Thursday, December 11, 2014

Unknown

Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг гэдэг үнэн юмаа. Due date ойртох тусам ямар байх бол гэсэн нэг айдас, санаа зовнил салахгүй юм. Тэгсэн хэрнээ өөрийгөө тайтгаруулах гээд энэ дэлхийн эмэгтэй хүн бүр үүнийг давж гардаг шүү дээ гэж бодох... Эмээ, ээж, эгч, ерөнхийлөгчийн гэргий, дуучин, жүжигчин, Викториас Сикретийн моделууд хүртэл үүнийг даваад л гарсан шүү дээ гэж бодох. Хэн нэг найзаараа, таньдаг хүнээрээ жишээ авч, тээр энэ хүмүүс бүгд л үүнийг тойрч биш туулж гарсан гэж өөрийгөө зоригжуулах. Бодоод байхад эхний хэдэн сар хурдан бас бодит бус юм шиг өнгөрчээ. Сүүлийн сард л энэ бүхэн бодит гэдгийг мэдэрч тэр утгаараа сэтгэл санаа ч хүчтэй болдог юм байна. Хүүхэддээ хамгийн анх оймс худалдаж авах тэр мөчид энэ бүхэн зүүд биш, төсөөлөл биш, бодит гэдгийг мэдрэх тэр хүчтэй сэтгэл хөдлөл. Өмнө нь дандаа бусдын хүүхдэд хувцас, бэлэг авдаг байсан хүн одоо энэ миний өөрийн хүүхдэд зориулсан гэж бодохоор гоё.
Мэдэхгүй зүйлтэй тулгарах болгонд ямар ч төсөөлөлгүй, ямар байх бол гэсэн бодол л төрөх. Анх оюутан болоод хүний нутагт явсан, шинэ хотод нүүж очих, шинэ улс орон, шинэ сургуульд орох, анх ажилд орох гээд л бүх мэдэхгүй зүйлийн босгон дээр яг л ийм мэдрэмж төрж байсан. Намайг тосон хүлээж буй зүйлийн талаар ямар ч төсөөлөлгүй хэр нь би чаднаа, болноо, бүтнээ гэсэн итгэлтэйгээр тэр бүхнийг даван туулж байсан. Одоо ч гэсэн өөртөө итгэлтэй баймаар байна. Надад айдас төрүүлж байгаа ч би чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Friday, August 15, 2014

Ховдог, харамч, идэмхий хүн байнаа

Бие давхар болсоноос хойш ам хуурайгүй идэж суудаг болсон. Ажлын ширээ бүр хүнсний лангуу боллоо л доо. Заавал нэг идэх юм хажууд байхгүй бол болохгүй. Жигнэмэг, боорцог, ааруул, жимс, хатаасан жимс, самар гээл шүүгээгээ дүүргэчихсэн. Шүүгээ хоосон бол өөртөө итгэлгүй санагдаад ажлаа ч хийж чадахгүй. Тиймээс хүнсний нөөц дундраад ирвэл бушуухан авч нөөцөлж байгаа юм чинь хэхэ. За идэх нь яахав гэхэд аймаар харамч болсондоо өөрийгөө гайхаад барахгүй нь. Нэг гадаад сайт дээрээс жирэмсэн эмэгтэйн нөхөр нь эхнэрийнхээ ямар харамч болсон тухай, өөрийнх нь идэх гэж авсан юмнаас, хоолноос идвэл уурладаг тухай бичсэн байхыг уншаад инээд хүрч байсан чинь өөрөө яг тийм болдог байна шд. Миний идэх юм гээд хажуудах хүнээсээ харамлаад үхэхнээ ккк. Сая хөдөө явж ирэхдээ айраг авсийн. Би ганцаараа ууна гээд бодчихсон. Орой гэрт хүн ирсэн чинь ээж хүнд айраг хийж өг гээд, би гүрийгээд өгөхгүй зогсоод байгаан бишүү кк. Өглөө босоод ирсэн хэн нэг нь миний айрагнаас уугаад дундруулчихсан байхаар нь хэн уучихав аа гээд бөөн юм болсон. Арай ч нээрээ хоолны харамч болно гэж бодож байсангүй. Нээрээ гүүний айраг уувал хөрс сайтай хүүхэд төрдөг гээд гүүний айраг ууж өгч байгаа. Эмч ч гэсэн айраг, тараг, ааруул цагаан идээ сайн идвэл өөр витамин энэ тэр уух шаардлагагүй гэсэн.

