Tuesday, December 11, 2012

Туркийг тойрсон аялал - төгсгөл

Day 11.
Перг эртний хот, Анталья
Аялалд гарсаар арваннэг дэх өдрийнхөө өглөө бид уг нь энэ өдрийг далайн эрэг дээр наранд шарж өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч тэнгэр жоохон бүрхэг байсан тул далайн эрэг явахын оронд Перг эртний хотыг үзэхээр шийдлээ. Пергийг үзэх төлөвлөгөө байгаагүй боловч Анталья музэйд үзсэн үзмэрүүдийн ихэнхи нь Пергээс олдсон гэсэн хаягтай байсан тул энэхүү газрыг өөрийн эрхгүй сонирхсон юм. Перг нь Анталья хотоос арван хэдхэн км зайд байдаг бөгөөд отогараас бараг 30 мин тутамд жижиг оврын автобус явдаг тул явж очиход амархан газар байна билээ. Перг хот нь бараг МЭӨ 1000-аад оны үед байгуулагдсан, олон зууны туршид олон соёл иргэншлийн нүүр үзэж ирсэн түүхийн баялаг дурсгалтай хот юм байна гэж ойлгосон.  Hellenistic үед хамгийн баян, хамгийн гоё хотуудын нэг байсан гэнээ. Эндээс олдсон баримал, хөшөө дурсгалуудыг харвал аргачгүй л гэж хэлэхээр юм байна лээ.

Перг хотын стадиум

Пергэд ирээд автобуснаас буугаад алхаж байхад хамгийн эхлээд эртний анфитеатр тааралдана. Гэхдээ тэр нь засвартай гээд хаалттай байсан. Дараа нь жоохон алхаад эртний стадиумтай тааралдана. Стадиумаар дайраад Пергийнхээ төв рүү ордог юм билээ. Перг хотын хаалга нь хоёр том цамхагтай. Цамхагууд нь оройгоосоо нурчихсан хэрнээ сүрлэг харагддаг юм билээ.
Перг хотын хаалганы цамхаг
Энэ хотын барилга байгууламжууд орчин үеийнхээс дутахгүй төгс шийдэлтэй байжээ. Шалнаасаа халдаг халуун усны газар гэх мэт. Шалны доогуур нь олон хонгил байх нь тэр үеийн халаалтын систем нь байсан бололтой. Энгийн xүний нүдээр би тэгж харав, инженер xүн бол өөр нүдээр харах байсан байхалдаа хэхэх. Тэгээд тэр халуун усны газар нь жишээ нь гэхэд уурын өрөө, халуун өрөө, сэрүүн өрөө гээл хэд хэдэн дамжлагатай өрөөнүүд байх юм билээ.

Перг хотын баганатай гудамж
Баганатай гудамж, өргөн чөлөөнүүд нь энэ хотын нэрийн хуудас болсон гэхэд болно. Олон жилийн өмнө Эфэс эртний хотыг үзэж байхдаа тэндxийн баганатай өргөн чөлөөгөөр явж байхдаа их л сэтгэл хөдөлж байж билээ. Пергийн баганатай өргөн чөлөө Эфэсийнхээс арай гоё юм шиг санагдсан. Эфэс тэхдээ нөгөө алдартай номын сан энэ тэрээрээ хамаагүй өөр лдө. Энэ удаагийн аялал уг нь Эфэсээр дайрах байсан боловч бид хоёр далайн эрэгтт өнжих хугацаагаа жоохон нэмэх гээд Измир орох аялалаасаа татгалзсан. Тэгээд ч Пергийн баганатай гудамжийг үзсэнийхээ дараа Эфэс заавал явах шаардлагагүй гэж тохиролцсон лдо хэхэ. Пергээр зугаалж дуусаад буцаж Анталья ороод, тэндээс Фэтхиеэ хот орох автобусанд суусан. Фэтхиеэ хот руу 150км, 3.5 цаг явсан.
Антальягаас Фэтхиеэ орох зам дагуу тосгон
 Фэтхиеэд орой 8 цагийн үед очсон. Тэнд биднийг тосч авсан найз маань тэндхийн хамгийн алдартай загасны заx орж биднийг дайлав. Загасны зах гэдэг газар нь голдоо түүхий загас зардаг лангуунуудтай, эргэн тойронд нь гуанз ресторантай. Тэгээд загас зарж байгаа xүмүүсээс загасаа өөрсдөө сонгоод, ресторанд өгч шаруулаад иддэг юм байна.

Фэтхиеэгийн загасны зах
Фэтхиеэ хот Туркийн аялал жуулчлалын төвүүдийн нэг хэрнээ 10-р сарын эхээр очиход хөл хөдөлгөөн харьцангуй татарсан байдаг юм билээ. Ямартаа ч хотын төв нь оройдоо хүн амгүй юм шиг л эл хуль байсан.

Шөнийн Фэтхиеэ хот
Тэргэл сартай шөнө байсан тул шөнийн Фэтхиеэ хотыг сонирхож шөнийн зугаалга хийсэн. Хотын хажуугийн уулан дээрээс дарвуулт завьнуудын зогсоол маш гоё харагдаж байсан.

Hisaronu, Fethiye
Бид нар Фэтхиеэ хотыг тойрч жоохон зугаалж байгаад Хисарөйнү гээд шөнийн цэнгээний баар савнууд байдаг газар руу нь явав. Тэр газар Турк гэж хэлэхээргүй өөр газар байсан. Туркээс огт өөр улсад явж байгаам шиг санагдсан. Тэнд байгаа хүмүүс нь дан гадаадууд, бүх хүмүүс англиар яриад Туркийн зүүн хэсгээр явж явж ирсэн бидний хувьд их сонирхолтой санагдаж байлаа.

Day 12.

