Thursday, November 15, 2012

Туркийг тойрон аялсан 15 хоног

Бидний аялалын маршрут
Газрын зураг үзэж сууж байгаад л автобусанд суугаад Туркийг нар зөв бүтэн тойрох аялалд гарах галзуу бодол төрдөг юм байна. Ер нь яагаад болохгүй гэж гээл над шиг адал явдал, аялалд дурлагч Улмаа найзтайгаа хоёулаа цүнхээ баглаад тэр оройдоо гарч өгсөн дөө. Бидний санаа бол Туркийн нэрд гарсан түүхэн газруудыг очиж үзэх байлаа. Гэрээс гарахдаа зурсан маршрутаар бол Анкара- Амасяа(Хаадын бунхан) - Трабзон (Узунгөл, Сумэла) - Ван (Ван нуур) - Мардин (Чулуун гэрүүд) - Урфа (Загастай нуур) - Адияаман (Нэмрyт) - Нэвшэхир (Кападокяа) - Анталяа (Аспендос) - Дэнизли (Памуккале) - Измир (Эфэс) - Чанаккале (Трува) - Стамбул гэсэн чиглэлээр нийт 14 хоног аялах байв. Зам зууртаа ганц нэг маршрут өөрчилж, зарим гоё газар илүү хоносоноос болж жоохон жоохон өөрчлөлтүүд гарсан. Ингээд 2012 оны 9 дүгээр сарын 24-ний билэгт сайн өдөр Стамбулаас хөдөлсөн аялал маань нийт 5120км урт зам туулж, 18 хот, 15 түүх соёлын дурсгалт газар, уул хад, далай тэнгисийг үзэн нийт 93 цагийг хот хоорондын замд автобусанд өнгөрүүлсний эцэст 2012 оны 10 дугаар сарын 8-ны билэгт сайн өдөр Стамбулд хүрэлцэн ирснээр өндөрлөсөн юм.
Адал явдалд дурлагч хүн бүрийн хүсэл бол цүнхээ үүрээд, автобусанд суугаад огт танихгүй шинэ газар очиж үзэх хүсэл байдаг байх гэж боддог. Бидний очихоор төлөвлөсөн ихэнхи хотуудад бидний таньдаг хүн байгаагүй. Эхний орой Стамбулаас автобусанд суугаад хөдлөхөд энэ 14 хоногийн аялалын турш ямаршуухан адал явдал хүлээж байгаа бол гэсэн хэмжээлшгүй догдлол байсан.
Day 1.
Эхний өдөр Туркийн нийслэл Анкара хот орлоо. Тэнд оюутан цагийнхаа сайн найзтай уулзахын тулд тусгайлан зорьж очсон минь энэ билээ. Анкарад Туркийн их удирдагч Ататуркийн бунхан "Аниткабир" гээд сүрлэг байгууламж бий боловч түүнийг үзэх зав энэ удаа тохиосонгүй. Тэгээд ч анх Анкарад сурч байхдаа тэнд очиж үзсэн болохоор "заавал үзэх" листэнд нээх дээгүүр ороогүй юм.
Day 2.
Амасья хот
Хоёрдох өдрийнхөө өглөө 09 цагаас Анкарагаас Амася хот руу хөдөллөө. 350км замыг 6 цаг яваад өдөр Амасяад ирсэн. Амасяа хөөрхөн жижигxэн авсаархан хот байв. Тэнд зорьж очсон хэрэг бол Сафранболу гэрүүдийг харах мөн Kral Kaya Mezarligi буюу Хаадын чулуун бунханг үзэx байв. Хаадын чулуун бунхан гээд хадан дунд нүxлэж хийсэн бунхангууд үнэхээр гайхалтай юм. Эдгээр нь МЭӨ 333 оноос 26 он xүртэл  Амася хотыг нийслэлээ болгож ашиглаж байсан Понтус хаант улсын үеийн түүхэн дурсгалууд юм. Над шиг хад чулуун асар том байгууламжуудад дуртай хүнд бол үнэхээр сонирхолтой газар байлаа. Орой болсон хойно голын эрэг дээр нь суугаад гэрлээр чимэглэсэн Хаадын чулуун бунханг харж суухад тэндээс явмааргүй л санагдаж байв. Голын эргээ дагаад барьсан Оттоманы үеийн гэрүүд бас сонирхол татах үзмэрийн нэг. Энэ модон гэр буюу байшингууд нь 19-р зууны сүүлийн хагасд баригдсан байдаг юм байна. Сафранболуд байдаг ийм гэрүүдийг үзэх хүсэл маань Амасяагийн гэрүүдийг үзсэнээр дарагдсан даа. Амасяагийн зан сайтай xүмүүс их таалагдсан. Ер нь тэгээд Туркийн хаана ч очсон xүмүүс нь зан сайтай даа. Амасяад хонолгүйгээр оройдоо Трабзоны автобусанд суув.
Day 3.
Трабзон хот. Хар далай.
Амасяагаас Трабзон хүртэлх 470км замыг 8 цаг яваад өглөө 05 цагт Трабзонд ирэв. Энд Улмаагийн найз Турк охиныд буух байсан тул түүнийг отогар (автобусны зогсоол-тээврийн товчоо) дээр хүлээж байгаад ирэхэд нь хамтдаа гэр рүү нь явсан. Тэдний гэр үнэн тансаг, 11 давхар байшингийн хамгийн дээд давхарын дублекс гэр дээрээс нь Хар далай зүгээр л балконоос нь нүдний өмнө дэлгэсэн шиг харагдана. Миний Туркэд байхдаа хамгийн их үзэхийг мөрөөддөг байсан газар Хар далай тул хүсэн хүлээсэн далайгаа хараад хэдэн цагаар хамаагүй суучихмаар л байв. Даанч бид 2 цөөхөн хоногт их юм үзэx давчуу програмтай явж байсан тул өглөөний цай ууж аваад нөгөө алдарт Uzungol (Узунгөл) гэдэг газар руу нь явж өгөв.
Узунгөл, Трабзон
Узунгөл гээд иxэвчлэн карт постал дээр зураг нь байдаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Хар далай угаасаа нов ногооноороо алдартай болохоор тэр хүртэл явсан 98км замын турш эргэн тойрны толгой эргэм өндөр уулс, уулсын орой дээр барьсан байшингууд, уулыг ороож тавьсан зам зэргийг сонирхон харж явсаар Узунгөлд хүрэв. Трабзоноос Узунгөл руу автобусны компаниуд нэг өдрийн аялал хийж үйлчилдэг юм билээ. Хоёр талдаа билет нь 25 лир буюу 20мянга орчим төгрөг болдог юм билээ. Нээрээ сониноос Хар далайн залуучууд үнэн царайлаг юм билээ. Би болохоор Тэмэл, Дурсунтай онигоон дээрээс хар далайн xүмүүсийг нээх том хамартай царай муутай xүмүүс байдаг байх гэж боддог байсан чинь гудманд алхаж буй иxэнхи залуучууд нь Стамбулын гудманд тааралддаг залуучуудаас царайлаг байсан. Улмаа бид хоёр сэтгэл алдарч, жоохон  шимтэн харсан лда гэхгүй юу ккк.  Трабзоны төв гудамжууд бол Стамбулын гудамжаас ялгаагүй хүн ихтэй бас их хөгжсөн, дэлгүүр хоршоо иxтэй юм билээ. Өөрийгөө Стамбулд Таксимд явж байна уу гэж андуурхаар. Нэг сонин нь хот дотроо уул овоо, хотгор гүдгэр ихтэй. Hiking хийсээр байтал таарч байгаам чинь кк. Орой нь биднийг зочилсон Меликэ гээд Турк охин ёстой гараа гаргаж хар далайн загасаар дайлсан даа. Би лав амьдралдаа идэж үзээгүй хамгийн олон загасыг тэднийд идсэн.
Day 4.
Сумела Манастир, Трабзон
Өглөө дублекс тансаг байрныхаа задгай балкон дээр хар далай харан сууж жинхэнэ Турк өглөөний цай уучихаад дараагийн аялалдаа оров. Төлөвлөсөн ёсоор үдээс өмнө Сумела Манастир үзчихээд үдээс хойш Мардин хот руу явахаар билет авсан байв. Сумела манастир Трабзоноос 48км зайд байрлах ба мөн Метро, Улудаг, Камил Коч зэрэг автобусны компаниуд өдрийн аялал хийдэг юм байна. Энэ нь мөн хоёр талдаа 25 лир буюу 20мянган төгрөг. 
Сумела манастир нь Мэла уулын эгц хадан хавцалын 1200м өндөрт МЭ 386 онд Гэгээн Мариад зориулагдаж бүтээгдсэн сүм юм байна. Яаж тэр өндөр уулан дээр бас яаж тийм аймаар хадан хавцал дээр барьж босгосон байнаа гэж бахдмаар сайхан газар байна билээ. Яг дотор нь орвол сүмээс гадна хуучин жижиг хот байжээ. Бодвол санваартнууд амьдрахад зориулсан байх. Дотор байгаа бүх юм нь мини мини болохоор хүүхдийн тоглоомон байшин дотор явж байгаа ч юм шиг сонин санагдаж байсан. Энэ газар нэг хүслийн худаг байсан... би зоос хаяж нэг хүсэл шивнэсэн. Тэр хүсэл маань биелсэн шүү ккк.
Дээд талын зурган дээр холоос авсан Сумелагийн зураг байна, сайн харвал ямар гайхалтай байрлал дээр байгааг нь олж харна шүү кк. Харин энэ доор МиниаТуркэд авсан ойрын зургийг нь үзүүллээ. Гайхалтай өвөрмөц байгаа биз?
Сумела манастирийн МиниаТуркэд байдаг макет
Сумелагаас буцаж ирээд отогар дээр хүлээж байгаад автобусанд суугаад дараагийн хот руу хөдлөв. Трабзон маш их таалагдаж, сэтгэл ихэд хоргодсон (гэхдээ тэр царайлаг залууст нь хоргодсон юм биш шүү ккк). Трабзонд нээрээ сонирхолтой нь тэр хотынхоноос хөл бөмбөгийн ямар баг дэмждэг вэ гэж асууж болохгүй гэсэн кк. Яагаад гэхээр бүгдээрээ Трабзонспор гээд Туркийн 4 дэх том багийг дэмждэг болохоор хэрэв тэгж асуух юм бол доромжилсон гэж үзээд буудчихаж магадгүй гэсэн шүү кк. Трабзонспороороо дэндүү өвчилсөн байдаг юм байна лээ. Xүрэн алаг өнгийн формтай байдаг байхгүй юу тэр баг нь тэгсэн чинь бүр үйлдвэрийнхээ байшинг тэр өнгөөр алаглуулаад будчихсан байвал яахуу.
Трабзоноос Мардин орох зам хамгийн урт буюу 750км, 13 цагийн аялал байсан. Уг нь бид хоёр Трабзоноос Ван орох бодолтой байсан ч Вангаас Мардин орох зам яг терористуудтай хэсгээр дамжиж явах гээд тэгээд ядаж байхад Сирд гарсан мөргөлдөөн хурцадмал, Туркийн зүүн хэсгийн зарим нэг хотуудад терорист xалдлага энэ тэр гарсан сураг дуулдаад байсан тул хичнээн зоригтой аялагчид байлаа ч гэсэн өөрсдийн азыг тэгж хүчлэхгүй байхаар шийдээд Ван оролгүйгээр шууд Мардин явсан юм. Трабзоноос гарсан дараа өндөр өндөр уулсыг ороож их удаан явсан. Зигана даваа буюу Туркийн хамгийн өндөр даваануудын нэгээр давахад бас л сүрдэж байсан шүү. Говийн бор толгодоосоо илүү гарч үзээгүй над шиг хүнд тэр бол тэнгэрт дүүлсэн дайтай өндөрт гарсан мэт санагдаж байв. Гэхдээ Туркэд нэг авахаар юм нь зам харилцаа маш сайн хөгжсөн тул ямар ч өндөр уулыг ороогоод хар зам тавьсан байх юм билээ. Энэ зун гэрийхэнтэйгээ Хөвсгөл аялаж явахдаа давсан Ороохын даваа болон Хамрын даваа энэ тэр чинь зүгээр л "ус үзээгүй түрийгээ шууна" гээч нь болсон юм бишүү ккк.