Гурилан бүтээгдэхүүн нээх хэрэглэдэггүй хүн чинь жигнэмэг, кекс, нарийн боовонд дуртай болсон. Өчигдөр сайхан зан хөдлөөд гэртээ cupcake хийлээ. Өмнө нь зөндөө хийж байсан ч энэ удаагийнх их гоё болсон. Зуурмагандаа хатаасан тоор болон нэг хэсгийг нь какаотой хийсэн юм. Жорыг нь орууллаа.

 
Орц:
 
2 ш өндөг
200 гр сүү
200 гр элсэн чихэр
150 гр масло/маргарин
400 гр гурил
1 уут ванилин
1 уут кекс хөөлгөгч (backpulver)
100 гр хатаасан тоор
 
Хийх заавар:
 
Эхлээд өндөг, элсэн чихэрээ хольж хөвсгөр цагаан болтол нь миксердэнэ. Дараа нь бусад орц болон сүү, хайлуулсан маргарин, гурил, хөөлгөгч, ванилинаа нэмж хийгээд үргэлжлүүлж миксердээд шингэвтэр зуурмаг гаргаж авна. Зуурмагандаа жижиглэж хэрчсэн хатаасан жимсээ хийгээд хутгаж байгаад капкек хэвэндээ хийгээд боллоо. 175 градуст урьдчилж халаасан дуковонд 25 минут жигнэнэ.
 
Энэ жор их амархан, амттай жор болохоор надад таалагддаг юм. Өөр төрлийн жимс, какао, кофе гээд дураараа өөрчилж болно.
 
 

 

Wednesday, August 06, 2014

Америкт суугаа эгчдээ бичсэн захидлын хариу

Би Монголд ирсэнийхээ дараа Америкд нэлээд олон жил амьдарсан эгчдээ зориулж Монголын нөхцөл байдал, эргэж ирсэн сэтгэгдэлийнхээ талаар Америкт суугаа эгчдээ бичсэн захидал -1  болон Америкт суугаа эгчдээ бичсэн захидал -2 бичиж байсан юм. Тэр үед миний захианд хариу болгож нэгэн уншигчаас доорх хариу ирж байсан. Сонирхолтой санагдаад блогдоо тавих зөвшөөрөл авсан байсан боловч оруулахаа мартаж явсаар сая л архив дундаас оллоо. Та бүгдэд өөр нэгэн Монголдоо буцаж ирсэн хүний сэтгэгдэлийг сонирхуулая. Энэ захиа 2012 оны 12 сард надад ирж байсан юм. Энэ зуур хэлэхэд Америкд сууж байсан эгч маань нутагтаа бүр мөсөн эргээд ирсэн шүү ;) 

