмүүс нь бэлэг сэлт бэлдэж ирээд гэрт байгаа бүх хүмүүст гар цайлгах бэлэг өгдөг юм байна. Бэр авахаар хүргэн, хүргэний талын нэг ахмад хүн (нагац ах), бэргэн, ивээл жилтэй хүн гэх мэт хүмүүс ирдэг юм байна. Бэр авахаар ирэх хүмүүсийн бүрэлдэхүүн нь сондгой тоотой байх ба бэр болон бэртэй хамт явах мөн сондгой тоотой хүмүүсийг аваад тэгш тоотой болоод буцдаг гэнэ. Бэрийг авч явах цаг болоход ивээл жилтэй хүн, бэргэн хоёр нь бэрээ хоёр талаас нь сугадаад гардаг аж. Дээр үед бол бэр дургүй байгаа дүр үзүүлж явахгүй гэж орны толгойноос зууралддаг байжээ. Би ч одоо тэгэх нь хаашаа юм тэхдээ бас баярлаад инээгээд гүйгээд байх нь хаашаа юм, нэг тэр хоёрын дунд л айлын бэр болохоор мордлоо шд ккк. Бэрийг авчирсан хүмүүс хүргэний гэрт ирэхэд угтаж аваад сүү амсуулж, гэрт байгаа бүх хүмүүст золгуулдаг юм байна. Дараа нь бэрийн өмсөж ирсэн хувцасыг солиод хадмын тал иж бүрэн хувцас гутал өмсгөж өөрийн хүн болгож авдаг гэнэ. Хувцасаа сольсон дараагаа бэр анхны галаа асааж, цайгаа чанаад, Бурханд дээжийг нь тавьж, зул өргөөд Бурханд мөргөдөг юм байна. Дээр үед бол галд мөргөдөг байжээ. Орчин үеийн байранд ямар цахилгаан зууханд мөргөлтэй биш, цайны дээжээ өргөөд ёсыг гүйцэлдүүлэв.

Найрын орой "хөшиг татах ёс" гэж байдаг юм байна. Энэ нь хоёр талын аав хоёр хүүхдийнхээ орны урдуур унжсан хөшгийг татаж өгч, нэг ёсондоо эхнэр нөхөр болохыг нь хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг гэж ойлгосон.

Найрын дараа хэд хоногоос эхлээд "бэр мөргөх ёс" гэж байдаг юм байна. Энэ нь шинэ бэр хадмын талын айлуудар айлчилж мөргөж ёслохыг хэлдэг юм байна. Эхний ээлжинд хадам аавындаа очоод, хадам аав ээж хоёртоо бэлэг барьж, Бурханд нь есөн удаа сунаж мөргөсөн. Айл болгонд очоод сунаж мөргөөд явах биш л байгаадаа гэж бодож байгаа ккк. Гэхдээ бэр мөргөх ёсны нэг гоё юм нь очсон айл болгон шинэ бэрд бэлэг өгдөг юм байна. Аав, ээж, ах нар нь мал зааж өгдөг гэнэ. Одоо ч би хэдэн малтай болцон байгаа шүү лол. Шинэ бэрдээ бас өвчүү чанаж өгдөг юм байна. Яг ямар учиртайг нь мэдээгүй гэхдээ л чанаж өгдөг ёстой юм гэсэн. Тэгээд өвчүүгээ бүгдийг нь ид гээд байсан. Харин шинэ бэр өвчүүгээ бүгдийг нь ганцаараа идэж болохгүй, нөхөртэйгээ хувааж идэх хэрэгтэйн гэнэ лээ шүү. Манай найз надад сануулж хэлээгүй бол ч би аягүй бол идэх ёстойм байх гээл бүгдийг нь идэж орхих байсан байх шүү ккк. За хэтруулж байнаа, арай ч нэг бүтэн өвчүү ганцаараа идэж чадахгүй байха.

Айлын эхнэр болсон чинь идээ цайныхаа дээжийг нөхөртөө аягалах, зул өргөх, орой болгон хоол хийх гээд ганц бие байхдаа анхаарч үзэж байгаагүй зүйлүүд гарч ирдэг юм байна. Одоо бид ёс заншилаа мэдэхгүй байгаа ч яваандаа нас яваад ирэхээр мэдэж байх нь зүйтэйм байна даа гэж бодсон. Одоо бол ахмадуудыгаа дагаад, тэднээсээ асууж мэдээд ёс үйлдээд байнаа. Гэвч тэд маань яваад өгсөний дараа хэнээсээ гэх билээ дээ. Тиймээс одооноос ёс заншилаа сайн сурч, мэдэж авнаа.

2 comments:

MRowan said...

Өвчүүг хэвтэр мах гэдэг юм, тиймээс "оргож босч зугтаахгүй" өөрийн "хот" гэртээ байлгах гэсэн санаагаар өгдөг байх. Айхтар ёс жаягтай айлд очиж дээ. Нөхөр чинь бөх бол өвчүү идүүлж болохгүй ээ хө, бөх хүн "хэвтэр мах" иддэггүй.

Номинговь said...

Аанхан тийм учиртайм бий. Манай нөхөр бөх бишээ тэгээд хуваагаад идчихсэн кк.