Трабзоноос Мардин ортол 750км замыг шугам татсан шиг шулуун явчихдаггүй юм байна. Гүмүшханэ, Баябурт, Бингөл, Эрзурум, Дияарбакир хотуудаар дайрсан. Бингөлээр дайрч гарах үед яг үнэндээ би айж л байсан. Шөнө байсанг ч хэлэхүү, ядаж байхад урд суусан хүмүүс тэнд гардаг терорист халдлагуудын талаар яриад намайг бүр айлгаад хаячихсан. Би Туркэд сурч байхдаа Анкара, Стамбулд сурч байсан бас аялсан газрууд нь дандаа баруун эргийн газрууд байсан болохоор Туркийн зүүн, зүүн урд зүгийн нутгууд миний хувьд нууцлаг битүүлэг хэвээрээ үлдсэн хэрэг. Хамт аялсан найз маань Эрзурум буюу бас нэлээд зүүн зүгийн хотод сурдаг болохоор тэр нутгийн талаар мэдлэгтэй байсан ба өдөр тутмын амьдралд юу ч байхгүй тайван гэж намайг итгүүлж байв. Хүн ер нь мэдддэггүй зүйлээсээ л айдаг гэдэг үнэн шүү. Доу буюу зүүн зүгийн талаар Туркэд бүгд л айдастай ханддаг. Мэдэхгүй хүнд бол хүмүүс нь буу бариад хэзээ мөдгүй буудахад бэлэн явж байдаг юм шиг боддог юм шиг байгаан. Гэтэл яг дунд нь ороод үзэхэд огт тийм биш юм билээ шүү. Монголын тал нутгийнхан шиг тэр нутгийн улсууд бас зочломтгой энгийн улсууд санагдсан. Бид 2-г огт танихгүй хүмүүс гэртээ хонуулаад, хооллоод ундлаад явуулж байсан.
Day 5.
Шинэ Мардин хот
Мардинд их адал явдалтай байсан л да. Бас бидний аялалын хамгийн хэцүү нь байсан. Автобус шөнө дунд 4 цагийн үед Мардинд ирээд бид 2-г гудманд зам дээр буулгав. Бид нар өмнөх хотуудад байсан шиг отогар дээр нь бууя гэтэл энэ отогар гэдэг байгаа. Үнэндээ юу ч байхгүй хоосон газар.. Аа тийм зүүн зүгээр аялаж явахдаа хамгийн анхаарах зүйлсийн нэг бол өмссөн хувцас хунартаа анхаарах хэрэгтэй. Нэлээд хаалттай орчин болохоор ил задгай xувцас өмсөх юм бол хүний анхаарал татаж өөрсөддөө төвөг удах болно. Гэтэл би отогар дээр хувцасаа солино гэж бодоод Трабзоноос шорттойгоо автобусанд суучихсан чинь шөнө зам дээр буулгаад хаячихдаг гэж байгаа юм. Эргэн тойрон онгорхой газар нэг ч үгүй, яахаа мэдэхгүй гайхаж зогстол толгой дээрээ симит тавьсан нэг банди хажуугаар яваад өнгөрөхөөр нь дагаад явтал симит сарая буюу цайны газар очлоо. Тэр хүүхдээс энд өглөө болтол сууж болохуу гээд цай ууж гэгээ ортол тэнд суусан.  Хоёр эгч амьхандаа тэр хүүхдийг 13-14 насны банди байсан болохоор нь элэг бариад тэгж байгаа хэрэг, бусдаар бол том залуу байсан бол юу гэж тэгж зоригтойгоор дагаж явах вэ дээ кк.  Тэгээд үүр цайгаад гэгээ оронгуут тэндээс гараад хажууд байсан Петрол ШТС-ын 00 орж нүүр гараа угааж, хувцасаа сольсон гээд бод доо :-))

Мардиний чулуун гэрүүдийн МиниаТуркэд байдаг макет
Мардин орох гол зорилго нь энэ дээр үзүүлсэн Ташэвлэр буюу чулуун гэрүүдийг үзэх байсан юм. Гэтэл бүтэлгүйтэл дээрээ азгүйтэл гэдэг шиг яг тэр үед чулуун гудамжаа янзалж байгаа гээд бүх замаа хаагаад бөөн шороо тоос босгоод хаясан байв. Хар өглөөгүүр хэн ч байхгүй Мардиний гудмаар алхаж явахдаа юм эсийг бодож явлаа гэж... Төв гудамжнаасаа гараад нарийн гудамж руу орох юм бол ёстой жинхэнэ эртний чулуун гудамж, чулуун гэрүүд байдаг юм билээ. Тэнд алхаж явахад өөрсдийгөө Туркэд биш огт өөр улсад эсвэл огт өөр цаг үед байгаам шиг мэдэрч байлаа. Аймаар нялуун халуун байсан тул жоохон алхах гэхээр нозоороод ядраад хэцүү байсан. Урьд шөнийг автобусанд тухгүй унтаж өнгөрүүлсэн нь бас нөлөөлсөн байх. Тэнд хамгийн сонирхолтой санагдсан зүйлийн нэг тал руу харах байлаа. Тал руу харахад яг далай шиг харагдаж байсан. Хэтэрхий халуунаасаа манантаад тэгж харагддаг байx. Мардинийг хуучин хот, шинэ хот гээд хоёр хуваадаг юм билээ. Хуучин хотод нь нөгөө чулуун гэрүүдээс бүрдсэн хот. Шинэ хот нь арай модерн, өндөр барилгатай хот хөгжиж буй. Мардиний чулуун гэрүүдийн макетийг МиниаТуркэд харчихаад ийшээ явж үзэх юмсан гэдэг хүслээс энэхүү Туркийг тойрох аялал төрөн гарсан гэвэл хилсдэхгүй.