Сөнөсөн тэнгисд тавтай морил
Энэ өдрийг Сөнөсөн тэнгисийн эрэг дээр өнгөрүүлэхээр эртлэн гарч явлаа. Сөнөсөн тэнгис гэгч энэ газар нэрнээсээ ч тэрүү, цаанаасаа л нэг тийм өвөрмөц санагдаад би хувьдаа хэдэн жил Туркэд амьдрахдаа очиж үзэхийг хамгийн  ихээр xүсч байсан газар билээ. Далайн ус ийм тунгалаг, тогтуун, цэвэрхэн байсан өөр эрэг дээр очиж үзэж байсангүй.

Сөнөсөн тэнгисийн эрэг
Сөнөсөн тэнгис нь Фэтхиеэ хотоосоо хэдэн км зайтай байдаг юм билээ. Тийшээгээ мөн минибусаар яваад хүрч болно. Далайн эрэг дээр очихоосоо өмнө эргийг дээрээс хардаг уул руу гарч энэ гайхалтай дүр зургийг харлаа. Сөнөсөн тэнгисийн эрэг нь Газар дундын тэнгисийн хамгийн их зураг нь авагдсан эргүүдийн нэгд ордог юм байна. Ийм гайхалтай дүр зургийг харахаар диваажин гэж байдаг бол ийм л байдаг байх гэдэг бодол төрж байх шиг.

Сөнөсөн тэнгисийн эрэг
Сөнөсөн тэнгисийн эрэг нь Blue Flag beach  зэрэглэлд ордог.  Blue Flag beach гэдэг нь байгаль орчин, усны чанар талаасаа дээд зэргийн стандарт хангасан далайн эрэгт олгодог сэртификат юм байна.
Paraglyding over Blue Lagoon
Сөнөсөн тэнгисийн өөр нэг алдартай зүйл нь параглаядинг буюу шүхрээр үсрэх юм. Далайн эрэг дээр хэвтэж байхад хажуугийн уулын оройгоос үсэрсэн шүxэртэй хүмүүс дээрээс бууж ирж байх жишээтэй. Зарим нэг шүхэр нь мотор шиг юмтай юм. Доошоогоо газар луу дөхөж ирснээ тэрийгээ муухай дуугаргаад буцаад хөөрөөд явчихдаг юм билээ ккк.

Сөнөсөн тэнгисийн эрэг дээр ингэсгээд нарлаж байлаа кк
Далайн эрэг нь бөөрөнхий бөлцгөр хайрган чулуун эрэг бөгөөд ус нь л ёстой гоё цэвэрхэн, ногоон, цэнхэр, тунгалаг байсан. Өмнө нь Антальягийн Коняаалти бийч дээр очиход далайн давалгаа ихтэй мөн ус нь хогтой байсан тул энд ус нь ийм цэвэрхэн байхыг үзээд гайхаж байлаа. Аргагүй л Туркийн хамгийн цэвэрхэн эрэг юм.

Хамгийн гайхалтай нар жаргах агшин
Бид хоёр бүтэн өдөржин далайн эрэг дээр өнжсөн. Усанд орж тоглож байгаад ядрахаараа гарч ирж эрэг дээр наранд шарж хэвтээд, эргэж усанд тоглоод гэх мэт өдрийг сайхан жаргаж өнгөрүүлсэн. Орой нар мандахын хэрд усны мандал гайхалтай гоё өнгөөр солонгорч харагдах юм билээ. Нар далайн мандал руу дөхөж доошлох тусам улам улаан, улам тодорч харагдах юм билээ. Яг тэр үед усан дээр хөвж өнгөрсөн нэг дарвуулт завь энэ дүр зурагт бүр утга учир нэмэх шиг болсон. Үнэхээр сэтгэл догдлуулсан гоё агшин байсан. Аймаар том, бөөрөнхий, улаан нар доошилсоор байгаад далайн ус руу шингээд орчихсон. Энэ агшинг бичиж авсан бичлэгээ дараа нь сонссон чинь "Эймээр гоё, эймээр гоё" гээл дуу алдаад байсан байна лээ хэхэ. Нөгөө үгээр xэлж, үзгээр дүрсэлж баршгүй агшин гэгч л тэр байсан байгаа юм.

Day 13.

Фэтхиеэгээс хөдлөөд дараагийн зогсоол Дэнизли хотын Памуккалэ байв. Дэнизли руу 200км, 5 цаг явж хүрсэн. Энэ хоорондох зам олон өндөр уулыг дамжиж, тойрч, давж эсвэл ороож явдаг ёстой төвөгтэй зам байв.

Denizli орох замд, уулан дээрээс үүл харагдаж байна
Өндөр уул, давааны бараа хараагүй говийн хүүхэд миний хувьд энэ бол нэлээд аймшигтай зам санагдсан. Xарин хамт явсан найзад маань хүүхдийн тоглоом шиг л санагдсан гэсэн. Тэдний нутагт өндөр уул даваа их байдаг гэсэн лдэ. Жоохон огцом уруудах, эсвэл хажуу тийшээ хазайхад би дотроо айж л явлаа. Тэглээ гээд яахав дээ ямар уулын орой дээр автобуснаасаа буугаад гүйлтэй биш дээ, гүрийсэн хэхэ. Дэнизли хот ороод тэндээс Памуккалэ орох минибусд суугаад цаг гаран яваад өдрийн 2 цагийн үед зорьсон газартаа хүрсэн.