*****************
Жоохон бодит бус санагдлаа. Удаж байгаад ирэхэд онгоцонд Монголчуудаа харахад бүгд яравгар, ганцxан хаалгатай нисэх буудлаар багтаж ядан чихэлдээд, гарах зай үлдээгээгүй чихсэн бөөн хар царай харагдаад, гэрийнхнийгээ олж харахад бүгд жижигхэн болсон харагдаад. Уг нь том унаанд суусан ч тас харанхуй ганцxан замаар сэгсрүүлж ядан яваад, яг л талд яваам шиг, хонины шивтэр хамар нэвт царгиад, гэртээ орох л жаргал байсандаа. Маргааш нь гадуур жоохон явсан хүүе, хаая гэсэн нэг л яарсан ууртай xүмүүс, зам дээр орилсон үглэсэн халтар цагдаа нар, хоорондоо хэрэлдсэн машины жолооч нар, бараг л гутал руу шүлсээ гах түй гэх залуус, дээрээс доошоо нь нэвтэртэл хараад хялалзаx xүүxнүүд, дуртай дургүй мөнгө л харсан үйлчилгээ байxгүй боxь зажилсан xудалдагч нар. Хамгийн амттай хоол ээжийн минь хоол болж, хамгийн найрсаг хүмүүс гэрийхэн л  болсон байдаг. Ажилд ороход сүрхий юм болж аваад, араас босс нь эргүүлж гүйгээд, цалингийн оронд үнэ өсгөцөн юмаа шаxаад, ажлын хүүхнүүд  ам уралдан сонжин яриад, аль өнгөтэй өмсөж зүүхгүй бол хүн биш гэх нь холгүй. Атаа жөтөө, хорон хов ихийг тэсэх нь дайнд явахаас ч хэцүү санагддаг. Бүгд л аягүй баян, тэнд байдаг бүх юм хугацаа нь дуусаад борц болчихсон хэдий ч хэд нугалсан үнээр зарна. Тэнд хүн бараг барьж харагдахгүй үнэтэй унаа xөлxөлдөөд, тэнд олдох нь бэрх аяфон хүн болгон бариад, үнэтэй үнэтэй брэндүүд xулхийг нь ч мэдэхгүй батьчихаад нэг нэгэндээ баярхах хүмүүс. Эцсийн эцэст хэдэн хошин шог үзээд л амьдрал өөрөө хошин шог гэмээр болдог юм да. Хороололд явж байсан хомэлэсс хүүхэд хөгс базаад, цүнx шүүрээд, замын голд гарцан дээр зогсож байсан микротой залуу хөх базаад, би гэдэг хүн жанглидаа дасан зохицохоос аргагүйд хүрсэн үе бий. Номын санд суутал хоорондоо ярьсан хүмүүс, кино үзсэн уйлсан хүүхэд, унтсан залуус. Хөл дээр гишгэчихээд замаа харж яваач малаа гэх эргүү модел маягийн бацаанууд, пабд суутал бүгд тамхи татаж, том том ярьсан жижиг гарууд, тв үзсэн чинь хоорондоо зодолдсон улс төрчид, тэгснээ төд удалгүй гудамжаар дүүрэн алт алт гэсэн согтуу шалдан хүмүүс. Эхний сар эргэн дасах нь битгий хэл ялгааг нь олж хардаг юм. Энэ л нутгийн хүн юм болохоор арайчдээ гэсэн сэтгэлээр гуних, гомдох, уурлах, чамлах зэрэгцэвч миний Монгол гэх Чингисийн цус оргилж, би чадна, би эх орноо хөгжүүлнэ гэж хэсэг боддог юм. Юм нээж ажиллуулья гэтэл баахан хүн орж ирээд ийм газар, тийм газар, тэгснээ нэг авгай орж ирээд бөөн загнаж байгаад хаагаад гараад явах. Мэдэхнээ мөнгө өгөх ёстой байсийм байна лэ. Гаргаж ч өгөөгүй найзууд юу авчрав гэж утас цохин уулзах, тооцоо хийх мөчид бүгд 00 гүйлдэх, хэцүү үе байдаг шд. Тэгээд тэсдэг юмда, давдаг юм, нэг мэдэхнээ дунд нь уусчихсан тууж явдгийм, гэхдээ л....