Нойрмог, нозоорсон хоёр эгч алхаж алхаж байгаад шөнө буусан газраа эргэж ирээд тэндээс автобусны билет аваад бушуухан түүс дараагийн хот руу явахаа л бодлоо. Өө тийм нээрээ бас нэг хаарамсалтай юм нь Мардинд авсан бүх зураг апаратан дээрээс устчихсан. Азгүй дээрээ бүр азгүй юм болсон лдо. Гэхдээ яахав хамаг барцад түүгээр гарсан байна лэ.
Шанлиурфа хотын Balikligol буюу Загастай нуур
Дараагийн хот болох Шанлиурфа руу 200км, 4 цаг явсан. Хамгийн инээдтэй нь замд цагдаагийн эргүүлийнхэн автобус зогсоож, буутай цагдаа нар зорчигчдын бичиг баримт шалгаад, би бас үнхэлцэг хагарах гэж байсан хэхэхэх. Иймэрхүү шалгалтууд бол тэр зүгт аялаж явахад жирийн үзэгдэл юм байна лда. Гэтэл би юун буу барьсан амьд цэрэг харах байтугай тоглоомон буу харах дургүй хүн чинь айх нь аргагүй лдэ гэж өөрийгөө зөвтгөсөн хихихи.  Урфад бид нар нэг хувийн оюутны байранд буусан. Улмаа найз маань саголсун, бүх байрлах газруудыг ярьж зохицуулсан шүү. Ингэхэд бид хоёр янзын зохион байгуулалттай аялсан шүү кк. Байр сууц, хоолны асуудлыг Улмаа зохицуулна, би замын асуудал буюу маршрут, автобус, музэй, хөтөч гэх мэт ажлаа хариуцсан. Хоёулаа адилхан хүсэл сонирхолтой, нэг нэгнийгээ мэддэг, ойлгодог болохоор хамт аялахад үнэхээр гоё байсан. Нэг бол дэвэн дэлхийн юм хамж яриад, дуу дуулаад явна эсвэл хоёр тийшээ хараад тус тусдаа номоо уншаад сууна. Ер нь аялалыг хөгжилтэй, сонирхолтой болдог нэг зүйл чинь хамтран аялагч чинь байдгийм шд.
Урфа нэлээд том бөгөөд хөгжиж байгаа хот байна лэ. Мардин шиг л тамын халуун газар байсан. Азаар бид нар нар хэвийсэн хойно очсон ба гадуур гарахдаа нар шингэсэн хойно гарсан. Орой болсон хэр нь оройн сэрүүн гэдэг ойлголт байхгүй байсан гээл бод лдо. Бидний буусан байрны нэг Турк охин бид хоёрыг дагуулж явж Загастай нуур үзүүлсэн. Баликлигөл гэх энэ газар ариун нуур ба түүн доторх загасаараа алдартай гэнэ, эндээс загас барих хориотой ба хамгаалалттай байдаг юм байна. Ер нь бол дэлхийн хамгийн жаргасан загаснууд энд байдаг гэж ойлгож болно кккк.
Асли (дагуулж явсан Турк охины нэр) бид хоёрт загастай нуур үзүүлээд, агуй доторх мөргөлийн газар бас үзүүлээд дараа нь хамтдаа Урфа цайз руу гарсан. Энэ нь Урфа хотыг харсан нэлээн өндөр цайз юм билээ. Уг нь өдөр байсан бол алсын бараа харагдах байх гэж бодсон боловч Мардинд байсан шиг халуунаас болоод эргэн тойрны газар манантаж, ууршаад харагдахгүй байх байсан буй заа гэдэг дээр санал нэгдээд энэ цайз руу шөнө гарч үзсэндээ нээх харамсаагүй. Харин энэ цайзны дээгүүр байрлах кофены газар нутгийн гэх нэг сонин кофе ууж үзлээ. Мирра гэх энэ кофе нь халуун ногоотой юм шиг амттай юм. Тэгээд нэг жүнз шиг бичкэн аяганы ёроолд дусал кофе хийчээд тэрийгээ амсч үз гээд байгаам шүү :-Р
Урфа нээрээ Туркийн хамгийн халуун газар гэсэн. Өдөртөө 36-52 градус гээд бод лдо. Угаасаа бид хоёр тэнд орой очоод өглөө эрт хөдлөх хооронд л халууцаад амжсан шүү дээ. Өдрийн ид халуунд очихийг бодох ч хэрэггүй санагдсан. Ингэхэд бид хоёрт тусласан Асли гээд охин бидэнд зориулж шүлэг бичиж өгсөн. "Яс, үндэс, угсаа, шашин шүтлэг харгалзахгүйгээр нэг хоол хуваалцаж, нэг инээд xуваалцаж байхад хүмүүс хоорондоо ямар амархан дотносож найзалж чадна вэ..." гэсэн утгатай шүлэг байсан. Их таалагдсан.
За ингээд тэмдэглэлээ энэ зуур түр завсарлая. Бичсэн миний гар чилж, уншсан таны нүд чилсэн буй заа. Удахгүй эргэж ирж үргэлжлэлийг уншаарай ;-)

Saturday, October 27, 2012

Миний мэдэх Турк орон

Босфорусын хоолой болон Ази, Европ тивүүдийг холбосон гүүр
Би уг нь энэ жил ийш тийшээ явах төлөвлөгөөгүй байсан ч, зун Туркэд байгаа найз маань намайг явахаас өмнө нэг ирэхгүй юмуу хамтдаа зугаалъя энэ тэр гэж хүн уруу татаад.. Тэгээд 9 сард явахаар төлөвлөж мөнгөө хадгалж эхэлсэн дээ. Ээлжийн амралт, ростерийн амралт хоёроо нийлүүлж авсан болохоор 4 долоо хоногийн амралт болсон. Турк руу Монголчууд 4 долоо хоног визгүй зорчиж болохоос гадна 7 сараас хойш Туркиш Айрлайнэс шууд нислэгтэй болсон нь Турк руу яваад ирэх аялалыг маш хялбар болгож байгаа юм.
2007 онд сургуулиа төгсөөд тэндээс явсанаас хойш 2008 онд нэг удаа 2 долоо хоногоор очиж байсан байх тэрнээс хойш 4 жил болжээ. УБ-аас 11 цагийн үед хөөрдөг онгоц 4,5 цаг нисээд Киргизстаны Бишкек Манас онгоцны буудалд бууж 30 мин хэртэй хүлээгээд цааш нисдэг юм байна. Бишкек-ээс Стамбул хүртэл 5 цагийн нислэг. ТНУ үйлчилгээ муутай санагдсан, надад нээх таалагдаагүй. Үйлчлэгч нар нь хов жив яриад сууж байдаг юм билээ. Стамбулд орой 5 цагийн үед буусан. Ататурк онгоцны буудал Стамбулын Европ эргийн Бакиркоя дүүрэгт оршдог. Тэндээс найзуудтайгаа уулзаад Стамбулын Ази эргийн Пэндик дүүрэг рүү явсан юм. Эхлээд метрогоор Бахчэлиэвлэр хүртэл яваад, тэндээс Метробусд суугаад Топкапи дээр буугаад, тэндээс автобусд суугаад гүүр гарч Кадикояд буугаад, тэндээсээ дахиж автобусд сууж явсаар Пэндикт ирсэн. Пэндик гэдэг газар нь Стамбулын бараг хамгийн захын дүүрэг юм шиг байна лээ. Олон цаг онгоцоор нисээр ядарсан байсныг ч хэлэх үү, бас 3-4 цаг автобусаар яваад нэлээн ядарсан нөхдүүд 10 цагийн үед гэртээ ирцгээсэн.
Мармарын далай дээр хөлөг онгоцнууд аялалд гарахад бэлэн зогсоно
Пэндикт байрласан айл маань их тохилог, том гэртэй, хувийн байшингийн хамгийн дээд давхар болохоор маш том балконтой, балкон дээрээс Мармарын далай нүдний өмнө цэлийж харагддаг тансаг айл байлаа. Өглөө босоод балкон дээр сууж, далай хараад өглөөний цай уух нь яг л Стамбулд байгааг мэдрүүлсэн сайхан мөчүүд байсан.
Намайг явсан 5 жилийн хугацаанд Туркэд/Стамбулд юу өөрчлөгдөж вэ гэж их анхаарч харж байлаа л да. Нийтийн тээвэр, зам харилцаа үнэхээр сайн хөгжсөн нь яах аргагүй нүдэнд тусч байна билээ. Намайг анх Стамбулд очиж байхад манай сургууль Авжилар гээд хотын захын дүүрэгт, сургуульдаа явах гэж талдаа 2 цаг автобусанд унтдаг байснаа санаж байна. Гэтэл одоо Авжилар руу метробус гэдэг унаагаар ердөө 30мин яваад очдог болжээ. Бас хотын өнцөг булан бүрт метро юмуу метробус хүрчээ. Метробус гэдэг нь метро шиг тусгай замаар, гэхдээ газар дээгүүр явдаг, урт автобус юм даа. Нийтийн тээврийн хувьд хямд, үр дүнтэй шийдэл шиг санагдсан. Стамбулын Ази, Европ эргийг холбох Мармарая буюу усан доогуурх тунелийн ажил 2 жилийн өмнө эхэлсэн байсан боловч газар шорооны ажлын үед газар доор дарагдсан хот олдсон тул археологийн авран хамгаалах ажил хийх гээд тунелийн ажлаа зогсоосон байгаа гэсэн. Сониноос тэр газар доор илрүүлсэн хотыг судлаад ил гаргаад ирэх юм бол асар том түүхийн үнэт зүйл болно гэж найдаж байгаам билээ. Стамбулд үзэх юм нэгээр нэмэгдэх нь дээ кк.