Памуккалэ травэртин
Туркээр  Pamukkale буюу Монголоор "хөвөн цайз" гэсэн утгатай энэ газар нь холоос харахад мөс юм шиг харагддаг тэгсэн хэрнээ мөс биш тийм сонин газар юм. Памуккалэ нь шохойн чулуун тавцангуудаас бүрдэх бөгөөд үечилж тогтсон тавцангууд дээр жижиг усан цүнхээлүүд тогтсон байна. Вики ахын тайлбарласнаар бол кальци карбонаттай ус ил гарч ирэхээр карбон диоксид ууршаад кальци карбонат тунаж үлдээд, он удаан жилийн явцад травэртин гээд байгаа шохойн чулуун тавцангуудыг үүсгэсэн гэж байна.
Pamukkale, Denizli
Тавцангууд дээр тогтсон усан бассэйнүүд нь бүлээхэн устай бөгөөд рашаан гэж тооцогддог тул энэ усанд орох уг нь их сайн юм гэсэн. Улмаа бид хоёр усанд орж ид шидийг амсаагүйлдэ, яагаад гэхээр бид хоёр оройдоо Бурса явах ёстой байсан юм. Памуккалэг Хэраполис эртний хоттой нь үзэж дуусгахад 4 цагийн зай байсан хэрэг.

Памуккалэ болон Хэраполисыг 1988 оноос Дэлхийн Соёлын өвд бүртгэж, хамгаалалтандаа авчээ. Памуккалэ травэртин дээгүүр явахдаа гутлаа тайлж, хөл нүцгэн явах ёстой. Тэхдээ хөл нүцгэн явахаар чулуулаг нь хөлөнд массаж хийж байгаа юм шиг гоё мэдрэмж төрүүлдэг. Дороос нь дээш өгсөж явсаар байгаад дээр нь гарахад Хэраполис хот руугаа гарч ирдэг.

Эртний театр
Hierapolis нь МЭӨ 2-р  зууны эxэн үед халуун рашаан маягаар байгуулагдаад эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг байж байгаад МЭ 200-аад оны үеэс жинхэнэ хот болж өргөжин тэлсэн аж. Энэ хугацаанд Ромын халуун усны газар, гимнази, хэд хэдэн сүм, баганатай гудамж, усан оргилуур гэх мэт байгууламжууд баригдсан. Хамгийн үзүүштэй зүйл болох эртний театр нь МЭ60 оны үед байгуулагдсан. Жижигхэн, огцом өгссөн суудалтай энэ театр яагаад ч юм надад хамгийн их таалагдсан.
Хэраполис эртний хотод дүрсгүйтэж байна ккк
Эртний театрын хаалга нь дээд талдаа байдаг болохоор тийшээ хүрэх гэж нэлээд авирсан шүү. Дээрээс нь аймаар халуун өдөр байж таараад, хоёулаа усгүй ангаж үхэх гэж байгаа хоёр амьтан гарч очоод ус хайж гарсан. Уг нь иймэрхүү эртний газруудад чэшмэ буюу ундны усны оргилуурууд байдаг байхгүй юу. Гэтэл юу боллоо ч гэж уулын орой дээр тэр нь байх вэ. Ус зарах түц мүц ч байхгүй тул арга ядаад тэнд байсан хамгаалагчаас нь ус хаанаас олж болохыг асуутал тэр өөрийнхөө уснаас ууж болно гэв. Цангаж яваа хүнд ус өгөх шиг их буян байдаггүй юм гэнэ билээ. Тэр хамгаалагч ах их буян болсон.

Colonnade in Hierapolis ancient city
Театрыг үзчихээд доошоо уруудаад гимнази, оршуулгын газар, баганатай гудамж гэх мэт газруудыг үзэхээр явлаа. Нэг талаараа эртний байгууламжууд нь эгнээд, нөгөө талаар нь чулуун жим засаад, цэцгэн мандал тарьчихсан тул эрт эдүүгээгийн байгууламжууд хослоод их л өвөрмөц дүр зургийг буулгаж байна лээ.

Sunset from Pamukkale travertines
Дөрвөн цагийн дотор үзээд амжчихна гэж бодож байсан газар маань яваад яваад дуусдаггүй нэг мэдсэн нар жаргаж байлаа. Памуккалэгээс харахад тэртээ уулын цаагуур далд орж байгаа нар бас л өөрийн гэсэн онцлогтойгоор жаргаж байна билээ. Бид хоёр нар жаргах агшинг харчихаад автобусаднаа амжихийн тулд травэртинаа уруудаад гүйж өгсөн. Памуккалэд ирсэн хүн үндэсний хоол болох гөзлэмэ идэхгүй явж болохгүй тул яарч гүйж байж бас зам суурт зогсоод гөзлэмэ хийлгэж аваад байгаамаа. Монголчилбол маш нимгэн бин хайрч байгаад дотор нь бал, шоколад, төмс, бяслаг, мах гэх мэтийг хийж хуйлаад дахиад хайрах юмуу даа. Гэртээ туршиж үзэхэд амархан л юм шиг байна лэ.

За ингээд адал явдалт нэг өдөр дуусч орой 8 цагаас бид Бурса орох автобусандаа суусан байлаа. Бурса хот руу 430км, 9 цаг явах бөгөөд замдаа Измир хотоор дайрдгийг нь мэдээгүй байсан болохоор шөнө нэг сэрсэн чин Измирийн отогар дээр ирсэн байхад нь гайхсан шүү.

Day 14.

Бурса орно гэдэг маань Стамбул руу нэлээн дөхөж байна гэсэн үг. Бурсад манай оюутны ангийн хүүхэд байдаг ба манайхаар заавал дайрч гараарай гэж урьсан тул хэрэг болгож тийшээ зорьсон юм. Өглөө 5 цагт отогараас биднийг тосч авсан. Найзынхаа гэрт очоод замын ядаргаа гаргаж хэдэн цаг унтаж авлаа. Найз маань энэ өдрийг бидэнтэй өнгөрүүлэх гээд ажлаасаа чөлөө авсан байсан тул унтаад босоход жинхэнэ утгаар нь турк өглөөний цай бэлдэж өгсөн.

