Thursday, January 21, 2010

Цуу уусан ч юм бол уу?

Өчигдөр "Өгөөмөр сэтгэлээ Өмнийн говийнхондоо" ажлын хүрээнд хийгдэж буй хандивын тоглолтыг анги хамт олноороо үзэх ажлыг зохион байгууллаа л даа. Өмнийн говийнхондоо туслах сайхан сэтгэл өвөрлөсөн ангийн андууд маань өөрсдийгөө болон өрөөл бусдыг дагуулан идэвхитэй (яг цагтаа) ирцгээсэнд маш их баяртай байна. Тоглолт үзэх гэж нээрээ олон хүн цугласан байна лээ. Бөхийн Өргөө дүүрсэн байсан. Өмнөговиос төрөн гарсан дуучид, хуурчид, бүжигчид, шүлэгчид, хошин шог гээд аятайхан урлагийн номерууд байсан. Яахав дундуур нь компаниуд тайзан дээр гарч ирж би ч тэдэн сая төгрөг, чи ч сая төгрөг хандивлав гээд пиардаад байх нь байсан. Гэхдээ энэ бол миний сэдэв биш л дэ... Ангиараа олуулаа цугласан дээрээ хамтдаа сууж хэсэг ярилцая гээд бид хэд тоглолт дуусгалгүй гарч явсан юм. Бид хэд л болсон хойно уулзахаар яадаг билээ, инээлдсээр байгаад л гарч ирдэг...

Энэ удаад доорх хэдэн сэдвийн эргэн тойронд яриа өрнөлөө. Үүнд:

  1. Газар хөдлөлт: зарим нэг хүмүүсийн газар хөдлөлийг хэмжих үнэтэй цайтай тоног төхөөрөмжөөс илүү мэдрэмжтэй байгаа тухайд яриа гарч үүнээс үүдэн хайртай хүнтэйгээ хамт явж байсан чинь гэнэт газар цуураад хайртай хүн чинь унаад буцаад хаагдчихвал яах вэ гэсэн асуултанд зарим нэг нөхөд уйлж хайлан харамсана гэж байхад зарим нэг хүн дараагийнхаа хүнийг хайна гэсэн тухай
  2. Ангийн хүргэн бэрүүд хэрхэн Наагийгийн гараар ордог тухайд болон Наагийгийн эзгүйд хэн энэ ажлыг орлон гүйцэтгэх тухай. Зарим нэг нөхөд Наагийгийн орлогч болох санал тавьж, өөрөө өөрийгөө нэр дэвшүүлсэн боловч олонхийн дэмжлэгийг авч эс чадав
  3. Хамгийн ноцтой сэдэв буюу миний цуу уусан тухайд. Үүний түүх юу вэ гэхээр 8-р ангид байхад бид нар шинэ жилээр ангидаа нийллэг хийсэн юм л да. Ер нь бол жил болгон л ангидаа нийлдэг байсан. Одоогийнх шиг ямар ресторан, бааранд захиалга өгөөд нийллэг парти хийдэг байсан биш, гэр гэрээсээ хоол, цайгаа авчираад л ангидаа идэж ууна шүү дээ. Тэр өдөр бид хоолоо ихдүүлсэн үү, хөвгүүд бага идсэн үү ямар ч л байсан баахан хоол илүү гарч л дэ. Тэгэхээр илүү гарсан хоол, ундаагаа ангидаа хадгалчихаад маргааш ирж идье гээд явцгааж гэнэ. Гэтэл манай сургуулийн байрны жижүүр ангид ороод бидний нуусан хоолыг идчихжээ. Тэгчээд бас бид нарт та нарын хоол муудах гээд байхаар нь аваад идчихсэн шүү, та нарт тусалсан шүү гэсэн юм байх. Би сайн санахгүй байгаан. Хүмүүс л тэгж яриад байна. Хоол байхгүй, үлдсэнээс ганц цуу л байна гэнээ. Тэгсэн би гэдэг аймаар хүн цууг нь аваад уусан гэж байна шүү. Хүүе болохгүй энэ тэр гэсэн чинь би цуунд дуртаймаа гээд уугаад байсан гэнэ шүү. Би бол ерөөсөө санахгүй байгаамаа. Хүмүүс л тэгж яриад байна. Бүгд нэг дуугаар тэгж хэлээд байна. Мэлзэе гэвч майр олон гэрчтэй.... Өнөөдөр өдөржингөө л бодлоо... Би нээрээ цуу уусан юм бол уу?..............

No comments:

Post a Comment