Немрут уулын орчимд, Адияаман хот
 Намайг сургуулиа төгсөж байх тэр жилүүдэд АКP буюу Туркийн шашны үзэлт нам нь төрийн эрхэнд гарч эхэлж байсан юм. 5 жилийн дараа үзэхэд бас нэлээд юм хийжээ. Монголд төр гараад 5 жил болоход Турк шиг юм хийдэг бол ч.... Монголд хамгийн том асуудал болдог зам болон дэд бүтцийг тэд их анхаарчээ. 14 хоног Туркийг тойрон аялал хийж явахад хаа байсан хөдөө бөглүүд нутагт хүртэл зам тавих ажил хийгдэж л байх юм. Хаа байсан өндөр уулын оройгоор ч зам баригдаж л байх юм. Монголд  зам баригдчихвал л улс хөгжчих юм шиг санадага болоод ч тэр үү Туркэд энэ их зам барьснаар улс нь хөгжиж байна уу гэж асуумаар санагдав. Хүмүүс янз бүрийн бодолтой л байдаг юм байна. Туркийн бөглүүд газар буюу хөдөө гэдэгт нь зүүн зүгийн газар нутаг нь ордог юм. Баруун зүгийнхэн буюу хотынхон нь хөдөө зам тавигдаж байгааг сайшааж хүлээж авдаггүй бололтой юм. Бидний мөнгөөр хөдөөнийхөнд зам тавьж өглөө гэх мэтээр. Дээрээс нь хэтэрхий их төсөв зарцуулснаас болоод
худалдааны тэнцэл нь хасах гарсан юм байна... Тэгээд одоо сангийн яам, сайд нь энэ онгорхойгоо яаж нөхөх вэ гээд стратеги боловсруулж байгаа юм байх.
Нээрээ нэг тун сайшаалтай хэрэг бол тамхины хууль гарсан байна. Дотор тамхи татахыг хориглодог болсон нь ёстой хамгийн сайн зүйлийн нэг болжээ. Бусдаар Туркууд аймаар их тамхи татдаг болохоор хаа явсан газар хордож уначих гээд хэцүү байдаг байсан юм. Сонирхуулахад дөнгөж сая Монголд бас тамхины хууль гараад дотор тамхи татахыг хориглосон. Ёстой гялай, гялай.
Харин нэг онцгүй зүйл бол юмны үнэ их өссөн байна. Хоолны үнэ уг нь гайгүй байдаг байсан гэтэл одоо бол жирийн хоолны газар л Монголд овоо гайгүй газар хооллосон дайны төлбөр гарч байна. Хүнс, автобусны билет, хувцас хунар, бэлэг дурсгал гээд ерөнхийдөө бүх юмны үнэ өсчээ. Хэрэв оюутан хэвээрээ байсан бол амьдрахад жоохон зардалтай, бэрх байх байжээ гэж бодож байлаа. Гэхдээ манай найзуудын хэлсэнээр стипенд нэмэгдсэн гэсэн тул бас ч гайгүй байж магадгүй л дэ. Сарын стипенд 500-600мянга орчим болж байгаам болуу гэж ойлгосон. 
Сая найзтайгаа Туркийг тойрох аялал хийж, нар зөв бүтэн тойрчихоод ирлээ. Аялалын туршид Туркийн хаа ч очсон тусч, сайхан сэтгэлтэй хүмүүс тааралдсаар байсан. Огт танилцаагүй хүмүүс сайхан хүлээж аваад гэртээ хонуулаад, дайлаад цайлаад явуулж байсан. 15 хоногийн аялалын туршид ямар ч л байсан буудалд мөнгө огт үрээгүй. Туркууд энэ тусч, зочломтгой байдлаараа Монголын нүүдэлчидтэй тун төстэй. Зочноо хүндлээд юу байгаагаараа дайлж цайлаад явуулдаг Монгол заншил одоо ч хөдөө малчдын гэрт ажиглагддаг шүү дээ. Тэхээр зан заншилаар хоёр орон хоорондоо ижил төстэй л байгаа юм. Түүнээс гадна шашныхаа сургаалиар ч тэр юмуу Туркууд ядарсан хүмүүс, оюутнууд, аян замын хүмүүст их тусалдаг. "Sevap" буюу буян болно гэж үздэг юм. За бас дээрээс нь онигор нүдтэнүүд буюу Азиудад их дуртай, даан ялангуяа Монголоос гээд хоёр залуу бүсгүй аялж явахад бүүр ч сайхан хандаж байгаа юм л да хэхэх. Товчхондоо бол Туркийн ард олны тус дэмээр сайхан аялаад ирлээ л гэх гээд байна л да хэхэхэ. Аялалынхаа тухай блогдоо заавал бичнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн жил Тайланд, Камбож явж ирээд бичих завдал болохгүй явсаар байгаад цаг хугацаа өнгөрөөд сүүлдээ явсан сонингоо ч мартаж эхэлсэн дээ. Энэ удаа цуврал маягаар бичихгүй бол ярьж барамгүй их адал явдал, үзүүлж барамгүй их зураг цуглуулсан даа :))

Monday, August 20, 2012

Говийн ганц гэр ба жаргалтай Хангайнхан

Галбын говийн хайлааст гол
Би бол төрсөн өссөн говийн хүүхэд л дээ. Үүнийгээ хаана ч л хэнээс ч л зоволгүй хэлнэ дээ харин нэг.  Анх хотод сурахаар орж ирж байхад ангийнхан хаанаас ирсэн тухай асуухад нь Өмнөговиос ирсэн гэхээр бараг шоолоод инээдэг байсан. Танай аймагт чинь онгоцноос буухад бөөн элсэн дунд буудаг гэсэн үнэн үү гээд л... Анхандаа эмзэглэж уйлмаар санагддаг байсан ч сүүлдээ дасаад тоохоо больсон юм даг. Хотынхон болон хангайнханы говийн тухай хэлдэг нэг дооглол бол "Говьд хүүхэн болж төрсөнөөс хангайд бух болж төрөх нь дээр" гэнэ. Говийн хүүхнүүд л зовчихсон, хангайн бух хүртэл жаргачихсан байдаг юм байхаа.
Арваад жилийн өмнө ингэж л хүлээж авдаг байсан бол одоо говийнх гэвэл ямар азтай юм бэ гэж хэлнэ биз. Юм гэдэг амархан өөрчлөгдөх юм даа. Би говьд төрсөндөө хэзээ ч харамсаж байгаагүй. Харин ч хорвоод дахиад хүн болж төрвөл дахиад л говьдоо төрөхийг хүсэх хүртэлээ тийм л хайртай хүн. Говь нутаг хатуу ширүүн юм шиг хэрнээ, элэгтэй зөөлхөн байдаг юм. Хэн ч зориод ирсэн өлгийдөж аваад, заяа буянаа хайрладаг нутаг даа. Говийг би хамгийн сайхан газар гэж боддог байлаа. Хараад хараад хязгаарт нь хараа үл хүрэх нүд чилээх шаргал тал, алсад мяралзан харагдах зэрэглээ, хуурай голын сайр даган ургасан эрхэмсэг хайлаас модод, намхан бор толгод гээд л би бахдаж бардаггүй юм. Тэгээд л хаа ч явсан говио магтаал, нөгөө хэлц үгээ хэлсэн хүмүүстэй муудалцаад явж байдагсан. Сүүлийн үед харин Оюу Толгой, Таван Толгойгоос хойш надтай хүмүүс маргах нь үгүй болсон шүү.
За тэгээд энэ удаа би Монголынхоо сайхан хангай, говийн тухай өөрийнхөө үзэмжээр харьцуулан хэлж өгье.
 