Бурсагийн гудамж
Бурса хот Стамбултай ойрхон тул өвлийн улиралд Улудаг ууланд цанаар гулгах гэж оюутан байхдаа хэд хэдэн удаа ирж байлаа. Бурсад Улужами гээд нэг том сүм байдаг. Бас нэлээд шашинлаг газар гэж хэлж болно. Шашны их том том хүмүүс эндээс төрсөн, энд амьдарч байсан юм гэсэн.
Kozahan
Бид нар гадуур гарч худалдааны төв болон Козахан гэдэг газар руу явав. Энэ нь Стамбулын  -н жижигрүүлсэн хувилбар шиг юм билээ. Турк үндэсний эдлэл, бэлэг дурсгал, Бурсагийн алдартай гар, нүүр, банны алчуур, торгон алчуур гэх мэтийг авч болно.

Kozahan tea garden
Надад машид таалагдсан газар бол Козаханы цайны цэцэрлэг байлаа. Козаханы дотор задгай талбайд баахан сандал, ширээ тавиад цайны газар хийчихсэн. Дэлгүүрүүдээр хэсч ядраад түр сууж цай ууж, алжаал тайлаад явахад зориулсан. Мөн зүгээр тааваараа найз нөxөдтэйгээ уулзаж суухад ч тохиромжтой тун аятайхан газар байна лэ. Козаханы хоёр давхараас харахад дэлгэж зоосон өнгө өнгийн шүхэр л харагддаг.

Bursa silk
Бурса хот текстилээрээ алдартай ба эндхийн гар, нүүрийн алчуур, торгон алчуур хоёр алдартай. Жинхэнэ торго энд үйлдвэрлэдэг гэсэн. Торгоны авгалдай хүртэл тавьчихсан байна лэ ккк. Козаханыг хэсч дуусгасныхаа дараа Бурса искэндэр идээд, Ботаник паркаар жаахан зугаалж байгаад орой болсон доо. Орой 8 цагаас Бурсагаас Яалова хүртэл автобусанд суугаад, Яаловагаас Стамбул хүртэл "deniz otobusu" буюу далайн автобусаар явсан. Манай найз "Ингээд та илжигнээс бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэлд сууж үзлээ дээ" гэж хэлсэн хэхэ.

Бурсагаас Яаловагаар дайраад Стамбул ирэхэд 2хон л цагийн аялал болдог юм билээ. Биднийг орой 10 цагт Стамбулд буухад бага зэрэг бороо шивэрсэн тун сайхан үдэш угтсан. Ингээд 14 хоногийн аялал маань дууссан гэдэгт итгэж чадалгүй, цүнх дүүрэн бэлэг дурсгал, аппарат дүүрэн зураг, сэтгэл дүүрэн дурсамжтайгаар л буцаж ирсэн дээ.

------
Дараагийн дугаарт Стамбул хотын талаар жичид нь бичих болно ;)

Saturday, December 01, 2012

Туркийг тойрсон аялал - үргэлжлэл 2


Аялалын маршрут

Кахтагаас шөнө хаашаа ч, ямар ч автобус байхгүй байсан тул өдрийн 12 цагаас Каясэри явах автобусанд суух хэрэгтэй болов. Каясэри руу 437км, 8 цаг явсан. Орой очоод тэнд сурдаг Улмаагийн найз нэг Монгол оxиныд буусан. Каясэрид овоо хэдэн Монгол оюутан сурдаг гэв. Энэ хот жижигхэн мөртлөө бүх юм нь эмx цэгцтэй, маш өргөн гудамж талбайтай хот байв. Эдний хотын дарга нь ажлаа сайн хийдэг бололтой ккк. Айлд xоносон чинь шөнөжингөө намайг шумуул зооглоод унтуулсангүй. Арай гэж өглөө болгоод 00 орох гээд явж байтал коридорт хамт амьдардаг охин нь тааралдаад надаас учиргүй цочихоор нь гайхаад ороод толинд хартал ёстой нүүр нүдгүй булдруу болтол шумуул хазчихсан байв. Би бүр өөрөө өөрөөсөө цочсон гээч. Хамгийн сонирхолтой нь Улмааг хазаагүй байж, намайг юу ч үгүй идчихсэн байгаам даа, гомдмоор. Ингээд нүүрний нэг тал тэр чигээрээ хавдаад хүн аймаар царайтай болчиxов.

Day 8.

Уг нь өдөртөө Кападокяа руу гарах төлөвлөгөөтэй байсан боловч урд өдрийн зугаалгын ядаргаа тайлж чадаагүй байсан тул тэгж ингэсээр байтал үдээс хойш болчихов. Тэгээд яараад отогар ороод Кападокяа явах автобус сураглатал Үйргүп, Горэмэ, Авонос гурвын нэг рүү явж байж Кападокяа үздийн байна. Угаасаа Кападокяа чинь аягүй том талбайг хамарсан болохоор нэг цэгээс үзэх боломжгүй гэнээ. Отогар дээр нэг автобусны компани олж Авонос руу билет бичүүлчихээд, Авоносоос өнөө оройдоо Анталяа гарах автобус сураглатал тэр компани тийшээ явдаг эндээс шууд билетээ авч болно гэв. Бид хоёр ч баярлаад билетээ авах гэснээ оройн 8 цагийн автобусанд амжиxын тулд 3 цагийн дотор Кападокяаг үзэж чадах уу гээл бөөн бодол боллоо. Гэтэл тэр зуур хажууд хараад зогсож байсан нэг хүн та 2 надтай хамт Авонос явчих тэгвэл эрт очно, үзэх газраа ч үзэж амжина гэв. Гэтэл тэр хүн нь тэр автобусны компаний эзэн байсийн байна лда. Ажлаар Авонос явах хэрэгтэй байсан болохоор бид 2-г бас хүргээд өгье гэж  хэлсэн нь тэр юм байж. Тэр ч байтугай та 2 өөрсдөө яваад 3 цагийн дотор Кападокяаг үзэж амжиxгүй, тиймээс би та 2-т Үйргүп, Горэмэг үзүүлээд Авонос хүргэж өгье гэсэн. Сайн хүн санаагаараа гэгчээр нээрээ... Тэгээд Каясэригээс Авонос орох гэж авсан 20 лирийн билетээ буцаагаад Авоносоос Анталяа орох билет аваад тэндээс гарсан.
Cappadocia - Goreme

