Wednesday, October 20, 2010

Динозаврын мөр болон чулуужсан яс

Говь нутаг минь үнэхээр өргөн уудам, баян чинээлэг юмаа. Дэлхийд томоохон тооцогдох нүүрс, зэс-алтны ордоос гадна түүх соёл, археологийн үнэт олдворуудаар баян юм. Би саяхан болтол Говьд динозаврын мөр болон чулуужсан яс олдворууд олдсоныг мэдэхгүй л явлаа. Сонирхолтой нь тэр динозаврын мөртэй газар нь манай ахын нутагладаг газраас 25 орчим км-т, динозаврын чулуужсан яс 6-7 км-т л байдаг юм байна.

Эдгээр динозаврын мөр нь шаварлаг хөрсөн дээр тогтож үлдсэн бололтойм. Гэхдээ л хэн мэдлээ хэдэн сая жилийн өмнө энэ газар нутаг дээр алхалж явсан гэхээр л сонин сэтгэгдэл төрөх юм.


Хэсэг бөөн мөр тогтсон байгааг харж болно.

Зарим мөр нь их тод үлдсэн байна билээ.

Нутгийн хүмүүс энэ мөрийг тэмдэглэж чулуугаар хашсан байна.

Хамгийн үзүүштэй хэсэг бол энэ юм. Тодоос тод мөр, алхсан юм шиг гарсан байгаа нь үнэхээр сонирхолтой.

Хүмүүс эдгээр мөрийг ховхолж авах гэж оролдохдоо эвдэж гэмтээдэг нь үнэхээр харамсалтай. Үүнийг ховхолж аваад хаана аваачиж хэдэн төгрөг болгож зарах гэж байдийн бүү мэд :((

Яг энэ дор харагдаж байгаа энэхэн хэсэг газар л динозаврын мөр байдаг юм билээ.

Шувууны мөр шиг ч юм шиг сонин хэлбэртэй байгааз. Гэхдээ л кинонд гардаг динозаврын мөртэй ижилхэн байгаам даа хэхэх.

Говийн заган ой бас л үзүүштэй газрын нэг. Хүүхэд байхад загийн алим гээд жижиг ногоон жимсийг нь их иддэг байж билээ. Тэр нь голдуу өттэйг хэлэх үү, болгоомжтой идэхгүй бол өт зооглож орхино шүү дээ. Томчуул түүнийг бүү ид гэж хориглодог байсан. Гэхдээ нууцаар иднэ. Ядаж байхад тэр нь балтайг хэлэх үү, хэл ам бал болоод шууд баригдаж байгаам чинь хэхэхэ.

Динозаврын чулуужсан яс байна. Яагаад динозаврын яс гэж мэдээд байна вэ гэвэл орчин цагийн яс чулуужиж амждаггүй юм гэсээн. Тэгэхээр динозаврын яс байж таарна хэхэхэ.

Монголд олдсон динозаврын томоохон олдворуудын нэг нь яг энэ газраас олдсон юм гэсэн.

Газар сайн хараад явах юм бол чулуужсан яс жижиг жижиг зөндөө байдаг юм билээ. Сайн харахгүй л бол цагаан чулуунаас ялгарахгүй. Археологич мэргэжилтэй дүүтэйгээ явсан тул манай дүү хэдэн гоё яс олж өгсөн. Түүнээсээ ганц нэгийг хамт ажилладаг гадаад хүндээ дурсгал болгож өгсөн чинь чи надад аймаар үнэтэй бэлэг өглөө гээл баярлаад байсан.

Ийм сонин хэлбэртэй шаварлаг зүйлс байх юм билээ. Аквариум дотор хийвэл загас зугаацаж тоглоод гоё юм болуу гэж харж байлаа.
За миний нэгэн сонирхолтой газраар аялсан түүх энэ болой. Монголын маань уудам нутгийн үнэт өв хөрөнгө болсон энэ газрыг хайрлаж хамгаалалтанд авахгүй бол ховдог сэтгэлтнүүд сүйтгэж хаях вий дээ гэхээс харамсах юм.