Архангайн зам
Урд нь би Өмнөговь Улаанбаатар хоёрын хооронд унаагаар явж байснаас биш зорьж хангайгаар аялж байсан удаагүй билээ. Энэ зуны амралтаараа хангай нутгаар аялан Хөвсгөл далайг зориод ирсэн юм. Урьд өмнө явж үзээгүй газраа газрын зураг бариад хүнээр зам заалгаад явах бас тийм амаргүй юм билээ. Гэхдээ Хангай энэ тал дээр бас ч гайгүй. Хүн амьтан, хөл хөдөлгөөн хаана ч байнга тааралдах юм билээ. Зөрөөд өнгөрөх машин тэрэг, хөдөөгийн айл гэр гэх мэт...за даа бараг төөрнө гэж худлаа даа. Нэг сайхан юм нь зам нь нэг замаараа явна уу гэхээс олон тийш салаад алга болохгүй юм. Бас шонгийн мод дагаад явахад бол заавал нэг суурин бараадаж л таарна гэсэн бодолтой явахад тэгээл болоо.

Говийн зам
Манай говьд харин тэс эсрэгээрээ шүү. Нүдэнд торох юм юу ч байхгүй, цэлийсэн шаргал тал, нэг нэгэнтэйгээ ижилхэн намхан бор уулс, хааяадаа нэг тааралдах бөртийсэн ганц гэр, хэдэн ботго зэлэн дээрээ эргэлдэж, хүнтэй хүнгүй ч мэдэгдэхгүй эл хуль...
Говийн ганц гэр
Яагаад "говийн ганц гэр" гээд яриад байдгийг ойлгосоон. Яагаад гэвэл "ганц гэр" гэдэг ойлголт чинь зөвхөн говьд л байдаг юм байна. Хангайд айлууд дандаа хотлоороо буудаг юм билээ. Дор хаяж л гурван гэр буусан байх тэгээд цаашлаад дөрвөөрөө таваараа хотлон буужээ. "Хот айл" гэдэг ойлголт чинь тэнд л байдаг юм байна. Говийнхон ганц гэрээр оторлон амьдрах нь магадгүй бэлчээр, ус ногоотой нь холбоотой биз дээ.
Хангайн хот айл
Хангайн айлуудыг харж явахдаа хангай гэдэг чинь "жаргацан" газар байдаг юм байна гэж бодож явлаа. Нэг зунжаа дээр хотлоороо буугаад, тав алхаад үүдэнд гол горхи урсаж, нов ногоон бэлчээртэй... ёстой л тэгээд айраг ууж, айлын охин эргүүлж явах жаргал тэнд байдаг юм байна. Говийнхон маань зунжингаа л усны элбэг, ногооны сайхныг хөөж оторлон нүүдэллээд, халуунд халж борооны мөрөөсөл болоод...за хэцүүдээ хэцүү, хангайн жаргацан гаруудад бол төсөөлөгдөх ч үгүй бизээ.
Хангайн өвөлжөөнүүд надад их таалагдсан. Уулынхаа бэлд нэлээд өндөрлөгт байрлах юм. Харваас хэлтгий шүү бас.. гэрээсээ гараад малынхаа хороо руу эсвэл бие засах гээд хэд алхахдаа уулынхаа уруу өнхөрчихдөггүй юм байхдаа гэж бодож амжив.
Говийн нуур
Бороо ихтэй зун хотгор газруудад иймэрхүү тойром тогтох бөгөөд айлууд олноороо ирж энэ усаа бараадаж буудаг. Энэ бол говийнхондоо л жаргалын орон болой. Намайг хүүхэд байхад нэг удаа яг л ийм зун болж, их бороотой, нууртай, ногоотой байсан юм даг. Нуураа тойроод олон айл буучихсан, өдөрт нь мал услах гэж гар худаг сахих ажилгүй болохоор их л завтай зун байсан. Хүүхэд залуучууд нь нэг гэрийнхээ гадаа цуглаад хөгшдөөр үлгэр хууч яриулах, эсвэл хөзөр даалуу тоглож өдрийг өнгөрөөдөг байсан. Нутгийн залуус морь унан хөлхөлдөж, айлын охидыг татаж чангаадаг л байсан байх хэхэ.
Өгийн нуур
Энэ бол харин та бүгдийн сайн мэдэх Өгийн нуур байна. Би хангайн нууруудын жишээ болгож Өгийн нуурыг авлаа. Эргэн тойронд нь айл амьтан, амралт сувилалын газар, аялагчид майханчид гээд хөл хөдөлгөөнтэй газар байна билээ. Загас ихтэй нуур тул загасчны бизнес хүртэл байсан.
Уул үүл нь нийлэн харагдах...
Уул үүл нь нийлэн харагдах умрын цэнхэр хангай минээ гээд нэг сайхан дуу байдаг билүү? Уулын оройгоор үүл хүүшлэнэ гэж ярьдаг даа. Би яг үнэндээ тэр юу болохыг мэддэггүй байсан юм. Хангайд явж байхдаа л уулын оройгоор үүл яаж хүүшлэдэгийг олж харсан. Энгийнээр тайлбарлавал үүл уулын оройноос аргамжаатай юм шиг тэндээ тээглээд байгаад байхыг хэлдэг юм билээ шд хэхэхэ.
Зэрэглээн дундаа мяралзах...

Говийн тэнгэр бүртийх ч үүлгүй тув тунгалаг, цэв цэнхэр байдаг юм. Нар яг дээрээс унаад ирэх гэж байгаа юм шиг л шарахыг яана гээ. Зэрэглээн дудн мяралзан харагдаж байгаа говийн ганц гэр харагдаж байна. Гаднаа хэдэн ботго уясан бололтой юм. Эхийгээ харуулдан буйлалдаж байгаа даа..
Рашаант сум
Хангайн сумынтөвүүд нэг иймэрхүү, бөөн модон байшинтай. Тэв тэгшхэн хар модон хашаатай... Манай говьд хашаа хийдэг банзыг энд тоож хардаггүй, түлээний мод болгодог гэсэн. Сумын төв нь өнгөлөг хөөрхөн санагдсан.
Ханбогд сум
Сүүлийн зураг болвоос Ханбогд сумын төвийн 2009 оны зураг байна. Гурван жилийн дараа одоо энэ сум танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Хүн ам ч өсөөд, хашаа байшин, дэлгүүр худалдаа ихээр нэмэгдсэн. Хамгийн өндөр 4 давхар байшин хүртэл баригдсан гээд бод доо. За ер нь Ханбогд сумын амьдрал хөгжлийн тухай дараа жичдээ бичмээр юм байна.
Сүүлийн хоёр зураг өнгө үзэмж, байгалийн төрх байдлаараа ямар их ялгаатай байна вэ.. Аргагүй л Хангай, Говь хосолсон сайхан Монгол орон минь юмаа :).


Стамбулын үлгэр by Nomio

Та бүгдэд Турк улсын Стамбул хотын тухай нэг үлгэр яръж өгье. Энэ үлгэрийг би 2006 онд зохиож блог дээрээ тавьж байсан юм. Жоохон найруулаад энд орууллаа, болгооно уу :)

-----
Эрт урьд цагт сүн далайг шалбааг байхад сүмбэр уулыг дов байхад Стамбул нэртэй нэгэн үзэсгэлэнт бүсгүй Хар далайн эрэг дээр амьдран суудаг байжээ. Гоо үзэсгэлэн нь үнэхээр бахдам сайхан бөгөөд дэлхийн улс орон даяар түүний гоо сайхныг магтан дуулдаг байжээ. Тэр үед мөн дэлхийд алдартай хоёр сайхан залуу амьдардаг байжээ. Нэг нь онигор нүдтэй, шар царайтай, хүдэр чийрэг залуу бөгөөд түүнийг Ази гэдэг аж. Нөгөөг нь Европ гэдэг бөгөөд тэрээр цэнхэр нүдтэй, цагаан царайтай, өндөр залуу юмсанжээ. Ази, Европ хоёр маш сайн найзууд байжээ. Тэд ижилдэн үерхэж, тоглож наадан дэвэн дэлхийгээр хэрэн явдаг байжээ. Нэгэн сайхан нартай өдөр тэд Хар далайн эргээр зугаалж яваад далайн эрэг дээр сайхан Стамбулыг олж харжээ. Хоёр найз хоюулаа Стамбулд дурлаж гэнэ. Тэгээд хүчээ үзээд хэн дийлсэн нь Стамбулыг гэргий болгон авъя гэж шийджээ. Адил тэнцүү хүч чадалтай хэн хэнийгээ ялж чадахгүй, өдөр хоног урсан өнгөрсөөр, өнөө хоёр тулалдсаар л байжээ. Стамбул үүнийг нь тэвчиж чадсангүй гэнэ. Тэдний төлөө санаа зовон, гуниглан уйлсаар, уйлсаар, уйлсаар байгаад ус болоод тэр хоёрын дундуур урсаж гэнээ. Ингээд л Ази, Европ хоёр Стамбулын нулимсаар салж, Стамбул хоолойн хоёр талд эрэг болон үлдэж гэнээ. Үүнээс хойш Ази, Европ тив үүсч үзэсгэлэнт Босфорус хоолойгоор тусгаарлагдах болсон юм гэнэ билээ.