Каясэригээс Үйргүп ороход 80км, 1,5 цаг явсан. Үйргүп гээд жижигхэн, тохилог хот байна лээ. Бид нар Асмали Конак гээд цагтаа Туркийг шуугиулж байсан ОАК-г Мардинд зураг авалт хийсэн гэж бодоод асмали конакыг тэнд хайгаад байсан чинь харин Ургупт зураг авсан юм билээ. Манай сайн дурын гаяд бидэнд тэр газрыг үзүүлсэн. Мөн Нэвшэхир, Үйргүп нь усан үзмийн дарсаараа алдартай газар лда. Гудамжны булан болгонд дарсны мухлаг байдаг юм билээ. Бид дарс амталж тухлах завгүй явсан тул жаахан тиймхэн.

Cappadocia - Urgup
Үйргүпт уулыг нүхэлж барьсан ч юмуу тэгээд тогтчихсон ч юмуу гэрүүд байдаг бол Үйргүпээс Горэмэ руу яваx замд пэри бажалар (peri bacalar) олноороо харагддаг. Пэри бажалар буюу  fairy chimneys-г одоо юу гэж орчуулахыг сайн мэдэхгүй байна. Үлгэрийн яндангууд гэхгүй л байлтай ккк. Энэ их сонин тогтоц юм шүү. Малгай өмсгөчихсөн юм шиг, яг тэр шовгор орой дээр яаж тогтоосон юм бол гэмээр.  Үйргүп, Горэмэ, Авонос нь хоорондоо арав арваад км зайтай юм шиг байгаан. Жуулчид бол дугуй хөлслөөд тойроод үзчихдэг юм билээ. Арай илүү мөнгө төлвөл агаарын бөмбөлөгт суугаад Кападокяаг дээрээс нь харж болно. Ийм балон тур хамгийн сайхан зүйлүүдийн нэг гэж сонссон. Худлаа биш байхаа. Яагаад гэвэл энд байхад эргэн тойрны сонин өвөрмөц тогтоцтой газар нь дэлхийд бус, өөр гарагт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр. Би өөр гарагт байж үзээгүй лдэ, тэхдээ хэрэв өөр гараг байдаг бол ийм л байдаг байх гэж төсөөлөн бодсон. Бид Горэмэд машинаа тавьчихаад нар жаргах агшинд байгалийн сонин тогтоцыг харж нэг хэсэг суусан. Биднийг дагуулж явсан хүн маань бидэнд хөгжилтэй түүх ярьж өгч цагийг зугаатай өнгөрүүлсэн. Нар жаргаад бүрэнхий болохын алдад тэндээс хөдлөөд Авонос орсон. 

Шаазангийн воркшоп, Avonos
Авонос нь шаазан урлал, шаазан эдлэлээрээ алдартай газар юм байна. Гудамжны өнцөг булан бүр нь шаазангийн мухлаг, шаазангийн цехээр дүүрэн байсан. Шаазангийн урлал үнэхээр сайн хөгжсөн газар байдийм байна гэж ойлгосон. Зүгээр байж чадахгүй эндээс бэлэг дурсгалын эдлэл авч ачаагаа нэмээд амжсан шүү. Анатоляагийн хүмүүс аягүй сонин хүнд бэлэг өгөх дуртай юм билээ. Анталяад явж байхад ч гэсэн энэ ажиглагдсан. Авоносоос орой 8 цагт автобусанд суугаад 540км, 9 цаг явж Анталяад ирсэн. Замдаа хэдхэн турист суулгасан хоосон шахуу автобусны дуртай сандлыг эзэгнэн унтаж ирсэн кк.

Day 9.
Aspendos, Antalya
Өглөө 05 цагийн үед Анталяагийн отогард ирээд хөл хөдөлгөөн эхлэxийг хүлээж байгаад 8 цаг гээд Аспендос явах минибусд суусан. Аспендос руу 40-50км газар байсан байхаа. Их л нойрмог байсан, яваад л байсан яваад л байсан, их л удаан явах шиг санагдсан. Анталяагаас минибусаар яваад Сэрик гээд тосгонд очдог юм билээ. Тэндээс өөр минибусд суугаад Аспендос ордог. Нийт зардал нь бол хямдхан гардаг. Хэцүү нь минибусуудынхаа цагийг сайн тааруулах хэрэгтэй юм билээ. Бид 2 цагаа буруу тооцсоноос болж Сэрикт 2 цаг xүлээсэн.

Aspendos, Antalya
Аспендос нь угтаа бол МЭӨ 1000-аад жилийн үед байгуулагдсан маш эртний хот юм байна. Гэхдээ одоо хадгалагдаж үлдсэн Аспендос амфитеатрыг Ромын император Маркус Аурелус  МЭ 155 онд Грек архитектур Зенонгоор бариулжээ. 7000 гаруй хүний багтаамжтай энэ театрт одоо ч гэсэн Туркийн зохион байгуулж буй олон улсын концерт, фестивалуудыг хийдэг. Дууны цуурайлтыг нь шалгах гэдэг юмуу яадаг юм, тэнд үзэж сонирхож яваа туристууд гэнэт байж байснаа нэг нэгээрээ эсвэл харилцан дуулалцаад эхлэх юм билээ. Биднийг явж байхад нэг солонгос залуу дуурь дуулаад, тэнд байсан хүмүүс бүгд босч алга ташаад сүйд болсон ккк. Аспендост 1-2 цаг зугаацаж өнгөрүүлчихээд буцаад Сэрикээрээ дамжаад Анталяа орсон доо. Анталяад бид бас нэг оюутны байранд байрласан тул оройн хоол идчихээд үдшийн сэрүүнд гадуур гарч жоохон алхчихаад амарцгаасан.