Tuesday, October 19, 2010

Хөдөө өнгөрүүлсэн 10 хоног

Манай ажил чинь их аятайхан, 2 сар гаран ажиллаад 2 долоо хоног амардаг юм байгаам. Өмнөх амралтаар ч яахуу аав ээжийн гэрт очиж эрхэлж хэвтсээр байгаад ирсэн. Харин энэ амралтаа хаана яаж өнгөрөөх вэ гэж бодож байтал хөдөө байдаг ах маань амралтаараа ирээрэй гэхээр нь хөдөө очиж 3 хононо, бараг ороод гарна гэсэн хүн маань юу байхав сэтгэл урваад бүх амралтаа л тэнд өнгөрүүлчихлээ. Утас шөрмөс хангинахгүй чих амар хэд хонох чинь ямар аятайхан юм бэ. Орчлонгоос тасархай нүдэн балай, чихэн дүлий амарсан гэж хэлэхгүй л дээ. Орчин үеийн хөдөө чинь гоё болсон юм билээ шд гэсэн хэхэхэ. Ямартаа ч гэрэл тогтой, телевиз радио, гар утас, кабел тв гээл юм юм байнаа. Нарны зайгаар цэнэглэгддэг цахилгаан үүсгүүртэй. Оройдоо гэрэл асаана, телевиз үзнэ. Тоононоосоо гар утсаа дүүжлээд сүлжээ барина. Тэгээд хамгийн инээдтэй нь утсаар холбоо барьдаг хүмүүс нь тав арван км зайд байгаа саахалт айлынхан байх хэхэх. Жишээ нь өглөө саахалт айлын ах утсаар яриад танай ингэ чинь тийшээ явчихлаа, ботго алдуурсан дагаад явж байна гэх юм. Мөн сая танайд мотоциклтой хэн ирэв, чи хойшоо давхиж байсан хаа хүрэв, зурагтаар монгол кино гарч байна үзэж байна уу энэ тэр гэсэн л юм ярина. Дэндүү хялбар, гоё ч юм шиг. Бидний хувьд бол гар утас заримдаа бөөн дарамт аваад шидчихмээр ч шиг гэсэн зайлшгүй шаардлагатай. Тэгээд бид яг гар утсаараа л амьдралаас дүүжлээтэй юм шиг...

За тэгээд 10 хоног ``амардаг`` хүн болсон чинь юу байх вэ хэхэх ёстой л борви бохис хийхгүй ажиллана гэдэг нь боллоо доо. Манай бэр эгч намайг ирсэн дараахан сумын төв яваад би ахтайгаа болон айлын 2 хүнтэй гэр даргалж үлдлээ л дээ. Гэтэл гэрийн ажил гэдэг чинь, Бурхан минь, ямар их ажил байдаг юм бэ. Өглөөнөөс орой болтол л зуухны амнаас алхам хөндийрсөнгүй. Цай чанаад, хоол хийгээд, унд чанаад, айраг буцалгаад, сүү хөөрүүлээд гэх мэт гал тогооны ажил тасрахгүй юмаа. Тэгээд ядаж байхад аяга шанага, сав суулга угаасаар байтал өдөр өнгөрнө. Гүйэ нэг хэдэн аягыг цай уугаад л угаах юм, хоол идээд л угаах юм, айраг уугаад л угаах юм, сүү уугаад л угаах юм. Тэр ч яахав бүр тогоог угаасаар байтал цоорчихвий дээ гэж санаа зовсон шүү. За тэгээд хоол цай, аяга шанаганы ажлаас түр зур хөндийрлөө гэтэл л гадаа гарч түлээ бэлдэх, аргал түүх, ямаа саах, ботго уях, ингэ саах, ааруул хурууд хийх гээд л дундаршгүй их ажил хүлээж байдийм байна. Бэр эгчийг явсан эхний өдөр би лав аймаар ядарсан байсан, шөнө орондоо ортол нуруу өвдөөд байгаам чинь хэхэхэ. Хэд хоногийн дараанаас л харин овоо ажилдаа дасч бас хааяадаа зурагт харах эсвэл хажуулах зав гаргадаг болсон шүү. Оройдоо ингэ ботгоны ажил дуусч, сүүгээ хөөрүүлсэн дарааагаа нэг гэртээ бөөгнөрч суугаад зурагтаар кино үзнээ. Намайг очсон дараахан Амарсайхан ахын ``Тусгай Салаа`` ОАК гарч эхэлсэн. Хөдөөнийхөн Тусгай Салааны улаан фенүүд болсон. Орой кино гарах цагийг тэсэн ядан хүлээж байгаам чинь. Яджийхад яасан ч орой гардийм тэр нь. Орой нь киногоо үзээд маргааш нь бараг өдөржин түүнийгээ ярина. Зочин ирвэл Тусгай Салаа үзэж байгаа юу гээл ярина, саахалт айлынхан утсаар Тусгай Салааны тухай ярина. Дэндэвийг их ярина даа харин. Хөдөөнийх болхоор элгэмсэг санагддаг байх. Тусгай Салааг бараг Дэндэв гээд нэрлэчихсэн хоорондоо Дэндэв үзсэн үү гэж ярина шүү дээ хэхэх.

Хөдөөгийн эгэл даруу амьдрал... заримдаа атаархмаар ч шиг. Бүх чимээ шуугиан, бохирдол, стрессээс хол ингээд амьдрах юмсан ч гэж бодогдох шиг. Хөдөөний хүмүүс яагаад тийм тайван сайхан, дөлгөөхөн хүмүүс байдаг юм одоо л ойлгож байх шиг. Ёстой л эгэл жирийн, даруухан бас завгүй амьдрал.

Бүх амралтаа борви бохис хийхгүй ажиллаж өнгөрүүлсэн бас биш шүү хэхэх. Манай ахынхаас 50км-т байдаг Дорноговь болон Өмнөговь аймгийн зааг дээр байх Өлгий хийдийн 20 жилийн ойн наадамд явсан. Бас тэр хавьд байдаг динозаврын мөр болон динозаврын яс гэх мэт сонирхолтой газруудаар яваад амжсан шүү. Энэ тухай тусад нь дараагийн бичлэгт бичнэ.