Monday, November 21, 2011
Гурван Зээрдийн Агуй
2011.11.20
Гурван Зээрдийн агуй нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Монгол-Хятадын хилийн зурваст нэлээд ойрхон оршдог сонин өвөрмөц агуй юм. Энэхүү агуй миний очиж үзэхийг хамгийн их хүссэн газруудын нэг билээ. Магадгүй сонин содон түүхтэй нь холбоотой байх. Үзүүрт нь үл хүрэх хонгил, явсаар байгаад Хятадын нутагт гарч ирдэг гэх мэт яриа ам дамжин яригдана. Зарим нэг орсон хүмүүс нь агуй дотор түнэр харанхуй ноёлох тул сайн чанарын гар чийдэн болон эргэж гарах замаа олоход туслах урт найдвартай олс авч явах хэрэгтэй гэж зөвлөнө. Уг нь өнгөрсөн зун 6 сарын 1-нд энд анх удаа ирсэн юм. Тэр үед бэлтгэл муутай буюу олс, гар чийдэнгүй явсан тул эрсдэл авч агуй руу орж зүрхлээгүй юм. Тэгээд ч агуй нь эгц доошоогоо чигтэй тул орох болон гарч ирэхэд олсгүйгээр үнэхээр боломжгүй юм билээ. Тэр үед агуйн аман дээр сууж зураг авхуулцгаан, эргэн тойрны байгалийн сайхныг бишрэн, дараагийн удаа бэлтгэлтэй ирж заавал дотогшоо орохоор болоод буцаж явсан билээ.
За ингээд удаан ярилцаж, олон хоног төлөвлөсний эцэст хэсэг нөхөд амралтын өдөр дулаан хувцас, уртхан олс, нэлээд олон гар чийдэн базааж аваад агуйн зүг хөдөлсөн юм. Агуйн аман дээрээс дотогш өнгийж харахад зориг мохоомоор харанхуй аймаар харагдавч бидний хэдэн нөхөд зорьсоноосоо шантарсангүй ээ :) Зугаалганд явсан гурван бүсгүй ч гэсэн эрчүүдээс дутуугүй зориг гарган агуйд орж чадсан шүү. Агуй нь дотороо тас харанхуй тул гар чийдэн үнэхээр их хэрэг болсон. Агуйн дотор хэлэхээргүй их шороотой байсан нь гайхшруулсан яагаад гэвэл бид агуй гэхээр л хад чулуу төсөөлдөг шүү дээ. Гэтэл Гурван зээрдийн агуй дотор газар нь цул шороотой бөгөөд хүний хөл хөдөлгөөнөөр шороо тоос дэгдэн амьсгалахад төвөгтэй байв. Дотороо төөрдөг байшин шиг л хонгилтой тул болгоомжтой бөгөөд нэг нэгнээсээ барьж, олсноосоо зүүгдэж л явахгүй бол төөрчихөөд гарах замаа олохгүй байж мэдэхээр л байв.
Агуйн гүн рүү олсныхоо үзүүрийг дуустал явсан. Харин цааш үргэлжлүүлэлгүй буцахаар шийдэв. Агуйд өмнө нь гал гарч байсан гэж уншсан юм байна... тийм болоод ч тэр уу дээвэр нь яг л нүүрс шиг тас хар байв. Дотор удаан байхад агаар давчдаж бас тоос ихтэй амьсгалахад хүндрэлтэй байсан тул хурдан шиг л гарахыг яаравчлав. Агуйн амсараар гарахаар цухуйж байхдаа бүгд л цээж дүүрэн амьсгаа авч ямар сайхан агаар вэ гэж дуу алдаж байв.
Уулан дээр алсыг ширтэн хэсэг хугацаа өнгөрөөсний дараагаар аялал үргэлжлэв. Нөмөр газарт суун авч гарсан хүнсээ идэн хээрийн зугаалга хийж суух үнэхээр сайхан байсан. Харих замд бид агуйд авирч, цэвэр агаарт цохиулж их л ядарсан хэрнээ нүд нь гэрэлтэж баяраар бялхсан хүмүүс байв.