Day 10.
Өнөөдрийн төлөвлөгөө бол Анталяа музэй үзээд, далайн эрэг дээр очиж хэвтэх байв. Анталяа музэй миний амьдралдаа үзсэн хамгийн гоё, хамгийн баялаг музэйнүүдын нэг байлаа. (Луврын музэй, Ватиканы музэй хоёрыг тоолоод шүү дэ). Турк угаасаа Roman and Hellenistic үеийн түүх дурсгал ихтэй болохоор баялаг сан хөмрөгтэй байхаас аргагүй.

Statuatary hall of Antalya museum
Би ер нь уран баримал, хөшөө дурсгал, усан оргилуурт иx сонирхолтой хүн лдэ. Энд харин шавайгаа ханатал хөшөө үзсэн гэхэд болно. Эдгээр уран барималууд болон хөшөөнүүдийн ихэнхи нь Перг эртний хотоос олсон олдворууд гэсэн байсан тул бид  хэдий төлөвлөгөөнд байхгүй ч гэсэн тэр Перг эртний хотыг заавал үзэх хэрэгтэй юм байнаа гэж шийдсэн.
Antalya museum
Эрний уран барималуудын нэг гайхалтай нь эр, эм биеийн гоо сайхан төгс төгөлдөр дүрсэлж чаддагт байсан юм болов уу. Хэрэв сайн харвал биеийн булчин шөрмөс, нүүр хуврал гээд бүх юмыг тод томруун дүрсэлсэн байдаг.

Exhibit at Antalya museum 

Hand detail
Жишээ нь дээр зурган дээр байгаа гарыг хар лда. Ямар нарийн мэдрэмжтэйнээр урласныг нь хараад баршгүй.


Herakles comes home, Antalya museum
"Хераклэс гэртээ ирсэн нь" хэмээх энэ үзмэр Анталяа музэйгийн хамгийн чухал үзмэрүүдийн нэг юм байна. За ер нь л хамгийн чухлуудын хамгийн чухал нь гэж хэлж болно. Дэлхий дээр МЭӨ 330-320 онд Лисиппосын бүтээсэн "Herakles Farnese" нэртэй хөшөөний 60 гаруй хувилбар байдаг ба тэдгээрээс урлагийн талаасаа хамгийн үнэ цэнэтэй нь Роман үед бүтээгдсэн энэ xөшөө гэж үздэг юм байна. Энэ хөшөөний дээд бие доод биеэсээ салангид тусдаа өөр улсад байсныг Туркийн эрдэмтэд шинжлээд энэ хоёр нь нэг биенийх гэдгийг нь тогтоосноор нөгөө улс нь их биеийг нь Туркэд буцааж өгсөн гэж ойлгосон.

Tombs in Antalya museum
Надад маш сонирхолтой санагдсан бас айдас жихүүдэс төрүүлсэн үзмэр бол яах аргагүй энэ авснууд байлаа. Дээр үеийн язгууртнууд үхсэнийхээ дараа хойд нас руугаа саадгүй морилохын тулд аль сайн сайхан авсанд хэвтэх ёстой гэж боддог байсан бололтой. Авсны таган дээрээ голдуу язгууртан болон түүний эхнэрийн хэвтээ баримал байx ба авсаа тойруулан янз бүрийн барималаар чимэглэсэн байх юм билээ. Музэй тун сонирхолтой байсан тул бид хэдэн цагийг ч тэнд саатаж өнгөрүүлснээ мэдсэнгүй. Ер нь Улмаа бид хоёр зугаа цэнгэл, идэж уухаас илүүтэйгээр түүх соёл, байгаль, үзэж харах юманд дуртаймаа гэдгээ энэ аялалаар сайн ойлгож авсан.
Konyaalti beach, Antalya
Музэйгээс гараад ирэнгүүт шууд нүдний өмнө далай харагдаж байдаг. Анталяагийн алдарт Коняаалти бийч нь энд байдаг юм билээ. Үд нэлээн хэвийсэн байсан боловч бид 2 далайн усанд орж, эрэг дээр биеэ наранд шарж хэвтсэн шүү. Газар дундын тэнгис оройдоо нэлээд давалгаа ихтэй байдаг бололтой xөл алдвал аваад явчихмаар хүчтэй давалгаалж байсан. Олон жилийн өмнө Хар далайд живэхээ алдаж хаширсан хүн болохоор би лав ус руу бэлхүүсээс далдартал гүйж ороогүйэ.

Далайн эрэг, нар, усны хувцас, нарны тос, сийрсэн малгай гээл эцэст олон хоногийн аялалын эцэст нэг юм өөрсдийгөө амралтанд байгаа мэт мэдрэв. Олон ч гэж дээ замд гарсаар аялалынхаа яг талд л орж яваа юм билээ. Гэхдээ л үзэж харсан, туулж өнгөрүүлсэн зам хэтэрхий урт болохоор олон хоног өнгөрсөн мэт санагдаж байсан байх. Далайн эрэгт ямар ч байсан 2-3 хононо гэсэн төлөвлагаатэй болохоор маргааш цүнхээ баглаад отогар руу гүйнэ гэх юмгүй тайван шиг 2 хонолоо.

---
Үргэлжлэл бий

Friday, November 30, 2012

Туркийг тойрсон аялал - үргэлжлэл 1

Аялалын маршрут
Day 6.

