Tuesday, December 01, 2020

Баруун хязгаарт зорчсон тэмдэглэл буюу Алтай Таван Богдын аялал

Би нь анх 5 жилийн өмнө Увс аймаг руу явсан байдаг юмаа.. тэр үед засмал зам дөнгөж тавигдаж байсан үе таараад зам их хэцүү байсан болохоор засмал зам тавигдаж дуусахаас нааш дахиж ирэхгүй гээл буцсан байдаг юм. Нөгөө зам энэ жил тавигдаж дуусаад УБ-Увс аймаг бүтэн засмалаар холбогдсон болохоор энэ зун аялалын маршрут баруун зүгт зурагдлаа.

5 жилийн өмнө 6 сартай нэг бяцхантай явж байсан бол энэ жил 5 нас, 2 нас, 8 сартай гурван бяцхантай болоод өнөр өтгөн аялсаан. Энэ гурван жаалыг уйдаахгүй, ядраахгүй 1400км зам явна гэдэг бол их чанга шүү. Сэтгэл санааг нь хэдэн өдрийн өмнөөс бэлдэж эхэлсэн дээ.. машинаар хол замд явна, замдаа 2 хоноод очно гээд л, нуур далай үзнэ, олон найзуудтай болно, хөгжилтэй байна даа гээд л. Ингээд сэтгэл санааг нь бэлдчихээр харьцангуй гайгүй явдаг юм билээ. Замдаа 4 цаг хэртэй яваад нэг зогсож амраад, хоол унд идээд, орой бүрий болохоор хоноглоод явахад хүүхдүүд маш сайн явсан шүү.

Миний Увсын талаарх 5 жилийн өмнөх сэтгэгдэл их маруухан байсан болохоор манай нөхөр энэ удаагийн аялалыг 100% надад болон гэр бүлдээ зарцуулнаа л гэсэн, тэгээл зарцуулсан даа. Увсад очоод 14 хоноход ердөө 2 өдөр л аймгийн төвд өнжөөд бусад өдрүүдэд дандаа ийш тийш аялсан байвал яахуу?!.. Очсоныхоо маргааш л Гоожуурын хүрхрээ, вансэмбэрүү цэцэг үзэхээр явсан. Эргэж ирж 1 хонолгүй л Увс нуур, Хархираа уул, Үүрэг нуур гээд аялал үргэлжилсэн..

Үүрэг нуур л үнэхээрийн сайхан газар байлээ. Би бүүр нөхөртөө ийм сайхан газар өмнө ирэхдээ яагаад намайг авчраагүйн гээд л хэлээд амжсан. Үүрэг нуурын аялал их паянтай.. Үүрэг нуур орж хоноглоод маргааш нь буцах байтал өдөржин шөнөжин бороо ороод Түргэний гол үерлээд зам хаагдчихаваа..  Түргэний голын гүүр нь нурсан учраас явж чадахгүй Сагил сум орж хоночихоод маргааш нь буцаад Үүрэг нууран дээрээ очиж тэндхийн амралтын газар зам нээгдтэл байрлахаар болов. Би чинь говийн хүүхэд ус бороонд баярлана уу л гэхээс үер усны аюулыг нүүр тулж мэдэрч яваагүйн билээ. Яг ийм голын үертэй таарсан чинь үнэхээр аймаар байсан. Тэрнээс хойш замд бороо орвол баярлахаасаа айдаг болцон байсан.

Үүрэг нуур

За тэгээд Үүрэг нуурын амралтанд хонож байхдаа газрын зураг харж байсан чинь баруун тийш нэг даваа даваад 200 орчим км яваад Баян-Өлгий аймаг, тэгээд цаашаа 160 орчим км яваад Алтай Таван Богд орохоор байдаг шүү.. За бараг хаяанд нь ирчихжээ.. Энэ жил АТБ моодонд ороод хүн болгон шуураад байсаныг ч хэлэх үү, дараа хотоос 1700км явж АТБ үзнэ гэхээр зориг мохсон хэрэг тул ийм ойрхон ирсэн дээрээ ухас гээд үзчихээд ирье гэсэн мэргэн санаан дээр манай гэр бүл санал нэгдэвээ J Улаангомоос замын хань татах гэтэл бидний энэ галзуу мэргэн санаанд (бороо ус ихтэй, гол үерлэсэн байхад) нэгдэх хүн олдоогүй тул 5-уулаа гараад давхихаар шийдэв.