 

Wednesday, July 30, 2014

Сонин хачин


6 сарын 1-ээс нэг шинэ төсөл дээр ажиллах болоод сүүлийн 2 сар үнэхээр завгүй байлаа. Шинэ эхэлж байгаа юм болгон угаасаа эмх замбараагүй, хийх юм ихтэй байдаг хойно аргагүй юм даа. Өглөө ажил дээр ирээд ширээний ард суугаад аяга цай авахаар өндийж ч амжаагүй байхад өдрийн цай болчихсон, хоол идээл эргэж суугаал нэг мэдэхэд орой болчихсон, цаг яаж өнгөрч байгааг ч анзаарах завгүй өдрүүд өнгөрч байна. 7 сард ээлжийн амралтаа аваад нар салхинд гарна гэж байсан ч байхгүй болсон. Гэхдээ амралтаа хойшлуулж байгаад 9-10 сараас нэгмөсөн амрах бодолтой байгаа. Ажлын хажуугаар бас өөрийгөө бөөцийлөх ажилтай болсон. Өөрийгөө толинд харахаар өдрөөс өдөрт томорч байгаа өөрийнхөө төрхөнд дасч өгөхгүй л байгаа ккк. Хэвлий дотор нэг хүн өсч бойжоод, би энд байна шүү гэх шиг гар хөлөө хөдөлгөөд, бас хааяа зүрхний цохилтыг нь сонсох тэр мэдрэмж өмнө нь мэдэрч байсан ямар ч сонин мэдрэмжийг дагуулахын аргагүй.  Санаа сэтгэл өндөр, бие эрүүл болохоор эхний хэдэн сарыг сайн өнгөрөөсөн. Элдэв асуудал сэтгэл санаанаас үүсдэг гэж боддог болохоор бие эрүүл, сэтгэл сайхан тайван байвал бүх юм сайхан байна гэж бодож байгаа. Хэдийгээр ажлын ачаалал их байгаа ч гэсэн нойр хоолондоо сайн, амралтын өдрүүдээр боломжоороо салхинд гараад, эсвэл сайн гэгч унтаж амраад явж байгаа. Эхэндээ хоолны дуршил нэг ихсээд, нэг багасаад учрыг нь олохгүй, идэх уух юм олдохгүй хэцүү байгаам шиг санагдаж байсан ч яваандаа гайгүй болсон. Хүмүүс гэнэт сонин сонин хоолны дуршилтай болдог гэсэн гэтэл минийх болохоор аймаар жанк фүүд (junk food) идмээр санагдаад байсан ккк. Хоолонд бол сайн байсаан байсан. Хатаасан гоёо, ингэний хоормог хоёр л сайн нөлөө үзүүлсэн байх, хордлого энэ тэр нь гайгүй өнгөрсөн. Эргэн тойронд жирэмсэн эмэгтэйчүүд олон байна шүү. Хүмүүс морь жил гээд их хүүхэдтэй болж байгаа байх. Монголын 3 сая дахь иргэн дараа оны 1-р улиралд төрнө гэж байсан. Харин энэ янзаар бол хүмүүс олноороо төрөөд энэ оны сүүл гэхэд 3 сая иргэнтэй болчихийн бишүү ккк.   
Зун болонгуут хүмүүс бүгд л хөдөө гадаа явцгаасан байх юм. Хүн толгойтой болгон Хөвсгөл явдаг юмуу хаашаа юм. Нүүр номоор дүүрэн Хөвсгөл явсан хүмүүсийн зураг. Хөдөө ч зуншлаг сайхан болж байгаа юм шиг байна лээ. Нээх сайхан ногоон тал, цэнхэр тэнгэр, цэнгэг усны зураг дүүрэн. Хараад бүр атаархал төрөөд хаа ч хамаагүй хөдөө явмаар санагдаад байгаа. Гэхдээ бас хальт Тэрэлж явж ирсэн болж хорхойгоо түр дарсан. Наадмаар харин хол яваагүй ч гэсэн ойрхон зуур салхинд гарч бас хорхог хийгээд амжсан. Миний нээрээ хоолны сонирхол өөрчлөгдөөд мах, лууван идэх сонирхолгүй болчихсон байна лээ. Хоолны мах, лууванг нь ялгаад байдаг болчихсон.  