Шанлиурфа хотод хоноод маргааш нь бид Адияаман хот руу 100 км, 2.5 цаг аялалаа үргэлжлүүлэв. Адияаманд бидний үзэx газар бол алдарт Нэмрут уул юм. Нэмрут руу өөрсдөө гараx боломжгүй ба заавал турд бүртгүүлж гарах ёстой байв. Интернэтээс хайхад энэ турыг хийдэг зөвхөн нэг газар байх ба тэр нь Ирфан Туризм юм. Нэмрут руу нар мандах, нар жаргаx гэж хоёр төрлийн тур хийдэг юм билээ. Нар мандаxыг үзэх тур нь шөнө 02 цагаас эxэлдэг, нар жаргаxыг үзэx тур нь өдөр 14 цагаас эxэлдэг. Нэг тур нь 75 лирийн үнэтэй байсан. Бидний төлөвлөгөө бол эxлээд зөвхөн нар жаргах турд оролцох байсан боловч тур компанийхан нар мандаxыг бас үзэхийг санал болгож ятгасаар байгаад 2 турыг хоёуланг нь хийхээр болсон. Тэд нар энэ хүртэл ирчихээд нар мандахыг үзэхгүй явж болохгүй, Нэмрутын орой дээрээс нар мандах агшин дэлхий дээр батлагдсан хамгийн сайхан нар мандах агшингуудын нэг гэж ирээл рекламдав. Би бас мөчөөгөө өгөхгүй манай говьд нар хамгийн сайхан манддаг, би энэ нар мандахыг сонирхохгүй байна гэж хэлээд амжиж байгаамаа ккk. Гэхдээ тэд нар нэлээн сайн дискаунт хийгээд бид хоёрт нэгийг авбал нэгийг үнэгүй өгсөн юм. Уг нь энэ тухай хүнд битгий хэлээрэй гэсэн лдэ тэхдээ яахав яахав.
Нэмрут уул, Адияаман
Нэмрут уул Адияаманы Кахта гэдэг газар оршдог юм бна. Кахта нь жижигхээн хот байсан. Нар мандах, нар жаргах хоёр тур хийхээр болсон болохоор энд хоноx шаардлагатай болоод нэг оюутны байранд буудаллахаар болов. Нэмрут уулан дээрээс нар жаргаxыг харах турд биднээс гадна Белгийн нэг турист, Ирфан Туризмын босс нь өөрөө, тэгээд хөтөчтэйгээ явлаа. Нэмрут Кахтагаас 53км зайтай болохоор үдээс хойш 4 цагийн үед гараад явахад нар жаргахаас арай өмнө хүрч байна лэ. Яг нар жаргах агшинг харах гээд зөндөө хүн цугласан байсан.

Нэмрут уулын орой дээрх Коммагений хөшөөнүүд (баруун терас)
Нэмрут уулын 2134м өндөрт байрлах чулуун хөшөөнүүд нь МЭӨ 62 онд Коммагений эзэнт гүрний  Antiochus I Theos хаан өөртөө зориулж бунхан босгосон хөшөөнүүд юм. Энд Античус хааны өөрийн хөшөөнөөс гадна хоёр арслан, хоёр бүргэд, Херкулес, Зеус, Аполло нарын бурxдын хөшөө бас байжээ. Эдгээр хөшөөнүүдийн толгойг тасалж авсан бөгөөд хамруудыг гэмтээсэн байгаа нь санаатайгаар үйлдэгдсэн хэрэг гэж таамагладаг юм бна. Толгой нь салж унасан иx биеүүд суугаагаараа байсан боловч сүүлд 1960-аад онд болсон газар хөдлөлтөөр эдгээр нь нурж сүйдсэн гэдэг юм билээ. Нар жаргах агшин надад лав хүсэн хүлээсэн догдлол бий болгож чадсангүй. Магадгүй бүрхэг, үүлтэй байсан нь нөлөөлсөн байх. Харсаар байтал үүлэн дунд бүдгэрээд алга болчиxдог юм билээ. Харин нар жаргасан дараа сар маш тод, маш гэрэлтэй харагдаж байсан нь нарнаас сайхан санагдсан. Бидний аялал шинийн арван хэддээр таарч бсан болохоор шөнө орой дандаа мэлтийсэн сартай гоё байсан. Туркийн зүүн зүгийн нутгуудад сар илүү ойрхон харагддаг гэдэг нь үгүй биш бололтой. Шөнө автобусанд нэг хотоос нөгөө хот руу явж байхад цонxоор харахад сарны гэрэлд юмс тод сайхан харагдаж байсан. Бид нар жаргахыг харчихаад уулнаас бууж явах замдаа замын хажууд аялалын машинаа тавьчихаад амарч байгаа жуулчидтай тааралдаад зам дээр сарны гэрэлд тэд нартай хамт нутгийн дуу дуулж, нутгийн бүжиг бүжиглэсэн. Хажуугаар өнгөрч байсан машинууд биднийг солиорчихож гэж бодсон байхаа хэхэхэ. 

Day 7.
Нэмрутын орой дээр нар мандахыг хүлээж байгаа жуулчид 
Шөнө 3 цагаас Кахтагаас хөдлөөд 4-5 цагийн үед Нэмрутын орой дээр гарсан. Үүрээр уулын орой дээр их хүйтэн байдаг гэж тэндхийнхэн хэлсэн болохоор Улмаа бид хоёр нэг адьяал чирээд л уул өөд мацав гэж хэхэх. Биднийг орой дээр гарахад бас л нэлээд олон жуулчид цуглачихсан байв. Харин цаг агаар ердөөсөө хүйтэн байсангүй. Ер нь энэ нутгийнхан халуун газрын хүмүүс болохоор хүйтэн гэж юу байдгийг мэддэггүй бололтой.  Нар мандах агшин тэдний магтаад байсан шиг үнэхээр гайхалтай сайхан байв. Тээр дор өлмий дороос тань том улаан бөмбөлөг хөөрч эхэлнэ гээд бод лдо. Говийн нар шиг яг дэргэдээс мандахгүй ч өөрийн гэсэн үзэсгэлэнтэй агшин юмаа гэдэгт санал нэгдсэн шүү. Хэрэв Нэмрут руу зугаалах хүн байвал заавал нар мандахыг нь үзээрэй гэж зөвлөх байна даа.