Баян-Өлгий ороход Үүрэг нуураас Байрам гэдэг даваагаар давдаг юм байна. Даваа өгсөж байхад зам их эвгүй, бас Байрамын оройд тэнгэр бүрхэж бороо орж байгаа шинжтэй бараантаад, хавь ойрд машин тэрэг байхгүй, Бурхан минь юу л болох бол гэсэн айдастай л даваа өгсөж байлаа.. Гэтэл ашгүй давааны орой дээр гартал цаад талдаа зөндөө олон айлтай, бас тэнгэр онгойгоод нэг сэтгэл амарч билээ. Эхний даваагаа сайн давлаа. Гэтэл 2дох том даваа байгаа. Тэр нь Ямаатын гол гээч юм. Өмнөх өдрүүдийн бороонд үерлээд зам хаагдсан сурагтай байсан тул ус нь татарсан байгаасай гэж залбирч л явлаа. Байрамаас уруудаад Ямаат гол орох замд (100 орчим км юмуу даа) ард урд энд тэнд бороошоод байдал эвгүйрэх шинжтэй шүү. Замд машины доод тал ховилд цохигдоод нэг төмөр нь салах гээд санжигнаад байдаг, ямартаа ч эхлээд гол гарах хэрэгтэй байдаг.. Давхисаар байгаад Ямаат дээр очтол ус нь гайгүй байна шүү. Гол гартал нэг том ачааны машин зогсож байхаар нь тэднээс багаж гуйж авч байгаад машинаа янзалж аваад Баян-Өлгийн замд орсон. Ачит нуураас цааш Баян-Өлгийн зам харин янзын сайхан зам юм билээ дээ. Өөдөөс тэнгэр цэлмээд, сэтгэл тайвшираад л нээх гоё ккк. Оройдоо Өлгий хот ороод таньдаг айлд буудаллаж хоноод маргааш өглөө нь Алтай Таван Богдын замд гарсан.

Өлгийгийн хилийн цэргийн ангиас АТБ орох зөвшөөрөл авдаг юм байна лээ. Тэрийгээ аваад үд хэрд АТБ рүү хөдөлсөн. Анх удаа явж байгаа болохоор GPS-дээд явсан. Хаа очиж машин их явж байсан даа, замд бараг зарим газар машины уралдаан болоод байгаа юм бишүү. Биднийг дунд оврын машинтай, 3-н жаахан хүүхэдтэй, ханийн машингүй АТБ зорьж явна гэхээр замд таарсан хүмүүс зоригтой юмаа гээд гайхаад байсан (зориг уу, тэнэг үү л гэж бодсон байх ккк). Өлгийгөөс Алтай Таван Богд орох зам сонирхолтой байгальтай юм билээ. Уулс гэж дүнхийж байдаг шүү. Хангай шиг үргэлжилсэн уул биш, дүнхийсэн дүнхийсэн өвөө шиг уулнууд. Огцом огцом өндөр, хад асгатай, мөнх цастай. Зам бол бас challenging. Замын эв, ая данг тааруулж явах хэрэгтэйм билээ. Мундаг жолооч шүү гээд нөхрийгөө нэг магтчий кк.

За тэгээд явсаар орой 7н цагийн үед АТБ-ын 15км-ын суурин дээр очлоо. Энэ сүүлийн 15км л хамгийн хэцүү зам, 2 цаг явдаг энэ тэр гээд хүмүүсээс сонссон байсан болохоор одоо яах вэ гэдэг сонголтонд тулж ирсэн. Дээшээ яваад очиход оройтоод нар шингэчихвэл наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчих гээд байдаг.. гэтэл тэнд бидэн шиг байдалд орсон 2 машинтай аялагчид тааралддаг байна шүү. За за дээшилбэл хамт дээшилье, яваад үзье гээд 3 машин нийлж аваад явлаа шүү. Тэр 2 машин гайгүй том машин байсан л да (ланд манд нь л байсан байх :-p). Тэр 15 орчим км зам үнэхээрийн бартаат зам байсан шүү... за тэхдээ 2 цаг явах нь ч юучив, бид 50 мин хэртээ яваад нар шингэхээс 10-20мин өмнө АТБ-ын өмнө гарсан байдийн. Яг нэг даваа өгсөөд л гараад ирэхэд өмнө байдаг сүр жавхлангаараа дүнхийж байдаг шүү! Шууд л дуу алддаг юм билээ хүн (дуу алдам үзэсгэлэн гэдэг нь энэ байж таарлаа). Хүүхдүүд хүртэл сэтгэл нь их хөдөлж баярласан шүү. Үнэхээр зураг шиг байгаль л гэж энэ байх. Гайхалтай гэхээс өөр хэлэх үг алга.

Казак гэр

Төд удалгүй нар шингэж харуй бүрий болоход буцах замдаа орлоо. Уулнаас бууж байхад ард ууланд дуу цахилгаантай бороо орж эхлэв. Үер буучих вий гээл айгаал, бас харанхуйд зам бүүр ч эвгүй. Борооноос бараг зугтсаараан байгад арайх гэж постон дээр хүрч ирэв. Энд казак гэр түрээслээд хоноглож болдог гэсэн болохоор зам нийлж уул руу гарсан 2 машиныхантайгаа хамт гэр түрээслээд хоноглосон. Казак гэр чинь гаднаасаа жижиг харагддаг хэр нь дотороо маш том зайтай юм билээ. Бас их ганган, эрээн мяраан л гэр байсан. Ашгүй гэж гэрийн ачаар бороонд зутрахгүй дулаахан, тухтай хоноглож чадсан шүү. Ер нь энэ олон өдрийн аялалаас харахад зутрахгүй байх л хамгийн чухал юм билээ. Зутрахгүй бол хүүхдүүд ч ядрахгүй аятайхан аялчихдаг юм билээ.