Сайхан бүсгүй Стамбулын дурсгалыг хүндэтгэн Босфорус хоолойн дунд "Үзэсгэлэнт бүсгүйн цамхаг" байгуулсан юм гэнэ билээ.

---

Wednesday, August 08, 2012

Хөвсгөл далай руу аялсан тэмдэглэл

Монголдоо байхад Хөвсгөл далайг хэзээ нэг цагт үзчихнэ дээ гэж боддог байсан болохоос биш тийш аялах боломж гэнэт өмнө гараад ирэх юм гэж санасангүй. Наадмын дараах амралтаа яаж өнгөрүүлэх вэ гэж бодож байтал манай дүү Хөвсгөл явах санал гаргаад дуун дээр нь дэмжлээ.
Орхон гол
Дүү нар Өмнөговьд, би Улаанбаатарт байсан болохоор дундаа Хархоринд уулзлаа. Хоёр талаасаа оройдоо Хархорин орж хоноцгоогоод маргааш нь аялалаа албан ёсоор эхлэв. Хархорин сумын төв гэхэд нэлээд том, олон ч барилгатай юм. Нөгөө нийслэл Хархоринд шилжүүлэх ажил юу болсон бэ дэ ингэхэд. Улаанбаатараа аж үйлдвэрийн хотоор үлдээгээд, Хархоринд нийслэл, төр захиргааны байгууллага, сургууль соёл төвлөрдөг бол гоё л юм. Турк улсын Анкара, Стамбул хотууд шиг.

Эрдэнэ зуу
 Хархоринд үзэх газрууд гэвэл Хаадын Хөшөө, Толгойн боолт, Бэлэг хад, Эрдэнэ зуу юм. Эрдэнэ зууд 1997 онд ирж байхад хавар байсан болоод ч тэрүү их л бүүдгэр газар байсан санагддаг юм гэтэл энэ удаа ногоорсон сайхан газар байна. Хийдээр орж үзээд, зуугийн үүдэнд үндэсний хувцас өмсөж мөн бүргэдтэй зургаа авхуулж, түүгээр дэлгэсэн лангуунуудыг сонирхож, хэрэгтэй хэрэггүй чулуу цуглуулав. 

Булган уулынхаа бэлээс Цэцэрлэг хот
 Өдрийн унд ууж аваад Архангай руу хөдөллөө. Архангайн Цэцэрлэг, Тариат хүртэл сайхан засмал замаар давхисаар байгаад ордог юм байна. Говийн хүүхдүүд бид Хангайн сайхныг бахдан сайшааж, цонхоороо алмайрч харж явсаар төдхөн Цэцэрлэг хотод хүрчихсэн байв. Цэцэрлэг хотын хойно байрлах уул үнэхээр сайхан сүрлэг уул юм. Булган уул гэдэг гэсэн, цагаан сараар эрчүүд дээр нь гарч зул өргөж хонодог гэж манай дүү ярьсан.

Чулуутын гол
Чулуутын гол одоо тааралдах ёстой гээд явж байтал үерлэж байгаа нэг гол тааралдахаар нь Чулуутын гол мөн байна гээд бууж зураг даруулж энэ тэр сүйд болцгоов. Гэтэл харин цааш хэдхэн км явтал жинхэнэ сүртэй Чулуутын голтойгоо тааралддаг юм байгаа. Сүрдмээр огцом эрэгтэй бөгөөд тээр дор ууртайгаар үерлэн урсах Чулуутын гол аргагүй л сонин газар юм билээ.

Майхангаа барилаа
Биднийг Тариат сум хүрэхийн алдад харанхуй болж байсан тул хоноглохоор шийдэж, зайдуухан газар майханаа босгож, өдөр нутгийн залуусаас үнэтэйхэн авсан тарваганы боодгийг задлан, Өвөрхангайн айргаар даруулан орой барив. Хоргын тогооны хажууханд ирсэн гэдгээ мэдсэн тул маргааш биднийг сонирхолтой аялал хүлээж байгаа гэдэгт итгэн амарч авцгаалаа.
Хорго тогоо
Хөмрөөд тавьсан аяга шиг Хорго уулын бараа харагдахад сэтгэл үнэхээр догдоллоо. 7-8 мянга гаруй жилийн тэртээ дэлбэрсэн галт уулын хайлмаг урсаж лааван гол бий болгосон байх юм. Шатсан чулуу гэж хэлэхээр тэр хүрэн буржгар чулуу нь их хөнгөхөн байдаг юм билээ. 

Хоргын тогоо - Сөнөсөн галт уулын кратер

Хоргын тогоо аялагч, жуулчид ихтэй байлаа. Уулын өөд авирах замыг засаж янзалсан, дээхэн хэсэгтээ цементээр шат хүртэл хийжээ. Хоргын тогоог үзэхээр авирагчид дунд 2-3 настай балчираас эхлээд, 70-80 гарсан хөгшид хүртэл байгаа нь үнэхээр хүмүүсийн үзэхийг хүсдэг газар болох нь илт байна.
Ганц хүний агуй
 Хоргын тогооноос хөдлөөд явж байтал замд хэсэг машин зогсчихсон, хүмүүс нь нэг газар бөөгнөрөн тонгойж байхаар хэрэгт дурлан юу болоод байгааг бууж сонирхов. "Ганц хүний агуй" гэсэн пайз хатгасан тэр газар ёстой ганц л хүн багтаж орохоор нүх харагдав. Гэтэл хүмүүсийн ярьж байгаагаар тэр ганц хүний агуй руу даруй 15 хүн яваад орчихжээ. Амсар дээр нь хүлээж зогстол нээрээ л арван хэдэн хүн гараад ирсэн шүү. Дотроо маш том зайтай байсан юм билээ.

Тэрхийн цагаан нуур

Даваан дээр гарч ирээд бүгд "ТЭР ИХ ЦАГААН НУУР" юу вэ гэж дуу алдлаа. Тэр бол Тэрхийн цагаан нуур байлаа :)) Хоргын тогоо дэлбэрэхэд урссан лаав голын ургалыг боосноор Тэрхийн цагаан нуур тогтсон юм гэнэ билээ. Хүмүүс даваан дээр гарч ирээд "Тэр их цагаан нуур юу вэ" гэж дуу алдсаар байгаад Тэрхийн цагаан нуур гэдэг нэр авсан юм гэнэ билээ. Нуур ус үзээгүй бидний говийн хүүхдүүд Тэрхийн цагаан нуурыг хараад дуу алдаж байгаам чинь Хөвсгөл далайг хараад ухаан алдах юм байна л да хэмээн тоглоом хийж явцгаав.
Тэрхийн цагаан нуур
Тэрхийн цагаан нуурын ус ёроолынх нь чулууг тоолчихоор гайхалтай сайхан тунгалаг устай юм билээ. Бид нуурын эрэг дээр буудаллан нууранд орж шавайгаа ханатал усаар тоглосон. Бидний замд тааралдсан хамгийн эхний нуур болохоор үнэхээр гайхалтай сайхан байсан бөгөөд тэндээс явалгүй үлдчихмээр л санагдаж байлаа.
Тэрхийн цагаан нуураас хөдлөхдөө бид оройдоо Мөрөн ордоггүй юмаа гэхэд ядаж Шинэ Идэр сум ороод хононо гэж найдаж байлаа. Тариатаас цааш засмал зам ч дуусдаг юм байна, өндөр уул даваагаар өгсөж ч эхэлдэг юм байна. Хөвсгөлийн Жаргалант сум ортол 100 гаран км газрыг 5-6 цаг туулахад энэ янзаар мөддөө Хөвсгөл орохгүй нь сэтгэлээр унаж байлаа. Жаргалант орж хоноод маргааш нь эртлэн замдаа гарсан тулдаа оройдоо Мөрөн хотын барааг харсан. Шинэ Идэр сумаас Мөрөн хот орох зам бидний туулсан 2000 гаруй км замаас хамгийн сайхан байсан эргээд бодоход. Уул усны гайхамшиг үнэхээр тэнд л харагдсан да.

Мөрөн хот
Мөрөн хотод оройн 5-6 цагийн үед орж ирэв. Энэ өдөртөө далай орж хонох бодолтой байсан тул Мөрөнд удаан сааталгүй цааш далай руу явсан. Хатгал сум хүртэл 100 гаран км бөгөөд зассан замтай гэж сонсож байсан тул амархан давхиад хүрнэ гэж найдаж байлаа. Хурдан явах нь явсан гэхдээ явсан замдаа нүдэндээ итгэж чадахгүй л байлаа. Юу гэвэл Мөрөнгөөс Хатгал хүрэх зам зүгээр л хангайн "нүүрсний" зам болсон юм байна. Таван Толгой - Гашуунсухайтын нүүрсний замын дайтай л машин хөлхөлдөж тоос бужигнасан газар байна. Ядаж байхад замын ажил явагдаж байсан болохоор бүр ч их тоостой байсан биз. 