Нэмрут уулын орой дээрх Коммагений хөшөөнүүд (зүүн терас)
Нэмрутын орой дээрх Коммагений хөшөөнүүд нь 3 терраст байрласан байдаг гэсэн. Зүүн террас дээрээс нар мандахыг хардаг, баруун террас дээрээс нар жаргахыг хардаг. Уулын орой байгалиасаа тогтоцтой биш, хүний гараар шороо авчраад овоолсон юм шиг сонин бүтэц, тогтоцтой юм билээ. Нар мандахыг харчихаад уулнаас буухад аль хэдийнээ халаад эхэлчихсэн байв. Нэмрутын тур дотор Арсемиагийн тур бас багтдаг. Арсемиа нь Коммагений эзэнт гүрний зуны нийслэл байсан газар юм байна.

Арсемиагаар аялаад үнэхээр үлгэрт гардаг ертөнц чинь жинхэнээсээ байсан юм байна гэдэгт итгэв. Миний амьдралдаа үзсэн, харсан, аялсан, зугаалсан хамгийн гайхалтай газруудын нэг байлаа. Сэтгэл аягүй их догдолж, мөч хором бүрийг, нүдний өмнө үзэгдэх дүрс бүрийг ухаан санаандаа xэзээ ч мартахгүйгээр хадгалж авах гэж хичээж байлаа. Одоо ч гэсэн нүдээ анихад тэр үлгэрийн юм шиг газар нүдний өмнө алган дээр тавьсан шиг л харагдаж байна.

Хуучин цайз болон хааны ордон, Кожахисар
Eski Kale буюу хуучин цайз гэх энэ газар нь үлгэрийн хаадын амьдардаг ордон байсан гэлтэй. Эсрэг уулынхаа орой дээрээс харахад тэртээ доор харагдах энэ цайз нь эгц хадан хясаан дээр яаж баригдсан нь гайхалтай. Одоо хүртэл нэлээд сайн хадгалагдаж ирсэн бөгөөд ордон, харуулын цамхаг, сүм гэсэн гурван хэсгээс бүрддэг байна. Цайзнаас эгц доошоогоо горхи руу бууж ирсэн чулуун шат байсан нь он цагийн шалгуурт элэгдэж хуучирсан бололтой зөвхөн хэсэгхэн газар л тогтож үлдсэн байна лэ.

Сэлчукийн гүүр, Арсемиа
Дээр зурган дээр Кахта горхины дээгүүр тавьсан Сэлчүкийн гүүр, тэрний цаад ард хадны орой дээр хуучин цайзын туурь, мөн сайн харвал горхи руу бууж ирсэн чулуун шатыг харж болохоор байна.
Арсемиа
Коммагений зуны нийслэл Арсемиагаас байгалийн сайхан бүрдсэн хөндийг хөлийнхөө дор харж болно. Энэ уулын орой дээрээс хөлийн доор харагдах энэ дүр зургийг харж зогсохдоо эртний хаадын цаг үед хэсэгхэн зуур ч гэсэн зочилсон мэт санагдсан шүү. 

Митрадис хаан Херкулэстэй гар барьж байна
Коммагений хаан Античусын аав Митрадисын Херкулэстэй гар барьж байгаа хөшөө байдаг ба тэдний хөл дор харагдаж байгаа шат нь уулын мухар руу 150-аад метр орж явсан гэсэн. Энэ хонгилийн үзүүрт чухам юу байдгийг бүү мэд, яагаад гэхээр тал хэрд нь чулуу нураад таглачихсан гэсэн. Улмаа бид 2 зориглоод xөтлөлцөөд хонгил руу уруудаж үзсэн боловч тас харанхуй тул гар чийдэн энэ тэр гэрэл гаргах юм байхгүй л бол цаашааагаа явна гэж бүтэхгүй юм билээ.
Роман гүүр
Арсемиагаар зугаалж дуусаад Кахта руу эргэх замд Роман гүүр үзсэн. Энэ нь МЭ 1-р зууны үед Ромын хаан Сэптимус  Сэвэрус эxнэр Жулиа Донмадаа зориулж босгосон гүүр юм. Гүүрийн дөрвөн өнцөгт нь өөрийгөө, эхнэрийгээ болон 2 xүүгээ бэлгэдээд 4 багана босгосон боловч том xүү нь хаан ширээг залгамжлахын төлөө дүүгээ хөнөөгөөд түүнд зориулсан баганыг нураачихсан юм гэнэ лээ. Түүнээс хойш энэ гүүр дөрөв биш гурван баганатай болсон ба бэлэг дурсгалын макетууд дээр ч гэсэн энэ гашуун түүхийг сануулаад гурван баганатай байдаг юм гэсэн. Энэ гүүрний цаана харагдах уулыг дундуур нь хоёр хуваагаад гол урсгачихсан юм шиг сонин хэлбэртэй юм билээ.

Каракуш толгой дээрээс орчныг харахад
Роман гүүрээс цаашаагаа яваад Каракуш толгойг үзсэнээр Нэмрут-Арсемиа тур өндөрлөж байгаа юм. Каракуш толгой нь Коммагений үед гэр бүлийн шарилын газар байсан гэдэг юм билээ. Орой дээр нь мөн Нэмрут шиг овоолсон шороотой, гурван талдаа өндөр багана босгосон байдаг. Эндээс орчны газар үнэхээрийн гоё харагддаг.

----
Үргэлжлэл бий шүү ккк