Өмнө нь хүмүүс бөмбөг залгисан гэж ярихаар муухай зүйлтэй зүйрлэж байгаа юм шиг санагддаг байсан чинь одоо нээрээ дээшээ хараад хэвтэхээр гэдсэн дотор бөмбөг хийчихсэн юм шиг тэр хэсэгтээ хөөрхөн бөмбийгөөд яг л бөмбөг залгичихсан гэж хэлмээр юм билээ хэхэхэ.

Зун болгон нэг тийшээ зугаалсаар байгаад муу зан суучихаж... зун болохоор л сэтгэл тогтохгүй хаа нэг тийшээ явмаар санагдаад байхийн. Гэхдээ энэ жилдээ өнжчихвөл дараа жилээс явж өгнө дөө гэж бодоол байгаа.

За ойрдоо нэг иймэрхүү сонинтой сууж байлаа. Ажил дээр түмэн завгүй, гэртээ компьютер асаадаггүй болохоор блогоо бичих ч зай завсар гарсангүй. Уг нь төлөвлөж байсанаараа найзуудаа уриад гэртээ төрсөн өдөрөө тэмдэглэсэн. Өглөөнөөс орой болтол баахан хоол хийсэн. Ширээ дүүргэх гэж их ажил болсон шүү.

Monday, May 12, 2014

Birthday home party - Бэлтгэл ажил

Удахгүй төрсөн өдөр болох нь. Нөхөр бид хоёр нэг өдөр төрсөн болохоор энэ жил давхар баяр тохиож байгаа гэсэн үг. Төрсөн өдөр миний хамгийн дуртай баяр болохоор энэ жилийн төрсөн өдрөө яаж тэмдэглэх вэ гэж нэлээн удаан бодсоны эцэст бүх найз  нөхөд, ах дүү саднаа дуудаад гэртээ "home party" хийхээр шийдлээ. Ингэснээр бүх хайртай дотны хүмүүстэйгээ баяраа хуваалцах боломжтой болж байгаан. Өмнө нь нэг удаа хүн тус бүртэй тэмдэглээд явсан чинь бүтэн долоо хоног төрсөн өдөр тэмдэглэчихсэн байсан кк. Гэртээ тэмдэглэхийн нэг сайн тал нь бас олон бэлэг цугларах боломжтой хэхэ. Харин хүмүүс бид хоёрт дунд нь нэг бэлэг өгөх болов уу, тус тусад нь бэлдэж ирэх болов уу. Тусдаа бэлэгтэй ирээрэй гэж захиж хэлнээ ерөөсөө.

За тэгээд төрсөн өдрийнхөө тухай би чинь бараг 2 сарын өмнөөс бодоод эхэлчихсэн. Одоо өдөр хоног ойртох тусам илүү детайлны төлөвлөгөө гаргах хэрэгтэй болоод байна. За бараг л хурим бэлдэх дайны юм болох гээд байна шүү ккк. Хамгийн том 2 зүйл бол 1) хоолны меню, 2) зочид хүлээн авах хуваарь.

Хоолны меню 3 үе шаттай байх юм шиг байна. Зочидоо цагийг нь хуваарилах болохоор өглөөнөөс орой хүртэл тасралтгүй хуваарь болно байх. Тэхээр ерөнхийдөө brunch, өдрийн хоол, оройн хоол бэлдэхэд болно гэсэн үг. Хавчуурга болгож харин нэлээд олон төрлийн зууш, салад, амттан, нарийн боов гэх мэт зүйлс төлөвлөж байна.

Азаар төрсөн өдөр бүтэн сайнд таарч байгаа болохоор 2 өдөр зочин хүлээж авах боломжтой.