Бид уг нь маргааш нь дахиж Алтай Таван Богд руу гарна гэж бодож байсан боловч өглөө бостол юун гарах битүү бороо манан.. бараг зугтах шахам буцах замдаа орсон доо. Замд байсан голууд эвгүй эвгүй үерлэсэн байсан ч сайн жолооч маань бүгдийг давгүй туулаад гарсан. Оройдоо тэгээл Өлгий хотод ирсэн. Уг нь АТБ-оос урд зүг рүү эргээд Сыргал гээд гоё газар байдаг гэсэн. Энэ удаа үзэлгүй үлдээлээ. Дараа дахиж ирнээ л гэв.

Өлгийд хоноод маргааш өглөө нь бас л борооноос зугтаад гарч одов. Биднийг Өлгий хотоос хөдлөхөд яг бороо орж эхэлж байсан, борооны эсрэг зүгт зам таарсан болохоор зугтаж давхисаар байгаад нөгөө алдарт Ямаат гол дээрээ ирсэн.  Ямаат, Байрам 2ыг давчихвал л санаа амрах гээд байдаг.. Ямартаа ч Ямаатаа гарчихлаа. Гэтэл Байрам дээр бороошоод болдоггүй шүү. Явж л байлаа. Даваа өгсөх замд уулнаас бууж байгаа голыг хэд хэд нааш цааш гардаг юм билээ. Гэтэл нэг гол гатлах гэтэл зам алга болчдийн. Нөгөө магтаад байсан жолооч чинь гол дотор зогсчихсон цаад эрэг рүү нь яаж гарахаа мэдэхгүй, гэнэт үер буугаад ирэх вий гээд би айгаад хөдлөөчээ хөдлөөчээ гээд, нөгөөх нь хаашаа хөдлөх юм бээ гээд, хаашаа хамаатай юу наад голоосоо гараачээ гээд тэрээхэндээ паникт оров шд. Гэтэл бидний ирэхэд байсан замыг үер буугаад алга болгочихсон байжил дэ. За ямартаа ч тэндээсээ гараад даваа өгсөх замдаа орсон. Биднийг даваа өгсөх үед бороо ашгүй минь гэж бараг зөрж таарсан. Тэгээд Байрам дээр гараад цааш тонгойход тэнгэр цэлмээд, Үүрэг нуур харагдаад нээх сайхан гэртээ ирсэн юм шиг санагдаж билээ.  

Улаангомоос Алтай Таван Богд ороод ирэх 4 өдрийн аялалд үнэхээр азтай, яг л борооны сиймхийгээр явсаар таарсан шүү. Бороотой уралдаж явж байсан болохоор зарим үед хүүхдүүд шээлээ баалаа болвол зогсохгүй, нэг бол тэвч нэг бол өмдөндөө шээ гэж байгаам бишүү ккк. Энэ 4 өдрийн турш өдөрт 8 цаг машинд, шороон замаар, манай хүүхдүүд ёстой мундаг байсан шүү. Замд 1-2 л зогсвол зогсоно бусдаар бол тэгээд шударсан шд.

АТБ-д бас яаж зүгээр байхав гэсэн шиг аппаратаа газар тавиад мартсан байдий. Замдаа машины хаа нэгтээ байгаа биз гэж явсаар Улаангомд ирээд нүх сүв болгоноор хайгаад олддоггүй шүү. Тэгээд хамгийн сүүлд харагдсан газар АТБ-д л орхисон болж таарсан. Тэр ч олдохоосоо өнгөрсөн гэж бодсон хэдий ч доторх зурагнууд хайран санагдаад болдоггүй. Тэгээд УБ-д ирсэн хойноо юмыг яаж мэдэх вэ гээд Дэлхийгээр аялагчдын групп дээр тэдний өдөр тэр хавиар явсан хүн ийм аппарат харсан бол хэл дуулгаарай гээд пост оруулсан байсан чинь яасан гээч?... үнэхээр бид нарыг явсаны маргааш тэрүүгээр явсан хүн таараад олсон байвал яахуу!!.. ёстой сонин. Тэгээд холбогдоод аваарай гээд.. сайн хүмүүс таарсан шүү, баярлаад баршгүй.

Энэ зуны аялал гайхалтай сайхан байлаа. Хүүхдүүд ч замын ая дааж сурлаа. Өөрсдийгөө ч шинэ адал явдалд сорьж үзлээ.

5 жилийн дараа Увс руу дахиж явна. Тэр үед Боршоогийн боомтоор гараад ОХУ-ын нутгаар дамжаад Сэлэнгийн боомтоор орж ирнэ гэсэн хэтийн төлөвлөгөөтэй байгаа. Магадгүй цаашаагаа Төв Азийн орнуудаар аялчихаад ирэхийг хэн байг гэх вэ ккк.

 

No comments:

Post a Comment