Хатгал оронгуутаа нутгийн дүнзэн байшин хөлслөн буудаллаж, сайхан хоол хийн, мөн нутгийн утсан болон дарсан загасаар зоог барьцгаав. Маргааш Хөвсгөл далай биднийг хүлээж байгаа!
Сүхбаатар онгоц
Хөвсгөл далайгаар Сүхбаатар онгоцоор аялах уу, моторт завь хөлсөлж аялах уу гэж хэсэг санал зөрөлдсөний эцэст завиар аялахаар боллоо. Тэр нь ч сайн боллоо, яагаад гэвэл завиар аялах нь илүү сайхан мэдрэмж төрүүлдэг юм билээ. Далайн усанд гараа дүрэн, усны дусал нүүрэн дээрээ мэдрэх шиг сайхан юм хаана байх вэ. Мөн нөгөө талын эрэг дээр гарч цаа буга болон согоо буга харсан. Цаа бугын эвэр нь үстэй, их эмзэг харагдах бөгөөд дөнгөж 3 настай гэх цаа бугын эвэр сүрлэг том болсон байгаа юм чинь нас биеэнд гүйцээд ирэхээрээ ямар болох нь ойлгомжтой биз дээ. Тусгайлан хашаа татаж үржүүлж байгаа буга согоо нь харин ихэмсэг амьтад байна билээ. Бас их ааш муутай гэсэн, хүн ойртвол хага цавчдаг гэсэн.
Хүслийн хад

Цаашаа үргэлжлүүлээд бид Хүслийн Хад гэдэг арал дээр очлоо. Яагаад хүслийн хад нэртэй болсон тухайд би мэдэхгүйэ. Бодвол хүмүүс тэнд хүслээ шивнээд тэр хүсэл нь биеэлдэг гэж итгэдэг болохоор л тийм нэртэй болсон байх. Би бол ямар нэгэн газарт очиж хүслээ шивнэлээ гээд хүний хүсэл биеэлчдэг гэж боддоггүй юм л да. Харин хүмүүс тэнд шивнэчихсэн болохоор миний хүсэл биеэлнэ гэж итгэдэг болохоор л хүсэл нь биеэлдэг байхгүй юу.
Хөвсгөл далай

Хүслийн хадан дээрээс Хөвсгөл далай газар -аа газар бишээ далай- далай тэнгэр нийлээд цэлийтэл цэнхэртэж харагдлаа.
Хөвсгөл далай

Өмнө нь энд тэндхийн олон далай тэнгис, нуур усыг харж явсан боловч Хөвсгөл далай ээж шиг ийм сайхан тунгалгийг нь үзсэнгүйэ. Далайн эрэг гүехэн газраараа цайвар цэнхэр, цайвар ногоон харагдах боловч далайн гол руугаа гүн цэнхэр өнгөтэй харагддаг юм билээ. Хамгийн гүндээ 260-аад метр гүн далай ээж маань бидний аялсан энэ хэсгээрээ хамгийн гүндээ 30-40м орчим байгаа гэсэн. Бидний хөлсөлж явсан завьний эзэн хөөрхөн ааштай нутгийн хүү бидэнд нэлээд гоё зүйлүүд ярьж өгсөн юм.

Сүхбаатар хөлөг онгоц
Монголдоо цорын ганц усан онгоц – Сүхбаатар. Хөвсгөлд л ирсэн хойно Монголынхоо ганц хөлөг онгоцон дээр гарч үзэлгүй буцвал алдас болно гээд эрэг дээр эргэж ирэхийг нь хүлээлээ. Сүхбаатар онгоц хэдэн удаа аялал хийж зорчигчдыг Хүслийн хад хүртэл аваачаад буцаж ирдэг юм билээ. Гэхдээ Хүслийн хадан дээр зогсолт хийдэггүй гэсэн шүү. Хүн ихтэй, байнга л багтаамжаасаа илүү үйлчилж байдаг гэхийг бодоход эрэлт ихтэй байдаг нь тодорхой.
Ингээд бид Мөрөн хот руу буцаж, тэндээ хоноглоод маргааш нь аажуухан хөлгийн жолоог нутгийн зүг залсан даа. Буцахдаа бид ирсэн замаараа явсангүй харин Өгийн нуур орохоор төлөвлөж байсан тул Рашаант сумаар дайрч гарах маршрутаар явсан. Хануйн гол үерлэсэн байсан тул хөвдөг гүүрээр гол гатлав.  Буцах зам яагаад ч юм очих замаас хурдан байв.

Хамрын даваан дээр гүзээлзгэнэ түүв



Буцах замдаа Хамрын даваа гэдэг даваагаар давахдаа нутгийн хүмүүсийн зөвлөсөн дагуу мод руу орж гүзээлзгэнэ түүхээр шийдэв. Хэдийгээр гүзээлзгэнэ маш ховор, олдсон ч жижигхэн байсан гэлээ өөрийн гараар түүж байгаа, байгалаас түүж байгаа гэдэг утгаараа амттай гэдэг нь жигтэйхэн. Бид хэд хэрэндээ л хөөрхөн баярлаталаа тэнд гүзээлзгэнэ түүсэн. Харин нөгөө тал руу Хамрын даваагаа уруудаад явж байтал хүмүүс гүзээлзгэнэ түүгээд вариний шилэнд хийгээд зарж байсан шүү кк.

Өгийн нуур
 Өгий нууранд шөнөдөө хүрч хонож арай амжсангүй. Угаасаа бид харанхуйд явах нээх сонирхол байгаагүй тул харанхуй болонгуут л майхнаа бариад унтаад өгч байсан юм. Маргааш нь замд ус бороо элбэгтэй байсан ч саадгүй яваад Өгийн нуур орлоо. Өгийн нууранд загас барина гэж их хөөрцөглөсөн хүмүүс бууцгаав.

Манай дүүгийн барьсан загас
Нуурын эрэг дээр амьдрах загасчин өвгөнөөс эхлээд хэдэн загас худалдаж аваад загасны шөл чанаж иддэг хүмүүс болцгоов. Хамгийн инээдтэй нь загасны мэдлэг муу болохоор шөлөө буцалгасаар байгаад загасны мах нь юу ч үгүй үйрээд алга болчихсон. Тэхдээ л хээрийн хоол амттай л байдаг шүү дээ. Загасны шөлний паянгийн дараа харин эрчүүд нь загас барихаар явцгаасан. Тэд нар загасчин өвгөний завийг хөлслөн, загасных нь уургийг хэрэглээд хэдэн загас барьж ирсэн шүү.