Би нэг иймэрхүү хуваарь гаргаад байгаа:

Хагас сайн өдөр

12:00 -- А групп -- Манай арван жилийн ангийнхан
15:00 -- В групп -- Нөхрийн арван жилийн ангийнхан
19:00 -- С групп -- Аав, ээж, ах дүү нар

Бүтэн сайн өдөр

11:00 -- D групп -- Мон-Турк болон Туркэд хамт сурч байсан найзууд. Турк меню бэлдэнэ гэж бодож байгаа. Нарийн боов, турк цай, кофе гэх мэт тэдэнд сонирхолтой байна байх.

14:00 -- E групп -- Family with kids. Хүүхэдтэй гэр бүлүүдэд цагийн хувьд эртхэн мөн хоолны хувьд хөнгөхөн меню байвал таалагдана гэж бодож байна. Шаржигнуур тахиа, капкэйк, күүкийс, жимсний цуглуулга гэх мэт сонголт байж болно.

18:00 -- F групп -- Single friends. За тэгээд үлдсэн хүмүүсийг энэ группт оруулна. Хоорондоо танил байсан байгаагүй хамаагүй сингл найзуудаа нэг дор дуудахад нээх асуудал гарахгүй байх.

Хоолны меню

Ерөнхий хийх зүйлс

- Cookies
- Cupcakes
- Browni
- Fruits
- Үзэмний жүүс
- Компот

Brunch - Турк хоол

- Мини пидэ
- Поача
- Ачма
- Долма
- Мини сандвич
- Өндөгтэй төмс
- Өндөгтэй помидор

Өдрийн хоол

- Шаржигнуур тахиа
- Дукованд жигнэсэн casserolle (сосиск, төмс, чинжүү)
- Зутан шөл
- Бананатай, шоколадтай амттан
- Кимбаб

Оройн хоол

- Мини сандвич
- Мини шорлог
- Төмсний хучмал
- Соустай бөөрөнхий мах
- Амталсан будаа
- Алимны пай
- Төмсний салад

Одоогоор санаанд орж байгаа нь иймэрхүү байна. Юун төлөө рестораны тогооч ээжтэй билээ, ээжээсээ хоолны зохицолын талаар зөвлөгөө авч байгаад менюгээ илүү сайжруулна. Одоогийн байдлаар өөрөө хийж чадах байх гэж бодсон, санаанд багтаад байгаа зүйлсээ бичлээ. Заримыг нь гэхдээ өмнө нь огт хийж үзээгүй. Тэд нарыг бас туршиж хийж үзэх хэрэгтэй байна. Ер нь бялуунаас бусдыг бүгдийг өөрөө хийнэ гэж бодож байгаа.

Энэ хоолнуудыг амжилттай хийж чадах юм бол жорыг нь хоолны блог -д оруулнаа.




Monday, January 06, 2014

Номиогийн Солонгос кино өдрүүд

Үе үе киногоор өвчилдөг шинж тэмдэг нь илрээд сүүлийн үед өдөр шөнөгүй л кино үзэж байна. Уг нь энэ шинж тэмдэг нь илрэхгүй бол кино үзэх байтугай тв ч асаалгүй амьдарч чадах л хүн. Сүүлийн үед хэдэн Солонгос ОАК үзлээ. 16-20 ангитай кинонуудыг интернэтээр үзэж байгаа. Энэ кино үзэлт эхлэх болсон шалтгаан нь санамсаргүйгээр "Хааны зүрх" гэдэг киног олоод үзчихсэн чинь хөөрхөн санагдаад, тэрийгээ үзэж дуусгаад дараа нь тэнд тоглосон жүжигчдийн киног түүж үзээд гэх мэт явж өгсөн.