Sunday, August 05, 2012

Америкт суугаа эгчдээ бичсэн захидал -2

Сайн байна уу?  Алс холын Америк оронд суугаа эгчдээ энэ захиа унших өдрийн мэнд хүргэе!.
Хилийн чанадаас эрдэм ном өвөрлөн ирж эх нутагтаа ажиллаж эхэлсэнээс хойш даруй 3 жил өнгөрчээ. Анх танд энэ захиаг бичиж байхад Монголдоо ирээд эхний өвлөө л өнгөрөөж байлаа. Өөдрөг сэтгэлтэй, шинэлэг соргог байжээ. 3 жил болоод ирэхэд л "соёлын шок" гэдэг зүйлээсээ гарч эхэлдэг юм байна. Одоо би хүмүүстэй яриад суухад харь гаригаас ирсэн юм шиг санагдахаа больсон шүү ккк.
Таны Монгол оронд бороотой хуртай, сонгуультай сонинтой, медальтай баяртай дэлгэр сайхан зун болж байна. Хүн төрөлхтний олимпийн их наадмаас мөнгө, хүрэл медаль авахын зэрэгцээ экс ерөнхийлөгчөө шүүхээр орж ял сонсохыг харлаа. Шинэхэн сонгогдсон УИХ маань цэгцэндээ орох гэж ядаж, улс төр тогтворгүй л байх шиг байна. Гэхдээ би ямар улс төр, эдийн засгийн гайхалтай мэдлэгтэй биш, эдгээрийг хойш нь тавиад мэддэг чаддаг зүйлийнхээ тухай бичиж өгье.
Хэд хоногийн өмнө "Эх орондоо эргэж ирцгээе" гэсэн видео олж үзсэн юм. Тэгээд өөрийнхөө тухай бодлоо л доо. Би яагаад эргэж ирсэн бэ, надад юу нөлөөлсөн юм бол, энэ хүмүүст юу нөлөөлөх бол гээл... Бодоод байхад би бол угаасаа буцаж ирэх нь төрөхөөсөө л тодорхой байсан aжээ. Яагаад гэвэл би их нутаг амьтай хүн байгаа юм. Нэг ах маань намайг жоохон байхад хэлж байсан үг санаанаас ер гардаггүй юм. "Миний дүү нутгаа санаж санагалзаж, нутагтаа тэмүүлж явдаг болохоор нутаг чинь чамайг түшээд чи сайн явах болноо" гэж хэлж байсан юм. Нээрээ эргээд бодоход харийн нутагт өнгөрүүлсэн хэдэн жилд нутаг минь намайг түшиж явсан байх. 
Намайг сурахаар явдаг жил манай нутагт асар том, Эрдэнэтээс ч том зэсийн орд илэрч гээл яриа сонсогдлоо. Тэгж л анх Оюу Толгой гэдэг нэрийг сонсож байлаа. Түүнээс хойш 9 жил сурахдаа төгсөөд юу хийх вэ гэдэг асуултанд ганц л хариулттай байсан. Энэ нь төгсөөд Монголдоо ирж, Говьдоо ирж нөгөө алдарт уул уурхайн компанид ажиллах гэсэн ганц зорилготой болсон. Эргэж ирсээр удалгүй хүссэндээ хүрч энэ төслийн бүтээн байгуулалтанд гар бие оролцох хүндэт завшаан тохиодог юм байна.
Саяхан компанийхаа VP-тай урт замд унаа нийлсэн юм. Тэр хүн миний тухай асууж мэдэж аваад дараа нь надаас асууж байна л да. "Чиний явсан, сурсаныг сонсоход чамд гадаадад илүү их боломж байсан юм бишүү, чи яагаад тэр замыг сонгосонгүй вэ" гэж. Гайхасхийгээд би түүнд ингэж хариулсан "Тийм боломж байсан. Над шиг адилхан гадаадад сурсан өчнөөн олон хүн ч тэр боломжийг сонгоод гадаадад үлдсэн. Харин миний хувьд эргэж ирсэн нь яагаад гэвэл Монголд яг одоо юм хийгдэж байна, бүтээн байгуулалт бий болж, улс орон өөрчлөгдөж байна. Би энэ бүх зүйлд оролцохыг хүсч байна. Үүний нэг хэсэг болмоор байна."
Яагаад яг одоо Монголдоо ирж болохгүй байгаа шалтгааныг ихэнхи хүмүүс нөхцөл байдал бүрдээгүй байна гэж хэлдэг... Хөгжилтэй орнуудад сурч боловсорсон залуус маань уг нь эх орондоо ирээд тэр нөхцөл байдлыг бүрдүүлмээр байгаа юм. Бид өөрсдөө бий болгоё, өөрсдөө түүнийг бүтээе гэж яагаад бодож болдогггүйг би ойлгохгүй байдаг юм. Монголд тэгвэл та нарын "эргэж ирэхийг хүсэх" тэр сайхан нөхцөл байдлыг бүрдүүлэхийн төлөө хэн ажиллах вэ? Тухайн үедээ гадаад явж чадаагүй, одоо болтол гадагшаа хаа ч хамаагүй явж, юу ч хамаагүй хийх юмсан гэж бодох бидний үеийн залуус уу, хуучин нийгэмдээ хуучин үзэл бодолдоо баригдсаар үлдсэн хэдэн хөгшид үү, магадгүй бидний хойч үе дүү нар минь юм болуу? Бидний хойч үе дүү нар маань л тэр сайхан нөхцөл байдал, орчин нийгмийг бий болгож магадгүй юм. Гэтэл тэр үед та буцаж ирээд эх орныхоо эзэн нь болж чадах уу? Танаас дүү нар чинь та тэр үед хаана, юу хийж явсан юм бэ гэж асуувал юу гэж хариулах вэ? Ид сайхан залуу халуун насан дээрээ өөрөө гар бие оролцож, хийж бүтээлцэж чадаагүй тэр зүйлээр та бахархаж чадах уу?
Манай VP надаас бас "Нутагтаа эргэж ирээд төрсөн хамгийн сайхан мэдрэмж юу байсан бэ" гэж асуусан. Мэдээж гэр бүл, аав ээжтэйгээ уулздаг сайхан мэдрэмжээс илүүтэй хамгийн сайхан мэдрэмж гэвэл "нэг тийм" эрх чөлөөний мэдрэмж юм. Би яг тэр мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй байна л да. Эрх чөлөөний орон Америкт байдаг шиг эрх чөлөө биш юм шүү. Харийн оронд байхад юу ч хийх чөлөөтэй сайхан байдаг ч гэлээ нэг л юм сэтгэл хүлээд байдаг шүү дээ. Нэг л цээж дүүрэн амьсгаа авч чадахгүй ч байгаа юм шиг. Нэг юм цаанаа л хүлээтэй... Магадгүй бид чинь сэтгэл зүрхээрээ эх орноосоо уяатай байдаг болохоор тэгдэг байх. Ясаа нутагтаа тавина гэдэг үг чухам эндээс л гарсан байх.

Тэгвэл яагаад эх оронтойгоо сэтгэлээрээ уяатай байдаг вэ? "Чи хэн бэ" гэдэг асуултанд бид нэрээ хэлж хариулах ч гэлээ нэр маань дан ганцаараа бидний тухай юуг ч хэлж өгдөггүй шүү дээ. Тиймээс л бид "Би Монгол", "Би Өмнөговийнх" гэх мэт өөрийгөө тодотгож бусдад танилцуулдаг. Хүний нэр, нас тэр хүний тухай их юм хэлж өгөхгүй ч гэлээ гарал үүсэл нь ихийг өгүүлдэг биз дээ? Өөр орны иргэншилд шилжсэн байсан ч л өөрийн өвөг дээдсийн гарал үүслийг хэлдэг шүү дээ. Юу хэлэх гээд байган бэ гэвэл ерөөсөө л би гэдэг чинь Монгол юм байна, Монгол байхгүй бол би гэдэг хүн энэ дүрээр, энэ биеэр, энэ үзэл бодлоор энд заларч байхгүйн байна шүү дэ. Харин эх орон биднийг харж үздэг гэдэгт би итгэдэг. Анх явахдаа жижигхэн уутанд говийнхоо элсийг хийж оёод авч явж байлаа. Өвдсөн үедээ, гэрээ санасан үедээ гаргаж дэрлэж унтдаг байсан. Элстэй уут минь байнга хүйтэн байдаг байсан нь нутгийг минь улам ч их санагдуулдаг байсан. Түүнийг би 9 жил биедээ авч явж байгаад эргэж нутагтаа авчирсан. Одоо тэр элс халуун байдаг болсон.

Би сүүлийн 2 жил хөдөө ажиллаж байгаа болохоор хотын амьдралаас төсөөрсөн байх л да. За тэгээд анхнаасаа ч ямар хотын хүн байсан биш дэ, нэг л дасч өгөхгүй байсан юм. Харин хааяадаа хот орохдоо баяртай байдаг шүү. Улаанбаатар хот зундаа их гоё өнгөлөг болдог. Бороо ороод, өөрийгөө угааж өнгөө засаад, цэцэг цэврүү шиг охид хүүхнүүд хотын гудамжийг чимээд... Монголын залуус ч гэсэн дутахааргүй дээ. 

Тэгвэл хүмүүсийн гомдоллоод байдаг амьдрал чиний хаагуур өнгөрөөд байна гэж асууж магадгүй юм. Замын түгжрэл нэг бол надад тааралддаггүй байх, нэг бол би түүнийг тоодоггүй байх. Хүн юмыг яаж харна тэр чухал гэдэг дээ. Би бол өөдрөг үзэлтэй, өнгөтөөр хардаг хүн болохоор танд муухай зүйлийн талаар бичихгүй байгаа хэрэг. Өөрийнхөө өнгөт ертөнцийг бүтээгээд, өөр шигээ өнгөт ертөнцтэй хүмүүстэй нийлээд явахад тэр өнгөт бөмбөлөг маань томорсоор байгаад Монгол орныг маань хучаад авна даа.

Оюутан байхдаа гадаадад сурч, амьдарч байгаа хүмүүс 5 жилийн дараа биш юмаа гэхэд 10 жилийн дараа Монгол руугаа буцах хандлага бий болно гэдэгт итгэдэг байж билээ. Тэгээд бүгдээрээ буцаж ирээд улс орон маань сайхан хөгжиж дэвшинэ, сайн сайхнаар өөрчлөгдөнө гэж боддог байсан. Тэнгэр заяатай юм чинь Монгол улс минь хөгжинө л дөө. Харин хөгжилд хэн оролцох вэ гэдэг л одоо цаг үед тодорхой болох байх.  

Эцэст нь хэлэхэд би хүмүүсийг эргэж ир гэж дарамт учруулах гээгүйэ. Өнөөгийн ардчилсан нийгэмд хүний хаана ажиллаж, амьдрах нь дурын хэрэг шүү дээ. Хэзээ ч эргэж ирсэн эх орон тань хүлээгээд л авна да.

------