King 2 Hearts
"King 2 Hearts" гээд энэ их хөөрхөн кино байна лээ. Монгол ТВ дээр "Хааны 2 зүрх" гэсэн орчуулгатай гараад байхаар нь гайхаад байсийн. Уг нь бол хаан ч гэсэн зүрх сэтгэлтэй гэсэн утгатайм шиг байгаан. Энэ кинонд Өмнөд Солонгосын ханхүү болон Хойд Солонгосын тусгай албаны ажилтан бүсгүй хоёрын хайр дурлал гардаг. Бас хөөрхөн тэрүүхэндээ action маягийн кино байна лэ. Эхний 10-аад анги нь үнэхээр хөгжилтэй хөөрхөн байсан. Сүүлийн ангиуд нь харин эхлэснээсээ нэлээд өөр болоод явчихаж байна лээ.


Энэ кинон дээрх хамгийн хөөрхөн дүр, хамгийн хөөрхөн жүжигчин бол энэ залуу. Хааны ойр дотны бие хамгаалагч бөгөөд хааны дүү гүнжид дурласан залуу байгаам. Аймаар хөөрхөн. Хүн яахаараа ийм хөөрхөн царайлаг байж чаддаг байнаа гэж бодохоор ккк.
Энэ киног үзсэн дараагаа гол дүрийн эмэгтэйн (Ha Ji won) тоглосон "Secret garden" буюу Нууц цэцэрлэг гээд киног үзэж эхэлсэн.

Secret Garden
 Secret Garden дээр баян айлын залуу, ядуу орлон тоглогч хүүхэн хоёрын тухай гардаг. Нэг нууц цэцэрлэгт очсоноос болоод бороо орохоор энэ хоёрын сүнс солигдоод нэг нэгнийхээ биед орчихдог болчихдог. Тэгээл инээдтэй инээдтэй үйл явдлууд гарч эхлэнэ дээ. Хөгжилтэй, хөнгөн кино болохоор үзэхэд гоё. Энийг үзэж дуусчихаад Хааны зүрхийн гол дүрийн залуугийн тоглосон "Миний найз охин 9 сүүлт үнэг" гэдэг киног үзнэ гээд төлөвлөчихсөн байгаа.

Энэ дундуур бас "Боловсон эрчүүд" гэдэг киног үзээд амжсан. 40-өөд насны 4 залуугийн тухай, тэдний гэр бүл хайр дурлалын тухай гардаг бас маш хөгжилтэй хөөрхөн кино байна лээ. Энэ киноны гол дүрийн эмэгтэй жүжигчин (Kim Ha Neul) надад их таалагддаг. Өмнө нь нэг ангитай 2-3 киног нь үзэж байсан болохоор тэрний тоглосон кино гээд сонирхож үзсэн юм. Дараа нь энэ жүжигчний тоглосон "Piano" гээд ОАК-г нь олж үзнэ гээд бодцон байгаа.

A Gentelman's Dignity
Хэдэн сарын өмнө үзсэн Тайваны олон ангит "My Lucky Star" гээд кино аймаар их таалагдсан. Бүр дахин дахин үзэж байгаам бишүү. Уг нь ээлжийн амралт авсан үе таарсан болохоор өдөр шөнөгүй кино үзээд орондоо хэвтэхэд тохиромжтой байсан л да. Гэхдээ бас бал сар давхацсан болохоор тэгж болохгүй лдэ. Би одоо энэ киноны өвчинөөсөө салахгүй бол зарим үед асуудал үүсэх юм шиг байна лээ.
My Lucky Star
"My Lucky Star" дээр үнэт эдлэлийн дизайн зохиодог хүүхэн болон үнэт эдлэлийн том компанитай залуу хоёрын тухай гардаг. Тэр залууд нь Jimmy Lin тоглодог. Jimmy Lin угаасаа car racer болохоор энэ кинон дээр бас car racer болж гардаг. Энэ хоёрын түүх нээх хөөрхөн. Бас нэлээд адал явдалтай. Надад хамгийн их таалагдсан кинонуудын нэг байгаам.